From Wikipedia, the free encyclopedia
Каннын наадам (фр.: Festival international du film de Cannes) буюу олон хэлэнд нэршиж заншснаар Каннын кино наадам (англ.: Cannes Film Festival) нь Франц улсын Канн хотноо Каннын кино наадмын ордонд (фр.: Palais des Festivals et des Congrès) жил бүр зохиогддог олон улсын кино наадам юм. 2002 оныг хүртэл Олон Улсын Кино Наадам (фр.: Festival international du film; Англи: International Film Festival) нэртэй байсан. Каннын кино наадам бол хамгийн эрт нээгдсэн бөгөөд дэлхийд нэр хүндтэй кино наадам юм. (1939 онд санаачилж, 1946 онд анх зохион байгуулсан).
Каннын кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам төдийгүй Берлиний олон улсын кино наадам ба Венецийн кино наадмын хамтаар Дэлхий нийтэд алдаршсан кино наадмын нэг юм. Наадмын найруулагчдын Зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг байна.
Каннын кино наадмыг анх зохион байгуулахад Венецийн кино наадам түлхэц болжээ. Жил тутам зохиогддог олон улсын кино наадмуудын ууган нь болох Венецийн кино наадам анх 1932 онд Австрийн Венец хотод сүр жавхлантайгаар нээлтээ хийсэн боловч 1938 он гэхэд тус наадам Фашизмын суртал ухуулгын гар хөл болж хувирсан байлаа. Бенито Муссолинигийн удирдлаган доорх Итали, Адольф Хитлерийн Герман орнуудын кино ихэвчлэн сонгогдон оролцож шагналыг ч мөн хуваан хүртэцгээдэг байв. Үүнд эгдүүцсэн Франц орон тус наадамтай өрсөлдөхүйц хэмжээний өөрийн гэсэн кино наадам зохиохоор шийдсэн байна.[1] Ийнхүү тус наадмыг зохион байгуулах анхны санаачилгыг тухайн үеийн Францын Боловсрол Соёл Урлагийн яамны ерөнхий байцаагч Филипп Эрланже болон тус яамны сайд асан Жан Зэй нар гарган анхны Каннын кино наадмыг 1939 оны 9 сард Канн хотын нэгэн казинод зохиохоор төлөвлөсөн байна. Франц кино урлагийн ууган мастеруудын нэг Луи Люмьерийг шүүгчдийн зөвлөлийн тэргүүлэгчээр томилсон нь зүй ёсны сонголт байв. Сонгогдсон кинонуудын тоонд Америкийн "Маргад эрдэнэ хотын илбэчин", Польшийн "Хар алмааз эрдэнэ", Францын "Нигер хүн", ЗХУ-н "Ленин 1918 онд" зэрэг орсон байлаа.
Гэвч анхны Канны кино наадам нээлтээ хийх байсан 1939 оны 9 сарын 1-ний өглөө Адольф Хитлерийн Герман улс Польш руу довтлон орсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Парист Францын засгийн газар бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлан тунхаглалаа. Ингээд Каннын кино наадмын анхны оролдлого бүтэлгүйтэн Герман-Америк найруулагч Уильям Детерлегийн Нотрдамын бөгтөр нуруут нэртэй ганц киног үзүүлснийхээ дараа тус наадам яаралтай цуцлагджээ.[1] Энэ явдлаас 2 өдрийн дараа Франц болон Их Британи улсууд Гитлерийн Герман орны эсрэг дайн зарласнаа мэдэгдсэн юм.
Дайн дууссаны дараа Францын "Номин эрэг" рүү жуулчдыг дахин татахын тулд Францын засгийн газар Канны кино наадмыг дахин сэргээн зохион байгуулахаар шийджээ. Ингээд Нэгдүгээр Канны кино наадам 1946 оны 9-р сарын 20-д нээлтээ хийжээ. Нэгдүгээр наадамд нийт 18 орны 44 кино оролцсноос 7 нь Америк кино байлаа. Зохион байгуулагчид оролцогчдыг өрсөлдүүлэхээс илүүгээр урам зориг оруулахад анхааран ажиллаж нийт 11 кинонд наадмын тэргүүн шагнал Гран Приг гардуулжээ.
Анхны жилүүдэд Каннын кино наадам нэлээд саадтай тулгарч байжээ. 1947 оны буюу хоёрдугаар наадмын зөвлөлд бүгд Франц, эрэгтэй шүүгчид ажилласан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм.[2] Үүний дараагаар зохион байгуулагчид тэнцвэртэй зарчим баримтлах үүднээс оролцож буй орон бүрийг төлөөлөн нэг шүүгч шүүгчдийн зөвлөлд багтах дүрэм гаргажээ. 1948, 1950 онуудад төсөв мөнгөний асуудлаас болоод Канны кино наадам зохиогдсонгүй. 1949 онд тус наадамд тусгайлан зориулж босгосон Каннын кино наадмын ордны (Франц: Palais des Festivals) барилгын ажил цагтаа дуусч амжаагүй учраас нээлтийн үйл ажиллагааны явцад дээвэр нь салхинд хийсэн унажээ.
Анх хэдийгээр намар зохиогддог Венецийн кино наадамтай өрсөлдөхийн тулд 9 сард зохиож эхэлсэн боловч 1952 оноос эхлэн тус наадмыг 5 сард зохион байгуулах шийдсэн нь тус наадмын хувь заяанд эргэлт авчирсан хэрэг байлаа. Намрын улиралд болдог бусад кино наадамтай давхцуулахгүйн тулд гаргасан энэхүү шийдвэр нь илүү олон кино бүтээгчдийг татахад түлхэц болжээ. Мөн 1952 онд Канны кино наадмын ордон дахин засварлагдан ашиглалтанд орсон байна. 1955 онд тус наадмын тэргүүн шагнал Гран Приг орлон "Дал модны алтан навч" шагнал төрсөн бөгөөд энэхүү шагналын анхны эзнээр Америк найруулагч Делберт Манны Марти кино тодорч байжээ. 1957 онд Долорес Дел Рио шүүгчдийн зөвлөлийн анхны эмэгтэй гишүүнээр сонгогдсон. 1959 онд кино үйлдвэрийн салбар дахь арилжааг хөнгөвчлөн хөгжүүлэх зорилготойгоор Канны кино наадмын дэргэдэх Кино зах зээл үүсгэн байгуулагдсан. Энэхүү Кино зах зээл нь кино салбар дахь арилжааны анхны олон улсын тавцан юм.
1962, 1969 онуудад наадамд оролцох киноны Албан ёсны сонголттой зэрэгцэн хоёр бие даасан сонголт бий болсны эхнийх нь Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоног бол удаах нь Найруулагчийн хоёр долоо хоног юм.[3]
1966 онд Холливудын жүжигчин Оливия де Хэвилленд наадмын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Кино наадмын шагнал гардуулах шийдвэрийг Шүүгчид гаргаж, шүүгчдийн бүрэлдэхүүнийг наадмын удирдлага тогтоодог байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн кино урлагийн тэргүүлэх мастерууд: найруулагчид, жүжигчид, шүүмжлэгчид багтдаг байна.
Жорж Юисман (1946-49), Андре Моруа (1951, 1957), Морис Женевуа (1952), Жан Кокто (1953-54), Марсель Паньоль (1955), Морис Леман (1956), Марсель Ашар (1958-59), Жорж Сименон (1960), Жан Жионо (1961), Тэцуро Фурукаки (1962), Арман Салакру (1963), Фриц Ланг (1964), Оливия де Хэвилленд (1965), Софи Лорен (1966), Алессандро Блазетти (1967), Андре Шамсон (1968), Лукино Висконти (1969), Мигель Анхель Астуриас (1970), Мишель Морган (1971), Жозеф Лоузи (1972), Ингрид Бергман (1973), Рене Клер (1974), Жанна Моро (1975, 1995), Теннесси Уильямс (1976), Роберто Росселлини (1977), Алан Пакула (1978), Франсуаза Саган (1979), Кирк Дуглас (1980), Жак Дере (1981), Джорджо Стрелер (1982), Уильям Стайрон (1983), Дирк Богард (1984), Милош Форман (1985), Сидни Поллак (1986), Ив Монтан (1987), Вим Вендерс (1989), Бернардо Бертолуччи (1990), Роман Полански (1991), Жерар Депардье (1992), Луи Маль (1993), Клинт Иствуд (1994), Фрэнсис Форд Коппола (1996), Изабель Аджани (1997), Мартин Скорсезе (1998), Дэвид Кроненберг (1999), Люк Бессон (2000), Лив Ульман (2001), Дэвид Линч (2002), Патрис Шеро (2003), Квентин Тарантино (2004), Эмир Кустурица (2005), Вонг Карвай (2006), Стивен Фрирз (2007), Шон Пенн (2008), Изабель Юппер (2009), Тим Бёртон (2010), Роберт Де Ниро (2011), Нанни Моретти (2012), Стивен Спилберг (2013), Жейн Кэмпион (2014), Итан ба Жоэл Коэнууд (2015), Жорж Миллер (2016), Педро Альмодовар (2017), Кейт Бланшетт (2018), Алехандро Гонсалес Иньярриту (2019).
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.