БНХАУ-ын Үндсэн хууль
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндсэн хууль (хятад. хялбар. 中华人民共和国宪法, пиньинь Zhōnghuá Rénmín Gònghéguó Xiànfǎ)- БНХАУ-ын гол хууль. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдаж улсаа тунхагалсанаас хойш 4 удаа 1954, 1975, 1978 болон сүүлд 1982 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан байна. Сүүлийн 1982 оны Үндсэн хуульд 1988, 1993, 1999, 2004 болон 2018 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Өнөөгийн Үндсэн хуулийг бүх нийтээр хэлэлцүүлсэний үндсэн дээр боловсруулсан байна. Улмаар 1982 оны 12-р сарын 4-нд болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын 5 дугаар чуулганаар баталж даган мөрдөх тухай шийдвэр гарсан байна.
Сүүлийн Үндсэн хуульд 1954 оны анхны Үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг өвлөн авч, Хятадад социализмын хөгжлийн туршлага, дэлхий нийтийн туршлагыг нэгтгэхэд онцгой анхаарал хандуулсан гэж үздэг. Үндсэн хууль нь зөвхөн тухайн үеийн бодит нөхцөл байдлыг тусгаад зогсохгүй улс орны хөгжлийн хэтийн төлөвтэй уяалдуулсан байна. Батлагдсан үедээ социалист шинэчлэлийн шинэ үед улс орны эдийн засаг, соёлын хөгжлийн шаардлагыг хангасан.
Үндсэн хууль нь "Хятадын ард түмний тэмцлийн үр дүнг хууль хэлбэрээр тогтоож, төрийн үндсэн бүтэц, үндсэн зорилтыг тодорхойлсон" гэж тусгайлан тэмдэглэсэн байна. Хятадын Үндсэн хууль бол улс орны гол хууль бөгөөд эрх зүйн дээд хүчин төгөлдөр хууль гэж заажээ. Улс орны бүх ард түмэн, төрийн бүх байгууллагууд болон Зэвсэгт хүчин, улс төрийн бүх намууд, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагааныхаа гол шалгуур болох Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж мөн заасан байна.
Үндсэн хууль батлахдаа зориуд Тайвань нь “БНХАУ-ын ариун дагшин нутаг дэвсгэр юм. Эх орноо нэгтгэх агуу үйл хэргийг дуусгавар болгох нь Тайваньд суугаа манай элэг нэгтнүүдийг оролцуулаад бүх Хятадын ард түмний ариун үүрэг юм " гэсэн байдаг.
“Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол ажилчин тариачдын холбоонд суурилсан ажилчин анги тэргүүтэй ард түмний ардчилалсан дэглэмтэй социалист улс юм; Социалист систем бол БНХАУ-ын үндсэн тогтолцоо юм. Аливаа байгууллага, хувь хүмүүс социалист системийг халах оролдлого хийхийг хориглоно. " гэж Үндсэн хуульд заасан байдаг.