Инфляци
инпляци / From Wikipedia, the free encyclopedia
Инфляци буюу Үнийн өсөлт, мөн мөнгөний үнэгүйдэл (Англи: inflation; Орос: инфляция; латин. inflatio «хөөрөгдөл») гэдэг нь бараа, үйлчилгээний ерөнхий үнэ өсөхийг хэлнэ. Улмаар мөнгөний ханш буурах үйл явц юм. Эсрэг утга нь "Дефляци" гэнэ.
Инфляци өсөхийн хэрээр мөнгө таваарын гүйлгээ, төлбөр хийх үүргээ алддаг. Инфляци мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдахад үүсч бий болох ба улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэлтэй болдог. Үүнд мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн бусад салбарыг хамарсан гиперинфляцийн үед түүний эсрэг тэмцэх нь төрийн маш чухал бодлого болно. Энэ үед эдийн засгийг хөгжүүлэх тухай асуудал нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Инфляци буурч багасах, нэмэгдэх хэлбэртэй байдаг. Жишээ нь: үнийн тасралтгүй өсөлтөөс үүссэн нээлттэй инфляци нь таваарын зах зээлийг сэргээж үйлдвэрлэл ба ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, хувьцааны эрэлтийг өсгөдөг. 1960-аад оноос 1970-аад оны эх хүртэл олон хөгжингүй орны засгийн газар эдийн засгийн богино хугацааны тохируулгын хэрэгсэл болгон зохиомол албадмал инфляцийг ашигласан. Албадмал инфляци нь таваарын хомсдолд оруулж барааг бараагаар солих (бартер) хэмжээнд хүргэж эдийн засгийг ухраахад хүргэдэг. Чухамхүү ингэж мөнгө өөрийнхөө үүргийг үлэмж ихээр алдахад гиперинфляци (жолоодлогогүй) үүсдэг. Зохиомол инфляци нь зах зээлийн механизмыг гажуудуулж эдийн засгийн үр ашгийг бууруулдаг.
Жишээ нь: Хувьцааны эрэлт өсч, түүний үнэ нэмэгдэж хадгаламж эзэмшигчид түүнийг олж авахыг эрмэлздэг. Инфляциас хамаарч хэрэгцээ өөрчлөгдөхгүй, бүтцийн өөрчлөлт хийгдэхгүйд хүрдэг. Албадмал инфляци удаан үргэлжилбэл зогсонги байдал үүсдэг. Гэхдээ инфляцигүй эдийн засаг гэж байдаггүй. Дараах тохиолдолд инфляцигүй эдийн засаг байдаг.
- Улсын төсвийн алдагдалгүй үед инфляцигүй эдийн засаг байж болно.
- Төв банк нь эдийн засгийн инфляцигүй хөгжлийг хангах үүргээ биелүүлсэн үед инфляцигүй эдийн засаг байж чадна. Бодит байдалд төв банк нь богино хугацааны мөнгөний бодлого явуулж буй үедээ инфляциас зугтаах бололцоо хүнд юм.
- Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад төв банкны монополь арилсан үед эдийн засагт инфляци байхгүй байж болно. Монополийн нөхцөлд мөнгөний нийлүүлэх хязгаарыг тогтооход заавал алдаа гардаг. Төв банк мөнгөний гаралтыг зогсоовол тэдгээрийн зах зээл өрсөлдөөнтэй байж чадахгүй.
- Хөрөнгө оруулалтын эрэлт, хадгаламжийн нийлүүлтийн хоорондын макро эдийн засгийн тэнцвэрийг тотвортой барьсан үед инфляцигүй эдийн засаг байж болох юм. Инфляцийн эрэлт хадгаламжийн нийлүүлэлтээс давж гарсан үед эдийн засагт хөрөнгө оруулалтын болон үйлдвэрлэлийн өсөлт саарч инфляци бий болдог.
- Нийгмийн гишүүн бүр үнэ өсөхөд түүний цааш хараад суух чадвартай байх ёстой. Энэ нь амьдралд хэзээ ч биелэгдэхгүй. Энэ бүхнээс үзвэл орчин үеийн эдийн засаг нь өөрийн дотоод байгууламжийнхаа хувьд гарцаагүй инфляцийн эдийн засаг байна. Гэвч инфляцийн эсрэг тохируулга төрийн өдөр тутмын үүрэг байх ёстой.
Эрэлтийн тал дахь эдийн засгийн цаг үеийн гажилт нь үнийг тасралтгүй дээшлүүлэхэд хүргэх ба түүний өсөлтийн хурдаар инфляцийн түвшин нь хэмжигддэг. Гэвч үнийн тогтмол өсөлт бол инфляцийн ганц шинж тэмдэг биш. Инфляцийг хоёр хуваадаг:
- Таваар байгаа үед үнэ тогтмол өсөх явдлыг харуулдаг нээлттэй инфляци.
- Таваарын хомсдолтой үед төрөөс үнийг зохицуулах хүчээр дарсан алвадмал инфляци гэж хоёр хуваана.
Инфляцын эсрэг үйл явц буюу бараа, үйлчилгээний үнэ буурахыг Дефляци гэдэг. Дефляц нь удаан үргэлжилдэггүй гол төлөв улирлын чанартай байдаг. Жишээ нь: намар ургац хураах үед буудай, ногооны үнэ буурдаг.