Николас Мадуро Морос (испани. Nicolás Maduro Moros [nikoˈlas maˈðuɾo ˈmoɾos]; 1962 оны 11-р сарын 23-нд Каракас хотод төрсөн) — Венесуэлийн төрийн болон улстөрийн зүтгэлтэн. 2013 оны 4-р сарын 19-нөөс Бүгд Найрамдах Венесуэл Улсын Ерөнхийлөгчөр ажиллаж байна.

Thumb
Николас Мадуро, 2022 он

2006-2013 онд Уго Чавесын Засгийн газарт Гадаад хэргийн сайд, 2012-2013 онд Венесуэлын дэд ерөнхийлөгч. 2013 оны 3-р сарын 5-наас 4-р сарын 19-нд Уго Чавесыг нас барсаны дараа Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байсан.

Намтар

Түүний эцэг, эцгийн талын өвөг эцэг хоёр Венесуэлд католик шашинд орсон Иберийн хойгийн Сефардим еврей хүмүүс байсан. Эх нь Венесуэлтэй хиллэдэг Колумбын Кукута хотоос гаралтай ажээ. Тэрээр автобусны жолоочоор ажиллаж байхдаа 1970-1980-аад онд Каракас хотын метроны ажилчдыг төлөөлж албан бус үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр улс төрийн замналаа эхлүүлсэн байна. 1980-аад онд тэрээр Авали лицей, Каракасын баруун талд орших улсын дунд сургуулийг төгссөн. Тав дахь Бүгд Найрамдах Улсын төлөөх хөдөлгөөнийг (испани: Movimiento V Quinta República, MVR) үүсгэн байгуулагчдын нэг байсан тэрээр 1998 онд Уго Чавесыг суллах болон түүний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Дараа нь Мадуро 1998 онд Бүгд найрамдах улсын тавдугаар хөдөлгөөнөөс Венесуэлийн Төлөөлөгчдийн танхимд, 1999 онд Үндсэн хуулийн Ассамблейд, 2000, 2005 онд Үндэсний ассамблейн гишүүнээр Венесуэлийн нийслэлийн тойргоос (испани: Distrito Capital) сонгогдож байжээ. Тэрээр дээд боловсролгүй (одоо ч байхгүй) байсан ч парламентын даргаар 2006 оны эхний хагас хүртэл хэвээр үлдсэн байна.

2006 оны 9-р сард Венесуэлийн Гадаад хэргийн сайд Николас Мадуро дипломат халдашгүй дархан эрхтэй байхад нь Нью-Йорк дахь Жон Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад саатуулсан юм. Энэ үеэр онгоцны 3 хүний тийзний төлбөрийг бэлнээр төлж суллагдсан бөгөөд энэ үйл явдлаас болж АНУ, Венесуэлийн хооронд дипломат мөргөлдөөн үүсгэсэн юм.

Тэрээр 2012 оны 5-р сарын 1-нд Уго Чавес гарын үсэг зурсан Венесуэлийн Хөдөлмөрийн шинэ хуулийг боловсруулсан комиссыг тэргүүлсэн.

2012 оны 12-р сарын 8-нд У.Чавесын эрүүл мэнд нь муудаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд Н.Мадуро дараагийн сонгууль хүртэл ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн. Чавес мөн сонгогчид Мадурог дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Мадуро өөрөө Уго Чавес нас барсныг зарлахдаа түүнийг "гадны дайснууд" хордуулсан гэж хэлээд сөрөг хүчнийхнийг "фашистууд" гэж нэрлэсэн. Чавес нас барсны дараа 30 хоногийн дотор Венесуэлд ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль болно гэж мэдэгдсэн.

2013 оны 4-р сарын 14-ний Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро Энрике Каприлес Радонски-йг 1,5 хувиар ялсан. Венесуэлийн Улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр, Николас Мадурог сонгогчдын 50,76 хувь нь дэмжсэн бол түүний өрсөлдөгч Энрике Каприлесийг санал хураалтад оролцсон иргэдийн 49,07 хувь нь дэмжжээ. Гэвч Анрике Каприлес сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Николас Мадуро улс орны маш их хүнд нөхцөлийг хүлээн авсан бөгөөд хамгийн гол нь улс асар их өр, төсвийн алдагдалтай байжээ. Гэсэн хэдий ч 2013 он нефтийн үнэ өндөр байгаа нөхцөлд санхүүгийн байдал тийм ч муу байсангүй - тус улсын ДНБ 1.6% -иар өссөн.

2013 оны 10-р сарын 8-нд Николас Мадуро Венесуэлд заналхийлж буй авлига, эдийн засгийн дайнтай үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай тусгай эрх мэдлийг түүнд өгөхийг Үндэсний Ассемблэйд уриалав. Мадурогийн хэлснээр, түүнд тусгай эрх олгохгүйгээр тус улсад социализм байгуулах боломжгүй байна гэжээ. 11-р сарын 14-нд парламентын 165 гишүүний 99 нь хуулийн төслийг дэмжсэн - энэ тооны санал нь түүний санаачлагыг парламентад батлахад хангалттай байжээ.

11-р сард Мадурогийн тушаалаар гэр ахуйн цахилгаан бараа зардаг сүлжээний эзэд, ажилчдыг баривчилжээ. Арми, цагдаагийн тусламжтайгаар барааг ердийн үнээс 10%-иар доогуур зарсан.

2014 онд Николас Мадуро "Мадуротой холбогдох" (испани. En contacto con Maduro) нэртэй өөрийн радио нэвтрүүлэг эхлүүлсэн. Эхний нэвтрүүлэг 3-р сарын 11-нд гарсан байна. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгын дагуу Венесуэлийн оршин суугчидтай харилцах шинэ хэлбэр нь тус улсын тулгамдсан асуудлуудыг илэн далангүй хэлэлцэх, олон нийтийн шүүмжлэлд хурдан хариу өгөх, цаг үеийн үйл явдалд шууд тайлбар өгөх боломжтой болно гэж үзжээ. Мөн Мадуро радиогийн нэвтрүүлгүүд нь Мадурогийн фэйсбүүк, твиттер хуудсууд зэрэг нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүдтэй холбоотой байсан бөгөөд энэ нь Венесуэлчүүдтэй харилцах шинэ боломжийг олгоно гэж Мадуро тэмдэглэж байв.

2017 оны 7-р сарын 31-нд АНУ нь Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийн улмаас Мадурогийн эсрэг хориг арга хэмжээ авсан. 2017 оны 9-р сарын 22-нд Канад улс үндсэн хуулийн тогтолцоог зөрчсөн гэх үндэслэлээр Мадуро зэрэг Венесуэлийн 40 албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсан. 2018 оны 3-р сарын сүүлээр Панам улс Мадуро болон Венесуэлийн бусад албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн.

2018 оны 5-р сарын 20-нд Николас Мадуро бараг 6,2 сая (67,8%) санал авч, 2019-2025 онд Венесуэлийн тэргүүнээр дахин сонгогдсон байна.

Энэ сонгуулийг барууны ихэнх орнууд болон Латин Америкийн орнуудын эсэргүүцлийг төрүүлсэн байна. Аргентин, Бразил, Канад зэрэг 14 улс сонгуулийн үр дүнг эсэргүүцэн Каракасаас Элчин сайдуудаа эгүүлэн татсан юм. Үүнтэй ижил шалтгаанаар АНУ Венесуэлийн эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ сонгууль явуулж, Венесуэлд хэлмэгдүүлэлтээ зогсоохыг уриалсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Н.Мадурог улиран сонгогдсонд нь баяр хүргэж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд амжилт хүссэн байна. Сонгуулийн дүнг Оросоос гадна Сальвадор, Куба, Хятад зэрэг улсууд хүлээн зөвшөөрсөн байна.

2019 оны 1-р сарын 10-нд Н.Мадуро Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсон бөгөөд үүний дараа тэрээр албан ёсоор хоёр дахь удаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч болсон юм.

2018 оны 8-р сарын 4-нд Үндэсний гварди байгуулагдсаны 81 жилийн ойн баярын ёслолын жагсаалын үеэр тэсрэх бодис ачсан нисгэгчгүй аппарат (дрон) ашиглан ерөнхийлөгчийн амийг хөнөөх оролдлого амжилтгүй болсон юм.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.