From Wikipedia, the free encyclopedia
Хонгор сум нь Дархан-Уул аймгийн сум юм.
Хонгор сум
ᠬᠣᠩᠭ᠋ᠤᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дархан-Уул |
Газар нутаг | |
• Нийт | 2,533 км2 (978 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,874 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 19-ний 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА-г харьяалан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хороо, Монгол Улсын Их хурлын 1994 оны 5-р сарын 06-ны 32 дугаар тогтоолоор Салхит хороог татан буулгаж нийлүүлэн Дархан–Уул аймгийн Хонгор сум болгожээ. Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутаг болно.
Буурал, Зулзага, Салхит гэсэн 3 багийн нийт 1529 өрхөд 5694 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дархан-Уул аймгийн 4 сумаас 3-т, аймгийн газар нутгийн 77 хувийг эзлэн оршдог, хүн амын нягтрал нь 46,35хүн/га.
Дархан-Уул аймгийн төв хэсэгт, Улаанбаатар хотоос 220 км,, аймгийн төвөөс 21 км зайд байрладаг. Хонгор сум нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан сумдтай хил залгаа оршиж, Улаанбаатар-Сэлэнгийн авто зам, хилийн Замын-Үүд Алтанбулаг боомттой холбосон төмөр замын зангилаан дээр оршдог.
Хонгор сум нь Хангай, ойт хээрийн бүсэд Хараа, Ерөө голын сав газарт далайн түвшнээс дээш 700-1000 метрт өргөгдсөн, цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, ой хээр, уул мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -26,7 С, 7 дугаар сарын дундаж температур +19,5 С, жилийн дундаж салхины хурд 3м/с, жилийн хур тунадасны нийлбэр 278 мм.
Сумын хэмжээнд 125514 толгой малтайгаас тэмээ 5, адуу 5455, үхэр 11611, хонь 70874, ямаа 37571 толгой байна. Үүнээс 15 хувь буюу 18,9 хувь нь цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна. Малчин 378, мал бүхий 651 өрх байгаа нь сумын нийт өрхийн 67,3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг нийслэлтэй холбосон улсын чанартай 34 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог бөгөөд 2021 онд Салхит багийг сумын төвтэй холбодог замыг хатуу хучилттай болгосон байна.
Сумын төвд төмөр замын Хонгор өртөө бий. Мөн Салхит өртөө тус сумын нутагт, сумын төвөөс өмнө тийш 13 км зайд оршдог бөгөөд Салхитаас Эрдэнэт хот уруу төмөр зам салаалдаг билээ.
Төв усан сан 100м3 хүчин чадалтай.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 200 м3/хоног хүчин чадалтай 2 насос станц, 50 м3 багтаамжтай 2 усан сан, цэвэр усны 6112 км урт шугам хоолойгоор 96 айл өрх, 6 төсөвт байгууллага, 21 аж ахуйн нэгж холбогдож, бусад айл өрхийг 4 ус түгээх байр, гүний 3 худгаас усаар хангаж байна.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажилладаг. Мөн Салхит багийн 12 жилийн 11 дүгээр сургуулийн харьяа нийт 2 уурын зуух ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 14-р дунд сургууль Буурал багийн нутагт байрладаг. 510 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор сумын төвийн Буурал баг, Хөдөөгийн Зулзага багийн нийт 494 хүүхэд суралцаж байна. 52 багш, ажилчинтай. Хичээлийн А байр нь 1990 онд, Б байр 1969 онд баригдсан. Сургуулийн дотуур байр 1971 онд ашиглалтад оржээ. Дотуур байранд хөдөөний багийн 94 хүүхэд хамрагддаг.
16-р цэцэрлэг Буурал багийн нутагт байршилтай. 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна. 23 багш, ажиллагчтай. 1969 онд ашиглалтад орсон. 2012 онд 1 ангийн өргөтгөл шинээр барьжээ. Зуны улиралд гэр цэцэрлэгээр 50 хүүхэд хамрагддаг аж.
Эрүүл мэндийн төв Буурал багийн төвд байрладаг. 6 ортой, 3 их эмч, 5 сувилагч, 23 ажилчинтай. 1969 онд ашиглалтад орсон.
2007 онд тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд цианит натригаар Хонгор сумын нутгийг бохирдуулсан тухай мэдээ цацагдаж, сумын төвийг нүүлгэн шилжүүлэх тухай хүртэл яригдаж байсан ч ДЭМБ-ын хийсэн судалгаагаар бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ[1]. Гэсэн ч тус сумын иргэд, мал амьтанд хордлогын шинж илэрч байна хэмээн хэвлэлүүд мэдээлсээр буй.
Соёлын төв Хонгор сумын 1 дүгээр багт байршилтай. 180 хүний суудалтай тус төв 4 ажилчинтай. 1969 онд ашиглалтад орсон.
Хонгор сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан тосгон юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 5710,5 га, үйлдвэрлэлийн бүс 120 га, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 200 га, хөдөө аж ахуйн бүс 3200 га, зуслангийн бүс 250 га. Өнөөгийн байдлаар 586 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 174,6 га газар өмчилж, 194 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 151,3 га газар, 115 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 32000 га газар эзэмшиж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.