From Wikipedia, the free encyclopedia
Торгууд бол Ойрадын нэгэн овог аймаг юм. Торгуудууд XV зууны үед Ойрадын бүрэлдэхүүнд оржээ. Торгуудын үндсэн хэсэг нь Дөрвөд, Хошуудын хамт Ижил мөрөнд очиж Халимагийн хаант улсыг байгуулж байв. Торгуудууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, Ганьсу муж, Монголын Ховд аймагт оршин суудаг.
Торгууд («Торгон») ястан | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — 200 мянга. Үүнээс: Орос — 82,500 (тооцоо)
Халимаг ястны 45% гэж тооцдог[1]
|
Хэл аялга | Монгол хэл (өрнөд аялга, өрнөд-төвийн завсрын аялга), мөн Орос хэл, Хятад хэл |
Бичиг үсэг | Монгол бичиг; Монгол, Халимаг хоёр кирилл үсэг; бас Орос кирил, Хятад ханз |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | бусад Ойрад, бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан |
Торгуудын гарал үүслийн тухай олон таамаг байдаг. Торгууд хэмээх нэр нь "Турхаг" гэсэн үгнээс үүссэн байх талтай. "Турхаг" гэдэг нь тураг биетэн, тураг шувуу гэдгийн "Тураг" гэдэг үгтэй холбоотой бололтой. "Тураг" гэдэг нь том, их гэсэн утгатай үг юм. Торгуудуудыг Хэрэйд аймгийн удам гэж зарим судлаачид үздэг. Энэ нь Торгуудын ноёдын угийн бичиг Хэрэйдийн Ван хаанаас эхэлсэнтэй холбоотой. Домогт өгүүлсэнээр бол Торгуудын өвөг дээдэс Амгалан тайш харьяат албатын хамт Ойрадын Тогоон тайшид дагаар ороход Тогоон тайш "Хүдэр чийрэг тул Торгууд хэмээн нэрлэе" хэмээсэн тул Торгууд гэгдэх болжээ. "Монголын нууц товчоо"-нд Хэрэйдийн Ван хаан 1,000 турхаг цэрэгтэй байсан тухай өгүүлсэн байдаг. Чингис хааны 10,000 шадар хишигтэн цэргийн 8,000 цэрэг нь турхаг цэргүүд байжээ. Мөн Торгууд гэдэг нэрийн гарал үүслийг Турк, Туркууд, Түрэгүүд, Туркут хэмээх үгнүүдтэй холбож үзэх явдал байдаг.
Торгуудын үүсэл нь Хэрэйдийн Ван хааны 1,000 турхаг цэрэг, эсвэл Чингис хааны шадар хишигтэн цэргийн бүрэлдэхүүн дэх 8,000 турхаг цэрэгтэй холбогдож магадгүй. 1368 онд Юань улс мөхсөний дараа монголчуудын дунд ширүүн тэмцэл өрнөх болжээ. Энэ тэмцлийн үеэр XV зууны үед Амгалан тайш хэмээх нэгэн ноён харъяат албатын хамт Ойрадын Тогоон тайшид дагаар орсоноор Торгууд гэгдэх болсон аж. Энэ үеэс хойш Торгууд аймаг Ойрадын нэг хэсэг болсон байна.
XVI зууны үед ойрадууд дотооддоо зөрчил тэмцэлтэй байлаа. XV зууны үед болсон Эсэн хааны уналтын улмаас Дөрвөн Ойрадын холбоо задарч, хэдэн хэсэгт хуваагджээ. Зүүн Монголын язгууртнууд үүнийг ашиглан Дөрвөн Ойрадын холбоонд багтаж байсан Барга, Буриад, Түмэдийг эрхэндээ оруулав. Гэсэн хэдий ч ойрадууд хүчирхэг хэвээр байлаа. XVI зууны дунд, сүүл үед Түмэдийн Алтан хан, Халхын Абтай сайн хан нар Ойрадыг удаа дараа довтлон байлдаж байв. XVI зууны дунд үед Ордосын Хутугтай сэцэн хунтайж Ойрадыг хоёр удаа довтолсон байна. Түмэд, Ордосын ноёдын довтолгоонд Ойрадын аймгууд байнга өртөж, хохирол амссаар байв. Түмэдийн Алтан хан нэгэн удаагийн довтолгооноороо Торгуудын Буур ноёныг хөнөөж, Чорос, Баатуд аймгуудыг бут цохижээ. XVI зууны сүүл үеэс Хотгойдын Шолой увш хун тайж Ойрадыг довтлох болов. Тэрээр Ойрадтай олон удаа дайтаж, зарим үед амжилт олж байжээ.
XVII зууны эхэн үед ойрадууд зүүн зүгт Хотгойдын Шолой увш хун тайжтай, баруун зүгт казахуудтай зөрчилдөн дайтаж байв. Энэ тэмцэлд ойрадууд их хохирол үзэж байлаа. Үүний зэрэгцээ дотоодын зөрчил хурцдаж, түүнийг зохицуулахад ихээхэн бэрхшээлтэй болсоор байв. Дотоодын тэмцлийн гол шалтгаан нь нутаг бэлчээр, харьяат албатаа булаалдсан явдал байжээ. Ойрадын ноёд шинэ нутаг бэлчээр олж авах зорилгоор хол ойрын нүүдэл хийх болов. XVI зууны эхэн үед Торгуудын Хо өрлөг баруун зүгт нүүж, 1630-аад онд Ижил мөрний сав газарт очсон байна. Түүний тэргүүлсэн энэхүү нүүдэлд торгуудуудаас гадна дөрвөд, хошууд, хойд зэрэг Ойрадын бусад овог аймгийн цөөнгүй хүн ам оролцжээ. 1630-аад онд Хошууд аймгийн нэгэн хэсэг Гүүш хан Төрбайхын удирдлагаар Хөх нуурт очиж суужээ. Нутагтаа үлдсэн ойрадуудын дотор чоросууд манлайлах болж, Зүүнгарын хаант улсыг байгуулсан байна. Чорос аймгийн эзэн Баатар хунтайж нүүж одсон ойрадуудтай харилцаагаа хэвээр хадгалах бодлого явуулж, Торгуудын ноёдтой ураг барилджээ. Мөн Гүүш хан Төрбайхтай худ ураг бололцов. Ижил мөрөнд очсон торгууд голдуу ойрадууд Аюук хааны үед улам хүчирхэгжиж, Халимагийн хаант улсыг байгуулжээ. Халимагууд Оросын эрх баригчидтай Оросын зүүн өмнөд хилийг гадны халдлагаас хамгаалах холбоотны гэрээ байгуулжээ. Халимагууд холбоотны үүргээ амжилттай биелүүлж, Оросын цэргийн хийсэн бүхий л дайн тулаанд оролцож байв.
XVIII зууны эхэн үед Зүүнгарын хаант улсыг Цэвээнравдан захирч байлаа. Цэвээнравдан Халимагийн Аюук хаантай худ ураг бололцож байв. Энэ харилцаа Цэвээнравдангийн залгамжлагч Галданцэрэнгийн үед тасалдсан аж. Халимагийн Аюук хааны ач хүү Равжир 450 хүний хамт Төвдөд очиж мөргөл үйлдээд буцах замдаа Бээжинд очиж Манжийн Энх амгалан хаантай уулзжээ. Энх амгалан хаан түүнийг цол хэргэмээр шагнаж, Халимаг руу буцаалгүй Эзний голд дагалдан явсан хүмүүсийнх нь хамт суулгав. Энэ нь Эзний голын торгуудууд болсон юм. Халимагийн Аюук хаан Равжирыг эргүүлэн өгөхийг Энх амгалан хаанаас хүссэн боловч бүтээгүй байна. XVIII зууны дунд үед Зүүнгарын хаант улс Манж Чин улсад эзлэгджээ. XVIII зууны сүүл үед оросууд Халимагийн хаант улсын эрх мэдлийг хязгаарлах болов. Түүний улмаас 1771 онд Халимагийн Увш хаан олон тооны хүн амын хамт Зүүнгарын зүг нүүжээ. Тухайн үед дулаан өвөл болж, Ижил мөрний ус хөлдөхгүй удсан учир Увш хаан Ижил мөрний баруун эрэгт сууж байсан халимагуудыг орхиж, зөвхөн Ижил мөрний зүүн эргийн халимагуудыг авч нүүсэн байна. Есөн сарын турш үргэлжилсэн хүнд хэцүү нүүдлийн эцэст Манж Чин улсын мэдэлд орсон Зүүнгарын нутагт ирэв. Их нүүдлийн замд их хохирол амссан Увш хаан Манж Чин улсад дагаар оржээ. Манж нар тэднийг Шинжаан мужийн нутгаар тараан суулгаж, таван чуулган бүхий хошуудад хуваасан байна.
XIX зууны үед Шинжааны торгуудууд Манж Чин улсын захиргаанд байсаар байв. XIX зууны үед Шинжааныг хамарч байсан лалын шашинтануудын бослого үймээнд Шинжааны монголчууд ихээхэн өртөж сүйджээ. Ижил мөрний халимагууд Оросын казак цэргийн зохион байгуулалтад орж, Оросын цэргийн аливаа дайн байлдаанд орж байв. Шинжааны торгуудуудын зарим хэсэг нь Булган голын газарт амьдрах болжээ.
XX зууны үед Манж Чин улс мөхөж, ДИУ (Дундад Иргэн Улс) байгуулагдав. Шинжаан муж ДИУ-ын захиргаанд ёс төдий оршсоор байлаа. 1920-1950-иад онд Шинжааны дээрэмчид болон Гоминданы цэргүүд Монгол улсын хилийг зөрчих нь их байв. 1940-өөд онд БНХАУ байгуулагдаж, Шинжааныг эрхэндээ оруулжээ. Улмаар Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон байгуулагдав. 1920-иод онд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. 1930-аад онд Оросын иргэний дайн болон хэлмэгдүүлэлтийн улмаас халимагууд бүрэн тусгаар тогтнохыг оролдсон тул оросууд Халимагийн Бүгд Найрамдах Улсыг татан буулгасан байна. Дэлхийн II дайнд Оросын бодлогод дургүйцэж байсан тодорхой тооны халимагууд Германы талд орж байлдсан аж. Түүний улмаас халимагуудыг Сибирь, Төв Азид цөлжээ. 1950-иад онд халимагуудыг цөллөгөөс буцаасан бөгөөд Халимагийн Бүгд Найрамдах Улсыг сэргээн байгуулсан байна. 1930-аад онд Монгол улсын аймгууд байгуулагдахад Булган голын торгуудууд Ховд аймгийн Булган суманд харьяалагдах болжээ.
Торгуудууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Ганьсу муж, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алаша аймгийн Эзнээ хошуу, Монгол улсын Ховд аймгийн Булган суманд оршин суудаг.
. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гончоон Түвшин
. Монгол улсын гавьяат багш Жанжаан Жадамбаа . Монгол улсын гавьяат багш Балжуухайн Цагаач . Монгол улсын гавьяат багш Жаграан Доржсүрэн . Монгол улсын гавьяат багш Сүрэнгийн Отгонбаяр
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.