From Wikipedia, the free encyclopedia
Ху Жиньтао (Хятад: 胡锦涛) нь БНХАУ-ын төрийн зүтгэлтэн. 2003 оны 3-р сарын 15-наас 2013 оны 3-р сарын 14-ний хооронд БНХАУ-ын дарга. 2002-2012 онуудад ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2013 онд БНХАУ-ын Цэргийн төв Зөвлөлийн дарга, 2004-2012 онд ХКН-ын Төв Хорооны Цэргийн Зөвлөлийн дарга.
Ху Жиньтао 1942 оны 12 дугаар сарын 21-нд Хятадын Зянсу мужийн Тайсянь дүүрэгт төржээ. Тэдний гэр бүл цайны худалдаа эрхэлдэг байжээ. Өөр эх сурвалжаар бол Ху-гийн эцэг нь Аньхой-гаас гаралтай цайны томоохон худалдачин байсан боловч Ху- хүүг төрхөд дампуурсан байжээ.
Ху-гийн 5 настайд түүний эх нас барж, хамаатны эмгэн Лю Бинся түүнийг хүмүүжүүлсэн гэдэг. Өөр нэг сурвалжааар Ху-гийнх ядуу байсан тул хамаатан ах нь хүмүүжүүлсэн гэдэг. Дунд сургуульд Дэн Сяопины ирээдүйн хүргэн Жан Хунтай хамт сурч байсан гэдэг. 1959 онд тэрээр ямар нэг дэмжлэггүйгээр Бээжин хотын нэр хүндтэй Цинхуа дээд сургуулийн усны технологийн ангид элсэж чадсан байна. 1964 онд усан цахилгаан станцын инженерын диплом авахын өмнө 4 дүгээр сард хятадын Коммунист намд элсэх шаардлагатай болсон ажээ.
1965 онд аспирантурт элсэж 1968 он хүртэл эрдэм шинжилгээний ажилтан байсан.
1966 онд Хятадын Соёлын хувьсгал эхэлсний дараа Ху улс төрийн зааварлагчийн ажлаа алдсан. Ху-гийн эцгийг хэлмэгдүүлж, түүний цай худалдаалдаг дэлгүүрийг хаажээ. Ху-г "хөрөнгөтний удам" хэмээн цоллож, 1968 онд тус улсын баруун хэсэгт орших ядуу Ганьсу мужид "хөдөлмөрийн дахин боловсрол" лагерт нутаг зажээ. Тэнд 1968-1969 онд Усны Нөөц, Цахилгааны Яамны Люжиан дахь Инженерийн Газрын барилгын багт даамал ажилчин байв. Дараа нь Ху цолоо ахиулж, 1969-1974 онд Усны Нөөц, Цахилгааны яамны инженерийн дөрөвдүгээр газрын техникч, хэлтсийн нарийн бичгийн дарга, тус газрын намын нэгдсэн намын дэд нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. Хөх мөрний дээд хэсэгт хоёр усан цахилгаан станц барих ажилд оролцсон байна.
1974-1975 онд Ганьсу мужийн барилгын хорооны нарийн бичгийн дарга, 1975-1980 онд барилгын хорооны зураг төсөл, зохион байгуулалтын газрын орлогч дарга, 1980-1982 онд барилгын хорооны орлогч дарга. 1982 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл нэгэн зэрэг Ганьсу мужийн Залуучуудын Эвлэлийн хорооны дарга байв. Энэ үед Ху-ийн ажил мэргэжлийн хувьд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэнтэй уулзалт болсон гэдэг. Энэ хэрэг түүнийг хуучин ангийнхан болох тэр үеийн ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобаны хүү дээр авчирч, түүнийг намын элитүүдийн хүрээлэлд оруулан танилцуулсан ажээ.
1985 онд Ху Жиньтао ХКН-ын арванхоёрдугаар чуулганаар Төв хорооны бүрэлдэхүүнд багтаж хамгийн залуу гишүүн болж байжээ. Үүний зэрэгцээ тэрээр маш ядуу уулархаг баруун өмнөд мужийн намын хорооны дарга, мужийн цэргийн зөвлөлийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр эдгээр хоёр албан тушаалыг 1988 он хүртэл хашиж байсан. Ху тэр үед Хятадын хамгийн залуу мужийн удирдагч байв. Гуйжоудад тэрээр зах зээлийн шинэчлэл хийж эхэлсэн.
1988 онд Түвдэд Хятадын эсрэг үзэл гарч байжээ, иймд бүсийн шинэ даргыг томилох тухай асуудал гарч, Ху өөрөө сайн дураараа энэ албан тушаалд томилогдов. Зарим мэдээллээр үндэсний цөөнхтэй ажиллаж чаддагаа сайн харуулж чадсан тул түүнийг Түвд рүү шилжүүлсэн байна. 1988-1992 онуудад Ху Түвдийн Өөртөө Засах орны Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, Түвдийн цэргийн тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Ху нь Түвдэд цэргийн туршлагагүй анхны Хятад удирдагч болсон байна.
1989 оны эхээр Түвдэд үймээн самуун дэгдэж, Ху түүнийг хэрцгийгээр дарж байв. Цэргийн байдал зарлаж, цэргүүдийг ашигласан. Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, байлдааны сум хэрэглэсэн. Нэмж дурдахад 1989 оны эхээр шашны нөлөө бүхий оюун санааны удирдагч 10 дугаар Панчен лам нас барсны цаана Ху л байсан гэж Түвдийн зарим хүмүүс үзэж байсан (Төвдийн Буддистуудын захирах шатанд Панчен лам Далай ламын дараа хоёрдугаарт бичигддэг).
Ху-гийн Түвдөд хийсэн шийдвэртэй үйл ажиллагаа нь Хятадын удирдагч Дэн Сяопины анхаарлыг татсан байна. Түвдийн үймээн самууныг дарах нь тухайн жилийн сүүлээр болсон Тяньаньмэний үйл явдлын бэлтгэлийн нэг хэлбэр болсон гэж үздэг.
1992 онд Ху Жиньтао ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болж мөн онд түүнийг Намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийн ректороор томилж 9 жил болжээ.
1998 оны 3 дугаар сард БНХАУ-ын даргын орлогчоор сонгогдсон байна.
1999 онд Ху Жиньтао Үндэсний телевизээр хэлсэн үг нь олонд таалагдав. Дараа нь Белградад НАТО-гийн хүчин БНХАУ-ын Элчин сайдын яамыг бөмбөгдсөн. Ху энэ асуудлаар хурц үг хэлж, Бээжин дэх Америк, Их Британийн элчин сайдын яамд жагсаал зохион байгуулжээ.
2002 оны 11 дүгээр сард түүнийг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар намын бүгд хурлаар Зян Зэминий оронд сонгожээ.
Төлөвлөж байсны дагуу 2012 оны 11 дүгээр сард ХКН-ын XVIII их хурлаар Ху Жиньтао намын Төв хорооны гишүүнчлэлээсээ татгалзаж, 11 дүгээр сарын 15-нд ХКН-ын төв хорооны бүгд хурлаар Ши Жиньпин шинэ ерөнхий нарийн бичгийн дарга, даргаар сонгогдлоо. Хятадын Коммунист намын Цэргийн төв зөвлөл (Ху Жиньтао БНХАУ-ын даргын албан тушаалаа 2013 онд орхисон). XVIII их хурлаар Ху Жиньтаогийн нэрийг ХКН-ын Дүрэмд Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминий дараа ХКН-ын XVI их хурлаас хойших Хятадын коммунистуудын гол төлөөлөгч гэж оруулсан юм.
Тэрээр 2013 онд эрх мэдлээ Ши Жиньпинд шилжүүлж 2022 оны 10-р сарын ХКН-ын ХХ-р Их хурлаар намын тэргүүлэгчдийн суудлаас бүрмөсөн зайлуулагдсан юм.
ii
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.