From Wikipedia, the free encyclopedia
Боржигин (ᠪᠣᠷᠵᠢᠭᠢᠨ) нь Их Монгол Улсын нэгэн овог аймаг юм.
12-р зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар үүдэлтэй, Боржигин овог байсан юм. Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, Монгол аймгуудыг захирч ирсэн аж. Улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан юм.
Боржигин гэдэг үгийн язгуур нь “бор, бүри, бөртэ” гэх мэт чоныг заасан үг, “жигин” гэдэг нь “тигин” хэмээх үгийн хувилбар, Боржигины дээдэс чоно онгонтой байсан тул ийнхүү нэрлэв гэж үздэг. Бас зарим бичигт бор буюу цэнхэр бор нүдтэй гэсэн үг хэмээн тайлбарласан байдаг.
Монголын нууц товчоонд бичигдсэнээр, Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, Онон голын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам Добу мэргэний бэлэвсэн гэргий Алун Гуа нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Тиймээс Боржигин овог нь эртний сурвалжит Барга, Чонос овгоос салбарлан үүссэн овог болох нь батлагдана. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.
Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал Амбагай татаруудад баригдан Алтан улсад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад Хиад Боржигин гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь Тайчууд гэгдэх болжээ.
Их Монгол Улсад Чингис хаан болон түүний 3 дүү болох Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин нарын үр удам нь "Алтан ураг" хэмээн нэрлэгдэж байв.
Ер нь XVIII-XX зууны эхэн хүртэл бүх Монголын эрх мэдэл Чингис хааны үр удмын Боржигин тайж нарын гарт байсан юм.
Юань гүрэн мөхөж, монголчууд умард нутаг руугаа шахагдсаны дараа нэг хэсэг Боржигин овгийнхны эрх мэдэл суларч ирсэн ч Даян хааны үед Боржигинчуудын удирдлаган дор Монгол үндэстэн дахин нэгдэж, тэр үеэс хойш 20-р зууны эхэн хүртэл, Манжийн эрхшээлд байх үед ч Боржигин овогтнууд төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Монгол улсад социализмын үед хэрэглэгдэхээ больсон овгийн нэрийг ардчилал ялсны дараа сэргээх хөдөлгөөн өрнөж, иргэний үнэмлэхт овгийн нэрийг бичдэг болсон. Тэр үед Боржигин овогтой хэмээн зохиомлоор бүртгүүлсэн хүн маш олон гарчээ. Боржигин овгийнхон 1000-аад жил монголын гол овог буюу ноёрхох овог байсан ба хүн ам олонтой байсан байна. Одоогийн Монгол улс Өвөр Монголын олон ястны дунд түгээмэл тархаж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.