![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Star_of_David.svg/langmn-640px-Star_of_David.svg.png&w=640&q=50)
Сионизм
From Wikipedia, the free encyclopedia
Сионизм (еврей. צִיּוֹנוּת, цийону́т, англи. Zionism — Иерусалим хот дахь Сион уулын нэрээс авсан) — еврей ард түмнийг түүхэн эх орон болох Израилд (Eretz Israel) нэгтгэн сэргээх зорилготой үзэл баримтлал бөгөөд улс төрийн хөдөлгөөн юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Star_of_David.svg/320px-Star_of_David.svg.png)
Сионизмын үзэл баримтлал нь зүүний социалист үзлээс эхлээд ортодокс буюу хэт барууны үзэлтэй шашин хүртэл янз бүрийн чиглэлийн хөдөлгөөнүүдийг нэгтгэдэг байна. Сионизм хэзээ ч нэгдсэн нэг хөдөлгөөн байгаагүй. Түүний удирдагчид, намууд, үзэл сурталууд нь ихэвчлэн хоорондоо зөрчилддөг байв. Антисемитизм улам бүр нэмэгдэж, "эх орон" руугаа буцах хүслийн үр дүнд соёл, улс төрийн нийтлэг зорилгод хүрэхийн тулд нэг нэгэндээ буулт хийж ирсэн. Улс төрийн сионизм, либерал сионизм, хөдөлмөрийн сионизм, ревизионист сионизм, соёлын сионизм, шашны сионизм зэрэг олон төрлийн сионизм бий болсон. Дэлхийн 2-р дайны өмнө сионизм нь еврей хүмүүсийн нийгэм-улс төрийн хамгийн том хөдөлгөөнүүдийн нэг байсан бол дайны дараа сионизм еврейчүүдийн үндсэрхэг үзлийн цорын ганц хөдөлгөөн болсон байна.
1897-1948 онуудад сионист хөдөлгөөний гол зорилго нь Палестинд еврейчүүдийн эх орны үндэс суурийг тавьж, тэднийг нэгтгэх явдал байсан. Өөрийгөө тодорхойлох зарчмын өвөрмөц хувилбараар "Сионыг хайрлагчид" (Lovers of Zion) 1884 онд нэгдэж, 1897 оны 8-р сарын 26-29-нд анхны Дэлхийн сионист Бага хурлыг (англи. The Zionist Congress) Базель хотноо Теодор Херцль (герман.Theodor Herzl, 1860-1904) үүсгэн зохион байгуулжээ. 19-р зууны сүүл ба 20-р зууны эхэн үед олон тооны еврейчүүд эхлээд Османы, дараа нь мандаттай Палестин руу цагаачилж, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг авахын тулд дипломат аргаар олон оролдлого хийж байсан юм. 1948 онд Израил улс байгуулагдсан цагаас хойш сионизм нь Израилын ашиг сонирхлыг хамгаалж, түүний оршин тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн аливаа аюулыг сөрж зогссоор ирсэн байна.