From Wikipedia, the free encyclopedia
Хэцинь хэмээх Энх ургийн гэрээ (хятадаар: 和親, пиньинь: Heqin) бол анх Хятадын нутагт оршиж байсан Байлдаант улсуудын үеэс эхлэн хөрш зэргэлдээх хүчирхэг улс аймагтай энх тайван оршиж, дайныг зогсоох найрамдалын баталгаа болгож тухайн улсуудын хаад ноёдын гүнж охидыг харилцан солилцон, хатан болгож байлаа. Энх Ургийн гэрээ нь НТӨ 198 оноос эхлэн НТ XX зуун хүртэл үргэлжилсэн. Хамгийн анхны тохиолдол нь Хүннү-Хань улсын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээ юм. Энэхүү гэрээ нь хятадын төрт улсуудын хувьд гутамшигт ялагдаж, зэрлэг балмад харь улсад буулт хийсний баталгаа болдог. Хүннү, Түрэг, Монгол зэрэг нүүдэлчин улсын хувьд хөрш улс орнуудаар өөрийн газар нутгийг захирсан төрт улс, эзэн хааных засаглалыг хүлээн зөвшөөрүүлж, гадаад орнуудтай харилцаагаа нийтэд батлан харуулах нэгэн арга хэлбэр, энх тайвнаар зэрэгцэн орших, утга агуулгатай гэрээ юм.
Хүннү улс улам хүчирхэгжин бэхжихийн хэрээр Хань улс тэднийг зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ ухаарч эв найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулан энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж эхэлжээ.
НТӨ 201 онд Хүннү-Баруун Хань улсын хооронд болсон тулалдаанд Баруун Хань улсын хаан ялагдал хүлээжээ. Хань улсын хаан Хүннүгийн Модун шаньюйд ураг холбон найрамдлын гэрээ байгуулах амлалт өгсөн. НТӨ 198 онд Хань улсын хаан Лю Бан өөрийн түшмэлээр Хүннүгийн Модунь шаньюйд ордны сайд ноёны охиныг гүнж хэмээн их бэлэг сэлттэй хүргүүлж, энх ургийн гэрээг байгуулжээ. НТӨ 179 онд Хан улсын шинэ хуанди Сяо Вэньди Хүннү-Хань улсын хооронд байгуулагдсан энх ургийн гэрээг сэргээн баталсан байна. НТӨ 162 онд Хань улсын Вэнь хуанди, Хүннүгийн Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана... Хань улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм" хэмээн дурдсан нь НТӨ 198 онд байгуулсан гэрээний эхийн хэсэг мөн гэж Г.Сүхбаатар үзсэн байдаг.
Эл гэрээг байгуулагч хоёр тал харилцан хүлээн зөвшилцсөн хэд хэдэн зүйлийн дотор Хан улсын хааны гүнжийг Хүннүгийн шаньюйд хатан болгон илгээх, жилд хэд хэдэн удаа Хан улсаас Хүннүд тодорхой хэмжээний бөс торго, дарс сархад, хүнсний зүйл зэрэг янз бүрийн зүйлээс бүрдсэн бэлэг сэлт барьж байх, Хүннү бол Хань улстай эн зэрэгцэхүйц улс мөн гэж хүлээн зөвшөөрөх, нөгөө талаар Хүннү нар өөрийн зүгээс хүлээх үүрэг болгож Хань улсыг үл довтлох зэрэг заалт орсон байжээ. Энэхүү гэрээ зарим үед тасалдаж, зарим үед сэргэн лавшруулан батлагдаж, 200 гаруй жилийн турш хэвээр мөрдөгдөж иржээ.
Хань улс мөхснөөс хойш хятадын нутагт оршиж байсан улс орнууд тус гэрээг хүчирхэг улс аймагтай албан шахалтаар байгуулж байсан. Харин Тан улс 618 онд байгуулсднаас хойш Тан улс оршин тогтнох 280 гаруй жилийн хугацаанд нийт 20 эмэгтэйг харь улсад илгээсэн. Үүнээс 3 нь хааны гүнж, 4 нь вангийн охид, 7 нь сурвалжит ноёдын охид, 3 нь харь угсааны жанжидын охид, 3 нь угсаа гарал нь тодорхойгүй охид байсан.
Эдгээр 20 гүнжийн 6 нь Уйгурын хаанд, Киданы Дахэ овогт 4, Кумоси аймагт 3, Түгүхүнь улсад 3, Түвэд улсад 2, Давань улсад 1, Наньжао улсад 1 гүнжийг илгээж, Энх Ургийн гэрээ байгуулж байсан. Гэхдээ тухайн цаг үеийн дайн дажин, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч гэрээний нөхцөл шаардлага нь өөр байжээ. Эдгээр гүнжээс хамгийн алдартай нь Вэньчэн гүнж юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.