From Wikipedia, the free encyclopedia
Суэцийн суваг (Арабаар قناة السويس,) нь Египет улсын нутагт, Синайн хойгт орших, Газар дундын тэнгисийн Саид боомт, Улаан тэнгисийн Суэц хотыг холбосон томоохон хиймэл суваг юм. 163 км урттай, хамгийн нарийн хэсэгтээ 300 метр өргөн, жилд 24000 хүртэлэх усан онгоц өнгөрүүлэх хүчин чадалтай суваг. Суэцийн суваг 1869 оны 11-р сарын 17-нд нээгдсэн юм. Үүнээс хойш, Африк тивийг тойролгүйгээр, Европ болон Ази тивийг холбосон хоёр чиглэлийн усан тээвэр хийгдэх боломжтой болсон байна. Африк тивийг тойрч гарахад 8900 км зайтай аж.
2009 оны мэдээллээр дэлхийн далайн тээврийн 10 орчим хувь нь энэ сувгаар дамжин өнгөрдөг. Сувгаар усан онгоц 14 цаг орчим хугацаагаар өнгөрдөг байна. Өдөрт дунджаар 48 хөлөг онгоц энэ сувгаар дамжин өнгөрдөг ажээ.
Нил мөрнийг Улаан тэнгистэй холбосон "Фараоны" гэгдэх сувгийг МЭӨ 2-р мянганы үед ухаж тавьсан байдаг. Арван хоёрдугаар гүрний үед Фараон III Сенусрет (МЭӨ 1888-1878) тавьсан байж магадгүй гэдэг. Энэ суваг баруунаас зүүн тийш, Вади Тумилатаар дамждаг бөгөөд Пунттай саадгүй худалдаа хийдэг байв. Аристотель Сеострисийг уг сувгийн анх барьсан гэж үздэг. Хожим нь сувгийг үргэлжлүүлэн барих, сэргээн засварлах ажлыг Египетийн хүчирхэг фараонууд болох II Рамсес ба II Нечо нар гүйцэтгэсэн гэдэг. Энэ сувгийг МЭӨ 500 онд Египетийг байлдан дагуулагч Персийн I Дари хаан барьж дуусгасан байна.
МЭӨ 3-р зуунд уг сувгийг Птолемей II Филадельф (285-247) усан онгоцоор зорчих боломжтой болгосон.
Ромын Эзэн хаан Траян (98-117) сувгийг гүнзгийрүүлж, усан онгоцоор явах чадварыг нэмэгдүүлсэн. Энэ суваг нь тэр үед "Траяны гол" гэж нэрлэгддэг байсан боловч дараа нь дахин орхигдож хаягдсан байна.
642 онд Арабууд Египетийг эзлэн авсны дараа сувгийг сэргээн засварласан юм. Гэсэн хэдий ч 776 онд Халиф Мансурын зарлигаар худалдааны замыг Халифатын төвөөс холдуулахгүйн тулд сувгийг булжээ.
1569 онд Османы эзэнт гүрний агуу сайд Мехмед Соколлу-гийн тушаалаар сувгийг сэргээх төлөвлөгөө боловсруулсан боловч хэрэгжээгүй.
1000 орчим жилийн дараа сувгийг сэргээх дараагийн оролдлого эхэлсэн байна. 1798 онд Наполеон Бонапарт Египетэд байхдаа Газар дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон суваг барих боломжийг дахин авч үзсэн. Тэрээр урьдчилсан судалгааг инженер Лепер тэргүүтэй тусгай комисст даатгажээ. Улаан тэнгисийн усны түвшин Газар дундын тэнгисийн усны түвшнээс 9,9 м өндөр байгаа нь дундаа цоожгүй суваг барих боломжгүй гэсэн буруу дүгнэлт комисс хийсэн ажээ. 1841 онд Английн офицерууд хоолой дээр судалгаа явуулж, хоёр тэнгисийн усны түвшний талаархи Леперийн тооцоо буруу болохыг нотолсон байна.
Австрийн барилгын инженер Алоис Негрелли (герман. Alois Negrelli von Moldelbe) бие даасан өөрийн шинэ судалгаан дээр үндэслэн төсөл боловсруулжээ: суваг нь хоёр тэнгисийг шууд холбосон "Босфор" болох ёстой байсан бөгөөд энэ нь хамгийн том хөлөг онгоцыг нэвтрүүлэхэд хангалттай гүнтэй байв. Францын дипломат, ажил хэрэгч хүн Фердинанд де Лессепс (франц. Ferdinand Marie vicomte de Lesseps, 1805—1894) ерөнхийд нь Негреллийн төслийг хүлээн зөвшөөрч дэмжсэн юм. Фердинанд де Лессепс 1830-аад оны үед Францын дипломатч байхдаа танилцсан Египетийн Паша Мухаммед Саид-аас 1855 хөнгөлөлт буюу концесс авч чаджээ. Мухамемед Саид-Паша бүх улс орны усан онгоцнуудад нээлттэй далайн суваг барих зорилгоор компани байгуулахыг зөвшөөрөв. Сувгийн барилгын зургийн төслийг Луи Линант де Бельфонд даатгажээ. Мөн 1855 онд Ф.Лессепс Туркийн Султанаас зөвшөөрөл авсан боловч сүүлд 1859 онд л Парист "Суэцийн компани" байгуулж сувгийн барилгын ажил эхэлсэн байна. Египетийн засгийн газар нийт хувьцааны 44%, Франц 53%, бусад улс 3% -ийг авсан байна. Концессын нөхцлийн дагуу хувьцаа эзэмшигчид ашгийн 74%, Египет 15%, компанийг үүсгэн байгуулагчид 10% авах эрхтэй байжээ.
Палмерстон тэргүүтэй Английн засгийн газар Суэцийн суваг нь Энэтхэг дэх Английн ноёрхлыг сулруулж, алдах болно гэж эмээж, энэ үйл ажиллагаанд бүх төрлийн саад тотгор учруулсан боловч Ф.Лессепсийн эрч хүч болон III Наполеон, Саид Паша болон түүний үе залгамжлагч Исмаил Паша нар дэмжиж байсан тул буулт хийхээс өөр аргагүй болжээ.
Лессепсийн анхны төслөөр тогтоосон 200 сая франк удалгүй дуусч, ялангуяа Саид, Исмаил нарын удирдлага хээл хахууль их авч, Европт өргөн тархсан сурталчилгааны зардал, Лессепсийн өөрийгөө болон бусад компанийн магнатуудын төлөөллийн зардлын улмаас асар их илүү зардал гарсан. 1872 он гэхэд сувгийн нийт өртөг 475 сая (1892 он гэхэд 576 сая) хүрэхийн тулд 166,666,500 франкийн шинэ бонд гаргах шаардлагатай байв. Лессепс ажлаа 6 жилд дуусгана гэж амласан хугацаанд суваг барих боломжгүй болжээ. Малтлагын ажлыг Египетийн ядуусын албадан хөдөлмөрөөр (эхний шатанд) хийсэн бөгөөд нийт ажил 11 жил үргэлжилсэн.
Суэцийн сувгийн нийт урт нь ойролцоогоор 173 км, үүнд Суэцийн хоолойгоор дамжин өнгөрөх сувгийн урт - 161 км, Газар дундын тэнгисийн ёроолын дагуух далайн суваг - 9.2 км, Суэцийн булангаар - 3 км орчим байв.
Суваг 1869 оны 11-р сарын 17-нд албан ёсоор усан онгоц явахаар нээгдэв. Суэцийн сувгийн нээлтэд Францын хатан хаан Еужэн (III Наполеоны эхнэр), Австри-Унгарын эзэн хаан Франц Иосиф I Унгарын засгийн газрын сайд-Ерөнхийлөгч Андраши, Голландын хунтайж Виллем гүнжийн хамт, мөн Пруссын угсаа залгамжлах хунтайж Фридрих нар оролцов. Египет урьд өмнө хэзээ ч ийм том баяр тэмдэглэж, Европын олон хүндтэй зочдыг хүлээж авч байсангүй. Энэхүү баяр долоо хоног, шөнө үргэлжилсэн бөгөөд хедив Исмаил 28 сая алтан франк зарцуулсан байна.
Энэ суваг дэлхийн худалдаанд үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн. Энэ суваг нь Африкийг цаашид колоничлоход мөн чухал үүрэг гүйцэтгэсэн. Гадаад өр нь Саид Пашаг орлож байсан Исмаил Пашаг 1875 онд суваг дахь хувиа Их Британид зарахад хүргэв.
Суэцийн сувгийн ерөнхий компани үндсэндээ Англи-Францын аж ахуйн нэгж болж, Египет сувгийн менежмент болон ашгийн аль алинаас хувь хүртэхээ больжээ. Англи улс сувгийн жинхэнэ эзэн суусан байна. 1882 онд Египетийг эзэлсний дараа энэ байр сууриа улам бүр бэхжүүлсэн юм. Египетийн төлөөлөгчдийг сүүлд 1937 онд Суэцийн сувгийн компанийн захиргааны зөвлөлд оруулсан байна.
Дэлхийн 1 болон 2-р дайны үед суваг дээрх тээвэрлэлтийг Их Британи удирдан зохицуулдаг байсан.
1956 оны 7-р сарын 26-нд Египетийн ерөнхийлөгч Гамаль Абдель Нассер тус сувгийг үндэсний болгожээ. Улмаар Британи, Франц, Израилийн цэргүүд довтолж, 1956 онд долоо хоног үргэлжилсэн Суэцийн дайн эхлэхэд хүргэсэн юм. Суваг хэсэгчлэн сүйрсэн бөгөөд египетчүүд түүнийг хааж, 47 өөр хөлөг онгоцыг живүүлснээр 1957 оны 4-р сарын 24 хүртэл НҮБ-ын тусламжтайгаар сувгийг цэвэрлэх хүртэл усан онгоцны тээврийг хаажээ. Синайн хойг болон Суэцийн сувгийн төвийг сахисан нутаг дэвсгэрийн статусыг хадгалахын тулд НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг авчирсан.
"1967 оны Зургаан өдрийн дайн"-ы дараа суваг дахин хаагдсан. 1973 онд болсон Араб-Израилийн дараагийн дайны үеэр Египетийн арми энэ сувгийг амжилттай авсан боловч ялагдаж буцаж зугтсан. Дайн дууссаны дараа 8 жил гаруй хаалттай байсан сувгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин минээс цэвэрлэжээ.
Суэцийн сувгийг тогтмол гүнзгийрүүлж ирсэн: анхны 7 метрээс 1956 онд 14 метр, 1962 онд 15.5 метр, 1980 онд 19.5 метр, 2010 онд 24 метр. Мөн сувгийг анхны 120-130 метрээс 300-365 метр хүргэж өргөтгөсөн юм.
Суэцийн суваг нь газрын тос олборлолт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг Египетийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг юм. Суэцийн сувгийн захиргааны газрын мэдээлснээр 2010 онд ашиглалтаас олсон орлого 4.5 тэрбум ам.долларт хүрч, 13 тэрбум ам.долларын орлого авчирсан аялал жуулчлалын дараа Египетийн хоёр дахь том орлогын эх үүсвэр болсон байна.
2009 оны мэдээллээр дэлхийн усан тээврийн 10 орчим хувь нь энэ сувгаар дамжин өнгөрдөг. Сувгаар дамжин өнгөрөх нь ойролцоогоор 14 цаг үргэлжилнэ. Өдөрт дунджаар 48 хөлөг онгоц энэ сувгаар дамжин өнгөрдөг ажээ.
Усан онгоцны хоёр талын хөдөлгөөнийг хангах үүднээс 2014 оны наймдугаар сард 72 км зэрэгцээ суваг барьж эхэлсэн. Тус сувгийн хоёрдугаар шатны туршилтын ажил 2015 оны 7-р сарын 25-нд эхэлсэн. Тус улсын арми бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон. Египетийн хүн ам мөн санхүүжилтэд оролцсон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.