From Wikipedia, the free encyclopedia
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, Оросын Холбооны Улс, Тажикистан, Узбекистан Улсын удирдагчид 2001 оны 6 дугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны 6-р сард гарын үсэг зурснаар 2003 оны 9-р сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны 4-р сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс 6-р сарын 9-ны өдөр бүрэн эрхт гишүүнээр элссэн.
Shanghai Cooperation Organisation SCO | ||
---|---|---|
ШХАБ-ын улсууд | ||
Байгууллагын төв | ||
Ерөнхий нарийн бичиг | Хятад | |
Гишүүн улсууд | 9 | |
Албан- ба ажлын хэл | ||
Байгуулагдсан |
2002 оны 6-р сарын 7 | |
eng.sectsco.org |
1996 оны 4-р сарын 26-ны өдөр БНХАУ, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан улсын төрийн тэргүүн нар “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурснаар “Шанхайн тав” бүлгэм үүсэн байгуулагдсан.
1997 оны 4-р сарын 24-нд эдгээр улсууд ОХУ-ын Москва хотод хийсэн уулзалтынхаа үеэр “Хил орчмын нутагт цэргийн хүчийг багасгах тухай” гэрээнд гарын үсэг зурсан юм. 1997 оны 5-р сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, БНХАУ-ын Ерөнхий сайд Зян Земинь нар “олон туйлт дэлхийн” тухай тунхаглалд гарын үсэг зурсан.
Шанхайн таван орны ээлжит уулзалтууд Казахстаны Алматы хотод 1998 онд, Киргизстаны Бишкек хотод 1999 онд, Тажикистаны Душанбе хотод 2000 онд тус тус зохион байгуулагджээ. Душанбе хотод болсон уулзалтын үеэр Шанхайн таван орон “хүмүүнлэгийн ажил, хүний эрхийг хамгаалах нэрийдлээр бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх, бүлгэмийн гишүүн орны үндэсний тусгаар тогтнол, хараат бус байдал, газар нутгийн бүрэн эрхт байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих”-ээр тохирсон.
2001 онд бүлгэмийн уулзалт Шанхай хотод дахин зохион байгуулагдах үеэр дээрх таван орон “Шанхайн тав” гэх механизмаа Узбекистан улсаар тэлж, “Шанхайн зургаа” болсон. Ийнхүү 2001 оны 6-р сарын 15-ны өдөр зургаан улсын төрийн тэргүүн нар ШХАБ-ын тунхаглалд гарын үсэг зурахын сацуу “Шанхайн тав” механизмын хувь нэмрийг өндрөөр үнэлж, илүү өндөр түвшинд хамтран ажиллах зорилгыг тавьсан.
2002 оны 6-р сард ШХАБ-ын гишүүн орны удирдагчид ОХУ-ын Санкт-Петербург хотод уулзан тус байгууллагын зорилго, зарчим, бүтэц, үйл ажиллагааны хэлбэрийг дэлгэрэнгүй заасан ШХАБ-ын дүрмийг олон улсын хууль, дүрмийн хүрээнд баталсан юм.
2005 оны 7-р сард Казахстаны Астана хотод болсон уулзалтад БНЭУ, Иран, Монгол, Пакистан Улсын төлөөлөгчид анх удаа хүрэлцэн ирсэн. Зохион байгуулагч орны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев төлөөлөгчидтэй мэндчилэхдээ өмнө нь хэлэгдэж байгаагүй үгийг хэлсэн нь “Энэ яриа хэлэлцээний ширээнд сууж буй улсуудын удирдагчид хүн төрөлхтний талыг төлөөлж байна” гэсэн явдал юм.
2007 он гэхэд ШХАБ 20 гаруй том хэмжээний төслийг тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны салбарт санаачилж, гишүүдийнхээ дунд аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, эдийн засаг, соёл, банкны салбарын асуудлаарх уулзалтыг тогтмол зохион байгуулчихаад байв. [баримт хэрэгтэй]
2015 оны 7-р сард ОХУ-ын Уфа хотод болсон уулзалтынхаа үеэр ШХАБ БНЭУ, Пакистан Улсыг бүрэн эрхт гишүүнээр авахаар шийдвэрлэсэн. БНЭУ, Пакистан Улс 2016 оны 6-р сард Узбекистаны Ташкент хотод болсон уулзалтын үеэр Хүлээх үүргийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүлжээ. 2017 оны 6-р сарын 9-нд Астанад болсон уулзалтын үеэр хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон юм.
ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон байна.
2017 оны байдлаар ШХАБ-ын 8 бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг, Евразийн хуурай газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна.
ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл нь тус байгууллагын шийдвэр гаргагч гол бүтэц юм. Уг зөвлөл нь ШХАБ-ын гишүүн орнуудынхаа нийслэл хотод жил бүр ээлжлэн зохион байгуулдаг уулзалтын үеэр хуралддаг. ШХАБ-ын орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн одоогийн гишүүд: * Алмазбек Атамбаев /Киргизстан/
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөл нь дээрээсээ хоёр дахь бүтэц болно. Энэ зөвлөл жил бүр уулзаж, олон талын харилцааны асуудлаар санал солилцдог. Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөл ШХАБ-ын төсвийг баталдаг бөгөөд одоогийн гишүүд:
ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл тогтмол хуралдаж, олон улсын өнөөгийн байдал, ШХАБ-ын гадаад харилцааны асуудлыг хэлэлцдэг.
Харин ШХАБ-ын орнуудын Үндэсний зохицуулагчдын зөвлөл нь байгууллагын дүрмийн хүрээн дэх гишүүн орнуудын олон талын хамтын ажиллагааг зохицуулдаг.
ШХАБ-ын Хэрэг эрхлэх газар нь тус байгууллагын үндсэн гүйцэтгэх бүтэц бөгөөд байгууллагын шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэх, өргөн барих баримт бичгийг боловсруулах, баримт бичгийг архивлах, ШХАБ-ын хүрээний үйл ажиллагааг зохион байгуулах, ШХАБ-ын талаарх мэдээллийг түгээж, үйл ажиллагааг сурталчлах үүрэг хүлээдэг. ШХАБ-ын Хэрэг эрхлэх газар Бээжин хотоос үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Тажикистан Улсын Рашид Алимовыг 2016 оны 1 дүгээр сард томилсон.
Узбекистаны нийслэл Ташкент хотод төвтэй ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх байгууллага нь терроризм, салан тусгаарлах үзэл, хэт туйлшрах үзлийн эсрэг гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй байнгын бүтэц юм. Тус байгууллагын даргыг гурван жил тутам сонгодог бөгөөд гишүүн орон бүрээс байнгын төлөөлөгч суудаг.
ШХАБ-ын үйл ажиллагаанд албан ёсоор хятад болон орос хэлийг ашигладаг.
Огноо | Улс |
---|---|
1996 оны 4-р сарын 26 | БНХАУ |
Казахстан | |
Киргиз | |
ОХУ | |
Тажикистан | |
2001 оны 6-р сарын 15 | Узбекистан |
2017 оны 6-р сарын 9 | Энэтхэг |
Пакистан |
Афганистан Улс 2012 онд Бээжин хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр ажиглагчийн статустай болсон.
Беларус Улс ШХАБ-ын түншийн статустай болох хүсэлтийг тавьж, Казахстанаас уг зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх амлалтыг авсан юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Иванов тус улсыг “Европын орон” хэмээн үзэж боломжит гишүүнчлэлд нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Үүнээс үл хамааран Екатеринбург хотод 2009 онд болсон ШХАБ-ын уулзалтын үеэр Беларусийг “яриа хэлэлцээний түнш”-ээр хүлээн зөвшөөрч, 2012 онд тавьсан хүсэлтийнх нь дагуу 2015 онд ажиглагчийн статусыг олгосон.
Иран Улс одоогоор ажиглагчийн статустай бөгөөд 2008 оны 3 дугаар сарын 24-нд гишүүнээр элсэх хүсэлтээ тавьсан. Тухайн үед НҮБ-аас тус улсад авсан байсан хориг арга хэмжээнээс улбаалан Иран Улс ШХАБ-ын гишүүнээр элсэж чадаагүй. НҮБ-ын хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа Ираны ШХАБ дахь гишүүнчлэлийг дэмжихээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2016 оны 1 дүгээр сард тус улсад төрийн айлчлал хийх үеэрээ мэдэгдсэн.
Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон юм. 2005 оны 7-р сард Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан, Иран улс ажиглагчийн статустай болсон билээ.
ШХАБ-ын дүрмийн 14 дүгээр зүйлийн дагуу 2008 онд “яриа хэлэлцээний түнш”-ийн байр суурийг бий болгосон. Энэхүү зүйлд “яриа хэлэлцээний түнш” гэдэг нь ШХАБ-тай нэг зорилго, зарчмаар ажиллаж, ШХАБ-тай харилцан ашигтай түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүсэлтэй улс болон байгууллага байна гэж заажээ. Албан тушаал, Яриа Түнш бий болсон 2008 оны дугаар Зүйлд заасны дагуу 14 ШХА Дүрэмд зургадугаар сарын 7-2002. Энэ хуулийн талаар Хэлэлцүүлэг Түнш улсын эсвэл байгууллага хэн хувьцааг зорилго, зарчим, ШХА, хүсэл харилцаа тогтоож, тэгш харилцан ашигтай хамтран Байгууллага.[2]
2010 оны 6-р сард ШХАБ шинэ гишүүн элсүүлэх тухай журам баталсан боловч одоогоор шинэ гишүүн орон элсүүлээгүй байна. Харин хэд хэдэн улс ажиглагчийн байр сууринаас оролцдог бөгөөд зарим нь бүрэн эрхт гишүүнээр элсэх сонирхлоо илэрхийлж байсан. Иран Улсын ШХАБ-д элсэх урьдач нөхцөл онолын хувьд сайтар судлагдсан. 2013 оны 9-р сарын эхээр Арменийн Ерөнхий сайд Тигран Саркисян БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ШХАБ-ын ажиглагчийн статус авах тус улсын сонирхлыг илэрхийлсэн.
Армени, Азербайжан, Бангладеш, Балба, Шри-Ланк Улс 2012 онд ШХАБ-ын ажиглагч болох хүсэлтээ тавьсан. Египет, Сири Улс мөн ажиглагчийн статус авах хүсэлтээ хүргүүлсэн бол Израиль, Мальдив, Украин Улс яриа хэлэлцээний түнш болохоор хүсэлт тавиад байна. Иракийн Элчин сайд Ахмед Тахцэн Бэрвари 2017 онд Бээжин хот дахь ШХАБ-ын төв байранд зочлох үеэрээ тус улсын ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш болох сонирхлыг уламжилсан. Бахрейн, Катар Улс мөн ШХАБ-д элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ дахь тусгай төлөөлөгч Кирилл Барский 2011 онд Ханой хотод айлчлах үеэр Вьетнам Улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш болох сонирхлоо илэрхийлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар Вьетнам Улс ШХАБ-ын гишүүнээр элсэхэд зарим давуу болон сул талууд байгаа нь тус улсын БНХАУ, ОХУ, АНУ-тай харилцах харилцааны тэнцвэрийг хадгалах, газар нутгийн бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах болон эдийн засгийн үр өгөөж зэрэг болно.
ШХАБ нь гишүүн улсуудынхаа буюу Төв Азийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад гол ач холбогдол өгч ажиллах бөгөөд энэ бүсэд голлох аюул занал нь терроризм, салан тусгаарлах болон хэт үзэл. Гэхдээ сүүлийн үед тус байгууллагын гишүүн орнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа хурдацтайгаар идэвхжиж байгаа юм.
2004 оны зургаадугаар сарын 16,17-нд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Терроризмийн эсрэг бүс нутгийн бүтэц буюу RATS байгуулагджээ. Тухайн баримт бичгийн хүрээнд 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ШХАБ хил дамнасан хар тамхины наймааны гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөгөө зарлан тунхагласан.
Григорий Логнинов 2006 оны дөрөвдүгээр сард ШХАБ цэргийн эвсэл болох төлөвлөгөөгүй болохыг мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр “терроризм, хэт ба салан тусгаарлах үзлийн” аюул занал их байгаа учраас зэвсэгт хүчний бүрэн дүүрэн оролцоо зайлшгүй шаардлагатай хэмээн хэлсэн байдаг.
ШХАБ 2007 ны 10-р сард Тажикистаны нийслэл Душанбе хотод хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай аюулгүй байдал, гэмт хэрэг, хар тамхины хил дамнасан наймааны асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Түүнчлэн тус байгууллагаас “хүний оюун ухаан, ёс суртахуун, соёлын ба бусад хэм хэмжээнд” хортой мэдээлэл тараах нь “аюулгүй байдалд заналхийлсэн” алхам болно хэмээн кибер дайныг дахин тодорхойлсон юм. “Мэдээллийн дайн”-ыг мөн нэг улс нөгөөгийнхөө “улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо”-г сулруулах гэсэн оролдлогын нэг хэлбэр хэмээн 2009 онд баталсан баримт бичигт тодорхойлжээ. The Diplomat сэтгүүлийн 2017 оны нэгэн нийтлэлд дурдсанаар RATS-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд ШХАБ нийт 600 хорлон сүйтгэх ажиллагааг урьдчилан сэргийлж, террорист бүлэглэлийн 500 гишүүнийг барьж өгсөн байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаанд цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, хоорондоо тагнуулын мэдээлэл солилцох, терроризмтэй тэмцэх зэргээр хамтран ажиллаж байна.
ШХАБ-ын гишүүн орнууд хамтран хэд хэдэн цэргийн сургууль хийсэн байна. Эхнийх нь 2003 онд болсон ба энэхүү цэргийн сургуулийн эхний хэсгийг Казахстанд хоёрдугаар хэсгийг Хятадад зохион байгуулсан байна. Тэр цагаас хойш Хятад Орос хоёр ШХАБ-ын ивээл дор 2005, 2007, 2009 онуудад томоохон хэмжээний цэргийн наадам “Peace Mission”-ийг зохион байгуулсан. ОХУ-ын Челябинскт Уралын нурууны ойролцоо болсон Peace Mission 2007-д 4,000 гаруй цэрэг оролцсон байна. Энэхүү хээрийн сургуулийн хугацаа байршлыг 2006 оны ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар тохиролцсон байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Иванов хээрийн сургуулиуд олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй байна гэжээ. Цэргийн наадмыг амжилттай зохион байгуулсныхаа дараа, ОХУ-ын албаныхан Энэтхэгийг оролцуулах, ШХАБ-ын батлан хамгаалах хамтын ажиллагааний үүргийн талаар дуугарч эхэлсэн байна. Ингээд 2010 оны есдүгээр сарын 9-25-ны хооронд Казахстаны Матыбулакын сургуулилтын талбайд болсон Peace Mission-д Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистаны нийт 5,000 гаран цэргийн албан хаагч нар сургууль хийсэн юм.
ШХАБ нь гишүүн улсуудынхаа хувьд цэрэг, батлан хамгаалахын томоохон алхам хийх талбар нь байсаар ирсэн. 2007 онд ОХУ-д болсон цэргийн наадмын үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын удирдлага, БНХАУ-ын дарга Ши Жинпин нарыг байгаа завшааныг ашиглаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Хүйтэн дайнаас хойш анх удаа тогтмол холын зайны эргүүл хийхээр болсон гэдгийг зарласан юм. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн ийм эргүүлийг стратегийн хүрээнд тогтмол хийж байх болно. Манай нисгэгч нар удаан хугацааны туршид хөл хорионд байлаа. Тэд маань шинэ амьдралаа эхлүүлэхдээ таатай байна” гэжээ.
2014 оны зургаадугаар сарын 4-нд Тажикистаны нийслэл Душанбед ШХАБ-ыг ХАБГБ-тай нэгтгэх санаа анх гарсан бөгөөд одоо ч энэ асуудлаар мэтгэлцсээр байна.
Орос, Казахстан, Киргизстан гурван улс нь ШХАБ-аас гадна Евразийн эдийн засгийн холбооны гишүүд. ШХАБ-ын гишүүн орнууд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэрээнд 2003 оны 9-р сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан юм. Тэр уулзалт дээр БНХАУ-ын Ерөнхий сайд Вэн Жиабао ШХАБ-ын хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах урт хугацааны зорилт дэвшүүлэх, үүнийг хэрэгжүүлэхийн өмнө бүс нутгийн барааны эргэлтийг сайжруулах богино хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар санал тавьсан байдаг. Үүнээс нэг жилийн дараа буюу 2004 оны 9-р сарын 23-ны өдөр тус саналыг хэрэгжүүлэх 100 нарийвчилсан үйл ажиллагааг тоочсон төлөвлөгөөг үзэглэжээ.
2005 оны 1-р сарын 26-нд Москва хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ШХАБ нь эрчим хүчний хамтарсан төслүүдийн эн тэргүүнд тавьж хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн ба үүнд нь газрын тос, байгалийн хий, шинэ гидрокарбоны нөөцөд хайгуул хийх, хамтарсан усны ашиглалт зэрэг зүйлс багтаж байна. Тус дээд хэмжээний уулзалт дээр мөн ШХАБ-ын Банк хоорондын зөвлөлийг байгуулж ирээдүйн хамтарсан төслүүдийг санхүүжүүлэхээр тохиролцсон. Ш8ХАБ-ын Банк хоорондын холбооны анхны уулзалт 2006 оны 2-р сарын 21-22-нд Бээжин хотод болсон. Алмата хотод 2006 оны 11-р сарын 30-нд болсон “ШХАБ: Үр дүн ба Хэтийн төлөв” олон улсын бага хурал дээр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Оросын тал ШХАБ-ын “Эрчим хүчний бүлгэм”-ийг байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм. Ийм бүлгэмийг үүсгэх нөхцөл шаардлагын тухай 2007 оны 11-р сард Москвад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр бас дахин сөхсөн байдаг. Харамсалтай нь бусад гишүүн орнуудын зүгээс дэмжлэг авч чадаагүй юм. Гэсэн хэдий ч 2008 оны дээд хэмжээний уулзалтын үеэр буюу 8-р сарын 28-нд “Дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан дүр зурагтай энэ үед хариуцлагатай мөнгө, санхүүгийн бодлого, хөрөнгийн урсгалын хяналт, хүнсний болоод эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь улам бүр ач холбогдолтой болж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.
ШХАБ-ын 2007 оны дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны дэд ерөнхийлөгч Парвиз Давуди “ШХАБ бол олон улсын банкны тогтолцооноос хараат бус шинэ банкны систем үүсгэхэд тохиромжтой орчин” хэмээн хэлснээрээ нэлээн их сонирхол татаж эхлээд байсан санаачилгыг гаргаж тавьсан юм.
Путины хэлсэн үгнээс ч дараах зүйлсийг онцолж болно. Үүнд:
Дэлхийн санхүүгийн монополь ямар гажигтай, эдийн засгийн хувьд ямар хувиа хичээсэн байдалтай байгааг бид харж байна. Одоо үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд Орос улс дэлхийд санхүүгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах, ахиц дэвшил авчрахуйц өөрчлөлтийг дэлхийн санхүүгийн бүтцэд хийхээр ханцуй шамлан орох болно.
Өнөөгийн ертөнцөд эдийн засгийн өсөлт, улс төрийн хүчний шинэ төвүүд бий болохтой зэрэг чанарын хувьд өмнөө геополитикийн нөхцөл байдал үүсэж байна.
Тогтвортой байдал ба хөгжил рүү тэмүүлж буй 21 дүгээр зууны бодит байдалд нийцсэн дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдал, бүтээн байгуулалтын архитектурыг бий болгох, шинэчлэн өөрчлөхөд бид гар бие оролцоно.
2009 оны зургадугаар сард болсон Екатеринбургийн дээд хэмжээний уулзалт дээр Хятад санхүүгийн хямралд өртөөд байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийг сэргээхэд зориулан 10 тэрбум ам.долларын зээл олгох төлөвлөгөөгөө зарлажээ. Тус дээд хэмжээний уулзалтаар мөн BRIC –ийн анхны дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд энэ үеэр Орос-Хятад хамтарсан мэдэгдэлдээ ОУВС-д эзлэх квотоо ихэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
ШХАБ нь соёлын хамтын ажиллагааг өөртөө агуулж байдаг. ШХАБ-ын гишүүн орнуудын соёлын сайд нар 2002 оны 4-р сарын 12-нд Бээжинд анх удаа чуулсан байдаг. Сайд нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэн зуржээ. Гурав дахь уулзалт Узбекистаны Ташкент хотод 2006 оны 4-р сарын 27,28-нд болсон байна.
Астанад болсон 2005 оны дээд хэмжээний үеэр ШХАБ-ын Урлагийн наадам, үзэсгэлэн анх удаагаа тавигджээ. Түүнчлэн Казахстан улс ШХАБ-д 2008 онд Астана хотод ШХАБ-ын орнуудын үндэсний бүжгийн наадам зохион байгуулах санал тавьсан байна.
Гишүүн орнуудын удирдагч нарын зөвлөлийн уулзалт жил бүр тухай жилийн товлосон газарт зохион байгуулагдана гэж ШХАБ-ын дүрэмд заасан байдаг. ШХАБ-ын уулзалт болох газрыг гишүүн орнуудын орос цагаан толгойн дарааллаар тогтооно. Түүнчлэн Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөл (буюу Ерөнхий сайд нар) гишүүдийн тохиролцсон газарт жилд нэг удаа уулзаж байхаар дүрэмд заасан байна. Төрийн тэргүүнүүдийн уулзалтаас нэг сарын өмнө Гадаад харилцааны сайд нар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ёстой. ШХАБ-ын хоёр ба түүнээс олон гишүүн орны санал болгосноор Гадаад харилцааны сайд нар ээлжит бус чуулган зохион байгуулж болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны 10-р сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлжээ.
Төрийн тэргүүн | |||
---|---|---|---|
Огноо | Улс | Байрлал | |
2001 оны 6-р сарын 14 | Шанхай | ||
2002 оны 6-р сарын 7 | Санкт-Петербург | ||
2003 оны 5-р сарын 29 | Москва | ||
2004 оны 6-р сарын 17 | Ташкент | ||
2005 оны 7-р сарын 5 | Астана | ||
2006 оны 6-р сарын 15 | Шанхай | ||
2007 оны 8-р сарын 16 | Бишкек | ||
2008 оны 8-р сарын 28 | Душанбе | ||
2009 оны 6-р сарын 15-16 | Екатеринбург | ||
2010 оны 6-р сарын 10-11 | Ташкент[3] | ||
2011 оны 6-р сарын 14-15 | Астана[4] | ||
2012 оны 6-р сарын 6-7 | Бээжин | ||
2013 оны 9-р сарын 13 | Бишкек | ||
2014 оны 9-р сарын 11-12 | Душанбе | ||
2015 оны 7-р сарын 9-10 | Ufa | ||
2016 оны 6-р сарын 23-24 | Ташкент[5] | ||
2017 оны 6-р сарын 8-9 | Астана | ||
2018 оны 6-р сарын 9-10 | Чиндао | ||
TBD 2019 | |||
TBD 2020 | Челябинск[6] |
Засгийн газрын тэргүүнүүд | |||
---|---|---|---|
Огноо | Улс | Байрлал | |
2001 оны 9-р сарын 14 | Алматы | ||
— | — | — | |
2003 оны 9-р сарын 23 | Бээжин | ||
2004 оны 9-р сарын 23 | Bishkek | ||
2005 оны 10-р сарын 26 | Москва | ||
2006 оны 9-р сарын 15 | Душанбе | ||
2007 оны 11-р сарын 2 | Ташкент | ||
2008 оны 10-р сарын 30 | Astana | ||
2009 оны 10-р сарын 14 | Бээжин[7] | ||
2010 оны 11-р сарын 25 | Душанбе[8] | ||
2011 оны 11-р сарын 7 | Санкт-Петербург | ||
2012 оны 12-р сарын 5 | Бишкек[9] | ||
2013 оны 11-р сарын 29 | Ташкент | ||
2014 оны 12-р сарын 14-15 | Астана | ||
2015 оны 12-р сарын 14-15 | Жөнжоу | ||
2016 оны 11-р сарын 2-3 | Бишкек | ||
2017 оны 11-р сарын 30 | Сочи |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.