Андрей Андреевич Громыко (Оросоор Андре́й Андре́евич Громы́ко, 1909 оны 7 сарын 18-нд Оросын хаант улсын Гомель хотын орчмын "Старые Громыки" тосгонд төрсөн - 1989 оны 7 сарын 2-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлт Холбоот Улсын дипломат, улс төрч юм. 1943 оны Тегераны бага хурлын бэлтгэл болон 1945 оны Ялтын уулзалт бөгөөд Потсдамын уулзалтад төлөөлөгчөөр оролцсон хүн.
Тэрээр 1957—1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг 28 жил тасралтгүй хашсан. Өрнөдийн орнуудад "Ноён үгүй" /Mr. No/ гэдэг хочтой болсон хүн. Михаил Горбачёвын засаглалын үед Эдуард Шевардназед сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөөд, төрийн тэргүүнтэй дүйцэх ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын албан тушаал хашиж байв.
Андрей Громыко 1909 оны 7-р сарын 6-нд Оросын хаант улсын Гомель мужийн Старые Громыки тосгонд тариачны гэр бүлд төрсөн гэж албан баримтад бичиж байжээ.
13 настайгаасаа эхлэн Андрей эцгийнхээ хамт тосгоны ойролцоо ой модноос мод хийж голын дагуу урсгаж тээвэрлэдэг байжээ. Тэрээр нэг эгчтэй, гурван эрэгтэй дүүтэй байсан. Эгч нь багадаа нас барсан, хоёр эрэгтэй дүү нь зөвлөлтийн "Эх орны дайн"-ы фронтод нас барсан бөгөөд нөгөө нэг дүү нь сүүлд дайны шархаа даалгүй дайны дараа мөн нас барсан ажээ.
Тэрээр 7 жилийн дунд сургуулиа дүүргээд Гомель хотод Техник-мэргэжлийн сургуульд сураад Минск орчмын Староборисын хөдөө аж ахуйн техникумд сурсан байна. Энэ үеэр тосгоны Комсомолын буюу Коммунист залуучуудын Эвлэлийн байгууллагын нарийн бичгийн дарга байжээ.
1931 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намд элссэн байна. 1932 онд Минскийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг дүүргээд Шинжлэх Ухааны Академийн эдийн засгийн хүрээлэнд ажиллаж эхэлжээ. 1939 онд ЗХУ-ын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Ардын коммисиариат буюу Гадаад хэргийн яаманд орсон байна. Тус яаманд Америкийн хэлтэст тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, дарга.
1939 оны 10-р сард АНУ дахь Элчин сайдын яаманд ажиллахаар томилогдсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны ид үе буюу 1943 онд АНУ дахь Элчин сайдаар томилогдож, 1945 оны Ялтын уулзалт зэрэг олон улсын хурал чуулган, хэлэлцээрт оролцож, ялангуяа Америкийн Нэгдсэн Улстай харьцах харилцааг бэхжүүлэх бөгөөд хэвийн байлгахад ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
1946-1948 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж, олон удаа татгалзах эрхээ /Вето/ ашиглаж байсан тул "Ноён үгүй" (англи. Mr. "No" - Үгүй) хэмээх хочтой болжээ.
Хожим 1946-1949 онд Гадаад хэргийн яамны орлогч сайд, 1949-1952 онд Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд болоод 1952 оны 6-р сард Их Британи дахь Элчин сайдаар томилогдон ажилласан. 1953 онд И.Сталиныг нас барсаны дараа 4-р сард ирээд 1957 он хүртэл ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллсан байна. Энэ үед В.Молотов түүнийг их дэмжиж албан тушаал ахихад нь тусалсан гэдэг.
Никита Хрущёвын засаглалын үед 1957 онд Зөвлөлт Холбоот Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Ийнхүү 1985 он хүртэл, Хүйтэн дайны турш ЗХУ-ын гадаад харилцааг төлөөлж байсан.
1956 онд ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн, 1973 оны 4 сард ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн болсон байна.
Леонид Брежневийн засаглалын сүүлийн жилүүдэд тэрээр маш их нэр нөлөөтэй болж, 1983 оноос Сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч даргын албыг хавсарч байв.
1988 оны намар ЗХУКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүний албыг орхиж, 1989 оны 4 сард Намын Төв хорооны гишүүн байхаа болиод, мөн оны 7-р сарын 2-нд 79 насандаа нас баржээ.
1931 онд эхнэр Лидия Дмитриевна Гриневичтай танилцан гэрлэж, 1932 онд хүү Анатолий, 1937 онд охин Эмилия төржээ.
Өмнөх Дмитрий Шепилов |
ЗХУ-ын Гадаад хэргийн сайд 1957 – 1985 |
Дараах Эдуард Шевардназе |
Өмнөх Константин Черненко |
ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга 1985 - 1988 |
Дараах Михаил Горбачёв |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.