From Wikipedia, the free encyclopedia
Франц-Иосифын газар (Орос: Земля Франца-Иосифа) нь Умард мөсөн далайн Баренцын тэнгист орших, Оросын Холбооны Улсын эзэмшлийн, 190 орчим арлаас бүрдэх олтриг юм.
Франц-Иосифын газар нь Шпицбергений зүүн талд байрлах бөгөөд ОХУ-ын Архангельск мужид харьяалагдана. Хойд өргөргийн 80.0-81.9 хэмийн орчимд байх бөгөөд Евразийн хамгийн хойд цэг болно. Хойд цэг нь Долф арлын Флигели хошуу (mys Fligeli) бөгөөд хойд өргөргийн 81.52 хэмд оршино. Тус арлууд нь хойд туйлаас дөнгөж 900км зайтай бөгөөд үүгээрээ Канадын Эллесмер арал болон Гренландын дараа ордог. Нийт талбай нь 16,100км², хамгийн өндөр цэг нь Винер-Нейштадтын газар арлын 620м өндөр өргөгдсөн цасан толгой юм. Тус олтригийн ихэнх хэсэгт хүн амьдардаггүй. Эрт дээр үед нэг том чулуун арал байсан ч элэгдлийн улмаас олон аралд хуваагдсан гэж үздэг. Нийт талбайн 85% орчим нь мөсөн гол, цасан толгой бөгөөд нүцгэн газар ч ихтэй. 1873 онд Австри-Унгарын эзэнт гүрний судлаач Карл Вайбрехтын удирдсан баг тус нутгаар аялж, эзэн хаан Франц-Иосиф I-ийн дурсгалд зориулж нэрлэсэн гэдэг.
1926 онд тус олтриг Зөвлөлт Холбоот Улсын харьяанд орж, шинжилгээ болон цэргийн зориулалтаар цөөн тооны хүн амьдрах болсон байна. Зуны улиралд хэдхэн долоо хоногийн хооронд л усан онгоцоор тус олтригт зорчих боломжтой бөгөөд үүний тулд тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдаг байна.
Галт уулын шинж чанартай бөгөөд гуравдагч галав болон Юрийн галавын үеийн чулуулгаас тогтоно. Ихэнх хэсэг нь мөсөөр хучигдсан байдаг ч хаг, хөвдхөнөөр хучигдсан нүцгэн хад ч элбэг.
1 сарын дундаж температур -15 хэм. 7 сард 2.2 хэм хүртэл дулаарна. Жилийн дундаж температур нь -12.8 хэм. 30 жилийн ажиглалтын явцад хамгийн дулаандаа 13 хэм, хамгийн хүйтэндээ -54 хэм хүрч байжээ. Жилийн турш хур тунадастай бөгөөд ялангуяа хавар, намрын адаг сард их ордог, мөн зуны адгаар өтгөн манангаар бүрхэгдэх нь элбэг.)
Далайн морь, цагаан үнэг, цагаан баавгай амьдардаг. Мөн цахлайн төрлийн шувууд элбэг. Заримдаа цагаан далайн гахай ажиглагдана.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.