From Wikipedia, the free encyclopedia
Тэжү ван И Сонге (солонгос: 이성계; ханз: 李成桂) (1335 оны 11 сарын 4 – 1408 оны 6 сарын 27) нь Курё улсыг мөхөөж, Чусонь улсыг үндэслэн байгуулж, 1392-1398 он хүртэл тус улсыг удирдаж байсан. Түүнийг залгамжлагчид нь таван зуун жил солонгосын хойгт ноёрхож, 1897 онд японы засгийн газрын шахалтаар улсын нэрээ Тэхан жэгүк (대한제국, 大韓帝國) гэж солих хүртэл оршин тогтножээ.
И Сонгегийн аав И Жачүнь, өвөө И Чүнь, элэнц өвөө И Хэйнни, хуланц өвөө И Аньса нар нь монголын Юань улсын төрд зүтгэж, курё улстай хиллэдэг цайзын даргач, мянгатын ноён байсан курё хүмүүс бөгөөд, 1350-иад онд Гонмин ванд дагаар орсноор Юань улстай харилцаагаа тасалсан.
И Сонгегийн цэргийн карьер 1360 оноос эхэлдэг. 1361 оны 10 сард төрийн эсрэг бослого гаргасан Пак Ый гэгчийг алж бослогыг дарав. Мөн жил хятадын улаан алчууртны бослогын арми курё руу нэвтрэн нийслэл Кэгён хотыг эзлэн авсны дараа 3000 цэргээ удирдан бослогын цэргийг ялж нийслэлээ чөлөөлөхөд оролцсон. 1362 онд Ляодуны монгол жанжин Нагачугийн довтолгооныг няцаав. Юань улс хятадаас хөөгдөж, Мин улс байгуулагдснаар курё улсад монголын талыг баримтлагч Чой Ён жанжин, хятадын талыг баримтлагч И Сонге жанжнаар удирдуулсан хоёр фракцд хуваагдаж дотоод тэмцэлтэй болж ирсэн. 1388 онд курёгийн Ү ван Чой Ён, И Сонге жанжинд зарлигдаж Ляодуныг эзэлсэн хятадтай байлдахаар үлэмж хэмжээний цэрэг удирдуулан илгээсэн. Курёгийн цэргүүд Амнок голыг гатлах үед хятадын талын И Сонгегийн талын жанжид Чой Ёныг алж, цэргийн хүчээ Амнок голоос татан Кэгён хот руу довтлон эзлэж, Ү ванг алж хөвүүн Чаныг вангаар өргөмжлөөд төрийн эрхийг булаан авсан. Улмаар 1392 онд курёгийн сүүлчийн ван Коняныг огцоруулж, И Сонгег улсын ван болгосноор Курё (고려, 高麗) хэмээх нэрийг Чосонь (조선, 朝鮮) гэж тунхаглав.
1392 онд Гонян вангийн түшиг тулгуур байсан Жон Мунжу гэх сайдыг алж, хүчээр улс төрөөс зайлуулсны дараа, И Сонгег ван өргөмжилснөөр Курёгийн 475 жилийн түүх төгсгөл болжээ. 1393 онд улсын нэрийг Чосонь гэж өөрчлөн, Мин улсын хаанд улсын ван болсноо айлтган вангийн тамга хүртээхийг гуйж элч илгээжээ. Мөн хил залгаа Япон, Рюкю, Сиам улс руу элч илгээсэн байдаг. 1394 онд Хансон хот (одоогийн Сөүл хот) руу нийслэлээ шилжүүлэх зарлиг гаргаж, шинээр вангийн орд харш барьж эхлэсэн.
Улс байгуулагдсны дараа дараагийн вангийн залгажлагчийн асуудал хурцаар яригдах болж, анхны эхнэрээс төрсөн тав дахь хөвүүн И Банвоныг дэмжигчид, хоёр дахь эхнэрээс төрсөн найм дахь хөвүүн И Бансокыг дэмжигч Жон Дужон нар гэсэн хоёр талд хуваагдаж ил далд хэлбэрээр тэмцэлдэх болсон. Тухайн үеийн нөлөө бүхий түшмэл Жон Дужоны ятгалгаар найм дахь хөвүүн И Бансокыг сэжа буюу залгамжлагчаар сонгожээ. 1398 онд И Сонге вангийн бие муу байгааг ашиглан Жон Дужон нарын түшмэд өмнөх эхнэрээс нь төрсөн хөвүүдийг хөнөөхөөр хуйвалдаж байгааг мэдсэн даруйд төрийн эргэлт хийж, Жон Дужон нарын түшмэд, И Бансок нар алагдав. Энэ явдлын дараа И Сонге вангийн суудлаа хоёр дахь хөвүүн И Бангвад шилжүүлээд төрсөн нутаг Хамхын хот руу буцсан. 1400 онд Чонжун ван И Бангва эрх мэдлээсээ татгалзан дүү И Банвонд шилжүүлсэн. 1408 оны 6 сарын 27 нд Хансон хотын Чандок ордонд 73 настайдаа таалал төггсөн. Тэжун вангийн зарлигаар Кёнги мужийн Гүрид Гонвонрнын гэх бунхан байгуулж оршуулан, "Канхонь сонмүнь шинмү жон-ы гвандок тэ ван" (강헌성문신무정의광덕대왕, 康獻聖文神武正義光德大王) хэмээх цолоор нэхэн өргөмжлөн, дээдсийн сүмд тайх цолыг Тэжу (태조, 太祖) хэмээв.
Хатад, хүүхэд
Өмнөх Конян ван, Гуулин улсын сүүлчийн ван |
Чусонь улсын ван 1392-1398 он |
Дараах Чонжун ван |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.