From Wikipedia, the free encyclopedia
Буриад (о.т. буриадууд) — Монгол угсаатны эртний аймгийн нэг. Одоо цагт буриадууд гурван улсад тархан суудаг. Орос болон Монгол улсад "Буриад", Хятад улсад "Монгол" нэрээр хүн амын бүртгэлд бүртгэгддэг. Орост 461,389[3], Монголд 45,087[4], Хятадад 10,000 орчим Буриад хүн бий. Буриадуудын ихэнх нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдарч байна.
Буриад ястан ᠪᠤᠷᠢᠶᠠᠳ ᠶᠠᠰᠤᠲᠠᠨ Буряад зон | |
Хаант Оросын үеийн Сэлэнгийн буриад | |
Бичгийн нэр | олон тоо — буриадууд (буряадууд) |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 300 мянга (2010 он). Үүнээс:
Монгол — 45,087 (тооллого) [2] Хятад (БНХАУ) — 10,000 (тооцоо) |
Хэл аялга | Монгол хэлний умард аялга (буриадын үндсэн), төв аялга, төв-умардын завсрын аялга, мөн Орос улсад орос хэл |
Бичиг үсэг | Орост буриад кирилл, Монголд монгол кирилл, Хятадад худам монгол үсгийн бичигтэй |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), тэнгэр газраа аргадах ухаан,буриад бөө мөргөл |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | барга гэх мэт бусад монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан (монгол төрлийн хэлтэн) |
Дотроо | булгад, эхирэд, сартуул, хонгоодор, хорь, сонгоол,ага |
Монгол Кирилл үсгээр "Буриад" эсвэл "Буриад Монгол", Буриад Кирилл үсгээр "Буряад" эсвэл "Буряад Монгол" гэж бичээд араас нь "зон", "ястан", "ард" юм уу олон тооны дагавар залгаж хэвшсэн. Харин Цахар, Үзэмчин нар "Бураад", Халимагууд "Бүрэд", зарим Буриад аялгаар "Баряад" гэж дууддаг.
Буриад гэдэг нэр түүхэнд анх 1240 онд бичигдсэн Монголын Нууц Товчоод дурьдагджээ. Буриад гэдэг нэрийн талаар хэд хэдэн таамаглал бий:
Ойн ардаас үүссэн гэж үздэг бөгөөд анхнаасаа л Байгал нуурын орчим нутагладаг байсан гэж зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг.
Буриад зон нь 90 орчим овгоос бүрдэнэ. Буриадуудын эрэгтэй хүний дээлийн энгэр 3 өнгөтэй байдаг бөгөөд хамгийн дээд талын өнгө тухайн хүний овгийн өнгө нь байдаг. Жишээлбэл, Халибин овгийн дээлийн дээд өнгө нь шар, Цонгооль овгийн эрэгтэй хүний дээлийн энгэрийн дээд өнгө нь улаан байх жишээтэй.
Буриадын гарал үүсэл маш эртний Монгол аймгийн салбар аймаг юм. Буриадтай гарал нэг барга нар анх хятад сурвалжид баегу, байргу нэрээр 6-р зуунд тэмдэглэгдэж байжээ. Тэд тэр үед Байгал нуур орчимд амьдарч байв. Хорь буриадууд буриад ястны эртний томоохон бүлэг бөгөөд түмэдүүд мөн хорь түмэд нэрээр Монголын Нууц Товчоонд тэмдэгдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Буриад нь дотроо 90 шахам отог удмын угсаатан ястнаас бүрдсэн улсууд юм. Дотроо Сонгоол Буриад, Ага Буриад, Хорь Буриад гэж хуваагдана. Шинэхээн буриад нь Хорь Буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийхийн тулд 20-р зууны эхээр нүүн очжээ.
Монгол Улсын буриадууд нь хэл аялганы хувьд Онон Улзын Хорь, Ага, Хамниган, Худир буриадын аялга болон Сэлэнгэ-Үүрийн голын Түнхэн-санагын сонгоол буриадын аялгаар голчлон ярилцана. Түүнчлэн Буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Тэд модон байшин сууцанд голлон суух ба барилга барих, хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний ажилд нэн сурамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд алдартай зон олон юм.
Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд Байгал нуурын хоёр талаар, Сэлэнгэ мөрний адаг, Зүлгэ мөрний сав, Саяны уулс, Енисей мөрний эх, Тагна (одоогийн Тува) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт Түмэд, буриад, булгачин, хэрэмчин зэрэг буриадын өвөг болох овог аймгууд зарим нь ой тайгаар ан гөрөө хийж зарим нь мал маллаж аж төрж байв. Буриад нэртэй газар усны нэр зүүн тийш Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг, Эргүнэ мөрөн хүртэлх нутагт тааралддаг.
1207 онд тэд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын захиргаанд оржээ. Монголын Юань улсын дараагаас Барга, Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн Ойрадын мэдэлд оров. 14-р зуунд Ойрад буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын Батмөнх Даян хааны харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг Урианхай түмэний бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, Онон, Хөлөнбуйр, Хянган нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон Халхын Түшээт хан, Цэцэн ханы захиргаанд хамаардаг байв. Буриадууд хүн цөөтэй, Монголын төв нутгаас хол зайдуу байсан тул 12-р зууны дотоодын тэмцэл тулаан, 14-17-р зууны Халх-Ойрадын зөрчил, Монгол ноёдын дундах маргаан тэмцэлд төдийлөн оролцоогүй юм. Тэд Халхад алба төлөх байдлаар харилцаж байсан ба газар нутгийн байршлаас шалтгаалан Монголоос харьцангуй бие даасан байдалтай байсан бололтой. Мөн зарим нь үндсэн хэсгээсээ холдон нүүж нилээд зайдуу амьдарч байв. 16-17-р зууны үед Сибирийн хамгийн олон тоотой, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг ард түмэн бол буриадууд байсан бөгөөд тэд ойр хавийн кеть зэрэг жижиг үндэстнийг захирч байв.
17-р зууны дунд үеэс Оросууд Сибирь нутагт орж ирэн Буриадын нутагт өөрийн бэхлэлт цайз барьж эхэлсэн байна. Монгол улс, Ойрадын хил өмнөд Сибирийн томоохон хэсгийг хамарч байсан тул Оросын цэрэг хоёр улсын хилийг тойрч баруун хойд зүгээс нь Буриадад цөмрөн орж 1648 онд Үдийн цайз, 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн, Нэршүүгийн нутагт хэрэм барин сууж Буриадуудыг захирч заримыг нь оросын шашинд элсүүлж эхлэсэн юм. 17-р зууны эхэнд буриадуудын нилээд хэсэг нь Байгалийн баруун талаар Эрхүү мужийн өмнөд хэсэгт төвлөрөн сууж байсан бололтой. Бусад буриадууд Байгалийн зүүн талаар нь байв. 17-р зууны эхэнд Байгалийн зүүн хэсгээр байсан буриадуудын талаар харьцангуй бага мэдээ үлдсэн бол баруун талаар байсан буриадуудын талаар харьцангуй дэлгэрэнгүй мэдээ буриад, орос сурвалжид үлджээ. Буриадууд 17-р зууны эхэнд Оросын түрэмгийлэлд өртөн Байгалийн зүүн тал руу буюу голчлон одоогийн Буриад улсын нутагт ихэнх хэсэг нь нүүн орж ирсэн бололтой бөгөөд тэд тэр хавиар байсан халхуудыг шахан одоогийн нутагтаа суужээ. Зарим нь Агийн буриадын тойрогт суурьшсан байна. Ийнхүү одоогийн Эрхүү муж буюу Байгалийн баруун талаар буриадуудын тоо эрс цөөрчээ. Мөн Оросын довтолгоонд түрэгдсэн зарим хэсэг нь Байгалиас нилээн хойд зүгт байдаг нутагт сэлгэж сууршсан байна.
Дагуур монголчууд одоогийн Өвөр Байгалийн хязгаарын Агийн Буриадын тойргоос Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна.
Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд Халх, Манж, Оросыг дагах гэсэн гурван санал гаргацгаажээ. Орос буриадыг 1656 онд сайн дураараа дагаар орж 1689 онд албан ёсоор нэгдсэн гэдэг ч буриадууд зэвсэг дутмаг, хүн цөөний улмаас 1620-иод оноос эхлэн Оростой хийсэн тулаануудад олон хүнээ алдсан байдаг. 17-р зууны эхэнд буриадын хүн ам ойролцоогоор 77,000 байв. 1767 онд Ока голын буриадууд бослого гаргасан ба эдгээр бослого тэмцэл дарагдсаны дараа 18-р зууны сүүлээр Буриадыг бүрэн нэгтгэж дуусчээ.[5]
Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар суурьшуулан үржил шимтэй газар нутгийг нь аажим аажимаар эзлэжээ. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.[6]
1900-аад оны эхнээс буриадууд Оросын хавчлага хэлмэгдүүлэлтэд ихээр өртөх болсноос Монгол руу дүрвэж эхэлжээ. 1920-иод он гэхэд Буриадын нийгэм улс төрийн олон зүтгэлтэн Монголд ирсэн учраас энгийн олон иргэн өрх гэрээрээ дагалдан ирж, БНМАУ-ын харьяалалд оржээ. [7] 1925 оны 9 дүгээр сарын мэдээгээр Халхын голын хошуунд 450 өрх, Улз голын хошуунд 1700 өрх, Онон голын хошуунд 1250 өрх, Хэрлэн голын хошуунд 400 өрх, Ерөө голын хошуунд 500 өрх, Улаанбаатарт 2000 орчим буриад иргэн , нийтдээ 15800 буриад Монголд сууршсан ажээ.[7] Нөгөөтэйгүүр БНМАУ-д шилжин суурьшсан буриад иргэдийн тоо бүртгэлийг гаргах, тэдний дотроос цагаантантай хобоотой байсан хүмүүс, баячууд, гэмт хэрэг үйлдэгчдийг судлан тогтоох зорилгоор ДХГ-т ДХАТ-ын төлөөлөгч сургагч сууж Буриадаас тэдний удирдлагад ажиллах нууц ажилтнуудыг (сексот) нарыг ирүүлсэн байна.[7] 1930 онд Орос буриадуудын нүүдлийг зогсоосон байна.
1927 онд буриадууд Оросын дарангуйллын эсрэг бослого гаргав. Уг бослогийн үеэр 35,000 буриад хүн хөнөөгдсөн байна. Орос улс буриадын үндэсний үзэл хүчтэй болохоос болгоомжилж байсан тул Сталины тушаалаар 1937 онд 10,000 буриад хүнийг буудан хороожээ.
2-р дайнд оролцсон Зөвлөлтийн буриадуудаас 13,000 хүн амь үрэгдсэн нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 20% болжээ.
Буриадын эрдэмтэд буриадын бичгийн хэл зохиохдоо халх аялгад хамгийн ойр сонгоол аялган дээр түшиглэхийг зорьж байсан ч Орос буриадуудыг монголтой ойртохоос болгоомжлон халх аялгатай хамгийн төсгүй хорь аялган дээр буриадын орчин үеийн бичгийн хэлийг зохиохыг тулгажээ. Сонгоолууд 1689 оны Халх-Ойрадын дайнаар буриадын нутагт дүрвэн очсон халхууд байв. Тэд яваандаа буриадуудын дунд ууссан ч халхуудын адилаар хэл яриандаа "с" үсгийг түгээмэл хэрэглэдэг хэвээр байсан ба харин эртний буриад аймаг болох хорь буриадуудын хэл ярианд "с" үсэг бараг хэрэглэгддэггүй харин "с"-г "х"-р дууддаг байна. Жишээ нь сайн-хайн г.м
Буриад нь 1923-1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч Хрущёвээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг, Карели-Финийн Автономит БНУ-н нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн карели, фин зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв.[8][9] Зөвлөлтийн ЗГ-тай холбоотой ажиллаж байсан зарим Зөвлөлтийн эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж тэдэнд итгүүлэхийг оролддог байв. Мөн оросууд одоо ч буриад, халимагуудыг монгол гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг ба тэднийг жинхэнэ монгол угсаатны бүлэг биш харин монгол гаралтай угсаатны бүлэг, бусад монголчууд, монголын түүх болон Монгол улстай төдийлөн холбоогүй мэтээр бичиж тайлбарладаг.
1980-аад оныг хүртэл Буриадад гадаадын иргэд зорчихийг хориглож байв. [10]
2008 онд Усть-Ордын Буриадын тойргийг Эрхүү мужтай, Агын Буриадын тойргийг Өвөр Байгалын хязгаартай нэгтгэх санал асуулга явуулан уг хоёр тойргийг өөр мужтай нэгтгэн автономит эрхийг нь хасчээ. Буриадууд нэгтгэх ажиллагааг эсэргүүцэж байсан ч В.Путины ЗГ хүлээн аваагүй ба бусад үндэсний цөөнхүүдийн автономит эрхтэй БНУ, тойргуудыг орос мужуудтай үргэлжлүүлэн нэгтгэхээр төлөвлөөд байна. Оросын ЗГ Буриадын БНУ, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү мужийг Байгал гэсэн шинэ мужид нэгтгэхийг оролдож байгаа бол харин Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарыг Кемерово мужид нэгтгэхээр оролдож байна.
Буриадууд хорь-буриад, булагад, хонгодор, эхирид, сартуул буриад, цонгоол, табунгуд (табунуд) гэсэн үндсэн 7 томоохон овгоос бүрдэнэ. Үүнээс гадна томоохон овгийн бүрэлдэхүүнд ордоггүй атаган гэх мэт жижиг овгууд 17-р зуунд Байгаль нуурын баруун, зүүн талаар сарнин суурьшсан байв. Хорь, эхирид, булагад нь буриадын хамгийн эртний үндсэн аймгууд ба сартуул, цонгоол, хонгодор нь 1680-аад оны Халх-ойрадын дайн тулаанаас дүрвэж хойд зүгт дүрвэн очсон хүмүүс юм.
2020 оны Ороын хүн амын тооллогоор буриад ястнуудын бүртгэлд:
-Буриадууд (агийн, аларцууд, аргадин, баргут, баяд, булагад, буриад-монгол, бурят-азербайжан, буриад-хонгодор, галзууд, гуранууд, баруун бурмад, эрхүүгийн буриад, курымкан, монгол-буриад, сартуул, сонгол, табангут, тангут, хамниган, хойхо, хонгодор, хори, хори буриад, хорин, эхирэд) зэрэг байна.
Булагад, Эхирэд, Хори, Хонгоодор бол буриад ястныг бүрэлдүүлдэг гол дөрвөн овог юм. Мөн Сартуул, Табунгуд, Сонгоол, Ашибагад, Атаган, Икинад зэрэг томоохон овгууд бий.
16-17-р зууны үед хорь-буриад Байгалийн баруун, зүүн эрэгт, ашибагад баруун хойно, атаган Сэлэнгийн адагт, табунуд Сэлэнгийн баруун эргээс Шилка, Онон гол хүртэл нутаглаж байжээ.
Нийт буриад хүний тоо 550,000 орчим бөгөөд эдгээрээс 445 мянга нь Орост (2002 оны өгөгдлөөр), 70 мянга орчим нь Монголын хойд хэсгээр (1998 оны дүнгээр), 25 мянга орчим нь ӨвөрМонголын зүүн хойд хэсэгт оршин суугаа гэсэн үнэлгээ бий. 1897 онд С.Паткановын баримтаар Оросын Хаант улсад 288 мянга 383 Буриад хүн байна гэж бүртгэгджээ. Өдгөө 118 жил өнгөрөхөд Буриадын хүн ам ердөө 1 дахин л өссөн байна. Үүнд Орсод гарсан хувьсгал Оросын хүн амын түрэлт зэрэг нь ихээр нөлөөлж Буриадууд урагшаа ихээр нүүн суурьшиж хүн амын хувьд тархай бутархай нэгдмэл биш байдалтай болжээ.
Сибирийн хүн ам МЭ 1-1000 онуудад 100,000 1500 онд 200,000 1600 онд 200,000 1700 онд 300,000 байсан ба харин Орос Сибирийг захиргаандаа оруулж оросууд ихээр суурьших болсноос хүн ам нь эрс өсч 1820 онд 1,143,000 1870 онд 3,727,000 болсон.[11]
Буриадууд өргөн утгаараа Монгол хэлний хойд аялга буюу буриад аялгаар ярилцдаг. Буриадууд монгол бичиг ашигладаг байсан ба мөн монгол бичигт үндэслэсэн вагиндра бичгийг зохиосон байдаг. Орос дахь буриадууд 1931 оноос латин, 1939 оноос кирилл бичиг хэрэглэх болсон.
Уламжлалт шашин шүтлэг нь Бөө мөргөл бөгөөд 16-р зууны сүүлчээс Төвөдийн Буддын шашины урсгал шарын шашинд бусад Монголчуудын адил биширсэн байдаг. Буриадад Христосын шашин анхны оросуудтай хамт нэвтэрч, 20-р зууны сүүлийн хагаст өргөн тархсан.
1741 онд Буддын шашин Оросын албан ёсны шашнуудын нэг болсон бөгөөд Буриадын анхны Буддын сүм Тамчин дацан тэр үед байгуулагдсан байна. 1914 оны байдлаар Буриадад 48 дацанд 16,000 лам шавилан сууж байсан гэдэг баримт бий. 1930-аад онд Буриадын Буддын сүм хийдүүд бараг бүгд хаагдаж, сүйтгэгдсэн ажээ. Тэр үед Нармай Монгол хөдөлгөөн өрнөж байснаас болж Иосиф Сталины дэглэм 10 гаруй мянган буриад хэлмэгдэж, улсын нэр Буриад-Монгол байсныг Буриад болгон өөрчилсөн гэдэг.
Буриад хоол нь монгол хоолтой маш адилхан бөгөөд бууз, хуушуур зэрэг олон төрлийн ижил хоол бий. Сүүн бүтээгдэхүүн нь хоолны чухал хэсэг бөгөөд уламжлалт хоол нь ихэвчлэн энгийн байдаг. Ихэнх гол хоол нь махаар хийгдсэн байдаг ч омул гэх мэт загасаар хийсэн хоол ялангуяа Байгал нуурын эргэн тойронд түгээмэл байдаг.
Буриадын газар нутаг 17 дугаар зууны дунд үед Оросын Хаант Улсын бүрэлдэхүүнд орж, эхлээд Эрхүүгийн захирагчийн харьяанд байгаад, Байгалын чанад мужийн бүрэлдэхүүнд оржээ (1851 он). 1917 оны социалист хувьсгалын дараа байгуулагдсан Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1921 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 1922 онд өөртөө засан тохинох эрхтэй болжээ. 1923 онд ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүн дэх Автономит Улс болсон байна. 1992 оноос Бүгд Найрамдах Буриад Улс гэж нэрлэх болсон байна.
Оросын судлаач М.Н. Мельхеев буриад газар усны нэр Эрхүү мужийн өмнөд хэсэг, Киренга гол, Саяны нуруунаас Буриад, Өвөр Байгалийн хязгаарын төв, өмнөд хэсэг хүртэл тархсан болохыг тогтоожээ.[12] Гэвч М.Н. Мельхеев буриад үг, монгол үг хоёрыг нарийн ялгаж салгаагүй байж болох юм.
Цэдэндамбын Батбаяр түүхч ШУА-ийн жинхэнэ гишүүн 2021 оноос
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.