Вольфганг Амадей Моцарт
From Wikipedia, the free encyclopedia
Вольфганг Амадей Моцарт (Герман: Wolfgang Amadeus Mozart: 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн-1791 оны 12 дугаар сарын 5-нд нас барсан) нь дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон австрийн уран бүтээлч, суут хөгжмийн зохиолч юм. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуур хөгжмийг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ тууриван эхлэж Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглолт хийж тэдний гайхшралыг төрүүлсэн байна. 17 насандаа Зальцбургийн хун тайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцээгүй юм. Судлаачид энэ талаар хэлэхдээ "хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургэд үлдсэн бол түүний уран бүтээл дэлхийд танигдахгүй, тэр чигтээ түүхэнд орхигдох байсан юм" хэмээн тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээл 1781 онд Вена хотод очсоноор илүү олонд танигдаж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм.
Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, цөөхүүлд зориулсан бүтээл, дуурь болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Гайдн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.
Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн Менуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаж амжилгүй үлдээсэн Реквием байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч төдийгүй мөн сайн авьяаслаг төгөлдөр хуурч байв. Тэрээр 1791 оны 12 дугаар сарын 5-нд 01:00 цагийн үед өвчний улмаас нас баржээ.