Хөлбөмбөг
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөг (англи. football гэж foot «хөл» + ball «бөмбөг») - тус бүр талбай дээр арван нэгэн тоглогчтой хоёр баг нэг нэгнийхээ хаалганд гар оролцуулахгүйгээр (хөлөөрөө буюу толгойгоороо) бөмбөг оруулах зорилготой дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Орчин үед энэ спорт дэлхийн хамгийн олон үзэгчтэй, түгээмэл болоод байна. [1][2][3]
Дээд түвшний захирах байгууллага | ФИФА |
---|---|
Хоч(нууд) | Football, soccer, footy/footie, "the beautiful game", "the world game" |
Анх тоглогдсон | 19-р зууны дунд үе, Британи |
Онцлог шинж | |
Шүргэлцдэг спорт эсэх | Тийм |
Багийн гишүүн | Баг бүрдээ 11 тоглогч |
Холимог хүйс | Тийм, тусдаа тэмцээнтэй |
Ангилал | Багийн спорт, бөмбөгтэй спорт |
Багаж хэрэгсэл | Хөлбөмбөгийн бөмбөг |
Явагдах газар | Хөлбөмбөгийн талбай |
Байдал | |
Олимп | 1900 |
Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах тохиолдол бий.
Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.[4]