Есөн хөлт цагаан туг
From Wikipedia, the free encyclopedia
Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл. 1992 онд батласан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна.
Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ.
Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх ба нийтдээ 9 туг болох тул бас "есөн хөлт Цагаан туг" гэж утга сэлгэж нэршижээ. "Монголын Нууц Товчоо" ба хуучин сурвалжуудад "есөн хөлт туг" гэсэн нь угтаа нийт есөн туг байгааг хэлж байгаа юм. МНТ нь "есөн хөлт цагаан туг"-ийг анх тахиснаас 20 гаруй жилийн дараа бичигдсэн тул утга сэлгэж "есөн хөлт" хэмээн хэвшсэн нэрийг бичжээ гэж судлаачид үздэг. Үүнийг 9 хөл тугтай буюу нийтдээ 10 туг байсан гэх худал таамаг сүүлийн үед гарах болсон ташаа мэдээлэл юм.
Монголчууд Манжийн эрхшээлд орсноос хойш Цагаан тугийг Халх болон Өвөр монголын олон газарт тахиж байв. Халхын Түшээт хан аймгийн нутаг дахь Баруун хүрээ, Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу зэрэг хэд хэдэн газар ХХ зууны эхэн хүртэл тахисаар иржээ. Цагаан сүлдийн өдөр тутмын тахилга, сар бүрийн шинийн хоёрон, арван зургаанд гүйцэтгэдэг “Сарын тахилга”, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн, гурван, таван, зургаан, долоонд гүйцэтгэдэг “Бага тахилга” хэмээх гурван тахилга байдаг байжээ.
Сүлдийг харж хамгаалдаг, тахилгын зан үйлийг нь эрхлэн гүйцэтгэдэг тусгай хүмүүс байсан бөгөөд тэд үе удам дамжин энэхүү албыг эрхэлсээр ирсэн тул “Тугчин” хэмээх овогтой болжээ.