Харгучуг Дүүрэнтөмөр хунтайж

From Wikipedia, the free encyclopedia

Харгучуг Дүүрэнтөмөр хунтайж[1][2], өөрөөр Дүүрэнтөмөр хунтайж[2][3], Харгучуг хунтайж[1], Харгачуг дүүрэн хунтайж[4] (1363[5] - 1399) нь умард Юань Улсын хиад боржигин овгийн Төгстөмөр усхал хааны отгон хүү, мөн Энхзоригт хаан, Элбэг хааны дүү. Лу.Алтан товчид бичснээр Харгучуг дүүрэнтөмөр нь Элбэг хааны хөвгүүн гэж гардаг бол, Эрдэнийн товч зэрэг бүтээлд дүү нь гэж бичсэн байна.

Лувсанданзан гүүшийн бичсэн Алтан товч, Саган сэцэний бичсэн Эрдэнийн товч зэрэг түүхийн сурвалжид өгүүлснээр Элбэг хаан нэгэн удаа авлаж яваад алсан туулайн цус цасанд туссаныг үзэж, "цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр бий болов уу"[2] гэж санаа алдан уулга алдсанд шадарлаж явсан ойрадын жаха мянганы[1] Хуухай тайюу түшмэл нь "Энэ мэт өнгөт эм буй...Чиний хөвгүүн (дүү[1]) Харгучуг Дүүрэнтөмөр хунтайжийн Өлзийт гоо хун бэгичи (Өлзийт хун гообэйж[1]) бэр чинь энэ мэт үзэсгэлэнт буй"[2] гэж хэлснээр Элбэг хаан дур тачаалд автаж бэрээ үзэхийг хүсч Хуухай таюуд үг дайлган илгээсэнд, Дүүрэн хунтайжийг авд явсан[1] хойгуур Хуухай таюу очиж хааны үгийг хэлсэнд бэр нь уурлаж:

Тэнгэр газар хоёр хамтадахуй ёсон билүү

Дээд хаад бэр юүгээ үзэхүй төр билүү

Харгучуг хунтайж дүү юүгээн үхсэнийг сонсов уу

Хаан ах нь хар нохой болов уу[1]

хэмээн хэлээд буцаасанд, Элбэг хаан уурлаж, дүүгийнхээ замыг тосч алаад, бэрээ булаан авч хүчирхийлэн хатнаа болгожээ. Энэ явдал болоход Өлзийт гоо хунбэйж гурван сартай жирэмсэн[1] байжээ. Улмаар нөхрөө алуулж, нэр төрөө бузарлуулсан гэргий нь арга хэрэглэн Хуухай таюуг Хаанаар алуулж, Хааныг олон түмний өмнө нэр төргүй болгосноор ойрадын Үгэчи хашха,Хуухай таюугийн хүү Батула чинсан хоёр ёсгүй хааныг хороохоор цэрэглэн довтолж, 1399 онд Элбэг хааныг алж, ойрадын ноёд монголын төрөөс тусгаарлан салсан хэрэг болжээ. Эрдэнийн товчд бичснээр Элбэг хааныг егүүтгэсэн явдал нь Харгучуг дүүрэн хунтайжийг алснаас 4 сарын дараа болжээ.[5] 1400 оны луу жилд[5] Өлзийт гоо хунбэйж хатнаас нэгэн хүү төрснийг Ажай тайж гэж нэрлэв.

Тэрээр 1390-ээд оны монголын түүхэнд зурвасхан дурсагдаад өнгөрдөг ч, түүнтэй холбоотой хэрэг явдал нь бүтэн зуун жил үргэлжлэх дотоодын хямралын эхлэл болсон.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.