ЗХУ-ын задрал
From Wikipedia, the free encyclopedia
ЗХУ-ын задрал - 1991 онд 280 гаруй сая хүн амтай, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг арми, 10 мянган цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн арвин нөөцтэй Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ, оросоор. СССР/ задран унасан билээ. Тэр үед тус улсын цэргийн хүчин чадал нь АНУ болон НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчний чадавхийг нийлүүлсэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрсэн байжээ. Мөн ЗХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ АНУ-ын ДНБ-ний 80 хувьтай тэнцэж байсан юм. Тус улс хоногт 13 сая торх нефть олборлон, уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байлаа.
ЗХУ задарсан нь социалист тогтолцооны хямрал байсан гэдэгтэй олонхи түүхчид, удлаачид санал нэгтэй байдаг. Тогтолцооны хямрал гэдэг нь товчхондоо улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг хэлж байгаа юм. 1991 оны 8 дугаар сард болсон үйл явдал нь үнэн хэрэг дээрээ ЗХУ задрах үйл явцын эхлэл байсан билээ. Эл сарын 18-19-нд шилжих шөнө М.Горбачёвыг Төрийн эрх мэдлээ хүчээр огцруулсан билээ.
Тэр өдөр ЗХУ-ын дэд Ерөнхийлөгч Г.Янаев, Батлан хамгаалахын сайд Д.Язов, Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга В.Крючков болон Ерөнхий сайд В.Павлов нар Үндсэн хуулийг зөрчин Улсын Онц байдлын хороог /УОБХ, орос. ГКЧП/ байгуулжээ. Энэхүү Хорооны шийдвэрээр хэд хэдэн бүс нутагт, түүний дотор өнөөгийн Орос улсын нутаг дэвсгэрт онц байдал тогтоон, жагсаал цуглаан, ажил хаялт хийхийг хориглосон юм. Нам, олон байгууллага, сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг ч бас хориглолоо. Гэвч орос иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан УОБХ гуравхан хоног төрийн эрхийг барьсан юм.
Уг үйл явдал Зөвлөлт орныг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Хуучин тогтолцооны хүрээнд " өөрчлөн шинэчлэлт" буюу " дээрээс хувьсгал" хийх гэсэн оролдлого нь цаг хугацааны шалгуурыг давалгүй бүтэлгүйтсэнээр социалист нийгэм байгуулах гэсэн мөрөөдөл түүх болон үлдсэн юм. 1991 оны Наймдугаар сарын үйл явдлын дараа Холбооны шинэ Гэрээ байгуулах гэсэн М.С. Горбачёвын оролдлогууд ч бүтэлгүйтсэн. Украин болон Беларусь улсуудын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь Холбооны гэрээнээс татгалзсан гэсэн үг байлаа. Ийм нөхцөлд Орос улс бусад улсуудтай нэгдэх тухай асуудал утга учиргүй болох нь мэдээж.
Ингээд 1991 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Минск хотын орчмын Беловежийн ойд Орос, Украин, Беларусь улсын удирдагчид болох Б.Ельцин, Л.Кравчук, С.Шушкевич нар ЗХУ задарч Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зуржээ. Хожим нь уг нөхөрлөлд Казахстан болон бусад хэд хэдэн улс нэгдсэн билээ. Харин Балт орчмын Латви, Литв, Эстони зэрэг гурван улс болон Гүрж улс нэгдэхээс татгалзсан байна. Ийнхүү ЗХУ нэгдмэл улсын хувьд оршин тогтнохоо больсноор, Ерөнхийлөгч М.С.Горбачёв бүрэн эрхээсээ татгалзахаас аргагүйд хүрчээ.
1991 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ЗСБНХУ олон улсын эрхзүйн субьект байхаа албан ёсоор больж Оросын Холбооны Улс ЗХУ-ын хууль эрх зүйн өв залгамжлагч гэж өөрийгөө зарласан юм.