From Wikipedia, the free encyclopedia
II Николай (1868–1918) — 1894–1918 онд Оросын Хаант Улсын төр барьсан Оросын сүүлчийн хаан, Романовын удмын сүүлчийн залгамжлагч, Үнэн алдартны шашны гэгээнтэн юм.
II Николай | |
---|---|
Эзэн Хаан II Николай, Эзэн Хааны Флотын Адмиралын дүрэмт хувцастай, 1909 оны орчим | |
Бүх Орос Улс, Польшийн эзэн хаан, Финландын их гүн | |
Хаанчлал | 1894 оны 10 сарын 20 / 11 сарын 1 – 1917 оны 3 сарын 2/15O.S./N.S. |
Хаан суусан | 1896 оны 5 сарын 14/26O.S./N.S. |
Бүтэн нэр | Николай Александрович Романов |
Өмнөх | III Александр |
Удаах | Хаант засаг халагдсан Георгий Львов Түр засгийн газрын тэргүүн |
Хатан | Александра Фёдоровна |
Хүүхэд |
|
Эцэг | III Александр |
Эх | Мариа Фёдоровна |
Шүтлэг | Үнэн алдартны шашин |
Оросын эзэн хаан III Александр, хатан хаан Мариа Фёдоровна нарын ууган хүү Николай Александрович 1868 оны тавдугаар сарын 6-нд Нева мөрний зүүн эрэгт орших Царское селод мэндэлжээ.
1894–1917 он хүртэл II Николайг хаан ширээнд суух хугацаанд Оросын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ нийгэм-улс төрийн зөрчил хурцдаж, хувьсгалт хөдөлгөөн өрнөж, 1905-1907, 1917 оны хувьсгалууд гарсан билээ. Гадаад бодлогодоо дорно зүгийг эзлэх бодлого явуулж, Европын гүрнүүдийн эвслүүдэд оролцож байв. Оросын эзэнт гүрэн Японтой дайтаж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцжээ.
II Николай хааныг түүхчид эсрэг тэсрэгээр үнэлж иржээ. Олонх нь түүнийг улс төрийн хямралыг давж гарах чадвар дутсан гэж дүгнэсэн байдаг.
Хаан ширээ залгамжлагч 13 жилийн турш нарийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу гэрээрээ боловсрол эзэмшжээ. Эхний 8 жил нь гимназийн өргөтгөсөн хөтөлбөрөөр улс төрийн түүх, Оросын уран зохиол, англи, герман, франц, хэлийг төгс эзэмшсэн байна. Дараагийн 5 жилд цэргийн үйл хэрэг, хууль зүй болон эдийн засгийн ухааны хичээл заалгасан байна.
Николай хоёр жил Эзэн хааны Преображенский хороонд бага офицер байсны дараа морин цэргийн хороо, их бууны ангид шилжсэн байна. 1892 оны наймдугаар сарын 6-нд хурандаа цолтой болжээ. Үүний зэрэгцээ төрийн үйл хэрэгтэй танилцаж, Төрийн зөвлөл болон Сайд нарын танхимын хуралдаанд оролцдог байв. 1892 онд Николайг Транссибирийн төмөр зам байгуулах хорооны даргаар томилсон байна.
Тэрбээр боловсролын хөтөлбөрийн дагуу Оросын янз бүрийн мужуудаар эцгийнхээ хамт аялжээ. Боловсролын хөтөлбөр дуусах үед аав нь Алс Дорнод руу хийх аялалд нь зориулж, түүнд хөлөг онгоц гаргаж өгсөн байна. Николай бараа бологсдын хамт 9 сарын турш Грек, Египет, Энэтхэг, Хятад, Японоор аялсны дараа, хуурай замаар Сибирийг гэтлэн Оросын нийслэлд эргэн иржээ. Японд байхад нь түүний аминд халдах гэж оролджээ. Николайн цусны толботой цамц өдгөө Эрмитажийн музейд хадгалагддаг байна.
Ийнхүү 23 нас хүрэхдээ Николай янз бүрийн салбарт гүн мэдлэг эзэмшсэн нэгэн болов.
1984 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Николай Германы гүнж Гессений Алисатай гэр бүл болжээ. Гэр бүл болсны дараа эхнэрийг нь загалмайлж, Александра Фёдоровна гэдэг нэр өгсөн байна.
Николай хааны гэр бүл ихэвчлэн Александрын ордонд, зундаа Крым дахь Ливадын ордонд амьдардаг байв. Жилийн амралтаараа 14 хоног хугацаатай Финийн болон Балтийн тэнгисээр аялдаг байжээ. Тэрбээр уранзохиолын ном уншихын сацуу шинжлэх ухаан, ихэвчлэн түүхийн сэдэвтэй бүтээлүүдийг шимтэн уншдаг байв. Туркийн султанаас бэлгэнд ирүүлдэг иштэй тамхийг татдаг байж. Мөн гэрэл зураг сонирхон, кино үзэх дуртай байжээ. Тэрбээр 9 настайгаасаа эхлэн өдрийн тэмдэглэл хөтөлсөн байна. Түүний 1882-1918 онуудад бичсэн тэмдэглэл өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
Никалай хаан ширээнээ 1896 оны тавдугаар сарын 14-ний өдөр заларчээ. Тэр ондоо Европоор аялан Франц-Иосиф, II Вильгельм, хатан хаан Викториа нартай уулзсан байна. Аяллынхаа эцэст холбоотон Францын Парис хотод иржээ.
1897 онд явуулсан хүн амын тооллогоор Оросын эзэнт гүрний хүн ам 125 сая байв. Тэдний 84 сая нь орос хэлийг төрөлх хэлээ гэж мэдүүлжээ. Нийт хүн амын 21 хувь нь бичиг үсэг тайлагдсан байснаас 10-19 настнууд 30 хувийг эзэлж байв. Мөн тэр жилдээ мөнгөний шинэчлэлт хийж, рублийн алттай жиших стандартыг тогтоожээ. Ажиллах хүчний асуудалд хамгийн их анхаарлаа төвлөрүүлж байв. 100 давсан ажилтантай үйлдвэрт үнэгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байжээ.
1897 оны зургадугаар сард ажлын цагийг хязгаарлах тухай хууль гарч, жирийн жирийн өдрүүдэд ажлын өдрийн дээд хязгаар 11,5 цагаас хэтрэхгүй байх, бямба гараг болон баярын өмнөх өдрүүдэд, мөн шөнийн ажлыг оруулаад 10 цагаас илүүгүй байхаар тогтоожээ.
1863 оны Польшийн бослогын улмаас баруун зүгийн нутгийн польш гаралтай газрын эздээс авч байсан тусгай татварыг хүчингүй болгов. 1900 оны зургадугаар сарын 12-ны өдрийн зарлигаар Сибирьт цөлдөг шийтгэлийг хүчингүй болгожээ.
Николайн хаанчлалын жилүүдэд Оросын эдийн засаг өндөр хурдацтай хөгжиж байлаа. 1885-1913 онуудад ХАА-н үйлдвэрлэл жилд дунджаар 2 хувиар, аж үйлдвэрлэлийн өсөлтийн хурд 4,5-5 хувиар өсч байжээ. 1894 онд Донбасст 4,8 сая тонн нүүрс олборлож байсан бол 1913 он гэхэд 24 сая тоннд хүрсэн байна. Баку, Грозный, Эмбад газрын тос олборлож байв. Төмөр зам байгуулах ажлыг ч хурдацтай явуулж, 1913 он гэхэд Оросын төмөр замын нийт урт нь 70 км-ийг давжээ. Үүгээрээ Орос аль ч орноос давуу байсан бөгөөд зөвхөн АНУ-ын дараа орж байв.
19 дүгээр зууны эхний 10 жилд Орос аж үйлдвэрлэлтээрээ хоцрогдох болжээ. 1913 онд нэг хүн амд ногдох аж үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнээрээ Испанитай эн зэрэгцэж, хөдөлмөрийн бүтээмжээрээ Францаас гурав дахин, Их Британиас тав, АНУ-аас ес дахин хоцорч байв. Мөн нэг хүнд ногдох гадаад худалдааны хэмжээгээрээ Испани, Португали, Туркийн дараа орж байжээ.
1898 онд Оросын эзэн хаан Европын орнуудын Засгийн газарт хандаж, бүх нийтийн энх тайвныг сахин хамгаалах, зэр зэвсгийн байнгын өсөлтөд хязгаарлалт тавих тухай хэлэлцээр байгуулах санал тавьжээ. 1899 онд Оросын эзэн хааны санаачилга, дэмжлэгээр Бүх дэлхийн энх тайвны анхдугаар бага хурал болж, энх тайвныг сахин хамгаалж, зэвсэг хорогдуулах асуудлыг хэлэлцжээ. Дараа нь Гаага дахь анхны шүүх болох Байнгын арбитражийн шүүхийг байгуулсан байна. 1900 онд II Николай хаан Япон, АНУ-ын цэргүүдийн хамт Хятадын бослогыг даржээ. Орос гүрэн Ляодуны хойгийг түрээслэн авч, Дорнод Хятадын төмөр замыг барьж, Манжуурт нэр нөлөө нь өсөх болсон нь 1904 онд Манжуурт санаархаж байсан Япон улсыг зэвсэгт халдлага хийхэд хүргэсэн байна. Орос, Японы дайн ингэж эхэлсэн түүхтэй. Хилийн Ялу голын тулалдааны дараа Оросын арми Мүгдэнг орхисон юм. Цусимад болсон тэнгисийн тулалдаанд Оросын усан цэргийн флот бут ниргүүлжээ. 1905 онд Портстумын энх тайвны гэрээний дагуу Орос улс Солонгосыг Японы нөлөөн дор байхыг хүлээн зөвшөөрч, Өмнөд Сахалин болон Порт- Артур, Дальний /Далянь/ хотууд оршдог Ляодуны хойгийг Японд өгөхөөр болсон юм. Орос, Японы дайнд ялагдаж, 1905-1907 оны хувьсгалын жилүүдийг нухчин дарсан хааны ордны тойрон хүрээлэлд хожим нь Распутин орж байдлыг улам хүндрүүлэх болсноос сэхээтнүүд, язгууртнуудын дунд эзэн хааны нэр хүнд ихэд унаж, түүгээр ч барахгүй монархистууд хүртэл II Николай хааныг өөр нэгэн Романоваар солих тухай яриа гаргах болжээ. Шинэчлэлт хийх шаардлагатай болсныг бүх давхаргынхан ойлгож байв.
1905 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Петербург хотноо ажилчдын томоохон жагсаал болж, эзэн хаанд улс төр, нийгмийн шаардлагуудыг тавьжээ. Жагсагчид болон цэрэг цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч олон хүн амь үрэгдсэн байна. Энэ үйл явдлыг хожим нь цуст ням гараг гэж нэрлэжээ. Улс орон даяар ажил хаяж, үндэстэн, ястнууд суудаг хязгаар нутгуудад ширүүн үйл явдлууд болж байв. Курляндад “Ойн ах дүү нар” хэмээгчид нутгийн герман гаралтай газрын эздийг хороож, Кавказад Армян, татаруудын дунд мөргөлдөөн гарч байв. Хувьсгалчид болон салан тусгаарлагчид Англи, Японоос зэр зэвсэг авч байв. Хэд хэдэн хотод бослого гарч байснаас хамгийн том нь Москвад болсон арванхоёрдугаар сарын бослого байлаа. Хэдхэн жилийн дотор хэдэн мянган түшмэл, офицер, цагдааг хороожээ. 1905 оны хоёрдугаар хагаст их, дээд болон шашны сургуулиудад хүртэл үймээн самуун гарч байв.
II Николай хаан арга буюу эрх чөлөөт Үндсэн хуулиар засаглахад хүрэв.
1905 оны наймдугаар сарын 6-нд төрийн думыг байгуулах хууль, думд сонгох тухай журам хэвлэгдэн гарчээ. Аравдугаар сарын 17-ны орой Николай хааны гарын үсэг зурсан тунхагт: Хүн амд хөдөлшгүй бат суурь бүхий иргэний эрх чөлөөг олгох, хувь хүний халдашгүй дархан байдал, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурал цуглаан хийх, холбоо байгуулах зэргийг зөвшөөрчээ. 1906 оны дөрөвдүгээр сарын 23-нд Оросын эзэнт гүрний Үндсэн хууль батлагдсан байна. Тунхаг гарснаас хойш 3 долоо хоногийн дараа хүний амь хөнөөснөөс бусад хоригдолд өршөөл үзүүлжээ. Сарын дараа хэвлэл мэдээллийн урьдчилсан хяналтыг зогсоосон байна. Тунхаг хэвлэгдсэний дараа ажилт хаялтууд зогсож, цэрэг армиуд эзэн хаандаа үнэнчээ харуулж, зэвсэгт бослогуудыг нухчин даржээ.
1912 он гэхэд Хятадад болсон хувьсгалын дараа Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, Оросын ивээлд орох болов. Төрийн думын анхны хуралдаанаар хууль тогтоох ажлыг тогтмолжуулж чадаагүй бөгөөд депутатууд нь эзэн хаантайгаа санал зөрөлдөж байжээ. Тэд Төрийн зөвлөлийг татан буулгах, хааныхны болон сүм хийд сангийн эдлэн газруудыг тариачдад хувааж өгөхийг хаанаасаа шаардаж байв.
1913 онд Орос орон хөх тариа, арвай, овьёос тариалалтаараа дэлхийд тэргүүлж, улаан буудай тариалалтаараа Канад, АНУ-ын дараа гуравт, төмсөөрөө Франц, Герман, Австри-Унгарын дараа дөрөвдүгээрт орж байв. Орос улс дэлхийн ХАА-н экспортын тавны хоёрыг хангаж байлаа.
1905-1912 онуудад Оросын цэргийн арми шинэчлэгдэж, Цэргийн яамнаас тусгайд нь Жанжин штабын Ерөнхий газар болон Улсыг батлан хамгаалах зөвлөлийг байгуулж, цэргийн албаны хугацааг багасгажээ. Явган цэрэг, хээрийн их бууны 5 жилийн хугацааг 3, усан цэргийн 7 жилийг 5 жил хүртэл багасгаж, офицерийн бүрэлдэхүүнийг залуужуулан, цэргүүдийн ахуй байдлыг сайжруулсан байна. 1910 онд эзэн хааны агаарын цэргийн флотыг байгуулжээ. 1914 оны наймдугаар сарын 1-ний өдөр Герман Орост дайн зарласнаар дэлхийн нэгдүгээр дайн эхлэв. Энэ дайн нь Орос орныг улс төр, эдийн засгийн гүн хямралд оруулжээ.
Оросын капитализм дайны ачааллыг даалгүй урт хугацааны гүн хямралд орж, 1917 он гэхэд аж үйлдвэр, тээвэр, санхүү, улсын ардын аж ахуй задран сүйрэв. Хот тосгоны аж ахуйн хэлхээ холбоо тасарч, улс орон өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ. Распутан болон түүний тойрон хүрээлэгчдийн бусармаг үйлдлүүдээс болж Засгийн эрх баригчдын нэр хүнд унаж, нийгмийн зөрчил ихэсчээ. 1917 оны хоёрдугаар сарын 23-нд Петроградад бүх нийтийн ажил хаялт болж, Москвад цэргийн бослого гарав. Бослого гарсан шалтгаан нь гурил, талх тасарч, улс орныг хүнд байдлаас авч гарах чадваргүй болсон эрх баригчдад итгэл алдсанаас болжээ.
1917 оны гуравдугаар сарын 2-нд II Николай хаан ширээнээсээ огцорч, гэрийн хорионд оров. Түр Засгийн газрын шийдвэрээр Оросын эзэн хаан байсан Николайг гэр бүлийнхнийх нь хамт Тобольск хот руу цөлжээ. Большевикууд засгийн эрхэнд гарч, Романовынхныг Москвад авчран шүүх шийдвэр гаргасан байна. Энэ үед Дорнод фронтод цагаан армийнхан давшиж эхэлсэн тул хааныхныг Екатеринбург хотод яаралтай цаазлахаар шийдсэн аж. 1918 оны долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Оросын эзэн хаан Николай Александрович, эхнэр Александра Федоровна, охид Ольга, Татьяна, Мария, Анастасия, хүү Алексей, эмч Боткин, мөн сайн дураараа үлдсэн гурван зарцын хамт буудан хороосон байна. Үүнээс гадна хувьсгалаас хойш Орост үлдсэн байсан хааны хамаатан саданг бүгдийг устгажээ.
Өмнөх III Александр |
Оросын хаан 1894—1918 |
Дараах байхгүй |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.