АНУ-ын Үндсэн хууль (Англи: United States Constitution) бол Америкийн Нэгдсэн Улсын эрх зүйн дээд хүчин чадамжтай гол "эцэг" хууль юм. АНУ-ын Үндсэн хуулийг 1787 оны 9 дүгээр сарын 17-нд Филадельфи дахь Үндсэн хуулийн Конвент (анх Нэгдсэн улсад байгаа хуулиудыг цэгцлэхээр цугласан төлөөллийн байгууллага юм. Сүүлдээ ярьж тохиролцоод Үндсэн хуультай болохоор тогтсон юм) баталж, улмаар тэр үеийн Америкийн арван гурван муж улс бүгд соёрхон баталсан. Энэ нь орчин үеийн утгаараа дэлхийн анхны Үндсэн хууль гэж үздэг. Долоон зүйлээс бүрдсэн уг Үндсэн хуульд батлагдсанаас хойш хорин долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь түүний салшгүй хэсэг юм.

Thumb
АНУ-ын Үндсэн хууль

АНУ-ын Үндсэн хууль нь хууль тогтоох (конгресс), гүйцэтгэх (ерөнхийлөгч) ба шүүх (дээд болон бусад бүх шатны шүүхүүд) гэсэн төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчимд суурилдаг байна. Үүнээс гадна АНУ-ын муж улс тус бүрд өргөн хүрээтэй хууль ёсны эрх олгосон байна.

Үндсэн хууль баталсан түүх

Thumb
эрхийн бичиг

1783 онд Версалийн энхийн гэрээ байгуулагдаж, АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн дуусгавар болсон. Үүнээс өмнө 1777 онд дайн ид өрнөж байх үед Тивийн хоёрдугаар Конгресс хуралдаж АНУ-ыг "Холбооны улс" гэж тодорхойлж, төвлөрсөн эрх мэдлийг нэгтгэсэн Үндсэн хуулийн анхны баримт бичиг болох "Холбооны зүйл ангиудын нэгтгэл" ( англиар. Articles of Confederation and Perpetual Union)-ийг батлаад байсан юм. Харин 1781 онд энэхүү "Холбооны зүйл ангиудын нэгтгэл"-ийг сүүлчийн, арван гурав дахь муж улс баталснаар албан ёсоор хүчин төгөлдөр болсон байна. Гэвч АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон (1789-1797) "Холбооны зүйл ангиудын нэгтгэл"-ийг "элсээр хийсэн олс" (англиар. ropes of sand) гэж нэрлэж байжээ. Тиймээс уг баримт бичигт төрөл бүрийн өөрчлөлт оруулах саналууд ихээр гарч эхэлсэн. Энэ холбооны сул талууд: Нэгдүгээрт, төвлөрсөн эрх баригчдад бага эрх мэдэл олгосон, Хоёрдугаарт, Холбооны Конгресст санал өгөхдөө (дээд эрх мэдэлтэн) аливаа асуудлаар бүх 13 муж улс шийдвэр гаргах шаардлагатай байв (нэг муж улс ямар ч санаачилгыг хаах боломжтой байсан).

1786 оны 9 дүгээр сард Аннаполис хотод Нью-Жерси, Нью-Йорк, Пеннсилвани, Делавэр, Виржини зэрэг 5 муж улсын төлөөлөгчид цугларсан боловч зарим муж улсын төлөөлөл ирж амжаагүй, зарим нь эсэргүүцээд ирээгүй тул төлөөлөгчид дээд байгууллага болох Холбооны Конгресст хандаж, ирэх (1787) оны 5 дугаар сард Филадельфид бүрэн чадамжтай бүрэлдэхүүнээр хуралдаж "Холбооны зүйл ангиудын нэгтгэл"-ийг хэлэлцэх санал гаргасан байна.

1787 оны 2 дугаар сарын 21-нд Холбооны Конгресс "Холбооны зүйл ангиудын нэгтгэл"-ийг хэлэлцэх зорилгоор Конвент хуралдуулах шийдвэр гаргасан байна. Род-Айленд муж улсаас бусад 12 муж энэхүү Конвентод оролцох нийт 70 төлөөлөгчийн нэрийг баталж хуралд илгээжээ. Төлөөлөгчид зөвхөн "Холбооны зүйл ангиудын нэгтгэл"-ийг хэлэлцэхээр цугласан боловч яваандаа Холбооны улсын газар нутаг, төв захиргааны эрх мэдлийн тогтолцоо зэргийг тодорхойлсон "Үндсэн хуультай" болох ёстой гэдэгт санал нэгдэж эхэлсэн байна. Улмаар Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг нууцаар явагдсан бөгөөд "Виржини" болон "Нью-Жерси" гэсэн Үндсэн хуулийн хоёр хувилбарт хуваагджээ. "Виржини" төлөвлөгөөний төлөөлөгч Жэймс Мэдисон нар Холбооны төвлөрсөн захиргаанд илүү эрх мэдэл өгөх, харин "Нью Жерси" төлөвлөгөөг баримтлагч Уильям Патерсон нар муж улсуудад түлхүү эрх мэдэл өгөх сонирхолтой байжээ.

9 дүгээр сарын 17-нд Үндсэн хуулийн төсөл бэлэн болж, муж улстус бүр Үндсэн хуулийг соёрхон батлах тухай асуудал үүссэн байна. Алдарт улс төрч Бенжамин Франклин хуралдааны үеэр хаалтын үг хэлэхдээ Үндсэн хуулийг арван гурван муж улс бүгд соёрхон баталсны дараа л хүчин төгөлдөр болгохыг шаардсаныг ёсоор болгохоор шийджээ. Үндсэн хуулийн төслийг Холбооны Конгресст илгээж Конгресс дэмжиж цааш нь 13 муж улс тус бүрд батлуулахаар илгээжээ.

Үндсэн хуулийг баталсан анхны муж улс бол Делавэр (1787 оны 12 дугаар сарын 7-нд), ес дэх нь Нью-Хэмпшир (1788 оны 6 дугаар сарын 21-нд), Умард Каролина (1789 оны 11 дүгээр сарын 21-нд), Роуд Айлэнд ( 1790 оны 5 дугаар сарын 29-нд) бусад муж улсуудаас хамаагүй хожуу баталж байжээ.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.