From Wikipedia, the free encyclopedia
Түмэдийн Алтан хан (1508[4] - 1582) нь Монголын Түмэд аймгийн Чакраварди сэцэн хаан, баруун гурван түмнийг удирдаж байсан алтан ургийн язгууртан юм. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Барсболд хааны хоёр дахь хүү бөгөөд Мөнгөн хэмээх ихэр охин дүүтэй. Жинхэнэ нэрийг нь Эрдэнэ-Алтан[4] гэж байсныг хятадаар Аньда[5] гэдэг байв.
Алтан хан | |
---|---|
Түмэдийн Мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан, Шүнь-и ван (順義王) | |
Хаанчлал | 1542-1582 |
Төрсөн огноо | 1508 оны 1 сар[1] |
Өнгөрсөн огноо | 1582 оны 1 сар[2][3] |
Өнгөрсөн газар | Хатан гол |
Өмнөх | байхгүй |
Удаах | Сэнгэдүүрэн |
Их хатан | Жүнхэн хатан |
Хүүхэд | Сэнгэдүүрэн хан, Буян тайж, Төвөд тайж, Бинтү тайж, Баарин тайж, Будашири тайж, |
Эцэг | Барсболд хаан |
Эх | Бодон хатан |
Ургийн овог | Боржигин |
Алтан ханы төрсөн жил, сар, өдрийг 1607 оны орчимд бичсэн Чакраварди Алтан ханы тууж нэртэй зохиолд:
Бодисадва Алтан хаан гал хутагт эм туулай жилийн[6]
Бодтойёо хөхлөр сарын[7] гучнаа үхэр өдөрт[8] Бодон хатнаас нуган, охин хоёр төгс төрсөнд
Бүх их улс баясгалант малиагуудын хурим хийж бүрүүн
Элдэв баясгалант хуримуудаар цэнгэлдээд
Эцэг эх тэргүүтэн нь хотлоор баясаад
Энх амгалан төр ёсыг барьтугай хэмээн ерөөгөөд
Эрдэнэ Алтан Мөнгөн хэмээн эгч дүү хоёр нэрийдсэн нь тийм бүлгээ.[4]
"Эм буюу улаагчин туулай жилийн хөхлөр сарын 30-наа үхэр өдөр гэдэг нь аргын тооллоор 1508 оны 1 сарын 30[9]-ны өдөр болно.
Барсболд жонон 1521 онд таалал төгссөний дараа ах Гүнбилэг нь баруун гурван түмнийг захирах жонон болж Ордосыг захирах болж, түүнд 12 отог түмэдийг өмч болгон эзэмшүүлжээ.
Ах Гүнбилэгийн удирдлагаар "Урианхайн Төрүй ноён Гэрэбаладын эсрэг 1524 оны бичин жилд Балжид, 1531 оны цагаагчин туулай жилд Бурхат хан, Зоргол нэрт газарт"[10] тулалдан дарсан ч, Гэрэбаладыг бүрэн ялсангүй. 1533 оны харагчин могой жилд Хангай ханыг давж Урианханыг дагуулав.[10] 1538 оны шар нохой жилд урианхайн Төрүй ноён, Гэрэбалад нар Боди Алаг хааны ордыг довтлон дээрэмдсэний дараа Гүнбилэг жонон, зүүн түмний хамтаар Хангайн өвөрт бууж, адуугаа таргалуулаад тус жилдээ Урианхайг довтлон мөхөөв.[10] Ингэж дарахад нэлээд хүчин зүтгэл гаргасан учраас Бодь алаг хаанаас Гүнбилэг жонон "Мэргэн хар жонон", Алтан хан "Суут"[10] цол хүртсэн. 1541 оны цагаагчин үхэр жилд Унгуча тэргүүтэй урианхайг байлдан дагуулав. 1544 оны хөх луу жилд урианхайг довтлон Мангир чинсан, Манхай шигэчин, Бэрх, Бөх зэрэг ноёдыг нь дагаар оруулж буцсан.[11] Алтан хан бээр Урианхайн эсрэг 1524-1544 оны хооронд 6 удаа аян дайн хийж байж бүрэн эзлэсэн.
1542 онд Гүнбилэг жонон нас нөгчсөний дараа, Хөх нуурт бүгсэн Бурхай тайшийг баривчлан, Шар уйгурыг байлдан дарж Боди Алаг хааны ордод очсонд, "Түшээт сэцэн хаан" цол соёрхов.[11]
Цахар аймгаар төвлөрч байсан Боди Алаг хаан 1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсүн Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Шитау хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу Шар мөрний эрэг хавь нь Ойрад, Хятад, Төвөдтэй харилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.
Тэрээр одоогийн Өвөр Монголын нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм. Мөн тэрээр Төвөдийн Буддын шашныг Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэснээрээ Монголын түүхэнд үлдсэн. Монголын анхны Буддын сүм хийд болох Тэгчин Чонхорыг Хөх хотод чухам Алтан хан байгуулсан аж. Мөн 1586 онд Абтай сайн ханы дэмжлэгтэйгээр хуучин Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэ-Зуу хийдийг байгуулжээ.
Цэрэг зэвсгийн хувьд Алтан хан нь Мин улсыг сандаргах хүчтэй байв. Тэрээр 1529, 1530, 1542 онуудад Хятад руу довтолж ихээхэн олзтой буцаж байсан бөгөөд 1550 онд Цагаан хэрмийг давж, Бээжинд нэвтэрч зарим дүүргүүдийг шатааж тухайн үед хориотой хотодоо суугаа хаанд нь бичиг хүргүүлж буулт хийлгэж тохиролцоонд хүрч байжээ. Өөрийн харьяат, харьцангуй цөөн цэргийг удирдан нангиадуутай байлдах бүрдээ ялалт байгуулж байсныг нь бодоход цэрэг дайны эрдэмд гаргууд нэгэн байжээ. Түүний цэрэг тухайн үеийн нийт Монголын цэргийн хүчний дөрөвний нэгд ч хүрэхгүй байсан билээ. Алтан хаан Бээжинг эзэлсэн боловч тохиролцоонд сайн хүрээгүй мөртлөө нутгийн зүг жолоо залсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Магадгүй өөрийн цөөн цэргээр уран аргаар ялалт байгуулсан болохоор хэт цөөхөн цэрэгтэйгээ мэдэгдэхээс болгоомжилж, мөн давуу талаа удаан хадгалж чадахгүйгээ өөрөө сайн мэдэж байсан болхоор тийм шийдвэр гаргасан байх. Хятадын хаан 1571 онд түүнтэй найрамдлын гэрээ байгуулж, адуугаар торго дурдан сольж авах наймааг зөвшөөрч байсан түүхтэй. Түүний хийсэн удаа дараагийн амжилттай довтолгоо нь цаашид Мин улсыг уналтад хүргэж, манж нарт ялагдах гол урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
Алтан ханы таалал төгссөн огноог Чакраварди Алтан хааны туужд бичихдээ:
"...Цагаан могой жилд
Хатны голд хөхлөр сарын арван еснөө барс өдөрт
Хан эзэн далан таван насандаа тахиа цагт
Гайхамшиг бурханы суудлаар сууж
Тэнгэрийн газраа өөд болсон цагт..."[12]
Цагаан (Цагаагчин) могой жилийн хөхлөр сарын арван есөн нь аргын тооллоор 1582 оны 1 сарын 13[13]-ны өдөр болно. 1582 онд Алтан хан таалал төгссөний дараа түүнийг хүү Дүүрэнсэнгэ нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц нь 4-р Далай ламаар тодорч байсан түүхтэй.
Өмнөх байхгүй |
Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан 1542—1581 он |
Дараах Сэнгэдүүрэн хан |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.