Бөх
From Wikipedia, the free encyclopedia
Бөх бол хүч, оюун ухааны бяраар өрсөлддөг эртний спортын нэг төрөл юм. Тодорхой дүрэм журмын дагуу төрөл бүрийн арга мэх, уран чадвараар эсрэг талаа унагаадаг хоёр хүний өрсөлдөөн. Дэлхийн улс бүр үндэсний онцлог бүхий бөхийн хэлбэр болон аргатай байдаг. Монгол бөх, Хятад бөх, Оросын самбо, Японы сүмо гэх мэт бүгд л өөр өөрийн гэсэн барилдах хэлбэр болон тэмцээний дүрэмтэй. Грек, Хятад, Япон болон Египет зэрэг улс орны эртний судар бичигт үүнтэй холбогдох материал байдаг. Бөх нь МЭӨ 708 онд эртний олимпод нэг төрөл болж байсан байна. Одоогоор олон улсын шинжтэй бөхийн тэмцээний хэлбэрт сонгомол болон чөлөөт гэсэн хоёр хэлбэр зонхилж байна. Тэмцээний үед биеийн жингээр ангилалд хуваагдаж өрсөлддөг. Сонгомол бөх 1896 оны орчин үеийн анхны олимпын хөтөлбөрт багтаж байсан бол чөлөөт бөх нь 1904 онд албан ёсоор олимпын төрөл болжээ.
Бөх анх олимпын төрөл болохдоо жин болон цагийн хязгаар байгаагүй. 1900 оны 2-р олимпод бөхийн төрөл багтаагүй ч түүнээс хойш бүх олимпын хөтөлбөрт багтсаар иржээ. 2004 оны Афины олимпод шинээр эмэгтэйчүүдийн төрөл нэмэгдэж орсон.