From Wikipedia, the free encyclopedia
Ома́н, бүтэн нэрээрээ Оманы Султант Улс — Өрнөд Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Оманы Султант Улс | |
---|---|
Төрийн дуулал: نشيد السلام السلطاني "ас-Салам ас-Султани" "Султаны ёсолгоо" | |
Нийслэл ба томоохон хот | Маскат 23°35′20″N 58°24′30″E |
Албан ёсны хэл | Араб хэл[1] |
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил | Оманчууд |
Төр засаг | Нэгдмэл Исламын хэмжээгүй эрхт хаант засаг |
• Султан | Хейсам бен Тарик |
• Хунтайж | Тейязин бин Хейсам |
Хууль тогтоох байгууллага | Оманы Зөвлөл |
• Дээд танхим | Төрийн зөвлөл (Мажлис аль-Давла) |
• Доод танхим | Зөвлөлдөх Ассамблей (Мажлис аль-Шура) |
Түүх | |
• Азд омгийн нүүдэл | 130 |
• Аль-Жуланда | 629 |
• Имамат улс байгуулагдав[3] | 751 |
• Набаны улс | 1154 |
• Португалын Оман | 1507–1656 |
• Ярубын улс | 1624 |
• Аль-Саидын угсаа | 1744 |
• Маскат-Оман | 1 сарын 8, 1856 он |
• Жабал-Ахдарын дайн | 1954–1959 |
• Дофарын бослого | 1963 оны 6 сарын 9 – 1976 оны 3 сарын 11 |
• Оманы Султант Улс | 8 сарын 9, 1970 он |
• НҮБ-д элсэв | 10 сарын 7, 1971 он |
• Одоогийн үндсэн хууль | 1 сарын 6, 2021 он[4] |
Газар нутаг | |
• Нийт | 309,500 км2 (70) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 4,520,471[5][6] (125) |
• 2010 тооллого | 2,773,479[7] |
• Нягтаршил | 15/км2 (177) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $165.947 тэрбум[8] (78) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $35,286 (71) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $110.127 тэрбум[9] (66) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $23,416 (55) |
ОТББИ (2018) | 30.75[10] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.816[11] маш өндөр · 54 |
Мөнгөний нэгж | Оманы риал (OMR) |
Цагийн бүс | UTC+4 (GST) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +968 |
Домэйн нэр | .om, عمان. |
Вэбсайт www.oman.om |
Оман Арабын тэнгис болон Оманы буланд гарцтай. Хуурай газраар Эмирт Араб, Саудын Араб, Йементэй хиллэдэг. Ормузын хоолойн тал хагасыг хянаж, Иран, Пакистантай усаар хиллэнэ. Мусандам хойг нь үндсэн биеэс тусдаа оршдог.
309 мянган км² газар, 4.6 сая хүн амтай. Маскат нийслэлтэй, Сиб, Низва зэрэг хоттой.
Тэнгисийн эрэг, цөл бүхий Оманд араб угсаатан голлон амьдардаг. Хүн амын тал хувь нь Оманы иргэн, тал нь гадаад улсын иргэн байна. Албан бичигт араб хэлийг хэрэглэнэ. Лал шашны ибадит урсгал зонхилдог ганц орон юм.
Оманд эртнээс хүн амьдарсан ба нутгийн гүнд овог аймаг буюу шашны тэргүүн имамын мэдлийн улс, харин эргээр худалдаачин буюу султаны улс оршин байв. 17-р зуунаас Оманы султан хүчирхэгжиж Португал, Британитай зэрэгцэн газар тэнгис гатлан газар колоничлох болсон ба Дорнод Африкийн Занзибарт султан амьдран суужээ. Маскат худалдааны боомт байсаар байв. 1959 онд султан улсын цор ганц удирдагч болсон. Оман Британийн дэмжлэгийг авсан, уламжлалт харилцаатай. Хэмжээгүй эрхт хаант засагтай. Кабус султан 1970 оноос хойш төр барьж, парламентат ёсыг үүсгэж, эдийн засгийг чөлөөлжээ. Оман газрын тос экспортолдог, өндөр орлоготой орон юм.
Хадмал толь | |
Монгол бичиг | Оман кирил |
---|---|
Араб үсэг | عمان араб → Уман |
Латин үсэг | Oman англи |
Кирил үсэг | Оман орос |
Оман 309,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 71-р том орон юм.
Оман хойд өргөргийн 16° — 28°, зүүн уртрагийн 52° — 60° дотор Өрнөд Ази, Өрнөд өмнөд Азид хамааран Арабын хойгийн дорнод өмнөд хязгаарт байна. Эргийн урт - 3165 км. Дорнод талаараа Оманы булан, өмнөд талаараа Арабын тэнгисийн эрэгтэй. Өрнөд талаараа Эмирт Арабтай 410 км, Саудын Арабтай 676 км, Йементэй 288 км зурвасаар хиллэдэг. Умард үзүүр Мусандам хойг нутгийн бусад хэсгээс салангид, Ормузын хоолойн эрэгт байдаг.
Оманы газар нутгийн 82% Арабын цөлийн хэсэг байна. 15% нь уул нуруу, 3% нь эргийн нам зурвас байна. Руб эль-Халийн цөл нь Арабын хойгийн цөм хэсгээс Оманыг тусгаарладаг байгалийн бартаа юм.
Дорнод эргээр Хажарын нуруу Мусандам хойгоос Сур хот хүртэл нумран тогтжээ. Хажар нуруу эрэг хоёрын дундуур Батина нутаг байна. Оманы эрэг дагуух арлаас том нь Масира юм. Оманы хамгийн өндөр цэг нь Шам (3000 м) бол нам доор цэг нь тэнгисийн эрэг болно.
Оман хуурай, халуун, тэнгисийн чийглэг уур амьсгалтай. Дунджаар 30 °C - 40 °C хална.
Жилийн хур тунадас Маскат хавьд 100 мм, уулархаг нутгаар 400 мм унадаг.
Он | Хүн ам |
---|---|
1950 | 456,000 |
1970 | 732,000 |
1990 | 1,868,000 |
2010 | 2,782,000 |
2016 | 4,550,538 |
Оман улсад 2016 оны байдлаар 4,550,538 хүн оршин сууж байна.
Хүн амын дунд 0-14 насны багачууд 22%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 75%, 65-аас дээш өндөр настан 2%-ийг бүрдүүлж байна.
Дундаж наслалт - 74 жил. Хүйсийн харьцаа - 1.46 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 2.2%. Хүн амын 91% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 93%, эмэгтэйд 85% байна.
Оманы 2.3 сая оршин суугч нь Оманы иргэн, 2.2 сая нь гадаадын иргэн, цагаач байна. Хүн амын дунд араб угсаатан олонх бөгөөд тэнгисийн худалдааны мөрөөр холбогдсон балуч, Энэтхэг, Пакистан, Шри Ланка, Бангладеш, Африк гаралтай хүмүүс цөөнх байна.
Оман улсад араб хэлийг албан ёсноо хэрэглэнэ. Араб үсгээр бичдэг. Мөн балуч, хинди зэрэг хэл хүн амын цөөн хэсэгт хэрэглэгдэнэ. Англи хэлийг гуравдагч хэл болгон бага сургуульд зааж сургадаг. Гудамж, замын хаяг тэмдэг араб, англи хос бичигтэй.
Оманы хүн амын 86% нь лал шашин шүтдэг. Ибадит урсгал зонхилж, цөөнхөд суннит, шийт ёс мөрдөгдөнө.
Оманы хүн амын 71% хот газар суудаг. Томоохон хотоос дурдвал:
|
|
Оманд Африкийн дорно умар эрэгт олдсон чулуун зэвсгийн олдвортой төстэй НТӨ 100,000 оны үед хамаарах чулуун зэвсэг хэрэглэл 2011 онд олдсон. Ибри хотын ойрх Дереазед НТӨ 8000 оны үеэс газар тариалан эрхэлсэн, хүний ул мөр байна.
Шумерийн цаг тооны бичигт зэсийн уурхай бүхий Оманы нутгийг «Маган» гэдэг байв.
Оманы нутаг түүхийн хувьд хоёр хэсгээс бүрдсээр 20-р зуунтай золгосон. Нэг нь имамын захиргааны дотор газар, нөгөө нь султаны захиргааны эргийн газар. Олон газраас ирэл гарвалтай араб угсаатан зонхилон амьдарч ирсэн. Йемены Уман нутгаас ихэнх нь иржээ.
НТӨ I мянганд Оманы Сохар зэрэг эргийн хот суурин Ахемен, Парфян, Сасан зэрэг перс улсын мэдэлд байв. Дотор Оманд нутгийн хүмүүс амьдарч байв. Загас, мал аж ахуй голчлон эрхэлж байв.
7-р зуунд зөнч Мухаммедийн илгээсэн Зайд ибн Харита Оманд лал шашныг дэлгэрүүлэв. Лал шашны ибадит урсгал 8-р зуунаас өнөөг хүртэл нутгийн ардын гол ёс дэг болсон. Идабит ёсонд шашны тэргүүн имамын хүч нөлөө их бөгөөд 1970 он хүртэл Дотор Оманы овог аймгийн ноёд имамд захирагдаж байв.
Оманыг Кармат (931-932), Буи (967-1053), Сельжук (1053-1154) зэрэг харь улс халдан эзэлж байв.
Дотор Оманд Набаны улс (1154-1470), Ярубын улс (1624-1742) зэрэг нутгийн имамт улс оршин тогтножээ.
1515-1650 онд Маскат нь Португалын колони байсан ба Ярубын улс Маскатыг буцаан авч, Дорно Африк дахь Португалын колониудыг авч боол худалдаалах болсон. 1719 онд хаан ширээ залгамжлах будлианаас дайтсаар 1742 онд Аль-Саидын угсааныхан султан суусан нь одоо ч хэвээр байна.
Дайнаар алдагдсан нутгуудаа эргүүлэн авч Султан Саид ибн султан Дорно Африкийн Занзибар арлыг болон Пакистан дахь Гвадарыг эзэмшиж, боолын худалдаанаас орлого олж байв. Султаныг нас барахад хоёр хүү нь улсыг Маскат-Оман, Занзибар гэж хоёр салгав. Мөн Аззам нь өөрийгөө имам өргөмжилж зарим аймгийн дэмжлэгийг олов. Маскат-Омантай Британи дотно харилцаж байв.
Султанд олон улстай харилцах эрх байсан бөгөөд 1920-оод оны газрын тосны гэрээнд Оманыг бүхэлд нь төлөөлж гарын үсэг зурсан.
Султан болон имамын зөрчилдөөн явагдсаар байсан. 1954-1959 онд иргэний дайн болж султан Низва, Ибри хотыг эзэлж, имам Саудын Араб руу дутаажээ. Улсын нэрийг дан «Оман» гэж нэрийдэв.
1958 онд Гвадарыг Пакистанд худалдав.
1964 онд Дофар мужид коммунист хүчин бослого гаргажээ. Саид бин Таймур султаны назгай байдлыг төрийн эргэлтээр шийдэж хүү Кабус нь султан ор залгав. Их Британи, Ираны тусламжаар цэрэг техникээ зузаатгаж 1976 онд бослогыг даран сөнөөв. Үндсэн хууль, төр засаг, эдийн засгийн шинэчлэл хийгдэв. Оман газрын тос экспортолдог, эдийн засгийн эрх чөлөө сайн орон болсон.
Оман одоогоор стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойн тал хэсгийг хянаж байна. Оманд 2004 онд эмэгтэй хүн төрийн өндөр албанд сонгогдон ажилласан нь Араб дахинд сонин тохиолдол юм. 2011 оны Арабын хавраар эсэргүүцэл жагсаал гарсанд Кабус султан ажлын байр, тэтгэмж амлан намжаажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.