Чингис хаан
Монголын Эзэнт Гүрний үүсгэн байгуулагч бөгөөд анхны хаан / From Wikipedia, the free encyclopedia
Их эзэн богд Чингис хаан (~1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.
Чингис хаан ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ | |
---|---|
Их Монгол Улсыг үндэслэгч их эзэн хаан | |
Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилбар нь хар, цагаан өнгөтэй байсан ба Хубилай хааны захиалгаар 1278 онд монгол зураач Хорихосон (хятад галигаар Хо-ли-хосун (Ho-li-hosun)) урлажээ. | |
Хаанчлал | 1189–1227 |
Хаан суусан | Цэнхэрийн голын Хар зүрхний Хөх нуур гэдэг газар, 1189 онд Алтан, Сачи Бэхи, Даридай авга нар зөвлөлдөж хаан ширээнд суулгав. |
Бүтэн нэр | Чингис хаан, Тэмүжин Монгол бичиг: |
Төрсөн огноо | ~1162 |
Төрсөн газар | Хамаг Монгол (Өнөөгийн Монгол Улс, Хэнтий аймаг Дадал сум) |
Өнгөрсөн огноо | 1227 |
Өнгөрсөн газар | Их Монгол Улс |
Оршуулсан | тодорхойгүй |
Удаах | Өгэдэй хаан |
Их хатан | Бөртэ үжин |
Хатан | Есүй Есүгэн Хулан |
Хүүхэд | Зүчи Цагадай Өгэдэй Толуй |
Эцэг | Есүхэй |
Эх | Өэлүн |
Улс | Их Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзэлсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, Зүүн Европ, Ойрх Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.