From Wikipedia, the free encyclopedia
Халх[3] — эртний нэгэн монгол түмэн[4], одоогийн монгол үндэстний нэгэн ястан[5]. 2020 оны тооллогоор Монгол Улсад оршин суугаа 3,006,444 хүн (суурин хүн амын 82.4%) Халх гэж бүртгэгджээ[6]. Халх дотроо ястанд хуваагддаггүй боловч өдгөө дарьганга, сартуул, элжигин ястан нэрнээс бусдаар халхаас ялгагдахгүй. Халх аялгад нийцүүлж монгол хэлний кирилл бичгийн дүрмийг Цэндийн Дамдинсүрэн зохиожээ.
Халх ястан | |
Олон нэр | худам монголоор – халх-а монгол кирилээр – халх (халхууд) буриад кирилээр – халха (халханууд) халимаг кирилээр – халх (халхас) |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 3 сая. Үүнээс: Монгол — 3,006,444 (2020)[1] Хятад (БНХАУ) — 4,000 (багцаа)[2] |
Хэл аялга | монгол хэл (төв аялгуу, халхын салбар аялгуу) |
Бичиг үсэг | кирил үсэгтэй монгол бичиг (1941 оноос) |
Шүтлэг | буддын шашны буяны ёс (шарын шашин), тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан, Ислам, Христийн шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | дархад,ойрад, цахар, Буриад г.м бусад монгол үндэстэн |
Хэл угсаа | монгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн) |
«Халхавч», «бамбай» зэрэгтэй ойролцоо утгатай «халх» (нарны халх, галын халх ...) гэх монгол үгнээс нэр өгөгдсөн гэж үздэг. Монголч эрдэмтэд "халх", "халх бамбай" гэсэн үгнээс халх ястны нэр үүсэн гэж үздэг.
Монголчуудыг дахин нэгтгэсэн Батмөнх даян хаан 1500 оны үед улсаа зүүн баруун 2 гар, 6 түмэн болгон хуваан хөвүүддээ өвлүүлжээ. Үүний баруун гарын 6 түмний нэг нь Халх түмэн бөгөөд түүхийн шастирд "Аглагийн 12 хүрээ халх"[баримт хэрэгтэй] гэж алдаршиж байв. Ингэхдээ 6-р хүү Алчуболдод баарин, баягуд, жарууд, үжээд, хонгирад отгийг нийлүүлэн өгсөн нь Өвөр Халхын 5 отог хэмээн нэрлэгдэж, хожим нь Өвөр монголын Зуу Удын чуулганы Баарин зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Улаанхад хотын Баарин зүүн баруун хоёр хошуу), Жарууд зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Тонляо хотын Жарууд хошуу) болж хуваарьлагдсан бол хонгирад, Үжээд, Баягуд нь бусад хошууд, Манж найман хошуунд задран хуваагдсан.
Даян хааны 11-р хүү Гэрсэнзэд Халхын хэрэйд, жалайр, хонгирад, олхонуд, бэсүд, элжигин, горлос, урианхай, сартуул, тангуд, хүрээ, цоохор отгийг нийлүүлэн өгсөн нь ар халх гэж нэрлэгдэх болжээ. Гэрсэнзийг таалал төгссөний дараа дээрх отгуудыг долоон хөвүүнд нь хувааснаар "халхын долоон хошуу" үүссэн.
Гэрсэнзээс хойш Ар халх нь баруун, зүүн 2 гарт хуваагдсан 7 хошуу болсны, халхын баруун гарыг Ашихай дархан хунтайж захирч, Ноёндай хатанбаатар, Далдан хөндлөн ноён, Саму буйма нарын захирсан отгууд хангайн нуруунаас баруун тийшх нутагт 4 хошуу байгуулагдаж хожим Засагт хан аймаг болсон. Халхын зүүн гарыг халхын голоос хангайн нуруу хүртэлх нутагт Онохуй үйзэн ноён, Аминдурал ноён (Дарь тайж хүүхэдгүй нас барсны дараа отогийг нь авсан) нарын захирсан 3 хошуу байгуулагдаж, зүүн гарыг Онохуй үйзэний хөвүүн Автай сайн ханы угсаа үе залгамжлан захирсан нь хожим Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Сайн ноён аймаг болж хуваагдсан. Гэхдээ анхны 7 хошууны ноёд тогтвортой үе залгамжлан засаг ноёд байсан гэж ойлгож болохгүй.
17-р зууны эхээр бичигдсэн Халхын үйсэн дээрх цааз бичгүүд Халхын баруун, зүүн гарыг хан, хунтайж, жонон цолтнууд тус бүртээ хуваан захирч, тэдний доор засаг барьсан их ноёд, бага ноёд байсныг батладаг. 1580-1630-аад оны Халхын ноёд эзэмшил нь "... баруунд Лайхур хаан, Жалайрын Убаши тайж, Бэсүдийн Цэцэн жонон[8] бөгөөд зүүнд Очирай хаан, Цогт хунтайж, Далай жонон..."[9] гэсэн 6 хошуунд хуваагдах болсон.
1627 онд халхын зүүн гарын Далай жонон Шолой нь Махасамади Сэцэн хан цолтой болж, 1634 онд Цогт хунтайж халхаас дүрвэж, 1636 оноос Манж Чин Улс байгуулагдан Халхыг хараат орноо болгон Данзан тойныг шинэ засаг ноёноор болгож, 1655 онд Халхын баруун гарын засаг ноён Элжгэний Цэрэнгомбо хатанбаатарын эрх мэдлийг эвдэж, бага ноён болгосон[10] мэтийн үйл явдал өрнөсөн. 1650-иад оны Халхын баруун гарын 4 засаг ноён нь Засагт хан Норов, бэсүдийн Цэцэн жонон Хонхуй[8], Хотгойдын Омбо-Эрдэнэ хунтайж[11], Сартуулын Хүндлэн тойн[12], зүүн гарын 4 засаг ноён нь Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Бабу, Мэргэн ноён Гүрүшихи, Сайн ноён Данзан тойн нар юм. 1650-1670-аад оны Халхын дотоод дахь эрх мэдлийн хуваарилалтын талаарх хэрүүл тэмцэлээс болж, Элжигиний ноёд Түшээт хан руу нүүж, Тангуд отгийн ноёд, Түшээт ханы төрлийн тайж Бунтар нар Чин улс руу дүрвэсэн зэрэг асуудал гарсан.
Халхын анхны 7 хошууны нутаг нь дараах болой.
1634 оноос өвөрмонгол Манж Чин улсад дагаар орсноос эхлэн, Халхын долоон хошууны ноёд Чин улстай шууд хиллэх болсноор Мин улстай хийж байсан худалдаа тасалдаж, Чин улсаас төр, эдийн засаг, худалдааны хувьд хараат болж, халхын зарим ноёнд цол өгөх, нутаг хошуу байгуулах мэтээр халхын дотоод асуудалд оролцож эхэлсэн. 1655 онд манжийн Эеэр засагч хааны зарлигаар халхын зүүн гарын Автай сайн ханы дүү Түмэнхэн сайн ноёны удам Данзан ламыг засаг ноён цол өргөмжлөн Түшээт ханы хошуунаас таслан өгч байгуулснаар Халхад найман хошуутай болсон. 1688-1689 онд Халх-Зүүнгарын дайнд Халхын Түшээт хан Чахундоржоор удирдуулсан ноёд хүн ардын хамт Галдан бошигт хаантай хийсэн дайнд ялагдаж, манжид дагаар орсноор Халх монгол нь Чин гүрний нэг хэсэг болсон. Долоннуурын чуулганаар Халхыг 36 засаг ноёны мэдлийн хошуу болгосон нь цаашид өргөжсөөр 1691-1911 он хүртэл Чин гүрний харьяанд байхдаа 4 чуулган аймаг, 86 хошуу, 12 тамгатай хутагтын шавь отог нэгжид хуваагдан задарч, Улиастай, Их Хүрээний манж амбанд захирагдаж байсан. 1911 оны 12-р сарын 29 нд Их Хүрээнд 8-р Богдыг эзэн хааны сэнтийд залснаар Халх төвтэй "Олноо өргөгдсөн Монгол Улс"ыг байгуулсан нь улмаар одоогийн Монгол Улсын суурь болсон.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.