From Wikipedia, the free encyclopedia
Киргиз (кир. Кыргызстан, Орос: Киргизия → Киргиз) албан ёсоор Бүгд Найрамдах Киргиз Улс (БНКирУ) — Дундад Ази дахь Тэнгэр уулын уулархаг нутагт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Казахстан, баруун талаараа Узбекистан, баруун урд талаараа Тажикистан, зүүн урд талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон. Нийслэл нь — Бишкек.
Бүгд Найрамдах Киргиз Улс
| |
---|---|
Төрийн дуулал: Кыргыз Республикасынын Мамлекеттик Гимни (Киргиз) "Бүгд Найрамдах Киргиз Улсын төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Бишкек 42°52′N 74°36′E |
Албан ёсны хэл | |
Албан бичиг | Кирилл |
Ярианы хэл |
|
Угсаатны бүлгүүд (2022[2]) | |
Шашин (2021)[3] |
|
Ард түмний нэршил | Киргизүүд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Садыр Жапаров |
• Сайд нарын танхимын дарга | Акылбек Жапаров |
• Дээд Зөвлөлийн дарга | Нурланбек Шакиев |
Хууль тогтоох байгууллага | Дээд Зөвлөл |
Түүх | |
693 | |
1876 | |
• Туркестан | 11 сарын 27, 1917 |
• Туркестаны АЗСБН | 4 сарын 30, 1918 |
• Хар Киргизийн ӨЗМ | 10 сарын 14, 1924 |
• ЗСБНАКирУ | 2 сарын 11, 1926 |
• ЗСБНКирУ | 12 сарын 5, 1936 |
• Бүрэн эрхт байдлаа тунхаглав | 12 сарын 30, 1990 |
• ЗХУ-аас тусгаар тогтнолоо зарлав | 8 сарын 31, 1991 |
12 сарын 26, 1991 | |
• Одоогийн үндсэн хууль | 4 сарын 11, 2021 |
Газар нутаг | |
• Нийт | 199,951 км2 (85) |
• Усны эзлэх талбай | 7198 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 3.6 |
Хүн ам | |
• 2024 тооцоо | 7,455,900[5] (112[5]) |
• Нягтаршил | 27.4/км2 (109) |
ДНБ (ХАЧП) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $48.054 тэрбум[6] (134) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,250[6] (148) |
ДНБ (нэрлэсэн) | 2024 тооцоо |
• Нийт | ▲ $13.599 тэрбум[6] (151) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,922[6] (166) |
ОТББИ (2020) | 29.0[7] бага |
ХХИ (2024) | ▲ 0.701[8] өндөр · 118 |
Мөнгөний нэгж | Киргизийн сом (c) (KGS) |
Цагийн бүс | UTC+6 (KGT) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +996 |
ISO 3166 код | KG |
Домэйн нэр | .kg |
Нутаг дэвсгэр – 199,900 км2, 2023 оны тооллогоор хүн амын тоо – 7,037,100. Олонх буюу 74,04 хувь нь киргиз үндэстэн. Мөн узбекчүүд, орос, дунган, тажик, турк, казах зэрэг ард түмэн амьдардаг. Дийлэнх олонх 80 хувь нь ислам шашинтай.
Киргиз орныг иран, түрэг, монгол угсаатан ээлжлэн эзэрхэж явсан. 19-р зуунаас Оросын мэдэлд орж "хар Киргиз" хэмээгдээд ЗХУ-ын мэдлийн доор 1936 онд «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс» болсон. 1991 онд ЗХУ задран унахад хил хязгаараа хэвээр нь авч үлдэж тусгаар тогтносон улс болж 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Ойрын арван жилд хоёр ч (2005, 2010) Алтанзул цэцгийн хувьсгал гарсан Киргиз нь төрийн нэгдмэл байгууламж, парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засагтай. Түрэг төрлийн Киргиз хэл болон хуучин байсан орос хэл гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг байна. Киргиз хэл нь төрийн хэл, орос хэл нь улсын албан ёсны хоёр хэлний нэг гэж үздэг. (Төрийн хэлний статус нь арай өндөр).
Нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ харьцангуй бага буюу 2,372 $. Гадаадад алт, эрчим хүч экспортолдог.
Тус улсын оноосон нэрийг уламжлалт монгол «Хяргас» [Киргиз], оросоос зээлсэн «Киргиз» [кирги́з], Киргизийг мэдсэн «Кыргыз» [~каргаз] гэсэн гурван үгээр илэрхийлж байна.
Дээрх нэг үгний гурван янз хэлбэр мөн «хяргас»– «хягас»–«хагас»-«хакас»–«хаас» үгстэй гарал нэг.
Киргиз улсын нийт хилийн урт 4675.17 км, үүнээс Казахстан улстай- 1241.58 км, Узбекистантай- 1378.44 км, Тажикистантай- 970.8 км, БНХАУ-тай- 1084.35 км хил залгадаг байна. Үүний зэрэгцээ 823.04 км хилийн хэсэг нь тодорхойлогдоогүй: Узбекистантай - 371.34 км, Тажикстантай - 451.7 км. Ийнхүү Узбекистантай улсын хилийн нийт уртын 1007.1 км буюу 73.1%, Тажикистан улстай 519.1 км буюу 53.4% -ийг тодорхойлж, баталгаажулаад байна. Улсын хил нь голчлон нуруу, гол мөрний ургсгалаар явдаг байна. Зөвхөн хойд, баруун хойд, баруун өмнөд хэсэгт, хүн ам шигүү суурьшсан Чуй, Ферганы, түүнчлэн Таласын хөндийд, уулсын бэл, бэлийн бэлээр явдаг.
Киргиз 198,951 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Монголын газар нутгаас 8 дахин бага буюу дэлхийн 86-р том орон юм.
Хойд өргөргийн 39° — 44°, зүүн уртрагийн 69° — 81° дотор Төв Ази, тэр дундаа Дундад Азид оршдог. Хөндлөн чигт цомцойн тогтсон бөгөөд далайд гарцгүй. Хойд талаараа Казахстан улстай 1224 км, зүүн талаараа Хятадтай 858 км, урд талаараа Тажикистантай 870 км, баруун талаараа Узбекистан улстай 1099 км газраар хиллэдэг. Хилийн нийт урт нь 3,878 км.
Киргиз уулархаг орон юм. Нутгийн дөрөвний гурав нь уул нуруу. Киргиз орны дорно, төвийн уул нуруу, ихэнх нутаг нь Тэнгэр уул (Тянь-Шань)-ын баруун бие болж, нутгийн өрнө өмнөд тал нь Памир-Алай нурууны ар хормой болно. Уулын өндрийг нэрлэвэл Ялалтын оргил (7439 м), Лениний оргил (7134 м), Хантэнгэр (6995 м) байна.
Киргизийн байгалийн хосгүй үзэсгэлэн Ысык нуур (Ысык-Көл) нутгийн дорно-умар талд Тэнгэр уулын салбар Терскей Ала-Тоо, Кунгей Ала-Тоо хоёрын завсар байна. Сон (Сонкёль), Чатыр нуур гэж бий. Ферганы хөндий рүү томоохон хоёр гол Нарийн, Карадарья урсдаг.
Уур амьсгал газар нутгийн өндөр намаас хамаардаг. Ферганы хөндийн нам доор захаар субтропикийн уур амьсгалтай. Зундаа 40°C хүрч хална. Орон даяар нартай өдөр их болно. 1-р сарын дундаж хэм −4 °C. Иссык нуур энэ үед хөлддөггүй. Өндөр уул нурууны ар буюу оройгоор хүйтэн өвөл болж −30 °C-аас −53.6 °C хүрдэг.
Хур тунадас харилцан адилгүй. Ферганы хөндийд жилдээ 2000 мм бууж байхад Иссык нуурын орчим ердөө 100 мм хур буудаг байна.
Киргиз улсад байгалийн цогцолборт газар 9, байгалийн нөөц газар 8, ой, ургамал, ашигт малтмал, ерөнхий ашигтай 67 газрыг зэрэглэн хамгаалж байна. Үүнээс Иссык нуур, Сарычелекийн байгаль нөөц газар хоёрыг онцгойлсон байдаг.
Он | Хүн ам |
---|---|
1926 | 993,000 |
1950 | 1,740,000 |
1969 | 2,891,000 |
1989 | 4,290,400 |
2002 | 4,946,500 |
2013 | 5,522,500 |
2023 | 7,037,100 |
Киргиз улс 2023 онд 7,037,100 хүн амтай (дэлхийд 96-р олон) байв. 34 % нь 0–14 насны багачууд, 60% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартай хэсэг, 6.2 % нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 1/3 хотод, 2/3 хөдөө оршин суудаг. Хүн амын нягт — 25 хүн/км2 (148-р шигүү), дундаж наслалт — 69.4 жил, хүйсийн харьцаа — 0.96, бичиг үсэг тайлагдалт —98.7%.
Киргизийн хүн ам 1959 онд- 2.065 сая, 1970 онд -2.935 сая, 1979 онд 3.523 сая, 1989 онд 4.258 сая, 1999 онд 4.823 сая болж өссөн байна. 2015 онд хүн ам нь 6 сая хүрч байжээ.
ЗХУ-д байсан улсын жишгээр олон үндэстний улс болсон. Хүн амын 73 хувь (4 сая) киргиз үндэстэн. Удаагаар нь узбекчүүд 14 хувь (800 мянга), оросууд 6.4 хувь (370 мянга), дунган 1.1%, уйгурууд 0.9%, тажикууд 0.8 хувь, туркууд 0.7%, казахууд 0.5% гээд 80 нэрийн яс үндэс байна. ЗХУ задран унаад 1991 оноос хойш Киргиз үндэстний эзлэх хувь 50%-аас 70% болон өссөн бол Европ зүгийн ард (орос, украин, герман) олноор гадагш гарч эзлэх хувь нь 35-аас 10% болтол буурчээ.
Киргиз үндэстэн нь эрт дээрээсээ малчин нүүдэлчин, узбек, тажик нь тариачин суурин соёлтой байжээ. Киргиз улсын хүн амын 85 хувь (түрэг угсаатан, дунган хятад) ислам шашны суннит дэгийг сахьдаг, 10 хувь (орос, украин) христос - үнэн алдартны шашинтан.
Тус улсад киргиз, орос хоёр хэл албан ёсны хэл юм. Киргиз хэл түрэг салбарын кыпчак бүлэгт хамаарах ба бөгөөд казах хэлтэй ойр төрөл юм. 1941 оноос кирилл үсгээр бичдэг болсон. Кирилл киргиз цагаан толгой 36 үсэгтэй (монголын цагаан толгойноос "Ңң" [ng] нэг үсгээр илүү).
Киргиз улсад одоо 31 хот байна. Томоохон нь:
|
Киргиз оронд анх скиф, сак зэрэг иран угсаатан амьдарч байв. V зуунаас усунь, цагаан хүннү нүүж ирсэн ба Сассаны эзэнт гүрний үед иран болон түрэг угсаатан ирж суужээ. VIII зуунд Түрэгийн баруун улс, дараа нь Харлуг улс оршин байв. XI зуунд Өзгөн, Баласагун хавиар Хар ханы улс хэмээх түрэг улс орд өргөө босгон төвлөж байсан ба Хар Хидан улсад эзлэгджээ.
XIII зуунд Киргизийн нутаг Их Монгол Улс, түүний залгамж Цагадайн улсынх болоод 1347 онд Моголистанд хамаарагдсан.
Эртний Киргиз НТӨ II зуунаас эхтэй. Хятад болон араб үсгийн сурвалжид "улаан үс, ногоон нүдтэй" гэж дүрсэлжээ. VIII зуунд Енисейн Киргизүүд Енисей мөрний дээд урсгал Тува, Хакас, Алтайд төвлөж байсан. 840 онд Уйгурын нийслэл Хар балгасыг галдан шатааж уйгурыг хөөж, Монголын ноён болоод удалгүй киданд түрэгдсэн.
XVI зуунд Тэнгэр уулаас Зүүнгар, Долоон усаар дайраад Енисей хүртэлх нутгийн түрэг ард түмнийг нийтэд нь "Киргиз (киргиз)" гэдэг байв. Генийн шинжилгээгээр адилхан R1 гентэй гардагаараа өнөөгийн Киргиз үндэстэн, хакас ястан нь хамтдаа Енисейн Киргизийн үр удам болно.
Моголистаны дараа Тэнгэр уулнаа Киргизүүд амар жимэр амьдарч байв. XVII зуунаас Зүүнгарын ойрд, XVIII зуунаас Манжийн Чин улсад, XIX зуунаас Кокандын хаант улс узбекуудад албан татвар төлж явав. 1876 оноос Киргиз нутаг Оросын Долоон ус мужид хамаарчээ. Орост тэр үед казахуудыг "киргиз-кайсак" (Киргиз казах), Киргизийг "кара-киргиз" (хар Киргиз) гэж нэрийдэж байлаа. 1910 онд нүүрсний уурхай нээгдэж уурхайчин оросууд шилжин нүүж иржээ. 1916 онд оросын эсрэг 2000 хүний амь үрсэн бослого гарч нухчин дарагдаж Шинжаан, одоогийн Кызылсу ӨЗТ рүү нэлээн дайжсан.
1921 онд Зөвлөлт Холбоот Улс байгуулагдаад 1924 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд Хар Киргизийн өөртөө засах мужийг (Кара-Киргизская (Каракиргизская) автономная область (ККАО) байгуулжээ. 1926 оноос Оросын дотор автономит улс, 1936 оноос Оросоос тусгаарлаж, Зөвлөлтийн 15 ЗСБН улсын нэг болж өнөөгийн хил хязгаар тогтож, нийслэл хотоо Фрунзе гэж нэр өгч өөрчилжээ. 1920-иод оноос бүх нийтээр бичиг үсэгт суралцан, 1924 онд араб үсэг, 1928 онд латин, 1941 оноос кирилл үсгийг тохируулан хэрэглэж иржээ. Оросууд хот суурин барьж Киргизийг нүүдлийн соёл иргэншлээс суурин болгох шилжилт эхлүүлжээ. 1989 онд нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь орос, украин үндэстэн байжээ.
ЗХУ задарсанаар Киргиз улс 1991 онд бүрэн тусгаар тогтнож, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орон болжээ. 1990 онд Ош хотод Киргиз-узбек үндэстэн хоорондын мөргөлдөөн болж 300-600 хүн амь үрэгдэв. 1991 онд нийслэлийн нэрийг эргүүлэн Бишкек болгож, киргиз хэл төрийн хоёр хэлний нэг (нөгөөх нь орос хэл) болон дэвшсэн. 1993 онд Үндсэн хуулиа шинэчилж, улсын нэрээ тогтжээ. Коммунизмаас ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжих үед бусад шилжилт хийсэн орнуудын нэгэн адил эдийн засгийн хямарал амссан.
1990 онд Аскар Акаев анхны ерөнхийлөгчөөр сонгогдож 2005 оны эсэргүүцлийн хөдөлгөөнөөр огцорсон бол Курманбек Бакиевыг 2010 онд Роза Отунбаевагийн удирдсан хувьсгал мөн өөрчилсөн байна. Замбараагүй байдал үргэжилж Ош хотын орчим зэвсэглэсэн Киргизүүд узбекуудыг хөөн устгаж, нийтдээ 893 хүн амь үрэгджээ. 2011 оны сонгуулиар Алмазбек Атамбаев ерөнхийлөгч болсон. 2021 оны 1-р сарын 10-нд болсон сонгуульд ялалт байгуулсан Садыр Жапаров 2021 оны 1-р сарын 28-нд Киргизийн Ерөнхийлөгч болсон байна.
Киргиз Улс ардчилсан дэглэм, бүгд найрамдах засагтай. 1993 онд анх Үндсэн хууль баталж, 2010 онд шинэчилсэн. 2010 оныг хүртэл ерөнхийлөгч, түүнээс хойш парламентын эрх мэдэл давамгайлах болсон. Төр улсын тэргүүн нь ерөнхийлөгч байна. Ерөнхий сайд хэрэгжүүлэх байгууллага буюу засгийн газрын тэргүүн байна. 1994 онд анх хоёр танхимтай эхэлж, 2010 оноос нэг танхимтай болсон улсын хурал нь Жогорку Кенеш (Дээд Зөвлөл) юм. Үүнээс гадна шүүх байгууллага, дээд шүүх бий.
Улсын ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд 6 жил тутам сонгоно. 35-65 насны улсын хэлийг (Киргиз хэл) мэддэг хүн байх ёстой. Аскар Акаев (1990-2005), Курманбек Бакиев (2005-2010), Роза Отунбаева (2010-2011), Алмазбек Атамбаев (2011-одоо) нар ажилласан.
Ерөнхий сайдыг Дээд зөвлөл тодруулж, Ерөнхийлөгч зөвшөөрснөөр сонгож томилдог байна. Ерөнхий сайд танхимын нарын багаа бүрдүүлдэг ба 1991 оноос хойш 17 хүн энэ албыг хашжээ. Сүүлд 2015 онд Темир Сариев томилогдов.
Улсын хурал Жогорку Кенеш (Дээд зөвлөл) 120 суудалтай. Намын хувь тэнцүүлэх сонгуулийн аргаар 5 жил тутам сонгодог. 2010 оны 10-р сарын 10-ны сонгуулиар Дээд зөвлөлийн гишүүд таван намаас тэнцүүхэн тоогоор сонгогдсон. Үүнд:
Киргиз улс төрийн нэгдмэл байгууламжтай. Төрийн хуулиар орон нутгийг захирдаг. Гурван түвшинд 9 нэгжээр задална. Эхлээд бүхэл орон 7 муж (область), улсын ач холбогдолтой 2 хот (город республиканского подчинения) буюу есөн нутаг болно.
Бишкек хот дотроо 4 дүүрэгтэй. Муж дотроо район (хошуу, 40 бий) , мужийн харьяа хот (13 бий) болж задарна.
№ | Нэгж (нэр, зүйл) |
Районы тоо |
Талбай[9] (км²) |
Хүн ам (2010)[10] |
---|---|---|---|---|
1 | Бишкек хот | 4 дүүрэг | 170 км² | 859,800 |
2 | Ош хот | - | 18,5 км² | 255,800 |
3 | Баткен муж | 3+ 3 хот | 17,000 км² | 441,100 |
4 | Жалалабат муж | 8 | 33,700 км² | 1,036,700 |
5 | Ысыккөл муж | 5 + 2 хот | 43,100 км² | 444,500 |
6 | Нарын муж | 5 | 45,200 км² | 262,100 |
7 | Ош муж | 7 | 29,200 км² | 1,130,900 |
8 | Талас муж | 4 | 11,400 км² | 231,800 |
9 | Чүй муж | 8 +1 хот | 20,200 км² | 814,900 |
Есөн нутаг | 50 нутаг | 199,988.5 км² | 5,477,600 | |
Киргиз улсын зэвсэгт хүчин хуурай замын, агаарын, дотоодын, хилийн, хүндэт харуулын гэж салбарладаг. Цэргийн албан хаагчийн тоо 15,500.
Зөвлөлт, Орост үйлдвэрлэсэн зэвсэг техниктэй. Жишээлбэл Т-72 танк — 150 ширхэг, БТР-60 хуягт — 53, БМ-21 пуужин харвагч машин — 15 байна. Агаарын цэргийн хүч сул, орхигдсон. Терроризмын эсрэг Альфа хэмээх тусгай анги нэгтгэл байдаг.
Киргиз НҮБ, ТУХН, ДХБ-ын гишүүн орон. 2001–2014 оны хооронд Америкийн цэргийн баазыг нутагтаа байрлуулж байсан.
2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 13.47 тэрбум ам.доллар байсан. Нэг хүнд 2,452 $ ноогдоно. Хөршүүдийг бодвол эд мөнгө муутай орон. Мөнгөний нэгж нь сом. Киргиз улсын төв банк мөнгөний бодлого явуулдаг.
Хөдөө аж ахуй уламжлалт салбар. Ноос, мах, сүүн бүтээгдэхүүн гээд малын ашиг шим хүртэнэ. Улаан буудай, чихрийн нишингэ, төмс, хөвөн, тамхи, хүнсний ногоо, жимс тариалдаг.
Газрын тос, шатдаг хийн их нөөцтэй. Канадын Сентерра Гоулд компани Кумтөрийн алтны уурхайг ажиллуулж байгаа. Уулархаг нутгаа түшиглэж усан цахилгаан станц хөгжүүлсэн. Эрчим хүч экспортолдог.
Киргиз уулархаг орон учраас зам харгуйн сүлжээ бага. 50 нисэх буудал байна. Томоохноос нь хэлвэл Бишкекийн Манас олон улсын нисэх буудал, Ошийн нисэх буудал. Өргөн цариг бүхий 370 км урт төмөр зам байна. Салангид хоёр хэсэг байгаагаас хойд нутгийн Бишкек нь Ташкент, Алматытай холбогддог бол өмнөд нутгийн Ош нь Узбекистаны хоттой холбогдоно.
34000 км авто замтайгаас 22600 км нь цардмал. Саяхан АХБ-ны дэмжлэгтэйгээр Бишкек—Ошийн зам ашиглалтад орсон.
Киргизт хүүхэд 7 насандаа сургуульд орно. Бага боловсролын 4 жил (заавал), дунд боловсролын 5 жил (заавал), бүрэн дунд боловсролын 2-3 жил (сонгох) байна. Бичиг үсэг тайлагдалтын хувь - 98.7 хувь. Улсын хэмжээнд 300 гаруй дунд сургууль 55 их, дээд сургууль байна. Үүнд:
Баяр ёслолын өдрүүд:
Киргиз үндэстний соёл энэ орны онцлог байна. 3-р сарын 21-нд уламжлалт Шинэ жилийн баяр буюу Наурузыг тэмдэглэдэг.
Комуз хөгжмөө тоглон Манас туулийг хайлсаар ирсэн. Манас туйлын ам дамжин ирсэн 60 өөр янз үг байна. Хамгийн урт нь 500 мянган мөр шүлгээс бүтэх ба Грекийн Илиад, Одиссей, Энэтхэгийн Махабхаратагаас хэд дахин урт байх юм.
Хивс, ширдэг, ханын даавуу нэхэх, эсгий урлалын баялаг өвтэй.
Үзэсгэлэнт Ысык нуурыг жуулчид зорьсоор байна. Жилд саяаас олон хүн очдог. Нуурын хойд эргээр амралтын газрууд Чолпон-Ата хот орчмын эрэг дагуу төвлөрдөг. Киргиз улсад мөн ууланд авирч, цанаар гулгаж, бүргэдийн ан хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.