From Wikipedia, the free encyclopedia
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал (хятад. хялбар. 全国人民代表大会, пиньинь Quánguó Rénmín Dàibiǎo Dàhuì, буюу Цюаньго жэньминь дайбяо дахуэй) товч. БХАТИХ (хят. хялбар. 全国人大, пиньинь Quánguó Réndà, буюу Цюаньго Жэньда) — БНХАУ-ын Үндсэн хуулийн дагуу, тус улсын төрийн дээд байгууллага бөгөөд хууль тогтоох дээд байгууллага юм. БХАТИХ-ын бүрэлдэхүүнд муж, өөртөө засах орон, улсын хэмжээний хот болон зэвсэгт хүчнээс сонгогдсон төлөөлөгчид ордог.
БХАТИХ-ын гишүүд 5 жилийн хугацаатай сонгогддог. Сонгууль явуулах боломжгүй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараагийн хурлын БХАТИХ-ын гишүүдийн сонгуулийг хойшлуулах боломжтой. БХАТИХ-ын Байнгын хорооны нийт гишүүдийн олонхын саналаар (доод тал нь 2/3-ын санал) уг шийдвэр хүчин төгөлдөр болдог. Ийм шийдвэр гарсан тохиолдолд тухайн БХАТИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг мөн сунгадаг байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын гишүүдийг шууд бусаар сонгодог. Орон нутгийн тойргийн түвшинд иргэд аймгийн хэмжээнд хоёр дахь шатны сонгуульд оролцох сонгогчдыг сонгодог. Сонгууль ихэвчлэн хоёр сарын дотор явагддаг. БНХАУ-д 23 мужийн сонгуулийн тойргоос гадна Өөртөө засах оронд 5 тойрог, төвийн харьяалалтай 4 хот, Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдэд тус бүр нэг тойрог болон зэвсэгт хүчинд 1 тойрог оногддог. Мөн бүх үндэсний цөөнх (албан ёсоор 55 байдаг) БХАТИХ-д дор хаяж нэг төлөөлөгчтэй байх ёстой байдаг. Төлөөлөгчдийн дийлэнх нь Хятадын Коммунист Намыг төлөөлдөг бөгөөд ардчилсан гэгдэх 8 намын гишүүд мөн байдаг.
БХАТИХ-ын Байнгын хороо нь төрийн эрх барих дээд байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, чуулганы хоорондын хугацаанд БХАТИХ-ын хяналт дор ажилладаг.
БХАТИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, түүний орлогч, Тамгын газрын дарга, БХАТИХ-ын гишүүдээс сонгогдсон, чөлөөлөгдсөн гишүүд ордог. БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн нь Төрийн захиргааны байгууллага, Шүүх, Прокурорт ажиллах боломжгүй.
БХАТИХ-ын Байнгын хороо ихэвчлэн 2 сард нэг удаа хуралддаг. БХАТИХ-ын Байнгын хорооны ажлыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга удирдаж, БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдааныг зарлан явуулдаг.
БХАТИХ-ын Байнгын хорооны өдөр тутмын чухал ажлыг Байнгын хорооны дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нар ордог "Байнгын хорооны даргын Зөвлөл" хэрэгжүүлдэг. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга болон түүний орлогчид хоёроос илүү хугацаагаар албан тушаалаа хашиж болдоггүй (1 хугацаа = 5 жил).
БХАТИХ-ын хурлын ажил хятад хэлээр явагдана. БХАТХ-ын чуулган дээр бичмэл бичиг баримт, илтгэлийг үндэсний цөөнхийн монгол, төвөд, уйгур, казах, солонгос, жуан хэлээр орчуулдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.