Гомбожавын Занданшатар (1970 оны 3 сарын 8-нд төрсөн. Баацагаан сум, Баянхонгор аймаг) нь Монгол улсын улс төрч, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын дарга. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод буй. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Quick Facts УИХ-ын дарга, Өмнөх ...
Close
- 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
- 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
- АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач
• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал
• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч
• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал
• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд
• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум, 1923 оноос Баянхонгор хайрхан уулын хошуу, 1931-1957 онд Баянхонгор сум) нутаг Уутын голоор нутагтай Дүгэржав хэмээх язгуурын тайж хүн байжээ. Түүний хүү Сумгарьд тайж нь Дүгэржавын ганц хүү бөгөөд Норов хэмээх хүүтэй байжээ.
Тэрхүү Норов тайжийн хүү Дамдинжавын Гомбожав нь Г.Занданшатарын аав юм. Д.Гомбожавыг 3 настай байхад эцэг Норов тайж нас барснаар, ойрын төрөл Ундарын Дамдинжав хэмээх хүнд үрчлэгдсэн байна.
Д.Гомбожав 1933 онд төрсөн бөгөөд сумандаа адуучнаар ажиллаж байгаад 1953 онд цэргийн албанд татагджээ. Тэрбээр бага залуудаа ухаан сэргэлэн, хөдөлмөрч, адуунд эртэй, морь уургалах, эмнэг булгиулах, хурдан морь таних, уях эрдмийг төгс эзэмшсэн хүн байсан гэдэг. Цэргийн албаа хааж ирээд 1956 оноос Галуут сумандаа багийн тоо бүртгэгч, “Галуут” нэгдлийн ня-бо, баг, бригадын дарга, 1962 оноос “Коммунизмын төлөө” нэгдлийн орлогч дарга зэрэг албыг хашиж байгаад 1965-1967 онд Удирдах ажилтны 2 жилийн дээд курс дүүргээд ирэхэд нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд Сум-нэгдлийн даргаар томилсон байна.
Тэрбээр энд ажиллах хугацаандаа тус сумын “Чойбалсангийн зам” нэгдлийг улсын тэргүүний нэгдлийн хэмжээнд хүргэсэн юм. Д.Гомбожав 1972-1976 онд тухайн үеийн Намын дээд сургуульд суралцан дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сум-нэгдлийн даргаар томилогдож, 1982 он хүртэл ажиллахдаа тус сум, нэгдлийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, олон шинэ санаачилга гарган, амжилттай хэрэгжүүлснээр аймаг, улсын тэргүүлэх хамт олон болгосон байна.
1982 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр түүнийг Атрын II аянаар байгуулагдсан, Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн даргаар томилжээ. Тэрбээр шинэ тутам аж ахуйг богино хугацаанд хөл дээр нь босгон, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт зорилтуудыг амжилттай ханган биелүүлж, улсын хэмжээнд хамгийн их ургац хураасан САА-гаар удаа дараа шалгарч байв.
Д.Гомбожав МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX, XX их хурлуудад төлөөлөгчөөр, Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдсон, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүн юм.
Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Дамдинжавын Гомбожавт 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Г.Занданшатарын ээж О.Дашзэвэг нь Баянхонгор хайрхан уулын хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум) Уутын голоор нутагтай, Оросоо хэмээх хүний ууган охин болж, 1937 онд төржээ.
О.Дашзэвэг нь Баянхонгор аймгийн Галуут, Баацагаан, Өлзийт зэрэг сумын Хүн эмнэлэг, цэцэрлэгт ажиллаж байсан байна. Ардын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт дэг ёсыг сайн эзэмшсэн, буддын гүн ухааны мэдлэгтэй, Монгол ардын үлгэр, тууль сайн мэддэг, “Жангар” тууль, “Молом тойны намтар”, “Чойжид дагины тууж”, “Оюун түлхүүр” зэрэг сургаалын зохиолуудыг хүүхдүүддээ цээжээр хэлж өгдөг хүн байжээ.
Д.Гомбожав, О.Дашзэвэг нар 1958 онд ханилан сууж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсний 5 дахь нь Занданшатар юм.
Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хүн эмнэлэгт төржээ. Тухайн үед аав Д.Гомбожав нь тус суманд Сум-нэгдлийн даргаар ажиллаж байв. Занданшатар гэдэг нэрийг эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад өгсөн гэдэг.
Гэрийн эзэн Намын дээд сургуульд суралцах болсон тул тэднийх 1972 онд Улаанбаатарт нүүж иржээ. Эцэг Д.Гомбожав нь шатарт хорхойтой, Намын дээд сургуулийн Сум-нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглох нь олон тул Занданшатар хүү тэдний тоглохыг харсаар 4 настайдаа өөрөө шатар нүүж сурчээ.
Д.Гомбожав 1976 онд сургуулиа төгсөж, Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сум-нэгдлийн даргаар томилогдсон тул Г.Занданшатар 1977 онд тус сумын дунд сургуулийн 1-р ангид оржээ. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг, спортод идэвх сонирхолтой хүүхэд байжээ. Шүлэг уншдаг, бөхийн спортоор хичээллэдэг байсан байна. 1982 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургуульд шилжин суралцаж, 1987 онд Онц дүнтэй төгсчээ.
Г.Занданшатарын гэргийг Ганбаярын Отгонгэрэл гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1974 онд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Г.Занданшатарыг тухайн үеийн Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилж байхад нь танилцаж, 1992 онд гэр бүл болжээ.
Г.Отгонгэрэл санхүүч мэргэжилтэй. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бирмингэмийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэд хоёр хүү, хоёр охинтой.
1998 онд МАХН-д элсэж, 2004, 2008, 2016, 2020 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Парламентын гишүүнээр сонгогдсон 4 бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Гадаад харилцааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын даргаар ажилласан байна.
Г.Занданшатар банк, санхүү, татвар, хяналт шалгалт, зөвлөлдөх ардчилал, ард түмний Үндсэн хуулиар олгосон засаглах эрхийг хангах зэрэг чиглэлээр 30 гаруй томоохон хууль санаачлан батлуулжээ.
2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Түүнийг "шинэчлэгч" хэмээн тодорхойлж болно. Яагаад гэвэл түүний ажил, амьдралын зам мөр ямагт шинийг бүтээж, шинэ зам гаргаж, шинэ шан татаж явсан түүх байдаг.
Зах зээлийн онолын шинэ үрийг тарьж, үрслүүлэв
1992 онд 22 настай залуу ОХУ-д дээд сургуульд төгсөж ирээд, хуучнаар Худалдааны техникум буюу тухайн үед Зах зээлийн коллеж хэмээх шинэ нэртэй болоод байсан, өдгөөгийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажиллаж эхэлжээ.
Монгол Улс зах зээлийн цоо шинэ замыг дөнгөж сонгож, шинэ нийгэмд хөл тавьсан, учраа тэр бүр олохгүй явсан үед зах зээл гэж чухам юу болох, онол, арга зүй ямар байдгийг Монголд мэддэг хүн цөөн байв. Г.Занданшатар ийм цаг үед "Зах зээл"-ээр овоглосон сургуульдаа зах зээлийн эдийн засгийн сурах бичиг, гарын авлагуудыг орчуулан түгээж, өөрөө түүнийхээ заах арга зүйг боловсруулан, туршиж, нэг ёсондоо зах зээлийн онолын шинэ үрийг тарьж, үрслүүлсэн юм.
Тэрбээр энд ажиллах хугацаандаа “Чөлөөт сэтгэгчдийн клуб” байгуулж, нэр хүндтэй улстөрч, эдийн засагчдыг урьж лекц уншуулж байсан нь тухайн үедээ ихээхэн сонирхолтой, өгөөжтэй арга хэмжээ болж байв.
Банкийг сэргээн босгож, бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэв
1996 онд багшийн ажлаас банк санхүүгийн салбарт шилжиж, Монголбанк, Хөдөө аж ахуйн банкинд ажиллажээ. Арилжааны олон банк байгуулагдсан ч жижиг зах зээл дээр хүч тарамдаж, чөлөөт өрсөлдөөний зарчмаар хэрхэн ажиллах арга эвээ ололгүй эхнээсээ дампуурч эхлэв. Тэр амаргүй сорилт тухайн үедээ Монголын томоохон банкны нэг болоод байсан Хөдөө аж ахуйн банкийг ч тойрсонгүй. Хот, хөдөөд хамгийн олон салбартай энэ банк үйл ажиллагаа доголдсоны улмаас Монгол Улс төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрч, цалингаа хүлээсэн хүмүүс хэдэн сараар хүлээж, эцэст нь цалингийн оронд гурил, будаа авч байсан үе бий.
Дампуурлаас банкийг аврах үүрэг залуу санхүүч Г.Занданшатарт ногдсон юм. Тэрбээр тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төслийг хэрэгжүүлж, эрх хүлээн авагчаар ажиллаж, зорилгоо амжилттай биелүүлэн, одоогийн ХААН банк нэрийг өгч, дотроо эвийн хоёр загастай, дөрвөн дэлбээт, гүн ногоон өнгөт одоогийн таних тэмдгийг (лого) бүтээлцсэн юм. ХААН гэсэн нэр Хөдөө аж ахуйн гэсэн нэрийн товчлол мэт санагдаж байсан ч яваандаа Монголын хамгийн том банк болно, басхүү банкны харилцагч бол хаан гэсэн хос утгыг бэлгэдэж өгснөөр, өдгөө Монгол Улсад хамгийн олон салбартай, хүчирхэг банк болжээ.
Газар тариаланг аврах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэв
2003 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдон ажиллах үед нь Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, зогсонги байдалд ороод байв. Техникийн шинэчлэл зогсож, тариалангийн талбай зэрлэгтээ баригдан атаршиж, Монголд гурилын хомсдол үүссэний улмаас импортын гурил гол хэрэглээ болоод байв.
Тэр цагт "Монголд тариа тарих хэрэггүй. Хойно, өмнө, хажууханд тариалангийн аварга том улс орон байхад идэх гурилаа тэндээс авахад л болно" гэсэн үзэл баримтлал дэвшүүлж явсан төрийн түшээд ч бий. Ийм үед буруу бодлогыг үндсээр нь өөрчилж, хөдөө аж ахуйгаа, түүний дотор тариалангийн салбараа аврахын тулд "Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг"-ийг УИХ-аар батлуулж, улмаар Атрын III аяныг санаачлагчдын нэг болсон юм.
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг батлуулав
Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулан батлуулсан нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулах замаар аюулгүй байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах тулгуур баримт бичиг болсон юм. Монгол Улсын гадаад бодлого энэ баримт бичгийн үзэл баримтлал дор гурван арванд тууштай хөгжиж байна.
2011 онд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Түүнийг сайд байх үед Монгол Улсын Засгийн газар “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг баталсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг чиглүүлэхэд томоохон түлхэц болсон юм.
Мөн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг шинэчилж, гадаад харилцааны салбар, дипломат ажилтнуудын үйл ажиллагаанд ёс зүй, сахилга хариуцлагыг сахиулах шинэ жишиг тогтоосон юм.
МАСЗХ-г НАМЗХ болгоход оролцов
Тэрбээр 2005-2010 онд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус холбоог өөрчлөх, үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг нөхдийн хамт гүйцэтгэж зорилго, чиглэл, үйл ажиллагааны цоо шинэ эрэмбэтэй Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-г үүсгэн байгуулалцжээ.
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага түүхэн үе шат бүрдээ манлайллын үүргээ амжилттай гүйцэтгэж, шинэчлэл өөрчлөлтийн замаар өдгөө хүртэл замнахад тэр ийнхүү хувь нэмрээ оруулсан бөгөөд одоо ч залуустай хамгийн ойр дөт ажилладаг улстөрчдийн нэг билээ.
Хөгжлийн бодлогын суурийг тавив
2018 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах үедээ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” буюу төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг гардан боловсруулж, батлуулсан билээ.
Энэхүү хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн агуулга “Шинэ сэргэлтийн бодлого” урт хугацааны хөгжлийн бодлогын эх үндэс болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг Г.Занданшатар тэргүүлж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар тогтоолоороо баталсан билээ.
Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын даргаар парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлэн ажилласан анхны хүн юм. 2019 оны 2-р сард анх сонгогдсоноос хойших 5 жил шахмын хугацаанд ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал дор, УИХ-ыг орчин үеийн дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү шинэчлэлийн үзэл санаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг амилуулж хэрэгжүүлэх Эрх зүйн шинэчлэл, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг шинэ шатанд гаргах, Цахим шилжилт хийх, Хүний эрхийг дээдэлж, хууль бүхэнд хүний эрхийг амин сүнс болгон суулгах, шударга ёс, хуулийн засаглалыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй эрх зүйн шинэтгэл, иргэд, хүүхэд залууст парламентат ёсны талаарх боловсрол, мэдлэг олгох соён гэгээрүүлэх шинэ чиг үүргийн зорилтууд зэрэг өргөн хүрээг хамран өрнөж байна.
Эдгээрээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, парламентын хяналт шалгалтын чиг үүргийн шинэ тогтолцоо, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангах зөвлөлдөх ардчиллын зарчмыг нутагшуулах гэсэн 4 шинэчлэлийг онцолж болно.
Үндсэн хуулийн шинэчлэл
Хорь гаруй жил яригдаж, 3 парламент дамжин өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан ч шийдэлд хүрч чадаагүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг манлайлж, амжилттай хэрэгжүүлсэн Спикер бол Г.Занданшатар юм.
Монгол төрийн энэхүү томоохон үйл хэргийг УИХ 3 жилийн турш өрнүүлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх 2019 оны 6-р сард албан ёсоор өргөн баригдсанаас хойш УИХ 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зун ч завсарлаагүй.
Ард иргэдээрээ хэлэлцүүлж, Зөвлөлдөх санал асуулгыг Монголын түүхэнд анх удаа зохион байгуулж, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож, нийгмийн зөвшилцлийг хангаж чадсанаар 2019 оны 11-р сарын 14-ний өдөр батлагдсан юм.
Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн бөгөөд засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, хараат бус шударга шүүхийг төлөвшүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах; Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох; Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах; Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх; Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх; Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг тогтолцооны шинэчлэлийн шинэ зохицуулалтууд туссан юм.
Улмаар 2023 оны 5-р сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах бас нэгэн өөрчлөлтийг батлуулсан бөгөөд энэ өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, ард түмний сонголтыг аль болох бүрэн дүүрэн баталгаажуулах, шударга сонгуулийн зарчмыг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.
Үндсэн хуулийн шинэчлэлийн эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд ард түмний засаглах эрхийг хангах, төр цэгцэрч, засаглал тогтворжин, шударга ёс, эрүүл нийгэм төлөвших эрх зүйн үндсийг бэхжүүлсэн өөрчлөлт болсон гэж үздэг.
Парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж тусгасан.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргасан юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ зөвхөн Ерөнхий сайдыг сонгохоор болсон бөгөөд Засгийн газрын бусад гишүүдийг томилох эрхээсээ татгалзсан. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төслийн орлого, зарлагын дүнг нэмэгдүүлэхийг хориглож, Засгийн газрын эрх мэдэл энэ хэрээр нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлтийн дараа Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналтыг сайжруулах нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт тэнцлийг хангах бодлогын гол шийдэл болох ёстой байсан учраас энэ анхдагч хуулийг баталсан. Өмнө нь парламентын хяналт шалгалтыг ингэж нарийвчлан зохицуулсан бие даасан хууль байгаагүй юм.
Хууль батлагдан хэрэгжсэнээр парламент хяналт шалгалтын ажлаа урьдчилан төлөвлөдөг болж, хяналтын сонсголын төрөл, хэлбэрийг нарийвчлан зохицуулсан. Хуулиар хянан шалгах түр хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагааны журмыг дэлгэрэнгүй зохицуулж өгснөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах хороод байгуулагдан ажиллаж, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг УИХ-ын үйл ажиллагааны байнгын механизм болов.
Ингэснээр олон жил далд бугшсан асуудлууд ил болж, олон нийтийн анхаарал, хяналтад орсон. Тухайлбал, 2022 оны 4-р сард Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийснээр Хөгжлийн банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн, ямар зорилгоор авч, хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг хангажээ.
Энэ сонсголоор 432 зээл, 2542 төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлаар 600 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудаж сонссон юм.
Цахим шилжилт
УИХ-д цахим шилжилт хийх томоохон зорилго дэвшүүлж, D-parliament вэб, аппликэйшн хосолсон цахим системийг нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах, хууль хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсан. УИХ-ын цахим хуралдааны дэгийг холбогдох хуульд тусгаснаар УИХ-ын үйл ажиллагааны байнгын, тасралтгүй, тогтвортой байх зарчим бүрнээ хангагдсан юм. Тухайлбал, Ковид-19 цар тахлын үед УИХ цахим дэгийг хэрэгжүүлж ажилласнаар хуралдаан нэг ч өдөр тасалдаагүй бөгөөд Олон Улсын Парламентын Холбооноос Монгол Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнуудын парламентад жишиг болохуйц үйл ажиллагаа явуулсан хэмээн сайшаасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.1-д “Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно” хэмээн тусгасан юм. Энэ хүрээнд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000, хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэхээр тусгаж, иргэдийн саналыг авах нийтийн өргөдлийн “D-өргөдөл” системийг нэвтрүүлэн, амжилттай ашиглаж эхэлжээ.
Зөвлөлдөх санал асуулга
Г.Занданшатар АНУ-ын дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирэхдээ 2 шинэ бодол, онол тээж ирсний нэг нь “Цэгцрэх хөдөлгөөн”, нөгөө нь “Зөвлөлдөх ардчилал” юм.
“Молекулын эмх замбараагүй хөдөлгөөн нэг шугаманд цэгцэрч, цэгцтэй хөдөлгөөнд орохоороо энерги болж хувирдаг. Үүнийг физикийн ухаанд энтропи буюу цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил хүний нийгэм цэгцэрсэн цагт хөгжил ирдэг. Тиймээс Монгол Улсаа цэгцэлье гэвэл төрөө цэгцлэхээс эхлэх хэрэгтэй” гэж тэр ярьж, ном бүтээл болгон хэвлүүлж, төрд цэгцрэх хөдөлгөөн эхлүүлэхээр чармайсны бодит жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “ард түмэн засаглах” эрхийг хуульчилсан. Энэ эрхийг хангах нэг хэрэгсэл нь “Зөвлөлдөх ардчилал” юм. Үүнийг төр, засгийн бүх шатны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа ард түмэнтэйгээ заавал зөвлөлдөж, зөвшилцдөг байх хэрэгтэй хэмээн товчхон томьёолж болно. Нийт ард иргэд, нийгмийн бүхий л бүлгийг төлөөлж чадахуйц цөөнх нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чаддаг нь онол, практикаар батлагдсан зүйл.
Тиймээс Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар, 2023 онд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой "Зөвлөлдөж шийдье" Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан юм.
Хоёр удаагийн Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлсөн 700-800 хүн эх орны өнцөг булан бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдон ирж, төрийн хэргийг хэлэлцэн, гаргасан санал, дүгнэлтийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтүүд болон бусад шийдвэрүүд гарсан билээ.
Цол, шагнал
- “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
- “Алтан гадас” одон. (2005 он)
- Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол. (2011 он)
- Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
- ОХУ-ын Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол (2012 он)
- Сүхбаатарын одон (2022)
Хобби
Дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Шатар сугавчилчихаад хүн хүн дээр очиж “Тоглоё” хэмээн гуйж явдаг, аавыгаа шөнө орой ирсэн ч ялгаагүй тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлээд очсон газар бүртээ сайн шатарчин гэгддэг байв.
УИХ-д шатар сонирхогчид цөөнгүй. Тэрбээр гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнүүдэд цөөнгүй удаа I-III байр эзэлж байжээ.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн аварга эмэгтэй Антоанета Стефанова нараас гадна Монголынхоо их мастеруудтай тоглож байв. Хувьдаа шатрын баялаг цуглуулгатай. 1994 онд Энэтхэгт суралцаж байхдаа зандан модоор хийсэн шатар олж авч, их баярлаж байснаа дурссан нь бий. Шатар тоглохоос гадна усанд сэлэх дуртай. Хөлбөмбөгт хорхойтой. Испанийн “Реал Мадрид” багийг дэмждэг.
Сонирхолтой баримтууд
- Оюутан Г.Занданшатарыг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.Пушкиний шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжлээд уншиж өгч, ой сайтайгаараа гайхагдаж байжээ.
- Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний 6-г Австрали улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй аж.
- Украин Улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм.
- Долоогийн тоо түүний амьдралд учир холбогдолтой юм шиг харагдах нь бий. 1970 онд төрсөн, 1977 онд 7 настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн. 1987 онд 10-р ангиа дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн 7-р тойргоос дэвшиж ялалт байгуулж байсан.
Ном бүтээл
- “Гадаад худалдааны санхүүжилт” - 1995 он
- “Арилжааны банкны санхүүгийн менежмент” - 1995 он
- “Корпорацийн санхүү” гарын авлага - 1994 он
- “Мөнгөний үнэ цэнэ” гарын авлага - 1994 он
- “Хөдөө аж ахуйн шинэчлэлийн санхүүжилтийн механизм” - 2003 он
- “Хөдөө аж ахуйн банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө” - 2003 он
- "Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” - 2015 он
- “Зөвлөлдөх ардчилал-хөгжлийн гарц” - 2015 он
- Жэймс Фишкин. “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн хэлэлцүүлэг”. Орчуулга 2015 он
- “Нэг Монгол-Нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” - 2016 он
Стэнфордын их сургуульд
2013 оны 12 сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ.
Улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлж байна. Улмаар Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа юм.
"Улс төрд удаан хутгалдлаа, цаашдаа ямар нэгэн байдлаар вакуум орчинд орох нь гарцаагүй. Тиймээс Монголын нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс нэг ажиглаад судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд хэтэрхий удаан ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ялангуяа над шиг гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан хүмүүс хуримтлуулсан туршлагаа мэдлэгтэй хослуулах нь чухал гэдгийг мэдэрсэн". Стэнфордын их сургуулийн зочин судлаач Г.Занданшатар [1]
"Монгол Улсын Үндсэн хуульд... иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна". Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл [2]
“Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон, асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна”."Mongolian Economy" сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр [3]
Эшлэл
- Монголын хөгжилд Оюутолгой, Тавантолгой чухал. Гэхдээ монгол толгой бүүр чухал.
- Ардчилал гэдэг нь ардын засаг гэсэн үг. Ардын засаг гэдэг нь төрийн бүх эрх ард түмний мэдэлд гэсэн үг. [4]
- Зүү олохын тулд тэмтрэх хэрэгтэй. Зөвийг олохын тулд зөвлөлдөх хэрэгтэй.
- Хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал. [5]
- Улс төрийн нам улс орноо хөгжүүлэх уураг тархи нь байх учиртай.[6]
- Монгол нь Оросын төрт ёсны эх, Хятадын бүтээн байгуулалтын эцэг мөн.
- Монголын заншлын эрх зүйт төрт ёс нь дэлхийн хамгийн аугаа тогтолцоо байсан.
- Дарга төвтэй намаас гишүүд төвтэй нам руу, олон нийтийн намаас мөрийн хөтөлбөрийн нам болох нь намын шинэчлэлийн эх сурвалж.[7]