From Wikipedia, the free encyclopedia
Курилийн арлууд (Орос: Кури́льские острова́) нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн 4 арал нь Японтой маргаантай байдаг.
Курилийн арлуудыг япончууд Чишима олтриг (千島列島) буюу Мянган арлын олтриг гэж нэрлэдэг. Куриль гэдэг нэр нь Айнү хэлний кур буюу хүн гэдэг үгнээс гаралтай. Ер нь Айнү үндэстний суурьшиж байсан арлуудыг ийнхүү ижил төстэйгээр нэрлэж байв. Жишээлбэл, Сахалиныг Куе буюу Куйи, Хоккайдог Кай гэж нэрлэдэг байсан.
Айнү хүмүүс бол арлын жинхэнэ уугуул оршин суугчид юм. Японы булаан эзлэлтийн үр дүнд тэд хүн амын цөөнх хэсэг болсон байна. Курилийн арлууд нь Эдо эрин үед Мацүмаэ овгийнхны удирдлагад 370 гаруй жил оршин байжээ. Токүгава шоогүний үед (1644 он) “Шоохо Онкүко Эзү” гэж газрын зураг дээр тэмдэглэгдэж байжээ.
Оросууд Курилийн арлууд руу 18-р зуунд анх хүрсэн. Тэд олон удаа судалгаа шинжилгээний баг явуулж байсан бөгөөд харин хэзээ ч Уруп арлын өмнөд хэсэгт очиж байгаагүй ажээ. 18-р зуунд Оросууд Итуруп арал дээр ирэхэд Токүгава шоогүний захиргаа эргийн хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргаж байжээ. 1811 онд Оросын ахмад Василий Головнины баг Кунаширт гидрографикийн судалгаа шинжилгээ хийх үедээ Намбү овгийнхонд баривчлагдаж, Мацүмаэ овгийн захирагч нарт хүргэгдсэн байна. Мөн Японы худалдаачин Такадаяа Кахэй Кунаширт худалдаа хийж байгаад Оросуудад баригдсан нь Япон-Оросын тал хил тогтоох хэлэлцээр хийх эхлэл болжээ.
1855 оны Шимодагийн гэрээгээр Орос, Японы хоорондох усан замын хил хязгаарыг Итуруп ба Уруп аралын хоорондуур тогтоосон байна. Уг гэрээгээр Сахалин нь хоёр улсын иргэд суурьшиж болохоор үлджээ. 1875 онд Санкт-Петербургийн гэрээ Оросын Хаант Улс, Японы эзэнт гүрэн хоёрын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээ ёсоор Япон Сахалиныг эзэмших эрхийг Курилийн арлуудын Уруп арлаас хойших хэсгийг Орос улс эзэмших эрхээр сольжээ. 1904 – 1905 оны Орос–Японы дайны үеэр Японы чөлөөнд гарсан цэргийн хүн болох Шүмшү өөрийн бүлэг хүмүүсийн хамт Камчаткын эрэгт халдсан байна. Орос улс өөрийн тусгай цэргийг илгээн тэдгээр бүлэг хүмүүсийг барьсан байна. Уг дайны үр дүнд Японы тал Оросын мэдлийн усанд загас агнуур хийх эрхтэй болсон нь 1945 он хүртэл хүчинтэй байв.
1918-1925 он хүртэл Япон улс нь Сибирийн интервенцийг явуулсан АНУ ба Европын зэвсэгт хүчинд багтаж байсан Японы арми өмнөд Камчаткад Курилийн арлуудын хойд хэсэг болон өмнөд Камчаткыг эзлэн, бүр Петропавловск-Камчатскийд цохилт өгч байсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон бууж өгснөөс 3 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг эзэлж авсан ба 17000 гаруй нутгийн иргэд дүрвэн гарсан байна. Эдгээр арал нь одоог хүртэл ОХУ-ын мэдэлд байна.
Өнөөдөр ойролцоогоор 16,800 хүн Курилийн арал дээр оршин сууж байна. Хүн амын тал хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой, ядуу амьдарч байгаа бөгөөд загас агнуур гол амжиргааны эх үүсвэр нь юм. Загас агнуураас гадна өнгөт металл, рашаан ус, төмрийн хүдэр олборлоно.
Япон нь хөрш улсуудтайгаа зөвхөн усаар хиллэдэг боловч энэхүү усан хилийн орчимд орших арлуудтай холбоотойгоор хөрш Орос, Хятад болон бусад улсуудтай газар нутгийн маргаантай байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.