![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Seal_of_Ming_dynasty.svg/langmn-640px-Seal_of_Ming_dynasty.svg.png&w=640&q=50)
Хуанди
From Wikipedia, the free encyclopedia
Хуанди (ханз. 皇帝, пиньинь: Huángdì, монголоор: ᠬᠤᠸᠠᠩᠳᠢ) гэдэг нь эзэн хаан гэсэн утгатай үг бөгөөд хятадын түүхэнд оршин тогтнож байсан төрт улсын хаадын хэрэглэж байсан цол юм. Эртний хятадын улс төрд тухайн улсыг захирагч хуанди нь Дээд Тэнгэрийн хөвгүүн, Тэнгэрийн доорхийг захирах хувьтай нэгэн хэмээх үзэл баримтлал гүн шингэсэн байдаг. Хань үндэстэний төрт улсын түүх НТӨ 2600 гаруй жилийн өмнөөс оршин тогтнож ирсэн ч, хуанди цолтой анхны төрт улс НТӨ 221 онд долоон улсыг нэгтгэсэн Цинь улс байсан. Энэ үеэс хойш бүх хятад орныг нэгтгэсэн олон улс ээлж дараалан гарч ирсээр 1912 онд манж үндэстэний байгуулсан Чин гүрэн мөхөж, хаант засаглал төгсгөл болсноор хэрэглэхээ больсон ч, 1916 онд Юань Шикай, 1932-1945 онд Чин гүрний сүүлчийн хуанди Пүи нар хаант засаглалыг түр зуур сэргээж, хуанди цолыг хэрэглэж байсан ч, Дэлхийн Хоёрдугаар дайнд Япон улс ялагдсны дараа Манжго улс мөхөхтэй зэрэгцээд тус цолыг хэрэглэхээ больсон. Хуанди хэмээх нь Европын Emperor, Монголын Хаан, Арабын Халиф (араб: خِلَافَة, [xi'laːfah]), Персийн Падишах (перс: پادشاه, pādişah) зэрэг цолтой ижил түвшиний статустай албан тушаал юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Seal_of_Ming_dynasty.svg/320px-Seal_of_Ming_dynasty.svg.png)
Энэ цол нь тухайн улсын хааны удмын зөвхөн эцгээс хөвгүүнд, зарим үед авга талын ноёдод угсаа залгамжлах байдлаар өвлөгдөж байсан. Ингэхдээ улс төрийн дээд эрх мэдлийг эдлэхээс гадна Күнз, Даогийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөх бүлэглэл хоорондын тэмцэлийг зохицуулж, тэдгээрийн дэмжлэгтэйгээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг байсан.