![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Korean.culture-cellphone-01.jpg/640px-Korean.culture-cellphone-01.jpg&w=640&q=50)
Өмнөд Солонгосын эдийн засаг
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 8-т, Азид эхний 3-т орж байна[1][2]. Гадаад худалдааны гол түнш нь Хятад[3]. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм.
1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.
Пак Чон Хи ЗХУ-ын загвараар 5 жилийн тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн[4] ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгджээ. Эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд байгуулагдаж, 1973 он гэхэд Өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд Дэлхийд 34-т орох болов[5].
Эдийн засгийн энэ өсөлтийг "Хөн мөрний эрэг дэх ид шид" гэж нэрлэх болсон ба 1980-1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж, экспортлох болжээ. Улмаар өндөр технологийн бүтээгдэхүүн болох компьютерийн дэлгэц, гар утас, хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэв.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Korean.culture-cellphone-01.jpg/640px-Korean.culture-cellphone-01.jpg)
Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кэй зэрэг хувийн (гэр бүлийн) компаниуд нь Пак-ийн удирдлагын үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн байна[6].
1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгосын эдийн засгийн сул тал (жишээлбэл, ихээхэн хэмжээний гадаад өр гэх мэт) ил гарсан ба энэхүү хямрал хоёр үе шаттайгаар явагджээ. Эхнийх нь 1997 онд, дараагийнх нь 1999 онд болсон Дэү компанийн дампууралаар илэрсэн байна[7]. Дэү компанийн дампууралыг Дэлхийн түүхэн дэх хамгийн том дампуурал гэж тооцож байна[8]. Уг хямралын дараанаас компаниудын бүтэц өөрчлөгдөн, 2003 он гэхэд Өмнөд Солонгосын хамгийн том гэр бүлийн 30 компанийн талаас илүү нь хувьцаат компани болжээ[9]
2003-2005 оны хооронд эдийн засгийн жилийн өсөлт 4% болж буурав[10]. Энэ бууралт нь хувь хүмүүсийн картын зээл, Хятадын ихээхэн хэмжээний импорт зэргээс үүдэлтэй байна. 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн, тэтгэвэрийн, ажиллах хүчний шинэтгэлийн дүнд[11], 2006 оны эдийн засгийн өсөлт 5.1%-д хүрсэн байна.
Өмнөд Солонгосын эдийн засаг нь дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага төвшин, экспорт, орлогын харьцангуй тэгш байдал зэргээр тодорхойлогдоно[12][13][14]
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын автомашин, усан онгоцны үйлдвэрлэл эдийн засгийн үндэс нь болж байна. Өмнөд Солонгосын Хёндэ моторс ба түүний салбар Киа моторс нь Дэлхийн 5 дахь том автомашин үйлдвэрлэгч юм[15]. Солонгосын автомашин үйлдэрлэгчид хэдийгээр Европийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хугацаа нь дууссан ч гэсэн Европийн холбооны улсуудад дахь экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна[16].
Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрлэл нь Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ба 2004 онд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцсэн байна[17]. Өмнөд Солонгос нь дунджаар ажлын 4 өдөрт, 80 сая ам.долларын өртөг бүхий нэг усан онгоцийг үйлдвэрлэдэг ба 2006 оны байдлаар Дэлхий дээр шинээр үйлдвэрлэж буй 3 онгоц тутмын нэгийг үйлдвэрлэж байжээ.
Хэдийгээр Өмнөд Солонгос одоогоор усан онгоц үйлдвэрлэл, захиалгын хэмжээгээрээ илүү байгаа ч, Хятад улс 2015 он гэхэд Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна. Гэхдээ одоогоор Солонгосын усан онгоц хямд өртөгтэй байгаа юм[18].