From Wikipedia, the free encyclopedia
XV зуунаас хойш Монголын их хааны харъяат аймгуудыг 6 түмэн хэмээх засаг захиргааны нэгжээр нэрлэх болсон юм.
Тогоонтөмөр Ухаант хаан нийслэл Дайду хотоос монгол нутагтаа эргэн ирэхдээ 40 түмэн Монголынхоо 10 түмнийг нь авч гарсан гэдэг домогтой. Үүний 4 түмэн нь Ойрадад, 6 түмэн нь Монголд багтаж байв гэж домоглодог.
Монголын Зургаан түмэн нь хэмээх нь зөвхөн Их Хааны шууд захиргаанд байдаг овог аймгуудын нэгдэл буюу түмнийг хэлнэ. Зүүн Монголын Зургаан түмэн нь Дөчин Монгол гэгддэг.
Энэ нь Тайсун хааны үеэс 6 түмнийг 2 гарт хуваан захирах хэлбэр төлөвших хандлагатай болж, Даян хааны үед бүрэн төгөлдөржсөн. Зургаан түмэн Монголчууд нь Их хааны шууд захиргааны зүүн гарын 3 түмэнд Халх түмэн; Цахар түмэн; Урианхан түмэн; Жинонгийн захирах баруун гарын 3 түмэнд Ордос түмэн; Түмэд түмэн; Юншээбү, Асуд, Харчин нийлж нэг түмэн болдог байсан.
Батмөнх Даян хаан засаг захиргааны шинэчлэлт хийхдээ Зургаан түмнийг Боржигин бус овгийн ноёдын захиргаанаас гаргаж, өөрийн хөвгүүдэд өмчлүүлжээ. Түүнчлэн их хааны эсрэг бослого гаргасан Урианхай түмнийг 1540-өөд оны үед цэргийн хүчээр бусад 5 түмэнд жишиж тараажээ. Ингэснээр үнэн хэрэгтээ 5 түмэнтэй болов. Тэдгээрээс Цахар түмний дийлэнх хэсгийг Даян хааны ахмад хөвгүүн Төрболдын угсааны ноёд захирах болсноор Цахар нь яваандаа их хааны шууд харьяат эзэмшил болон хувирав. Түүнээс гадна Даян хааны хөвгүүн Очирболд, Арболд, Гэрболд нар Цахар түмний зарим отгуудыг захирчээ.
Халх түмнийг Даян хааны 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нар хуваан захирсан агаад “Өврийн 5 отог Халх”, “Арын 7 отог Халх” гэгч тэр болой. Харин Ордос түмнийг Даян хааны 3-р хөвгүүн Барсболдын ахмад хөвгүүн Гүнбилиг Мэргэн жононгийн угсааныхан, Түмэд түмний ихэнхийг Барсболдын 2-р хөвгүүн Алтан ханы угсааныхан өмчлөн захирч байв. Түмэд түмний зарим хэсгийг Даян хааны 4-р хөвгүүн Арсболд захирчээ. Мөн Даян хааны бас нэг хөвгүүн Убсанз тайж Асуд, Юншээбү-г захирах болжээ.
Зургаан түмний Халх түмний Жалайр, Хэргүд аймгаар төвлөрсөн хэсэг, Урианхан түмний нэг хэсэг зонхилон өнөөгийн Монгол улсыг, харин бусад түмэн зонхилон Өвөр Монголыг бүрдүүлсэн билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.