From Wikipedia, the free encyclopedia
Сьерра-Леоны иргэний дайн (Англи: Sierra Leone Civil War) нь Баруун Африкийн Сьерра Леон улсад 1991 оноос 2002 он хүртэл үргэлжилсэн иргэний дайн юм. Засгийн газрын арми ба сөрөг хүчин болох Хувьсгалт нэгдсэн фронт (RUF)-ын хооронд гарсан бөгөөд алмаазын уурхайн эрх мэдлийн төлөө сөргөлдөөн нь дайн болон өргөжиж, 75,000 гаруй хүний амь насыг хохироожээ.
Сьерра-Леоне улс нь 1961 онд Их Британиас тусгаар тогтнож, 1978 онд шинэ үндсэн хууль батлагдсан боловч эрх баригч намын буруу бодлогын улмаас эдийн засгийн байдал нь дампуурлын ирмэгт тулжээ.
1985 онд ерөнхийлөгч Сиака Стивенсийн дэглэмийг халж, хошууч Жозеф Сайду Момо засгийн эрхийг гартаа авчээ. Тэрээр тус орон дахь нэг намын ноёрхлыг эцэс болгох олон алхмыг хийсэн боловч түүнийг алах төлөвлөгөө зохиосон хэргээр дэд ерөнхийлөгчөөс эхлэн 60 гаруй хүн баривчлагдсан аж.
1987 онд Момогийн дэглэмийг унагахаар Фодэй Санко Ливи улсад очиж, цэргийн бэлтгэлээ хангаад Хувьсгалт Нэгдсэн Фронтыг байгуулжээ. Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафи Санког хөрш улс болох Либерийн Чарльз Тэйлортой танилцуулж өгсөн байна. Тэйлор ч мөн адил Либерийн дарангуйлагч Самуэль Доуг түлхэн унагах бэлтгэлээ базааж байсан аж. Улмаар 1989 оны арванхоёрдугаар сард Тэйлорын удирдсан Либерийн Үндэсний Эх Орончдын Фронт (NPFL) Либерийн нутагт цөмрөн орж, зэвсэгт ажиллагаа эхлүүлсэн юм.
1991 оны 3 сард Санкогийн толгойлсон Хувьсгалт Нэгдсэн Фронтын дайчид Либерийн талаас Сьерра-Леонд нэвтрэн орж, иргэний дайны галыг өрджээ.
Тэр үед буюу 1992 оны 4 сарын 29-нд Валентайн Страссерын удирдсан зэвсэгт хүчнийхэн төрийн эргэлт зохион байгуулж, ерөнхийлөгч Момо Гвиней улс руу зугтсан байна. Тийнхүү Страссер төрийн тэргүүн болсон бөгөөд түүний анхны зорилго нь тус улсын нутагт нэвтрэн орсон Либерийн Үндэсний Эх Орончдын Фронт ба Хувьсгалт Нэгдсэн Фронтын үйл ажиллагааг хяналтандаа оруулах явдал байсан боловч RUF нь нутгийн зүүн хэсгийг эрхшээлдээ оруулж чадсан байна.
Алмаазын ордуудыг гартаа оруулсан тэд богино хугацаанд хүчирхэгжиж, нийслэл Фритауныг ч эзлэн авчээ. Аль аль тал нь томоохон амжилт ололгүй байсаар 1993 онд дайны галыг түр зогсоосон аж. Гэвч тэр үед засгийн эрхийг булаан авах олон оролдлогууд гарсаар эцэст нь 1995 онд Страссер эрх мэдлээ алджээ.
1996 онд 1 сард дэд хурандаа Биогоор удирдуулсан төрийн эргэлт гарч, 2 сард нь ерөнхийлөгч, парламентийн сонгууль явуулсан бөгөөд 3 сард чөлөөт сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Ахмад Тежан Кабба албан тушаалдаа орсон боловч RUF хүлээн зөвшөөрсөнгүй.
1997 онд хөрш Либерид өнөөх Тэйлор засгийн эрхийг гартаа оруулж чадсанаар Хувьсгалт Нэгдсэн Фронт томоохон түшиц газартай болж, алмаазны хууль бус экспортоор маш их орлого олж эхэлсэн байна.
1998 оны 10 сард Хувьсгалт Нэгдсэн Фронтын тэргүүн Санкод эчнээгээр цаазаар авах ял оноосон бөгөөд үүнийг эсэргүүцсэн тус фронт өргөн хэмжээний ажиллагаа өрнүүлж, нийт нутгийн гуравны хоёрыг эзэлж чадсан байна. 1999 оны 7 сард энхийн хэлэлцээр байгуулагдаж, НҮБ-ын хяналт дор зэвсэг хураах үйл ажиллагаа явуулах нөхцөлтэйгээр RUF-г засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахаар болсон боловч RUF хүлээн зөвшөөрсөнгүй. Гэвч 16-ны өдөр Санко Фритаун дахь гэртээ байхдаа баривчлагдсанаар нөхцөл байдал эрс өөрчлөгдөв.
2000 оны 5 сард RUF нь НҮБ-ын Энхийг сахиулах хүчний 500 гаруй цэргийг барьцаалж авсан бөгөөд уг асуудлыг Либерийн зуучлалаар шийдэж, улмаар энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж, дайн зогсох тийшээ хандав.2002 оны 1 сарын 18-нд RUF зэвсгээ хураалгаж дууссан бөгөөд 3 сарын 1-нд дайн дууссан тухай зарлажээ.
Баривчлагдсан Санког 2003 онд дайны гэмт хэргээр шүүх гэж байсан боловч түүнээс өмнө өвчний улмаас нас барсан аж.
Өдгөө тус улсад Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд багтаж, энхийг сахиулж буй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.