From Wikipedia, the free encyclopedia
Нэгдсэн Үндэстний Байгууллага товч. НҮБ (англи.United Nations, франц.Organisation des Nations unies, орос. Организация Объединённых Наций, хятад. 联合国, испани. Organización de las Naciones Unidas) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий засгийян газар хоорондын олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 онд байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсжээ. Тухайн үед дайнд ялсан улсууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьсан түүхтэй. 2024 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага UN/UNO | ||
---|---|---|
Гишүүн улсууд | ||
Англи нэршил | United Nations Organization | |
Франц нэршил | Organisation des Nations unies | |
Байгууллагын төрөл | Олон улсын эрх зүйн субьект | |
Статус | идэвхтэй | |
Байгууллагын төв |
Нью-Йорк хот (төв байр) | |
Ерөнхий нарийн бичиг | Антониу Гутерреш (ерөнхий нарийн бичгийн дарга) | |
Гишүүн улсууд | 193 (мөн үзэх: Гишүүн улсууд) | |
Албан- ба ажлын хэл | ||
Бусад хэлнүүд | ||
Талбай | 135.700.000 км² | |
Хүн ам | > 7.300.000.000 | |
Хүн амын нягтрал | 53,8 хүн км² тутамд | |
Байгуулагдсан |
1945 оны 6 сарын 26; | |
Баярын өдөр | Аравдугаар сарын 24 (Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр) | |
www.un.org |
1943 оны 10-р сард Москва хотноо Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Зөвлөлт Холбоот Улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар "Хүн төрөлхтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунхаглал" гаргаж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хэмжээний энхтайвны байгууллагыг дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзжээ. Үүнд үндэслэн 1944 оны 8-10 дугаар саруудад АНУ, Их Британи, Бүгд Найрамдах Хятад Улс, ЗХУ-ын төлөөлөгчид Вашингтон дахь Дамбэртон Оукст хуралдан, НҮБ-ын Дүрмийн төсөл ("Олон Улсын Байгууллага байгуулах тухай")-ийг боловсруулсан юм.
1945 оны 4-р сарын 25-нд Герман буюу Японд дайн зарлаад байсан Холбоотны 50 орны төлөөлөгчид Сан-Францискод цугларан, НҮБ-ыг байгуулах Сан-Францискогийн чуулган чуулж, Дамбэртон Оүксийн хурлаас боловсруулагдсан НҮБ-ын Дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ[1].
United Nations хэмээх нэр анх 1942 оны 1-р сарын 1-нд "Нэгдсэн Үндэстнүүдийн Тунхаг (Вашингтоны Тунхагт)" дурьдагдсан бөгөөд дайны дараа байгуулагдсан шинэ байгууллагын нэр болгох тухай Дамбэртон Оуксын хурлаас санал болгосон юм[2]. Энэ нэрийг санаачилсан АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт НҮБ-ыг байгуулах үйлсэд хүчээ зориулсан бөгөөд харамсалтай нь Сан-Францискогийн чуулганаас НҮБ-ын дүрмийг батлахаас хэдхэн долоо хоногийн өмнө нас эцэслэсэн юм.
1919 оноос 1946 оны хооронд оршин тогтносон Үндэстнүүдийн Лигтэй хууль зүйн үүднээс холбоогүй боловч Олон Улсын Эрүүгийн Шүүх, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага зэрэг байгууллагуудыг нь өвлөн авч, хуучин Үндэстнүүдийн Лигийн байрыг шилжүүлэн авсан учир нэг талаар уг байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж болох юм.
НҮБ-аас хүний эрхийг хамгаалсан олон гэрээ, конвенцийг батлан гаргасан ба хамгийн гол баримт бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм.
2011 оны 7 сарын 14-нд Өмнөд Судан НҮБ-д элссэнээр, нийт 193 гишүүн оронтой болжээ[3].
НҮБ-ын жирийн зардлыг хандивлагч орнууд, 2006 он[4] | |
Гишүүн орнууд (бүрэн бус жагсаалт) | Хандив (НҮБ-ын нийт зардалд эзлэх %) |
Америкийн Нэгдсэн Улс | 22.00% |
Япон | 16.624% |
Герман | 8.66% |
Нэгдсэн Хаант Улс | 6.13% |
Франц | 6.03% |
Итали | 4.89% |
Канад | 2.81% |
Испани | 2.52% |
Хятад | 2.667% |
Мексик | 1.88% |
Австрали | 1.59% |
Бразил | 1.52% |
НҮБ-ын төсвийн хэмжээ 4.19 тэрбум америк доллар байгаа[5] (Хүснэгтийг үз) ба гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг байна.
Гишүүн орнуудын төлөх татварын хэмжээг тусгай байгууллага Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн 2 жил тутам шинэчлэн тогтоодог[5]. Түүнчлэн аль нэг улс орны нөлөөг ихэсгэхгүйн тулд гишүүн орнуудын татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоосон байдаг[5].
НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.
НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг байна. 2005-2006 онд 70,000 цэрэг бүхий, 17 энхийг сахиулах ажиллагаанд 5 тэрбум ам. доллар (мөн хугацаанд НҮБ-ын бусад зардал 1.5 тэрбум ам. доллар байсан) зарцуулсан байна[6]. 2008 оны 1 сарын байдлаар Энхийг сахиулах ажиллагааг хамгийн ихээр санхүүжүүлэгч 10 оронд: АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Хятад, Канад, Испани, Өмнөд Солонгос багтаж байв[7].
НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлнүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог[8][9]. Aнгли, франц, хятад, орос, испани хэлийг албан ёсны хэл болгох тухай Ерөнхий Чуулганы 2-р шийдвэр 1946 онд хуралдсан анхны чуулганаас, араб хэлийг нэмж оруулах тухай шийдвэр 1973 оны 30-р чуулганаас тус тус гарсан байна[permanent dead link]. Албан ёсны хурал чуулгануудын протоколууд, бичиг баримтууд эдгээр хэлээр заавал орчуулагдах ёстой байдаг юм. НҮБ-ын Ажлын алба англи ба франц хэлийг хэрэглэнэ.
НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ (хуучин 6 байсан ба Фонд хариуцсан зөвлөлыг 1994 онд татан буулгасан[10]). Үүнд: Ерөнхий чуулган, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat), Олон улсын шүүх багтана.
Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Ассамблейд улс бүр 1 саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ. Бүх гишүүд санал нэгдсэн асуудал л батлагддаг системтэй байснаас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Үндэстнүүдийн Лигийн туршлагад тулгуурлан Ерөнхий Ассамблейгаар чухал асуудлуудыг гуравны хоёр, энгийн асуудлуудыг олонхын саналаар шийдвэрлэх болсон. Гэвч Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй.
НҮБ нь Аюулгүйн Зөвлөлд маш том эрх мэдэл олгосон байдаг бөгөөд НҮБ-ын Энхийг Сахиулах хүчний тусламжтайгаар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах эрхтэй.15н гишүүнээс бүрддэг бөгөөд түүнчлэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох 5 орон (АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ) нь дангаараа хориг тавих эрхтэй байдаг[11] нь хүйтэн дайны үед АЗ-ын байнгын гишүүн орнуудын сөргөлдөөнөөс болж үйл ажиллагаанд нь нөлөөлж байв. Мөн Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын байгууллагууд дундаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрхтэй цорын ганц байгууллага юм.
Эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар үйл ажиллагаа явуулахаар заагдсан байдаг ч ихэнхдээ дэргэдээ байх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO) зэрэг тусгай байгууллагуудаар дамжуулан явуулдаг.
Aль нэг улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг.
НҮБ-ын Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан ба Нидерландын Хааг хотод байрлана. Үйл ажиллагаагаа 1946 оноос эхэлсэн байна. Зорилго нь улс хооронд гарсан маргааныг таслан шийдвэрлэх юм. Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстний хомроголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцэнэ[12].
1994 онд үйл ажиллагаа нь зогссон. Ядуу орнуудад тусламж үзүүлэх зорилготой байсан.
1945 оны НҮБ-ын Дүрэмд "Даян дэлхийн хүн төрөлхтөн болон эдийн засгийн нөөцийг зэвсэглэлд зарцуулахыг багасгах" талаар дүрэм журмуудын цогцыг бий болгохоор заасан байдаг. Харамсалтай нь НҮБ-ын дүрэм батлагдсанаас хэдхэн долоо хоногийн дараа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн нь энэхүү асуудлыг хурцаар тавих шаардлагыг бий болгожээ. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Чуулганы анхны хуралдааны (1946 оны 1 дүгээр сарын 24) анхны шийдвэр нь "Цөмийн энергийг нээсэнтэй холбоотой асуудлуудын тухай зөвшилцөх зөвлөл байгуулах тухай" гэсэн нэртэй гарсан байна.
Өдгөө НҮБ нь цөмийн туршилтыг хориглох, сансарт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах, химийн зэвсгийг хориглох, цөмийн зэвсэггүй бүс нутаг бий болгох, батлан хамгаалах зардлыг бууруулах, олон улсын аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт тавин ажиллаж байна.
Энхийг сахиулах нь НҮБ-ын хамгийн чухал үүрэг бөгөөд тус байгууллагын дүрмийн 1-р бүлгийн 1-р зүйлд НҮБ-ын зорилгын нэгээр тодорхойлогдсон байдаг. Үүний тулд цэргийн хүч хэрэглэх тухай 7-р бүлэгт зааснаар зөвшөөрөгддөг боловч хүйтэн дайны үед Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас бараг хэрэглэгдэж байгаагүй бөгөөд цорын ганц удаа Солонгосын дайнд Энхийг сахиулах хүчин үйл ажиллагаа явуулсан байна. Харин үүний оронд хэрэглэж байсан арга нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах үйл ажиллагаа байлаа. Хүйтэн дайн төгсгөл болсноор 7-р бүлгийг хэрэглэж эхэлсэн хэдий ч уг дүрэм ёсоор төлөвлөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Арми хараахан байгуулагдаагүй байна.
НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Ердийн төсвөөс ялгаатай нь энэ үйл ажиллагааны зардалд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд ердийнхөөсөө их хувийг нь санхүүжүүлэх болдог байна.
1988 онд НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин ("Цэнхэр дуулгатнууд" гэж нэрлэгддэг), 2001 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн байна[13].
Хүний эрхийн асуудал нь НҮБ-ыг байгуулах болсон үндсэн шалтгаануудын нэг билээ. Дэлхийн 2-р дайны үед харгислал, аймаглан устгах явдал гарч байсан учраас иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх нь шинэ тутам байгуулагдсан НҮБ-ын үүрэг хэмээн заажээ.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь хууль зүйн үүднээс заавал биелүүлэх ёстой зүйл биш боловч "бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болж 1948 онд Ерөнхий Чуулганаар батлагдсан билээ. Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл (Economic and Social Council, ECOSOC)-ийн дэргэдэх НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (UN Human Rights Commission, UNHRC) нь янз бүрийн судалгаа явуулж, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр энэ асуудлыг шууд хариуцдаг бөгөөд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар нь энэхүү хороог удирдана.
НҮБ болон түүний дэргэдэх байгууллагууд улс орнуудад чөлөөт сонгууль явуулах бололцоогоор хангах, эрүүгийн хуулийг шинэчлэх, хүний эрхийн ажилтнуудыг сургах, зэвсэгт бүлэглэлүүдийг улс төрийн нам болгон төлөвшүүлэх зэргээр ардчилал, хүний эрхийг хамгаалах үйлсэд маш их хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ч үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг төрөл бүрийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа юм.
Иракийн дайны үед өөрийн үүргээ биелүүлж чадаагүй нь томоохон асуудал болсон юм. Япон, Герман, Энэтхэг болон Бразил зэрэг улсууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш огт өөрчлөгдөөгүй Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор зорьж байна.
Гэтэл нөгөө талаар Канад зэрэг Аюулгүйн Зөвлөлийн эрх хэтэрхий их байна хэмээн шүүмжилж, Ерөнхий Ассамблей эрхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа орон ч олон байгаа юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.