Хар тамхины дайн

From Wikipedia, the free encyclopedia

Хар тамхины дайн

Хар тамхины дайн (Хятадаар: 第一次鸦片战争, pinyin Dìyícì Yāpiàn Zhànzhēng, pall. Diitsy yapian zhanzheng) Их Британий Манж Чин гүрний эсрэг хийсэн хоёр дайныг хэлдэг.

Thumb

1840-1842 онд Хар тамхины нэгдүгээр дайн. Английн цэргүүдийн зорилго нь Хятад дахь Их Британийн худалдааны ашиг сонирхлыг хамгаалах, далайн худалдааг хориглох Манж Чин улсын бодлогод саад болж байсан хар тамхины худалдааг нэн тэргүүнд нээж өргөжүүлэх явдал байсан.

1833 онд “East India Company” нь Их Британид цай нийлүүлэх монополь эрхээ бүрмөсөн алдсан бөгөөд үүний дараагийн жил нь цайны импорт 40 хувь өсөхийн хэрээр Хятадад хар тамхи экспортлох явдал 1830-1836 онд гуравны нэгээр нэмэгдэн 30 мянган хайрцагт хүрчээ.

Манжийн эзэн хааны сан хөрөнгө хүнд байдалд орж 1830-1840 оны хооронд гадныхан хятадын бараанд 7 сая доллар төлсөн бол хятадууд 56 сая доллараар хар тамхин авахад зарцуулсан аж. Худалдааны энэхүү алдагдал нь Хятадын эдийн засгийг маш том хямралд оруулж, улс орны дотоод дахь металл мөнгөний үнийн өсөлтөөс үүдэн тариачдад татвараа барагдуулахад нь улам хүнд хэцүү болж ирснээр нийгэм дэх бухимдал гаарсан байна. 1839 онд хятадууд хар тамхины арилжаа наймааг, түүний хор урхагийг эцэслэхийг хүссэн анхны оролдлогоо хийсэн байдаг. Гуандун мужийн тэнгисийн цэргийн хүчнийг захирагч Линь Цзэсий гэгч Гуанжоугийн орчимд оршин суугч гадаадынхныг бүтэн хагас сарын турш цэрэглэн бүслэн хааж, 3 сая фунт стерлингийн үнэтэй 20 мянган хайрцаг хар тамхийг нь хураан авчээ. Үүний хариуд 1840 онд Их Британи Хятадын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээснээр энэхүү хар тамхины анхдугаар дайн /1840-1842 он/-аар хятадын цэргийг хэд хэдэн удаа бут ниргэсэн байна. Дайны үр дүнд 1842 оны 8-р сарын 29-нд Нанжин хотод Энхийн гэрээ байгуулснаар Их Британи нь Хонконг арлыг үүрд мөнх эзэмших эрхтэй болсноор энэ арал нь олон арван жилийн турш Европ, Америкийн хар тамхины наймаачдын гол түшиц суурь газар болон хувирсан түүхтэй. Мөн хятадын Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хотууд гадаадынхны хувьд “нээлттэй хот” болон хувирсан байдаг.

1856-1860 оны Хар тамхины хоёрдугаар дайн (англи. Second Opium War, Second Anglo-Sino War, Second China War, Arrow War, Anglo-French expedition to China; франц. Seconde guerre de l'opium; хятад. уламж. 第二次鴉片戰爭, упр. 第二次鸦片战争, пиньинь Dì èr cì yāpiàn zhànzhēng). Энэ хоёр дахь дайн 1856-1860 онд үргэлжилж Чин улсын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. 1856 онд Европын улс орнууд Хятадын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулах шалтгаан болсон гэрээг шууд зөрчсөн хоёр тохиолдол гарсан. Гуанси мужийн Шинлися хотод орон нутгийн нэгэн түшмэлийн тушаалаар Францын номлогч Огюст Шапделейн шийтгэгдэж, хожим нь нас барсан нь Хятадын засгийн газраас гэмт этгээдийг хамгийн ойр байгаа консулын газарт хүргэхийг үүрэг болгосон гэрээний нэг зүйлтэй зөрчилдсөн байна. Мөн 1856 оны 10-р сарын 8-нд Хятадын эрх баригчид хууль бус наймаа, далайн дээрэм, опиумын наймаа эрхэлсэн гэж Английн "Arrow" хөлөг онгоцыг Сувдан мөрөнд саатуулжээ. Хятадууд усан онгоцны багийнхныг баривчилаад Британийн далбааг буулгажээ. Кантон дахь Британийн консул Харри Паркс тус муж дахь эзэн хааны дэд ван Е Миньчэн-тэй холбоо барьж, багийнхныг нэн даруй суллаж, туг далбааг доромжилсон хэрэгт уучлалт гуйхыг шаарджээ. Шаардлагыг бататгахын тулд Британийн тэнгисийн цэргийн хүчин Сувдан голын эрэг дээрх Форт Барверэд төвлөрч, хариу өгөхийг хүлээж байв. Е Минчэн хариу өгөөгүй тул 10-р сарын 21-ний өдрийн мэдэгдэлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд 24 цагийн дотор цэргийн ажиллагаа явуулна гэсэн сүрдүүлсэний эцэст баривчлагдсан 12 далайчныг хүлээлгэн өгчээ.

1856 оны 10-р сарын сүүл - 11-р сарын эхээр Британийн усан цэргийн контр-адмирал Сеймурын эскадриль Кантоныг бөмбөгдөж, хот руу ирж Сувдан гол дээрх цайзуудыг эзлэн авав. Кантон дахь Европын худалдааны цэгүүд рүү Хятадууд дайрахаас эмээж, адмирал тэднийг тэнгисийн цэрэг, далайчдын хамт эзэлжээ. Сеймур цаашдын ажиллагаа явуулахад хангалттай хуурай газрын хүчингүй байв. Чин улсын захирагч Е Миньчэн хотын оршин суугчдад хандан нэг англи хүний ​​толгой тус бүрд 30 фунт стерлинг төлнө гэж мэдэгдсэн нь гал гарч, европчуудыг хөнөөхөд хүргэсэн. 1857 оны 1-р сарын 14-нд Британичууд худалдааны цэгүүд болон зарим цайзуудыг орхиж, Хонконг руу буцаж ирэв. Сеймур Энэтхэгийн амбан захирагчид нэмэлт хүч илгээхийг хүссэний хариуд Их Британийн засгийн газар лорд Элгинийг 5000 хүнтэй экспедицийн хүчээр Хятад руу илгээхээр шийджээ. Удалгүй англичуудад францууд нэгдэн ирж хамтын хүчээр жилийн дараа Кантоныг эзэлсэн байна.

Франц болон английн цэрэг 1860 оны 9-р сарын дундуур Бээжин хотын ойролцоо манж-монголын морин цэргийг бут ниргэснээр эзэн хааны Зуны ордонг эзлэн дээрэмдсэн ажээ. Энэ нь Чин гүрэн гадаадын эзлэн түрэмгийлэгчид хийгээд дотоодын тэмцэн босогчдынхоо эсрэг хоёр талд байлдаж, Тайпингийн бослого эрч хүчээ улам авч байсан цаг үе байв. 1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжингийн гэрээ байгуулснаар Чин улс нь дайны төлбөрт 8 сая лан мөнгө төлөх болж, Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болсон ажээ.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.