Халимаг ястан
From Wikipedia, the free encyclopedia
Халимаг (о.т. Халимагууд; халимагаар хальмг - [хальмъг], о.т. хальмгуд, хальмг улс; оросоор калмык, о.т. калмыки; англиар о.т. Kalmyk people, Kalmyks) — Монгол хэл-угсааны, Ойрадын бүлэгт багтдаг, ОХУ-ын харьяа болох монгол ард түмэн, 190 мянга орчим хүнтэй ястан.
- Энэ хуудас нь ард түмний тухай тухай өгүүлнэ. Бусад улс орны талаар, «Бүгд Найрамдах Халимаг Улс»-с харна уу.
Томоохон хүн амтай улсууд | |
---|---|
Хэлнүүд | |
төрөлх Монгол хэлний Ойрад аялганы халимаг салбар аялга | |
Шашин | |
дийлэнх нь Буддын шашин, тэр тусмаа Шарын шашны шүтлэгтэй | |
Холбоотой угсаатны бүлэг | |
бусад Монгол угсаатан, тэр дотроо Ойрад |
17-р зууны эхэнд Торгуудын Хо өрлөг Эрчисийг уруудан баруунш алслаж казах, татар зэрэг олон улс түмэнтэй байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн сууснаас эхлэсэн 9 хэсэг нүүдэл, 1771 оных гэх мэт Зүүнгар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийн хөвөөнд хоцорсон нь Халимаг болон үлджээ.[1] Монголчуудын нэгэн адил Шарын шашныг шүтдэг. Нүүдэлчин боловч аажмаар нилээд хэсэг нь хот сууринд амьдрах болжээ. Халимаг хэлний кирилл бичгийн дүрэм ЗХУ-ын үед зохиогдож 1942 оноос кирилл үсэг хэрэглэж эхэлжээ.
1631-ээс 1771 он хүртэл «Ижилийн Ойрадын улс» (Орос: Калмыцкое ханство) тусгаар тогтнож байсан хэдий ч 1771 оноос Оросын Хаант Улсын Астрахань мужийн харьяанд 9 улс болон хуваагдаж оржээ. Хожим 1920 онд ЗХУ, түүний ЗСБНХОУ-ын доор «Халимагийн автономит муж» байгуулагдаж, 1935 онд «Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Халимаг Улс» (1944 онд татан буугдаж, 1957 онд сэргээгдсэн) болсон ба ОХУ байгуулагдахад 1992 оноос Бүгд Найрамдах Халимаг Улс (Республика Калмыкия, Хальмг Таңһч) болжээ. Өдгөө энэхүү Халимаг орны хүн амын 57.4%-ыг 162,740 (Орос дахь бүх халимагийн 88.7%) Халимаг хүн бүрдүүлж байна.
Орос хэлний "калмыки" гэдэг оноосон нэр ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Ойрадыг хэлэх ерөнхий нэр болсноор алс хол ч гэсэндээ Киргиз улсад байгаа 4,188 Сарт халимагийг мөн л калмыки гэж бүртгэдэг хэвээрээ байна. Орост 2010 онд 80,546 хүн Халимаг хэлтэй болохоо мэдүүлсэн нь бүртгэгдсэн 183,372 Халимагийн 43.9%-тай тэнцэнэ.[2]