From Wikipedia, the free encyclopedia
Оуэн Латтимор (англи. Owen Lattimore 1900 оны 7-р сарын 29-нд АНУ-ын Вашингтонд төрсөн- 1989 онд АНУ-ын Провиденс-д нас баржээ) - дорно дахин болон монгол, хятад судлаач эрдэмтэн.
Монгол судлалыг АНУ-д үүсгэн байгуулагчдын нэг.
Америкт төрсөн Оуэн Латтимор бага насаа Хятадын Тяньжинд өнгөрөөсөн бөгөөд тэр үед эцэг эх Дэвид, Маргарет Латтимор нар тэнд англи хэлний багшаар ажиллаж байжээ. 1913-1914 онд тэрээр Швейцарын Лозанн дахь Коллежийн Classique Cantonal хувийн сургуульд сураад 1915-1919 онд Оуэн Англид St. Bees school сурчээ. Тэрээр 1919 онд Оксфордын их сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн боловч мөнгөгүй байсан тул ажил хийж мөнгө олохоор Хятад руу буцаж иржээ.
1919 онд Хятадад эргэж ирээд эхлээд Тяньжинь дахь "Tientsin and Peking Times" сонины редакторын туслахаар ажилласан байна.
1922-1926 онуудад "Arnold & Co., Tientsin and Peking" компанид ажилласан. 1926 онд Элеанор Холгейт (Eleanor Holgate)-тэй гэрэлсэн байна. Гэргийн хамт Өвөр Монгол, Говь, Энэтхэг, Кашмираар аялж тэндээсээ усан онгоцоор Итали руу явжээ.
1927-1928 оны хичээлийн жилд Харвардын Их сургуульд сураад буцаад Хятад руу явж хэд хэдэн байгууллагын тэтгэлэг санхүүжилтээр судалгааны ажил хийсэн байна.
1941 онд Латтиморыг АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Чан Кайшигийн зөвлөхөөр илгээжээ. 1942-1944 онд Дайны мэдээллийн албаны Номхон далайн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
АНУ -ын дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллесын Хятад, Монголд /1944 оны 7 дугаар сард/ хийсэн айлчлалд албан ёсоор дагалдан явсан байна. 1945 онд тэрээр Япон дахь АНУ -ын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилогдов.
1950 онд тэрээр Афганистан дахь НҮБ -ын төлөөлөгчийн газарт ажилласан ажээ.
1950 онд сенатор хэт барууны үзэлтэн Жозеф Маккарти Латтиморыг Зөвлөлт Холбоот Улсын талд тагнуул хийсэн гэж түүнийг буруутгаж байжээ.
Латтиморыг ОУХБ-д коммунист нөлөөллийн цар хүрээг тогтоохыг оролдож байсан АНУ-ын Конгрессын Дотоодын Аюулгүй Байдлын Комисс түүнийг мөрдөн байцаалтад оруулжээ. Комиссын өмнө өгсөн мэдүүлгийн үндсэн дээр түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаад сүүлд нотлох баримтгүй байсан тул 1955 онд түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1955-1963 онд Жонс Хопкинсын Их сургуульд багшилсан.
1963-1970 онд Английн Лийдсийн их сургуульд мөн багшилж байх үеэрээ анх тус их сургуульд монгол оюутнуудад англи хэл сургах ажлыг зохион байгуулахад дэмжиж гар бие оролцсон байна.
Оуэн Латтиморын 1974 онд Монголд дахин ирж 2 бүлэг баримтад кино хийжээ.
1981 онд Ардын хувьсгалын жаран жилийн ой болоход ШУА-ийн анхны гадаад гишүүн болохын хувьд хүндэт зочноор Монголд уригдаж ирээд Ю.Цэдэнбалтай уулзсан байдаг. Энэ аялалдаа тэрбээр Мариа хэмээх яруу найрагч ач охиноо дагуулан Бээжингээр дамжин галт тэргээр ирсэн түүх байна.
1982 онд Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их Хуралд оролцохоор Монголд ахин ирэв. 1986 оны зун Монгол улсаас нэн сонирхолтой, мөн таатай мэдээ ирсэн нь Төв Музей шинээр олдсон нэг үлэг гүрвэлийг "Goyocethale Lattimorei" хэмээн Латтиморын нэрээр нэрийдсэн явдал байлаа. Тэр жил төрсөн өдрөөр нь Британи дахь манай Элчин сайдын яамнаас утас цохин мэндчилгээ хүргэсэн баримт байдаг.
Сүүлд 1987 онд АНУ Монгол улстай дипломат харилцаа тогтоосон тухай мэдээ хүлээж аваад тэрээр ихэд баярласан гэдэг. Тэрээр Дилав хутагтай ойр дотно найз байсан бөгөөд анх АНУ-д ирэхэд нь тал бүрээр туслаж дэмжиж байжээ.
1989 онд тэрээр Род-Айленд мужийн Провиденс хотод нас баржээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.