Хишигтэн
From Wikipedia, the free encyclopedia
Хишигтэн (худам монгол: ᠬᠡᠰᠢᠭᠲᠡᠨ) цэрэг нь Монголын Эзэнт Гүрний их хаан болон түүний гэр бүлийн амь нас, орд өргөөг хамгаалж, өдөр тутмын үйлийг засагч торгон цэрэг байв. 15-17-р зуунд Монголын хааны өмч аймаг Цахарын шууд харьяанд Хишигтэн отог нэртэйгээр багтаж байсныг Даян хаан дунд хүү Очирболдод хувьлан өгснөөр түүний үр хүүхэд үе улиран залгамжлан захирсаар Чин улсад дагаар орохдоо Зуу-Удын чуулганд багтаж байсан.
Хишигтний үндсэн үүрэг нь хаан болон хатан, хан хөвүүд, бэхи авхай гүнж нарыг өдрийн болон шөнийн цагаар хамгаалж, тэдний идээ ундааг хариуцагчид юм. Тэднийг дотор нь гурав хуваадаг ба хэвтүүл хэмээх шөнийн харуул, хорчин хэмээх өдрийн манаа, турхаг хэмээх харваач цэрэг. Тэд энгийн цэргүүдээс ялгаатай ба тэдэнтэй хамт аян дайнд явдаггүй. Харин эзэн хаан дайнд мордсон нөхцөлд хааныг хамгаалж явна, хаан дайнд мордоогүй үед эх нутагтаа үүргээ гүйцэтгэж байсан. Хишигтний турхагийн ахлагчийг Чэрби, хорчны ахлагчийг Хорчи, хэвтүүлийн ахлагчийг Хэшиг гэхээс гадна, хааны орд өргөөд гүйцэтгэх алба үүргээс хамаарч илдэч, үүдэч, шонхорч, шүхэрч, буурч, бичээч, тэргэчин, нутагчин, улаач зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байсан.