From Wikipedia, the free encyclopedia
Израил (еврей. יִשְׂרָאֵל, араб. إِسْرَائِيل), албан ёсоор Израил Улс (еврей. מְדִינַת יִשְׂרָאֵל Медина́т Исраэ́ль, араб. دَوْلَة إِسْرَائِيل Даула́т Исра’и́ль),— Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израилын хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд дэлхийн цорын ганц еврей орон юм. Еврейчүүдээс гадна арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.
Израил Улс | |
---|---|
Төрийн дуулал: הַתִּקְוָה (Хатиква; "Итгэл найдвар") | |
Нийслэл ба томоохон хот | Иерусалим (хэсэгчилсэн)[fn 1][fn 2] 31°47′N 35°13′E |
Албан ёсны хэл | Еврей хэл |
Зөвшөөрөгдсөн хэл | Араб хэл[fn 3] |
Угсаатны бүлгүүд (2022)[11] |
|
Ард түмний нэршил | Израилчууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Исаак Херцог | |
Биньямин Нетаньяху | |
• Кнессетийн дарга | Амир Охана |
• Ерөнхий шүүгч | Эстер Хают |
Хууль тогтоох байгууллага | Кнессет |
Тусгаар тогтнол (Британийн Палестинаас) | |
• Тунхаглав | 5 сарын 14, 1948 он |
• НҮБ-д элсэв | 5 сарын 11, 1949 он |
• Үндсэн хуулиуд | 1958–2018 |
Газар нутаг | |
• Нийт | 20,770–22,072 км2[a] (149) |
• Усны эзлэх талбай (%) | 2.71 (2015)[12] |
Хүн ам | |
• 2024 тооцоо | 9,986,720[13] (91) |
• 2008 тооллого | 7,412,200[14] |
• Нягтаршил | 452/км2 (29) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $534 тэрбум[15] (48) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $54,997[15] (29) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $539 тэрбум[15] (29) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $55,536[15] (13) |
ОТББИ (2018) | 34.8[16] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.919[17] маш өндөр · 22 |
Мөнгөний нэгж | Шинэ шекель (₪) (ILS) |
Цагийн бүс | UTC+2:00 (ИСЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3:00 (ИЗЦ) |
Огнооны формат |
|
Жолооны тал | right |
Утасны томьёо | +972 |
ISO 3166 код | IL |
Домэйн нэр | .il |
|
Өнөөгийн Израил улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудаизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израилын нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британийн Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр засгийн газар Израилыг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израилын дайнд Израил ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-ын хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болсон бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израил улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израил нь Египет, Йордан зэрэг орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.
Израил нь төлөөллийн ардчилалтай бөгөөд парламентын системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израилын хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-ээр тооцвол Израилын эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрх Дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.
Их Британийн захирах эрх (мандат)-ын үед энэ газрыг бүхэлд нь Палестин (еврей: פלשתינה) гэж нэрлэдэг байв. 1948 онд тусгаар тогтнолоо зарлсаны дараа улс нь албан ёсоор Израил улс (еврей: מְדִינַת יִשְׂרָאֵל, Medīnat Yisrā'el [mediˈnat jisʁaˈʔel]; араб: دَوْلَة إِسْرَائِيل, Dawlat Isrāʼīl, [dawlat ʔisraːˈʔiːl]) хэмээх нэрийг авсан. Дараа нь бусад хүмүүс Эрэц Исраэль, Эвэр, Сион, Жудеа гэх мэт түүхэн болон шашны нэршилүүд санал болгосон боловч түтгэлзүүлж, Бен-Гурионы "Израиль" гэсэн нэр нь 6-3-ын харьцаатай дэмжигдсэн. Тусгаар тогтнолын эхний долоо хоногт засгийн газар нь Израилийн иргэндйг илэрхийлэхийн тулд "Израильчууд" гэсэн нэр томъёог сонгож, анх Гадаад харилцааны сайд Моше Шарет албан ёсоор хэрэглэсэн.
1,5 сая жилийн өмнө орчин цагийн Израилын газар нутаг дээр хүний амьдарч байсан мөрийг Галилей тэнгисийн хажууд байдаг Убейдиад олсон. Палеолитын бусад дурсгалт газрууд нь Табун, Кесем, Манотын агуй юм. Африкаас гадна олдсон орчин үеийн хүмүүсийн хамгийн эртний олдворуудыг 120,000 жилийн тэртээ одоогийн Израилийн хойд хэсэгт орших Схул, Кафзехаас олсон юм. МЭӨ 10-р мянганы орчимд Натуфийн соёл уг нутагт оршин тогтнож байжээ.
Энэ газар нутгийн эртний үеийн түүх нь тодорхоогүй байна. Орчин үеийн археологийн судалгаа нь Торагийн Жошуагийн номонд гардаг еврейчүүдийн өвөг дээдэс нь Египетээс гарж Ханааныг эзэлсэн түүхийг үгүйсгэж, үүнийг еврейчуудийн үндэсний домог гэсэн. Хүрлийн зэвсгийн сүүлчийн үед (НТӨ 1550–1200) Ханааны ихэнх хэсэг нь Египетийн хаант улсад хүндэтгэл үзүүлж, хараат улс болов. Израильчуудын өвөг дээдсийг семит хэлтэй энэ нутгийн уугуул хүмүүс байсан гэж үздэг.
Самуелын дараа тэд өөрсдийн гэсэн хаантай болсон бөгөөд түүнийг Саул гэдэг байв. Тэрээр Израилчуудын удирдагч байлаа. Түүний дараа Давид хаан ширээнд суусан бөгөөд Израилын хаант улсыг МЭӨ 1000 оны үед байгуулан, нийслэлийг Иерусалим хэмээн зарлан тунхаглажээ. Түүний хүү Соломон хаан ширээнд суусан бөгөөд Иерусалим хот дахь анхны Ариун Сүмийг Бурханы алдарт зориулан барьсан байна. Соломон МЭӨ 928 онд насан өөд болсон бөгөөд түүнийг нас эцэслэсний дараа Хаант улс 2 хэсэг хуваагдан салж Хойд Хаант улсыг Израил хэмээж нийслэлийг Самари гэж зарласан бол, Өмнөд Хаант улсыг Иуда хэмээж нийслэл нь Иерусалим хэвээр үлдсэн юм.
Ассиричууд МЭӨ 722 онд Израилыг эзлэн авж, ард иргэдийг нь цөллөгт явуулсан бол МЭӨ 586 онд Вавилонийн Эзэнт Гүрэн Иудаг эзлэн авж Вавилон руу цөлсөн. Гэвч Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа.
МЭ 70 оны үед Ромын цэргүүд Иерусалим уруу дайран давшсаар Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэн шатаагаад явсан юм. Үүний дараа МЭ 132 Ромын цэргүүд дахин ирж еврейчүүдийг хайр найргүй хядсан бөгөөд энэ бүхний дараа маш цөөхөн тооны еврейчүүд үлдсэн юм. Бага тооны еврейчүүд Израилын нутагт амьдарч, бусад нь өөр улс орон луу дүрвэн амьдарч байв. Энэ дүрвэлт, дайжилтийг еврейчүүд Диаспора гэж нэрлэж байв.
Олон еврейчүүд дахин Галил (Израилын нэгэн аймаг) уруу нүүсэн. МЭ 2-4 зууны үед еврей багш нар еврей номууд болох Мишна, Талмуд зэрэг чухал номуудыг дахин бичсэн.
Одоогийн Израилын нутагт олон улс дайн дажин үймээн самууныг тарьж явсаар МЭ 635 онд Византын Эзэнт Гүрэн, дараа нь арабчууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд үүний дараа Османы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхож байлаа.
Израил улс газар нутаг, хүн ам багатай хэдий ч олон томоохон дайнд ялалт байгуулсаар ирсэн хүчирхэг улс юм. Еврей үндэстэн Нобелийн шагналтнаараа тэргүүлдэг ба Дэлхийн эдийн засгийг тэд атгаж байна.
1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврей хоёр улс болгосон. Үүнийг нь арабчууд маш ихээр эсэргүүцэв. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израил руу довтлон Израил-Арабын дайн эхэлжээ.
2021 оны байдлаар Израилын хүн ам 9,344,900 орчим байсан бөгөөд үүнээс 74,2% нь еврей гэж бүртгэгдсэн байв.[18] Арабчууд хүн амын 20.9%-ийг эзэлж байсан бол араб биш христийн шашинтнууд болон иргэний бүртгэлд шашин шүтлэггүй гэж бүртгэгдсэн хүмүүс 4.8%-ийг эзэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Румын, Тайланд, Хятад, Африк, Өмнөд Америкийн олон тооны цагаач ажилчид Израилд суурьшсан. Тэдний олонх нь тус улсад хууль бусаар амьдардаг[19] тул бодит тоо баримт тодорхойгүй байгаа боловч 166,000-203,000 гэсэн тооцоо байдаг.[20] 2012 оны 6 сар гэхэд ойролцоогоор 60,000 Африк цагаачид Израилд нэвтэрсэн.[21] Израилчуудын 92 орчим хувь нь хот суурин газарт амьдардаг.[22] ЭЗХАХБ-аас 2016 онд нийтэлсэн мэдээллээр израилчуудын дундаж наслалтыг 82.5 жил гэж тооцоолж, дэлхийд 6-т жагссан.
Израил нь еврей хүмүүсийн эх орон болж байгуулагдсан бөгөөд ихэвчлэн еврейн улс гэж нэрлэгддэг. Тус улсын Буцах тухай хууль нь бүх еврей болон еврей гаралтай хүмүүст Израилын иргэншилтэй байх эрхийг олгодог.[23] Израил улсаас еврейчүүд гол төлөв АНУ, Канад руу цагаачилдаг (еврей. ירידה) бөгөөд энэ үзэгдлийг хүн ам зүйчид нөлөө багатай гэж тодорхойлдог[24] боловч Израилын засгийн газрын яамд үүнийг Израилын ирээдүйн томоохон аюул заналхийлэл гэж үздэг.[25][26]
Хүн амын дөрөвний гурав нь еврейн олон янзын угсаатны бүлгүүдээс гаралтай. Израилын еврейчүүдийн 75 орчим хувь нь Израилд төрсөн, 16 хувь нь Европ, Америк тивээс, 7 хувь нь Ази, Африкаас ирсэн цагаачид юм.[27] Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн еврейчүүд, тэдний Израилд төрсөн үр удам нь еврей гаралтай израилчуудын 50 орчим хувийг эзэлдэг. Арабын болон Исламын орнуудаас гарсан буюу дүрвэсэн еврейчүүд[28] нь үлдсэн хэсгийн ихэнхийг бүрдүүлдэг.[29][30]
Ногоон шугамаас цааш Израилын нийт суурьшигчдын тоо 600,000 гаруй (Израилын еврей хүн амын ≈10%) байдаг.[31] 2016 онд Баруун эрэгт 399,300 израил хүн амьдарч байсан бөгөөд үүнд Израил улс байгуулагдахаас өмнө эсвэл Зургаан өдрийн дайны дараа Хеврон, Гуш-Эцион зэрэг хотуудад шилжин суурьшигчид багтана. Баруун эргийн суурингуудаас гадна Зүүн Иерусалимд 200,000 гаруй еврей, Голаны өндөрлөгт 22,000 еврей амьдардаг байв.[32] Газын зурвас дахь Гуш-Катиф нэртэй сууринд ойролцоогоор 7800 израил хүн амьдарч байсан ч, засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу 2005 онд нүүлгэн шилжүүлжээ.[33]
Израил улс үндсэн 4 хотын бүстэй: Гуш-Дан (Тел-Авив хотын бүс; 3,854,000 хүн ам), Иерусалим хотын бүс (1,253,900 хүн ам), Хайфа хотын бүс (924,400 хүн ам), Беэр-Шева хотын бүс (377,100 хүн ам).[34]
Хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд Израилын хамгийн том хот нь Иерусалим бөгөөд 936,425 оршин суугчтай, 125 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Израилын засгийн газрын Иерусалимын талаарх статистик мэдээлэлд Израилын эзэлсэн Палестины газар нутаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн Зүүн Иерусалимын хүн ам, газар нутгийг багтаадаг. 460,613, 285,316 хүн амтай Тел-Авив, Хайфа хотууд нь Израилд Иерусалимын дараа хэмжээгээрээ 2, 3-т ордог хотууд.
Израил нь 100,000-аас дээш хүн амтай 16 хоттой. Нийтдээ Израил нь "хотын захиргаа" (эсвэл "хот") статустай болсон 77 сууринтай[35] бөгөөд 4 нь Баруун эрэгт байрладаг.[36] Өөр хоёр сууринд хотын статус олгохоор төлөвлөсөн: Негевд баригдахаар төлөвлөгдсөн Касиф хот ба 2015 оноос хойш өргөжиж эхэлсэн Хариш хот.[37]
Израил Улсын хотууд Израилын Статистикийн Төв Товчоо | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дэс | Хот | Нутаг | Хүн ам | Дэс | Хот | Нутаг | Хүн ам | ||
Иерусалим |
1 | Иерусалим | Иерусалим | 936,425 | 11 | Рамат-Ган | Тел-Авив | 163,480 | Хайфа |
2 | Тел-Авив | Тел-Авив | 460,613 | 12 | Реховот | Төв | 143,904 | ||
3 | Хайфа | Хайфа | 285,316 | 13 | Ашкелон | Өмнөд | 144,073 | ||
4 | Ришон-ле-Цион | Төв | 254,384 | 14 | Бат-Ям | Тел-Авив | 129,013 | ||
5 | Петах-Тиква | Төв | 247,956 | 15 | Бейт-Шемеш | Иерусалим | 124,957 | ||
6 | Ашдод | Өмнөд | 225,939 | 16 | Кфар-Сава | Төв | 101,432 | ||
7 | Нетания | Төв | 221,353 | 17 | Герцлия | Тел-Авив | 97,470 | ||
8 | Беэр-Шева | Өмнөд | 209,687 | 18 | Хадера | Хайфа | 97,335 | ||
9 | Бней-Брак | Тел-Авив | 204,639 | 19 | Модиин-Маккабим-Реут | Төв | 93,277 | ||
10 | Холон | Тел-Авив | 196,282 | 20 | Назарет | Умард | 77,445 |
Энэ тоонд Зүүн Иерусалим, Баруун эрэг орчмын газрууд багтдаг бөгөөд 2016 онд нийт 542,410 оршин суугчтай байжээ.[38] Зүүн Иерусалим дахь Израилын бүрэн эрхт байдал олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй.
Израил нь парламентын засаглалтай бүгд найрамдах улс, бүх нийтийн сонгуультай ардчилсан улс юм. Парламентын олонхын дэмжлэг авсан парламентын гишүүн ерөнхий сайд болдог, тэр нь ихэвчлэн хамгийн олон суудалтай намын дарга байдаг. Ерөнхий сайд нь засгийн газрын тэргүүн юм.[39]
Израилыг Кнессет гэдэг 120 гишүүнтэй парламент удирддаг. Кнессетийн гишүүнчлэл нь улс төрийн намуудын пропорциональ төлөөлөл дээр суурилдаг,[40] 3.25%-ийн сонгуулийн босготой ба бодит байдал дээр эвслийн засгийн газрууд байгуулагддаг. Баруун эрэг дэх Израилын оршин суугчид санал өгөх эрхтэй[41] бөгөөд 2015 оны сонгуулийн дараа 120 гишүүний 10 (8%) нь Баруун эрэгт суурьшигчид байсан.[42] Парламентын сонгуулийг дөрвөн жилд нэг удаа товлодог боловч тогтворгүй эвсэл эсвэл Кнессетийн итгэлгүй байдал зэрэг нь засгийн газрыг эрт тараах боломжийг үүсгэдэг.
Израилын үндсэн хуулиуд нь батлагдаагүй үндсэн хуулийн үүргийг гүйцэтгэдэг. 2003 оноос Кнессет эдгээр хуулиуд дээр үндэслэн албан ёсны үндсэн хуулийг боловсруулж эхэлсэн.[43]
Израилын ерөнхийлөгч нь төрийн тэргүүн боловч ёслолын чанартай байдаг.[44]
Израил нь албан ёсны шашин шүтлэггүй[45][46][47] боловч Израил улсыг "еврей ба ардчилсан" гэж тодорхойлсон нь иудаизм шашинтай хүчтэй холбоо үүсгэснээс гадна төрийн хууль ба шашны хууль хоорондын зөрчилдөөнийг бий болгодог. Улс төрийн намуудын харилцан үйлчлэл нь төр ба шашны Их Британийн бүрэн эрхийн үед байсан тэнцвэрийг үүсгэдэг.[48]
2018 оны 7 сарын 19-ний өдөр Израилын парламент Израил улсыг "Еврейчүүдийн Үндэстэн Улс", еврей хэлийг албан ёсны хэл гэж тодорхойлсон Үндсэн хуулийг батласан. Хуульд араб хэлд "онцгой статус" олгосон. Уг хуулиар еврейчүүдэд үндэсний хувь заяагаа тодорхойлох онцгой эрхийг олгож, тус улсад еврейчүүдийн суурьшлыг хөгжүүлэх ажлыг "үндэсний ашиг сонирхол" гэж үзэж, засгийн газарт "энэхүү ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, урагшлуулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах" боломжийг олгосон.[49]
Израил улс нь мехозот (еврей. מחוזות) гэж нэрлэгддэг засаг захиргааны үндсэн зургаан дүүрэгт хуваагддаг - Төв, Хайфа, Иерусалим, Хойд, Өмнөд, Тел-Авив дүүрэг, мөн Баруун эрэгт оршдог Иудей ба Самарийн бүс нутаг. Бүх Иудей ба Самарийн бүс нутаг болон Иерусалим, Хойд дүүргийн зарим хэсгийг Израилын нэг хэсэг гэж олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Дүүргүүд нь нафот (еврей. נפות) гэж нэрлэдэг арван таван дэд дүүргүүдэд хуваадаг бөгөөд дэд-дүүргүүд нь тавин байгалийн бүсэд хуваагддаг.[50]
Дүүрэг | Нийслэл | Томоохон хот | Хүн ам[51] | ||
---|---|---|---|---|---|
Еврейчүүд | Арабчууд | Нийт | |||
Иерусалим | Иерусалим | 67% | 32% | 1,083,300 | |
Хойд | Ноф-ха-Галиль | Назарет | 43% | 54% | 1,401,300 |
Хайфа | Хайфа | 68% | 26% | 996,300 | |
Төв | Рамла | Ришон-ле-Цион | 88% | 8% | 2,115,800 |
Тел-Авив | Тел-Авив | 93% | 2% | 1,388,400 | |
Өмнөд | Беэр-Шева | Ашдод | 73% | 20% | 1,244,200 |
Иудей ба Самари | Ариэль | Модиин-Иллит | 98% | 0% | 399,300 |
Израил улс НҮБ-ын 164 гишүүн орон, мөн Ариун Сэнтий, Косово, Күүкийн арлууд, Ниуэ улстай дипломат харилцаа тогтоосон. Дэлхийн өнцөг булан бүрт 107 дипломат төлөөлөгчийн газартай;[52] Дипломат харилцаа холбоогүй ихэнх улсын дунд Исламын шашинт орнууд багтдаг.[53] Арабын барилдлагын цөөн хэдэн улс л Израилтай харилцаагаа хэвийн болгосон. Египет, Йордан улс тус тус 1979, 1994 онд энхийн гэрээ байгуулсан. 2020 оны сүүлээр Израил Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг Арабын дөрвөн улстай (Авраамын гэрээ гэж нэрлэдэг),[54] 10-р сард Судан,[55] 12-р сард Мароккотой харилцаагаа хэвийн болгосон.[56] Израил, Египетийн хооронд энхийн гэрээ байгуулагдсан ч египетчүүд Израилыг дайснаа гэж тооцдог.[57] Иран Израилтай дипломат харилцаатай байсан[58] боловч Исламын хувьсгалын дараа Израилыг хүлээн зөвшөөрснөөсөө татгалзжээ.[59] Израилын иргэд Дотоод хэргийн яамны зөвшөөрөлгүйгээр Сири, Ливан, Ирак, Саудын Араб, Йеменд (1948 онд Араб-Израилын дайнд оролцсон орнууд) очих боломжгүй.[60] 2008-09 оны Газын дайны үр дүнд Мавритани, Катар, Боливи, Венесуэл улс Израилтай улс төр, эдийн засгийн харилцаагаа зогсоосон[61][62] ч Боливи 2019 онд харилцаагаа сэргээжээ.[63] Хятад улс Израил болон Арабын ертөнцтэй сайн харилцаатай байдаг.[64]
АНУ, Зөвлөлт Холбоот Улс нь Израил улсыг хүлээн зөвшөөрсөн анхны хоёр улс бөгөөд ойролцоогоор нэгэн зэрэг хүлээн зөвшөөрснөө зарласан.[65] Зургаан өдрийн дайны дараа 1967 онд ЗХУ Израилтай дипломат харилцаагаа тасалж, 1991 оны 10 сард харилцаагаа сэргээсэн.[66] АНУ Израилыг "нийтлэг ардчиллын үнэт зүйлс, шашны уялдаа холбоо, аюулгүй байдлын ашиг сонирхол" дээр үндэслэн "Ойрх Дорнод дахь хамгийн найдвартай түнш" гэж үздэг.[67][68] 1967 оноос хойш АНУ нь Гадаадын тусламжийн тухай хуулийн дагуу Израилд 68 тэрбум долларын цэргийн тусламж, 32 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлсэн[69] ба Израил нь 2003 он хүртэл АНУ-аас хамгийн их тусламж авсан улс юм.[70][71] 2007 он гэхэд Герман Израил улс болон Холокостоос амьд үлдсэн хувь хүмүүст 25 тэрбум еврогийн нөхөн төлбөр төлсөн.[72] ЕХ болон түүний хөрш орнуудыг ойртуулах зорилготой Европын Холбооны Хөршийн Бодлогод Израил багтсан.[73]
Турк Израил улстай 1991 он хүртэл бүрэн дипломат харилцаа тогтоогоогүй байсан ч[74] 1949 онд Израилыг хүлээн зөвшөөрснөөс хойш еврей улстай хамтран ажиллаж ирсэн. 2008-09 оны Газын дайны дараа Турк, Израилын харилцаа уналтад ороод байна.[75] Израил, Туркийн харилцаа муудсанаас болж 1995 оноос хойш Грек, Израилын харилцаа сайжирч эхэлсэн.[76] Хоёр улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 2010 онд Израилын нисэх хүчин Грекийн нисэх хүчинтэй Увда баазад хамтарсан сургуулилт зохион байгуулж байсан.
Азербайжан нь Израил улстай хоёр талын стратеги, эдийн засгийн харилцааг хөгжүүлж буй цөөн тооны Исламын шашинтай орнуудын нэг. Азербайжан улс Израилын газрын тосны хэрэгцээг хангадаг бөгөөд Израил нь Азербайжаны Зэвсэгт хүчнийг шинэчлэхэд тусалсан. Энэтхэг улс 1992 онд Израил улстай бүрэн дипломат харилцаа тогтоож, тэр цагаас хойш тус улстай цэрэг, технологи, соёлын хүчтэй түншлэлийг хөгжүүлж ирсэн.[77] Энэтхэг нь Израилын цэргийн тоног төхөөрөмжийн хамгийн том захиалагч бөгөөд Израил нь Энэтхэгийн Оросын дараа хоёрдугаарт ордог цэргийн түнш юм.[78] Этиоп нь улс төр, шашин шүтлэг, аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхлын улмаас Израилын Африк дахь гол холбоотон юм.[79] Израил улс Этиопт усжуулалтын төслийн талаар мэргэшсэн мэдлэг олгодог бөгөөд олон мянган этиоп еврейчүүд Израилд амьдардаг.
Израил улс дэлхий даяар гамшгийн үед яаралтай тусламж, хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авч байсан түүхтэй.[80] 1955 онд Израил Бирмд гадаад тусламжийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар хөтөлбөрийн гол зорилго Африк руу шилжжээ.[81] Израилын хүмүүнлэгийн үйл ажиллагаа 1957 онд Израилын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болох Машавыг байгуулснаар албан ёсоор эхэлсэн.[82] Үүний дараа Израилын гадаад тусламжийн хөтөлбөр Латин Америк руу чиглэсэн. 1970-аад оны сүүлчээс хойш Израилын гадаад тусламж аажмаар буурч эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Израил Африкт үзүүлэх тусламжаа сэргээхийг оролдож байна.[83] 1985-2015 оны хооронд Израил улс ЦАХАЛ-ын эрэн хайх, аврах ангийн 24 төлөөлөгчийг 22 улсад илгээсэн.[84] Одоогийн байдлаар Израилын гадаад тусламж нь ЭЗХАХБ-ын орнуудын дунд доогуур байгаа бөгөөд ОТББИ-ийхээ 0.1%-иас бага хувийг хөгжлийн тусламжид зарцуулж байна. НҮБ-аас 0.7% -ийн зорилт тавьсан байдаг юм. 2015 онд зургаан улс НҮБ-ын зорилтот түвшинд хүрсэн байв.[85] Израил улс 2016 онд уг индексээр 46-р байранд орсон.[86]
Дэлхийн 2-р дайнд оросуудаас ч илүү хүнд бэрх нөхцөлийг туулсан ард түмэн бол еврей үндэстэн билээ. Дэлхийн 1-р дайнд ялагдсаны дараа Герман улс ихээхэн хэмжээний төлбөрт унаж ард иргэд үгүйрэн хоосорч, эдийн засаг сулран доройтож байхад гагцхүү еврейн гэр бүлүүд баян цатгалан байж, Германы эдийн засагт томоохон массыг эзэгнэж байсан нь үндсэрхэг үзэлт Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намынхныг ард түмэн дэмжихэд нэгэн түлхэц болсон байна. 1921 оноос нацист намын удирдагчаар Адольф Хитлер тодорч, 1933 он гэхэд Германы канцлер болон, улмаар өөрийн тоталитарыг байгуулсан нь 6 сая еврейг аймаглан устгах (Холокост), 17 сая энгийн иргэнийг системчлэн хороох урьдчилсан нөхцөл болжээ.
Израил улсын оршин тогтнол нь өөрөө ардаасаа олон асуудал бэрхшээлийг дагуулж бий болсон бөгөөд 2 ч удаа арабын улс орнуудтай холбоотнуудын дэмжлэгтэйгээр байлдаж ялж ирсэн түүхтэй. Өдгөө тэд 18 нас хүрээд хуулийн дагуу доод тал нь 2-3 жил цэргийн алба хаах ёстой. Жилд 1 удаа анги нэгтгэлээрээ цуглаж хилийн манаанаас өгсүүлээд, байлдааны ажиллагаа хүртэл бүхий л цэргийн үйл ажиллагаануудаас аль нэгэнд нь оролцдог тул иргэн бүр нь нас, хүйс үл харгалзан бэлтгэл цэрэг, байлдааны чадавхтан байдаг аж.
Тарж бутарсан еврейчүүд өөрсдийн гэсэн эх нутагтай болохыг хүсэж байв. 1880 оны үед еврей үндэстний Сионизм (Израил уруу буцах үзэл) үүсэв. 1948 оны 5 сарын 14-ний өдөр Их Британи Палестины бүс нутгийг удирдлагадаа байлгахаа больсон бөгөөд еврейчүүд өөрсдийн нутгаа эргүүлэн авч Израил гэх хуучин нэрээрээ улсаа дахин шинээр байгуулжээ.
Израилд тухайн хүний их сургуулийн боловсрол армийн албаны түүхээс нь чухал байж чаддаггүй гэхэд хилсдэхгүй агаад ажилд орох ярилцлага бүр дээр асуудаг чухал асуултын нэг бол “Цэрэгт хаана алба хаасан бэ” гэдэг асуулт юм.
Израилчууд цэргийн албаа хаачхаад дараа нь их, дээд сургуульд сурдаг агаад төгсөх үес 25 нас хүрнэ. Зарим нь эрдмийн зэрэгтэй, тэрчлэн олон залуус гэр бүлтэй болсон байдаг аж.
Иймээс Израилд туршлага, үзэл бодол, ухаан суух нь харьцангуй залуу насанд ирдэг байна. Израил залуусын 45 хувь нь их, дээд сургуулийн боловсролтой болдог нь дэлхий дээр хамгийн өндөр хувь үзүүлэлт.
Израил нь хойд талаараа Ливан, Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египеттэй хиллэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.