From Wikipedia, the free encyclopedia
Куликовын тулалдаан (1380 оны 9 сарын 8) нь Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал (Б.Ринченгийн орчуулгаар "Тутгаалжин" шувууны тал) гэдэг уудам газар Алтан Ордын эзэн Мамай, Москвагийн вант улсын Донын Дмитрий нарын хооронд болжээ. Энэ тулалдаан болсон түүхэн нөхцөл нь Алтан ордны хаан ширээг эзлэн байсан Мамай нь өөрийн өрсөлдөгч Тогтамыш хааны эсрэг Литовын вангуудтай холбоо тогтоожээ. Мамай нь Тогтамыш хааны холбоотон болох Москвагийн ван Дмитрийг цохих зорилгоор Москва руу хөдөлсөн бөгөөд энэ дайнд Литовын вантай хамтран тулалдах бодолтой байжээ. Гэтэл Тогтамышын холбоотон Дмитрий өрсөн хөдөлж Маматай тулалдсан байна.
Куликовын тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
17-р зууны бүтээл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Оросын ханлигууд: Москвагийн вант улс |
Монголын эзэнт гүрэн Генуягийн явган цэрэг | ||||||
Удирдагчид | |||||||
Донын Дмитрий | Мамай | ||||||
Цэргийн хүч | |||||||
50,000-60,000 [2] ойролцоогоор 30,000[3] |
100,000[4] – 150,000[5] ойролцоогоор 30,000[3] | ||||||
Хохирол | |||||||
20,000 орчим | ихээхэн хохирол амссан |
Тулалдаан туйлын ширүүн болж, хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж, тулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Дмитрий ван Дон мөрний дэргэд Алтан Ордын цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдсан учир Донын Дмитрий гэж нэрээр алдаршжээ.
Энэхүү тулалдаан Алтан Ордын захиргаанаас Орос орныг чөлөөлж чадаагүй юм. Гэхдээ түүхэнд алдаршсан энэ тулалдаан монголын ноёрхлоос эх орноо чөлөөлж, Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах угтвар болж өгчээ. Мамай нь албан ёсны Алтан Ордын ханы удам байгаагүй бөгөөд Чингисийн удмын Ногай ханы ач гэдгээрээ Чингисийн удамд тооцогддог. Тэрээр оросын ванлигуудыг Алтан Ордод биш шууд өөрт нь татвар төлж байхыг шаардаж байсан. Иймээс ч Куликовын талд Донын Дмитрийтэй хийсэн тулаанд Алтан Ордын цэрэг Оросын голлох цохилтын хүч болсон байдаг юм.
Оросын ванлигуудын эзэн болох Алтан ордны улс нь тухайн үед хөх ба цагаан гэсэн хоёр ордод хуваагдаад байсан ба Тохтамыш нь хөх ордын хааны суудлыг өвлөж авсаны үр дүнд 1376 онд Доголон Төмөрийн туслалцаатайгаар цагаан ордыг өөртөө нэгтгэжээ. Тохтамыш нь Чингис хааны ач Орд ханы удам юм. Тохтамыш хаан ширээнд залрахын өмнөх хорин жилд хорь гаруй хүн хаан ширээнд залагдсан боловч тухай бүр ордны эргэлтээр амь үрэгджээ. Үүний нилээдийг нь Мамай зохион байгуулсан гэж үздэг байна. Сарайд төрийн эргэлт гарах бүр Оросын вангууд очиж тангараг өргөж Ордод үнэнч байхаа андгайлж аливаа зарга маргаанаа шийдүүлдэг байжээ. XIV дүгээр зууны жараад онд Орос дахь Москвагийн ванлиг болон Алтан ордны улс дахь ёс бусаар хаан ширээг булаан авсан Мамайн хүчирхэгжилт бараг нэгэн цаг үед болсон бөгөөд Алтан ордны улсад Мамайг хүчирхэгжин өндийхөд Оросын вангууд авилга шан харамж өгч ихээхэн тус болжээ. Тэд Мамайн өрсөлдөгч Тагайг 1365 онд, харин 1367 онд Болд Төмөрийг ялснаар түүний замыг нь засч өгсөн. 1376 онд Ижил мөрний зүүн эргээс Мамайд хүчин зүтгэхээр ирсэн Хөх ордын хаан Арапша нь Новосилийн ванлигийг хоослон цөлмөөд Ока мөрнийг гатлан ирсэн Москвагийн ванлигийн цэрэгтэй тулгарахаас зайлсхийсний эцэст 1377 онд Москва-Суздалийн ванлигийн хамтарсан цэргийг Пьяна гол дээр бут цохин Нижегород болон рязанийн ванлигийг хоосруулжээ. Харин дараа жил нь 1378 онд Мамай Москвагийн ванлигийн ван Дмитрийтэй шууд тулгаран эрэгчин эмэгчнээ үзэхээр шийдсэн авч түүний ноён Бегичийн цэрэг Вожа гол дээр салам ялагджээ. Мамай Рязанийн ванлигийг дараа нь хоослон цөлмөсөн боловч 1378-1380 онд ижил мөрний доод урсгал хавийн газар нутгийг Тохтамышд алдсан байна. 1380 оны 8 дугаар сарын 15-нд Коломно хотод Тохтамыш хааны оролцоотойгоор оросын ванлигуудын цэргийн цугларалт зарлагдсан байжээ. Зүүн хойд Оросын бүх газар нутгаас цэрэг ангиуд энэ газрыг зорин цувж байв. Суздаль, Тверь, Смоленскийн их ванлигуудын цэрэг ч иржээ.
Орос-монголын зэвсэгт мөргөлдөөн болсон шалтаг нь Мамайн зүгээс урьд нь Жанибекийн үед төлж байсан хэмжээнд хүргэн татвараа нэмэн төлөхийг шаардахад нь Дмитрий Ордын хууль ёсны хаан Тогтомышдд татвар төлж байсан тул түүнд мөн давхар төлөхөөс татгалзсан хариу өгсөн явдал байжээ. Үүнд Ордын хаан ширээний төлөөх тэмцэлд хүчтэй эсэргүүцэл нөлөө үзүүлж буй Мамайг зайлуулах гэсэн Тохтамыш хааны нөлөө маш их байсан. Оросуудын Ордод төлж байсан албан татварын нэг хэлбэр нь цэргийн алба байсан ба тэр л үүргээ биелүүлэх гэж Оросууд хуралдсан юм. Нөгөө талаас Мамай цор ганц эзэн хаан байхыг ихэд хүсэж байсан учир түүний замд саад болж байсан ганц хүн нь Тохтамыш байсан ба түүнийг алтан урагт үл тооцон гадуурхаж доромжилж байсны хариуг хатуухан өгөх бодолтой байсан. Тэрээр Оросуудын хүчийг ашиглаж энэ үйл ажиллагаагаа явуулах бодолтой байжээ. Мамай нь Литовын их ван Ягайлотой хүчээ нийлүүлэн Москватай тэмцэхийн тулд Ягайлотой Ока голын зүүн эрэгт 9 дүгээр сарын 14-нд нийлэхээр тооцоолсон байна. Энэ нь Дмитрий өмнө нь 1373 болон 1379 онуудад Ока голын хойд эрэгт хамгаалалтын байр эзлэн тус голыг гатлахаасаа болгоомжилно хэмээн үзсэнтэй холбоотой аж. Мамай Тохтамышын эсрэг тэмцэхийн тулд Италийн Генуэгийн худалдаачдын дэмжлэгийг авч тэд хариуд нь Орост чөлөөтэй худалдаа хийх эрх, мөн Крым орчмийн газар нутгийг нэхжээ. Үүнийг биелүүлэхийн тулд Москвагийн Дмитрий ванд Оросын Их вангийн суудлыг амлаж хамтран тэмцэх санал тавьжээ. Цагтаа Дмитрий Ван Мамай хоёр хамтран Рязанийн ван Олегийн эсрэг байлдаж явсан ажээ. Гэвч Дмитрий ван Ордоос ирэх хожмийн аюулаас болгоомжлон Мамайг дэмжихээс татгалзаж, Алтан ордын хууль ёсны эзэн хаан Тохтамышт үнэнчээ нотолж энэ саналаас нь татгалзжээ. Мамайн энэ саналыг Тохтамыш хаанд дуулгасан бөгөөд харин ч эсэргээр нь Мамайг ялсанг тохиолдолд эргүүлээд Дмитрийг Оросын их ван болгож болох юм гэсэн тохиролцоо хийсэн. Дмитрийд хоёр л гарц байлаа. Нэгдүгээрт Мамайтай эрэгчин эмэгчинээ үзэж ялан бүх Оросын ван болох, хоёрдугаарт ялагдсан тохиолдолд толгойгоо шонд өлгүүлэх. Тиймээс тэрээр дайтахаас ч өөр аргагүй болсон юм. Оросууд Мамайтай хэрхэн харьцах талаар үнэндээ нэгдсэн үзэл бодол байсангүй, харин Мамай үнэн алдартны шашинтны дайсан болох католикуудтай хамтран ажилладаг тул үнэн алдартны шашинт Оросууд түүнд дургүй байжээ. Ингээд мөргөлдөөн гарах нь гарцаагүй болов. Оросуудын эрх чөлөөний билэг дэмдэг болсон энэ тулалдаан нь тэр үеийн хаан ширээний төлөөх мөргөлдөөний нэгэн адил байсан бөгөөд "Доны" Дмитрийд Мамайг цохих үүргийг Тохтамыш хаан өгсөн юм. Түүнээс бус Оросууд өөрсдөө санаачлан боссон зүйл ч байхгүй тэгээд ийм их хүч гаргах тэнхэл Ордод байсан уу гэхээс Оросуудад байгаагүй юм. Ордын албат Оросууд өөрсдийн хууль ёсны эзэн хааныхаа төлөө буюу Чингисийн удмын хаан ширээ залгамжлагч Тохтамышын л төлөө тулалдсан билээ. Ордын албан татварын нэг нь цэргийн биеээр хаах алба байсан гэж дээр дурьдсан тэр л үүргээ биелүүлжээ. Мамайн холбоотон Ягойла ч 1380 оны 12-р сарын 8-нд болсон тулалдааны талбар луу хоцорч байлаа. Тэрээр хүчний харьцаа хаашаа эргэж хэн нь Ордын хаан хэвээр үлдэхийг ажиглаж байлаа.
Тулалдаан болсон Куликовын тал нь өнөөгийн ОХУ-ын Тула хотоос зүүн-өмнө 140 км зайтай Дон, Непрядва, Красивая Меча голуудын хооронд 10 орчим ам.км талбай эзлэх оршдог. Гэсэн хэдий ч өнөөх хэр нь тэнд эрэл хайгуулын ажлаас томоохон тулалдаан болсон ямар нэг шинж тэмдэг олдохгүй байгаа юм. Нийт 200.000 орчим Орос цэрэг оролцсон хэмээн оросын судлаачид үздэг. Маймаа хааны талаас мөн тооны цэрэг бас Генуягийн хөлсний 10.000 орчим явган цэргийг тооцох юм бол 400.000 орчим цэрэг хоёр талаас оролцжээ гэж дүгнэж болохоор байна. Томоохон хэмжээний булш бунхан төмөрлөгийн үлдэгдэл олдохгүй байгаа нь тулалдаан энд болсон гэхэд судлаачдын эргэлзээ төрүүлж байгаа юм. Оросын он дарааллын гар бичмэлд зааснаар Монастырщина тосгоны дэргэдээс ч, Куликовын талын өөр нутгаас ч цэргийн булш олдохгүй байгаа юм. Тэр Куликовын талд ийм их тооны цэрэг багтах боломжгүй нөгөө талаас тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн отоонд байсан Монгол жанжнаар удирдуулсан Дмитрий Боброкийн хороо хаана байрлаж багтаж байсан нь тодорхойгүй байгаа юм. Оросын цэргийн тооны талаар оросын түүхийн сурвалжуудад бичихдээ Москвагийн ванлигийн 100 мянган цэрэг, түүний холбоотнуудын 50-100 мянган цэрэг цугларсан хэмээжээ. Харин "Мамайгийн тулааны тэмдэглэл"-д 260 мянга эсвэл 303 мянга ч хэмээн дурдсан байдаг бол "Никоновын он дарааллын бичиг"-т (орос. Никоновская летопись) 400 мянга ч гэж дурдсан нь бий. Гэтэл нэлээд хожуу үеийн судлаачид Дмитрийн тугийн доор 50-620 мянган цэрэг л цугларсан байх боломжтойгоос шууд Москвагийн цэрэг нь зөвхөн 20-25 мянга байсан ч гэж үздэг аж. Харин Мамай хэдэн цэрэгтэй байсан бэ? Мамайгийн зөвлөх шадрууд нь түүнд ийнхүү зөвлөсөн гэсэн үг байдаг. "Чиний орд улс хоосорч, хүч чадал чинь суларлаа. Гэвч чамд арвин их баялаг байгаа тул Генуй хотынхон /италичууд/, черкес, ясууд болон бусад ард түмнүүдийг хөлслөе" хэмээж гэнэ. Мөн хөлсний цэргийн тоонд лалууд, буртасуудыг ч нэрлэсэн байдаг аж. Өөр нэгэн мэдээгээр бол Куликовын тал дахь Мамайн цэргийн цөмийг Генуй хотын хөлслөгдсөн явган цэрэг бүрдүүлж, харин морин цэрэг нь жигүүрүүдэд жагссан гэжээ. Бас Генуй хотоос хөлслөгдсөн цэргийн тоо 4000 мянга байсан бөгөөд тэд хөлсөндөө Судакаас Балаклава хүртэлх Крымийн эрэг нутгийг авсан гэдэг аж. Тэр цаг үеийн Алтан ордны улсын цэргийн тоо толгойн талаар 3 түмэн цэрэгтэй байсан / 1362 онд Хөх Усанд болсон тулаан болон Куликовын тулааныг Мамай нь толгод дээрээс 3 түмтийн ноёнтойгоо ажиглан харж байсан гэсэн мэдээ/, эсвэл 4 түм / 1340 онд Галиц руу хийсэн Узбекийн довтолгоон/, 5 түмэн / 1328 онд Тверийг эзлэн сөнөөсөн болон 1378 оны Вож гол дахь тулаан/ цэрэгтэй байсан гэсэн 14 дүгээр зууны үеийн мэдээ байдаг. Гэтэл Мамай нь улсынхаа зөвхөн баруун хагаст л ноёрхож байсан бөгөөд Вож гол болон Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан гэдэг. Харин 1385 онд Тохтамыш нь Тавриз руу довтлохын тулд Алтан ордны улсын бүх нутгаас ердөө л 90 мянган цэрэг хуралдуулж чадаж байсан гэх. Гэтэл дээр дурдсан "Мамайн тулааны тэмдэглэл"-д тэрбээр 800 мянган цэрэгтэй байсан гэсэн нь асар хэтрүүлсэн тоо гэдэг нь ойлгомжтой юм. Оросын түүхчид Оросын цэрэг 40-70.000[1] орчим Мамайн цэрэг 90-150[2] мянга орчим байсан хэмээн үздэг. Түүхч С.Карамзин Оросын армийн тоог 130-150 мянга хүрсэн гэж үздэг. Харин В.Татищев 60 мянга гэсэн тоог заадаг бол Оросын он дарааллын зарим бичгүүдэд цэргийн тоог нилээд хэтрүүлэгтэй гэж болохоор дурьджээ. Тухайлбал, Никоновын он дарааллын бичигт оросын цэргийн тоог 400 мянга, "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд" хэмээх түүхийн эх сурвалжид 253 мянга гэж тэмдэглэжээ. Гэхдээ оросын цэргийн тооны талаархи хамгийн үнэн магадтай тоог 70-100 мянга гэж судлаачид үздэг байна. Сүүлийн эх сурвалжаас үзвэл оросууд цэргээ толгойн анги, гол хүч, зүүн, баруун жигүүр, нөөц буюу отох гэсэн таван хэсэгт хуваажээ. Хоёр талаас нийтдээ 100.000 орчим цэрэг тулалдсан байх магадлалтай. Үүнээс олон тооны цэрэг гаргах боломж аль алинд нь байгаагүй юм. Тухайн үеийн Ордын цэрэг 60-80 мянгын хооронд хэлбэлзэж байсан гэж бодохоор үнэнд ойр билээ. Мамайн цэрэг 30.000 орчим түүн дээр Генуягийн хөлсний 4000 явган цэрэг, черкес, казах, армен зэрэг бусад үндэстний цэргүүд байсан байх боломжтой. Мамай бол Ордын хууль ёсны эзэн биш тэр төр үймүүлсэн этгээд байсан. Тиймдээ ч түүнд тийм ч их цэрэг байгаагүй хамгийн ихдээ түүнд 40.000 орчим л цэрэг байсан байх боломжтой. Оросуудын цэрэг нь түрэг татаар гаралтай цэрэг дээр нь Ордын хууль ёсны эзэн Тохтамыш хааны илгээсэн монгол цэргийн мянгатууд байсан юм. Тэгээд нийтдээ 45000 орчим байсан байх боломжтой. Тохтамыш хаан тулалдаанд өөрийн бүх цэргийн хүчийг явуулаагүй, учир нь ар хударгаар нь дайран довтолдог нүүдэлчдийн арга залийг мэддэг болохоор өөрийн гар дор лавтай 50-60.000 цэрэг бэлэн байлгаж харин Димтрийд тусламж болгон 15000 орчим цэрэг явуулсан нь тэдгээр нь отолтонд Дмитрий Боброкий болон Тохтамыш хааны жанжны хамтын удирдлага дор байж тулалдаанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь лавтай. Нүүдэлчид хэзээнээс нааш отолтыг чадварлаг гүйцэтгэж сурсан өөр хэн ч биш.
Куликовын тулалдааны эхлэл: 1380 оны 9 дүгээр сарын 7-ны орой оросууд цэргээ байлдааны журамд нь оруулж эмхэлсэн байна. Москвагийн вангуудын цэргээс зонхилон бүрдсэн гол хүч нь Москвагийн бояр Тимофей Вельяминовын удирдлага дор төв хэсэгт нь жагсчээ. Баруун жигүүрийг Литвын ван Ольгерд, зүүн жигүүрийг ван Василий Ярославич болон Феодор Моложский нар удирдсан бол толгойн сэргийлэх ангийг ван Симеон Оболенский, Иоанн Тарусский нар манлайлан тулалдаанд оржээ. Харин зүүн жигүүрийн цэргээс холгүй, Дон мөрний дээхнэ талын царсан ойд өнөөх нөөц цэргийн хүчин байрласан байв. Оросын цэрэг монголын зүүн жигүүрийг довтлохоор эртнээс зэхсэн бөгөөд тийм ч учраас хэрэгтэй үед гарч ирэх отооны цэргийг үлдээсэн нь тэр ажээ. 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Дмитрий ван бүх цэргээ тойрон үзлэг хийсэн бөгөөд дараагийн шөнө нь нөөц цэргийн захирагч Боброк Волынскийтэй цуг туршуулд явж татар-монголын болон өөрийнхөө армийн байршлыг тодорхойлон тэмдэглэж авсан байна. Ерөнхий удирдлагыг Тохтамыш хааны заавараар ирсэн хааны түшмэл зааварлаж байсан юм. Тулалдаан эхлэхийн өмнө Татарын Мамайн талаас Кочубей гэх татар-монгол баатар, Оросын талаас Пересвет (Пересвета с Челубеем) гэх хар лам-баатар ирүүлд гарч тулалдааны өмнө байлдаж хоёулаа бие биенээ морины хурдаар бамбайгаа нэвт жадлалцаж үхсэн байна. Уг халз тулааны талаар "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд"- ээс өөр ямар ч түүхийн эх сурвалжид дурьдаагүй байдаг бөгөөд хоёр баатар халз тулалдаад хоёулаа үхсэн гэсэн домог байдаг. Тулалдаан явагдсан 9 дүгээр сарьга 8-ны өглөө битүү манантай байсан бөгөөд 11 цагийн орчим манан арилж, тэнгэр цэлмэж эхэлмэгц оросын цэрэг хөндийн тэг дунд байрлах толгодоос давшиж эхэлсэн бөгөөд мөн энэ үед дундаа явган цэрэгтэй, хоёр жигүүртээ морин цэрэг бүхий Мамайн цэрэг шуурхайлан давшиж эхэлжээ. Тэдний цэргийн байлдааны журам нь эмх цэгцтэй, нягт бөгөөд хөдөлгөөнтэй, маневрлах чадвараараа оросын армид багагүй төвөг удсан байна. Мамайн цэргийг ойртон ирсний дараа энэ үе хүртэл толгойн сэргийлэхийн эгнээнд явсан Дмитрий ван уг ангиа орхин, их вангийн тугийн дор үлдэж байлдахаар болсон Михаил Андреевич Бренктэй морь, хувцсаа солиод гол хүч рүүгээ буцсан байна. Тэрээр цэргээ гардан зохион байгуулж, жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсон бөгөөд нэр нь үл мэдэгдэх нэгэн жанжинд удирдлагаа хэлбэрийн төдий шилжүүлэв. Их ван Дмитрий ийнхүү жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсоныг тайлбарлах нэг шалтгаан байдаг нь тулалдааны явцад тушаалгүйгээр ухрагсадыг шууд цаазлаж, дэг журмыг сахиулах явдал байсан гэж үздэг. Түүнчлэн их ван цэргүүдийнхээ өмно жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцож, тэдний дайснаа дарах итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал байжээ. Түүний цаашид амьд явах эсэх нь энэ тулалдаанаас харагдах байсан юм. Дмитрий вангийн цэрэг тулалдааныг эхлүүлжээ. Мамайн хөнгөн морин цэрэг оросын цэрэг рүү уулгалан дайрч хариуд нь оросын явган цэрэг сөрөг дайралтад ороход татар-монголын нум сумчид суман мөндрөөр угтав. Мамайн цэрэг Куликовын талын дагуу давшилтад орж оросын цэргийн харуулын хороог тэргүүний хороод хүртэл нь ухрааж энэ үед Мамай нөөцийн морин цэргээ тулалдаанд оруулсан нь оросын цэргийн зүүн жигүүрийг сэтэлж, Дон мөрөн болон байлдаж байгаа оросын цэргийн ар талд гарснаар тэдний баруун жигүүрээс бусад хэсэг нь ухарлаа. Ихээхэн хүч гаргасны эцэст оросууд татар-монголчуудын довтолгоог тогтоож, фронт болон жигүүрээс хориглон байлдаж эхлэв. Мамайн цэрэг тулалдаанаа үргэлжлүүлж, толгойн сэргийлэх ангийг нийтэд нь шахсаар гол хүч рүү цөмрөн оров. Энд нилээн удаан, сунжирсан тулалдаан болжээ. Нүдээр үзсэн гэрчүүд болон он дарааллын бичээчдийн тэмдэглэснээр Мамайн морин цэргүүдтэй орос-ордын манлай ангийнхан давчуухан зайд аймшиггүигээр зууралдан тулалдсан богөөд морьд хүний хүүрэн дээгүүр явж чадахгүй болж, цэвэрхэн, сул газар гэж үгүй болжээ. Оросууд хэд хэдэн удаа байлдааны эмх цэгцээ алдахын даваан дээр Владимирийн болон Суздалийн цэргүүдийн сахилга бат, хатуужлын ачаар дайсныхаа довтолгоог няцааж байв.
Оросын зүүн жигүүрийн цэрэг нилээд цохигдож, Непрядва гол хүртэл татар-монголчуудад шахагдаж эхлэхэд боломжтой цагийг хүлээн байсан жанжин Боброк Волынский болон Монгол жанждын отооны цэргээ тулалдаанд оруулах тушаал өгчээ. Нөөц хүчний энэхүү морин цэргүүд Мамайн цэргийн гол хүчинд ар талаас нь гэнэтийн, хүчтэй цохилт өгснөөр оросын армийн баруун жигүүр болон гол хүч давшилтад орж, ширүүн тулалдаан болжээ. Мамайн цэргүүд эмх цэгцээ алдаж, ухарснаар тулалдааны явцад үндсэн эргэлт гарав. Тулалдааны явцыг ажиглаж байсан Мамай багахан хүчээ аван ухарсан бөгөөд хүчээ дахин эмхэлж, тулалдааныг үргэлжлүүлэх гэсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Орд-Оросын нөөц хүчний цэрэг татаруудыг Красивая Меча гол хүртэл 50 мод газар нэхэн тулалдаж, оросын түүхчдийн бахархан бичсэнээр тэднээс "тоймгүй олныг" хядан устгажээ. Тулалдаан өндөрлөхөд Мамай бараг бүх цэргээ алдаж, оросын армиас дөнгөж 4 мянга хүрэхтэй үгүйтэй хүн үлдсэн байна. Маш олон хүн шархадсаны дотор, их ван Дмитрий өөрөө хүнд шархдаж, тулалдааны талбараас ухаангүй байдалтай олдсон гэдэг. Литовын ван Ягайло Куликовын талд 30-40 километр ойртож ирсэн ч Мамайн цэрэг ялагдсаныг дуулаад эргэн нутаг буцжээ.
Энэхүү тулалдааны дараа дахин хүчээ зузаатгаж эргэн тулалдахаар шийдсэн Мамайг нутаг буцаж очсон хойно нь хаан Тохтамыш түүн рүү цэрэглэн довтолжээ. Тулалдаан эхлэхийн өмнө Мамайн цэргүүд Тохтамышд бууж өгсөн ба гэхдээ өөрсдийн удирдагч Мамайгаас урван дайсанд нь барьж өгөлгүй (Монголын нууц товчоонд ч ийм түүх гардаг. Монгол цэргүүд удирдагчаа дайсанд нь барьж өгдөггүй уламжлалтай) түүнийг зугтаалгасан байна. Крым руу зугтсан Мамай тэнд өөрийн холбоотон Генуэчүүдэд алагджээ. Мамайн хүү Мансур Литов руу зугтсан ба түүний удмынхан нэртэй язгууртнууд болсон бөгөөд ван хэргэмээр шагнагдсан Глинский вангийн гүнж Елена Москвагийн Их ван Василий III-тай гэрлэж нэгэн хүү төрүүлсэн нь оросын анхны хаан бөгөөд түүхэнд догшин Иван гэж нэрлэгдсэн хаан билээ. Москвагийн ван Киевийн үнэн алдартны шашны тэргүүнийг урьсаныг Суздалийнхан Москва Литовчуудын хуйвалдаан болж буй мэтээр мэдээлжээ. Үнэндээ бол оросын вангуудын зөрчилдөөн гүнзгийрч Алтан ордын хаанд ая тал засан нэр хүнд олж авах гэж нэгийгээ матсан хэрэг байжээ. Тэр үеийн Алтан ордын хааны зөвшөөрсөн ван л Оросын их вангаар томилогддог байжээ. Үүнд дургүйцсэн Тохтамыш Москваг сургаж өгөхөөр хөдөллөө. 1382 оны 8-р сарын 12-нд татаарын цэргүүд Москвад ойртон ирэхэд Тохтамышын сургаар Москвагийн ван яаралтай хотоо орхин явав. Уг нь Москвагийн ван Оросын бусад вангуудаас тусламж хүссэн боловч түүний төлөө монголчуудтай байлдах зоригтон олдсонгүй. Энэ нь ч үнэндээ Дмитрий Тохтамыш хоёрын зэрэг чансааг харуулж буй баримт бөгөөд эзэн хаандаа тэрслэгчийг дэмжих Орос ван байсангүй. Тохтамыш нэгэнт эзэн нь орхин явсан хотыг бүслэн хаагаад харин гадагшаа гарч явагсдад саад хийсэнгүй. Москвагийн вангаас ял асуухаар ирсэн болохоос ард иргэд нь бол гэмгүй, угаасаа өөрсдийн нь харьяаны албат иргэд болохоор алж хядаад байх шаардлагагүй гэж нийгүүлсэнгүйгээр үздэг байсан юм. Хотод архидан зугаалж байсан Москвачууд татаартай найрамдахаар шийдэж хотын хэрэмний хаалгаа онгойлгохдоо найдвартай хамгаалалт тавихаа мартжээ. Ингээд тэд хотод нэвтрэн орж Москваг эзлэн авч тоножээ. Дмитрийгийн орыг залгамжлахаар Тверийн ван Михайл Александрович санаархсан боловч Тохтамыш хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд Дмитрий ичгүүртэйгээр өөрийн хүү Василийг Тохтамышт явуулснаар түүний Их вангийн эрхийг сэргээн, Василий нь Тохтамышийн дэргэд барьцаанд байх болжээ. Үнэндээ бол Москвагийн ван Дмитрий Ивановичийн суу алдар, түүний Донский гэдэг цол нь энэхүү тулалдаанаас бүр хожим 16-17-р зуунд л гарч иржээ. Тухайн үеийн түүхэн бичигт энэ тулааны тухай нэг их бичдэггүй байжээ. Бүх оросын анхны ван Иван III-т улсыг нэгтгэн зангидах нэр хүнд хэрэгтэй болжээ. Үүнийгээ ч оллоо. 1480 онд Их ван татаруудтай эцсийн тооцоо бодохоор хөдлөхийн өмнө Ростовын Их ламтан Вассиан „өвөг эцэг Дмитрийгийн алдрын замаар ... гайтай „чонон Мамайн" эсрэг хэмээн бичжээ. Чухам энэ үеэс Мамайн тулалдааны тухай домог үүсчээ. Тэр үеийн оросын оршин суугчдын тоо, тулалдаан болсон газар нутгийг харьцуулж үзэхэд хэдэн зуун мянган цэрэг гаргах ч боломжгүй, гаргалаа гэхэд тэнд байлдах талбай ч байхгүй ажээ. Ер нь тэнд гучаад мянган цэрэг л хоёр талаас байлдсан гэж таамагладаг. Яг үнэндээ нөгөө алдарт отоонд байсан хороо хаана байрлаж байсныг одоо ч тогтоож чадаагүй л байгаа гэнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.