From Wikipedia, the free encyclopedia
Лев Троцкий (намын нууц нэр -Перо́, Антид Ото, Л.Седов,- жинхэнэ нэр: Лейба Давидович Бронштейн; 1879 оны 11-р сарын 7 -нд Оросын Хаант Улсын Херсон мужид төрсөн- 1940 оны 8-р сарын 21-нд Мексикт нас барсан) - Оросын Марксист хувьсгалч болон онолч, Зөвлөлт Холбоот улсын улс төрч болон Оросын Улаан Армийн анхны тэргүүн байсан юм. Троцкий нь эхэндээ Меншевик Интернационал бүлэглэлийн гишүүн байсан ба Оросын Социал Демократ Лейборист Намын дэмжигч байжээ. Тэрээр 1917 онд Октябрийн хувьсгал гарсны дараагаар Большевикчуудтай нэгдэж удалгүй тус намын тэргүүн болсон юм. Зөвлөлт Холбоот улсын эхэн үед тэрээр тус улсын Гадаад Хэргийн Ардын Комиссараар ажиллаж байсан ба удалгүй Зөвлөлт Холбоот Улсын Улаан Арми байгуулагдсанаар тэрээр Цэргийн болон Тэнгисийн Хүчний Ардын Комиссар болсон байна. Троцкий нь 1918-1923 оны хооронд болсон Оросын Иргэний Дайнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ. Мөн тэрээр Зөвлөлт Холбоот Улсын Политбюро / Улс төрийн Товчооны анхны гишүүдийн нэг юм.
Лев Троцкий (жинхэнэ нэр: Лев Давидович Бронштейн) | |
Зөвлөлт Холбоот Улсын Гадаад Хэргийн Ардын Комиссар | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1917 оны 11-р сарын 8 – 1918 оны 3-р сарын 13 |
---|---|
Зөвлөлт Холбоот Улсын Цэргийн болон Тэнгисийн Хүчний Ардын Комиссар | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1918 оны 3-р сарын 13 – 1925 оны 1-р сарын 15 |
Петроградын Ерөнхийлөгч | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1917 оны 10-р сарын 8 – 1917 оны 11-р сарын 8 |
Төрсөн: | 1879 оны 11-р сарын 7 Кировогра́д, Херсоний Засаглал, Хаант Улс |
Нас барсан | 1940 оны 8-р сарын 21 Коиокан Дүүрэг, Мексик хот |
Улс төрийн нам: | Оросын Социал Демократ Лейборист Нам, Швейцарын Социал Демократ Нам, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам, Зүүнтний Сөрөг Хүчин, Дөрөвдүгээр Интернационал |
Эхнэр (нөхөр): | Александра Львовна Соколовская Ната́лья Ива́новна Седо́ва |
Шашин: | Байхгүй (шүтлэггүй) |
Гарын үсэг |
Тэрээр 1924 оны 1 дүгээр сард В.Ленин нас барсны дараагаар Иосиф Сталины эсрэг Зүүнтний Сөрөг Хүчинг байгуулж түүний бодлогыг эсэргүүцсэн боловч, энэ нь бүтэлгүйтэж Сталины хүч чадавх нэмэгдсэнээр Зөвлөлт Холбоот улсын төрийн эрхийг Сталин авч, удалгүй Троцкийг 1927 онд нэг мөсөн албан тушаалаас нь халсан ба Коммунист Намаас хөөжээ. 1928 оны 1 дүгээр сард Алма-Ата хот руу цөллөгдөж үүний дараа түүнийг Зөвлөлт Холбоот улсаас 1929 онд хөөн гаргаж улмаар Түркийн Константинопольд /Истанбул/ амьдарсан байна. 1937 онд Мексикт суурьшсан ажээ. Троцкий Мексик улсаас Сталины засаг захиргааг эсэргүүцэж Дөрөвдүгээр Интернационалыг байгуулсан юм.
Троцкий нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Европт дэлгэрч буй Фашизмын үйл ажиллагааг аль эртнээс эсэргүүцэж байсан ба 1930-аад оны сүүл үеэр Сталин-Гитлер хоёрын хооронд байгуулсан үл довтлох гэрээг буруушааж байжээ. 1940 онд Сталины зааварчилгаагаар Троцкийн амь насыг Рамон Меркадер хэмээх нэртэй Испани гаралтай Зөвлөлтийн тагнуулын ажилтан хороосон байна /сүүлд 1960 онд суллагдаад ЗХУ-ын баатар цол хүртсэн/.[1]
Лев Троцкийн үзэл бодлууд түүний Троцкизмын онолын суурийг тавьж өгсөн бөгөөд энэхүү онол нь Марксист онолын урсгалын хувьд маш томоохон салбар бөгөөд Сталины дэвшүүлсэн Сталинизмын онолыг эрс буруушаасан байдаг. Нэг юм онцолж хэлэхэд Лев Троцкий нь 1950-аад оноор буюу Никита Хрущёвын засаглалын үеэр Зөвлөлт Холбоот улс, иргэдээ дахин өөрийн харьяалалд бүртгэж эхэлхэд тус бүртгэлд бүртгэгдээгүй цөөн тооны Зөвлөлтийн улс төрчдийн нэг юм. Мөн 1980-аад оны сүүлээр түүний ном бүтээлийг Зөвлөлт Холбоот улсад хэвлэж эхэлсэн байдаг.
Лев Троцкийн жинхэнэ нэр нь Лев Давидович Бронштейн бөгөөд тэрээр 1879 оны 11-р сарын 7-нд Оросын Эзэнт гүрний Херсоний Засаг захиргаанд багтдаг Яновка хэмээх жижигхэн тосгонд төрсөн юм. Тэрээр Давид Леонтьевич Бронштейн (1847–1922) болон Анна Бронштейн (1850–1910) хоёрын найм дахь хүүхэд байсан ба эцэг эх хоёр нь Еврей гаралтай тариачид байжээ. Судлаачид хэдийгээр түүний эцэг эх хоёр нь Еврей байсан гэж үздэг боловч түүний гэр бүлийг шүтлэггүй байсан гэсэн дүгнэлт хийсэн юм.
Троцкийг есөн настай байхад нь түүний эцэг нь Одесса хот руу сургуульд явуулсан. Тэнд түүнийг Герман сургуульд оруулсан ба тухайн улсын Хаант засаглалын бодлогын дагуу бүх зүйлсийг Оросчлож эхэлж байжээ.[2] Чухам энэ нь цаашид түүний ирээдүйн үзэл бодол болон ертөнцийг харах үзэлд нөлөөлсөн гэж үзэж болно. Хэдийгээр Троцкий нь өөрийнхөө бичсэн намтарт Орос болон Украйн хэлээс бусад хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй байснаа хүлээн зөвшөөрсөн боловч Рэймонд Молиниер хэмээх судлаач түүнийг Франц хэлээр чөлөөтэй ярьдаг байсан хэмээн бичсэн байдаг.[3]
Троцкий анх 1896 онд Николаев (өнөөдрийн байдлаар Миколайв) хотод нүүж ирснээр хувьсгалт үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Эхэндээ тэрээр народник үзэлтэн байсан ба Марксизмын онолыг эрс эсэргүүцдэг байсан боловч явц дунд тэрээр Марксист үзэлтэн болсон байна. 1897 оны эхний хэсэгт Лев Троцкий нь математикийн зэрэг хамгаалахын оронд Николаевт Өмнөд Оросын Ажилчдын Эвлэлийг байгуулахад тусласан ба тэр үед социалист үзэл суртлыг дэмжсэн маш их уриа, өгүүлэл болон нийтлэлүүд бичсэн түүхтэй.
Харин 1898 оны 1-р сард тус эвлэлийн 200 гаруй гишүүн баривчлагдсан ба эдгээрийн нэг нь Троцкий байжээ. Ингээд Троцкий өөрийн шүүх үйл ажиллагаагаа хүлээн, хоёр жил шоронд суусан юм. Түүнийг шоронд суугаад хоёр сар болж байх хугацаанд буюу 1898 оны 3-р сарын 1 - 3-ны хооронд Оросын Социал Демократ Нам өөрсдийн анхны уулзалтаа зохион байгуулсан байна. [4] Чухам энэ үеэс хойш Троцкий тус намын гишүүн болжээ. Шоронд сууж байх хугацаандаа Троцкий нь философи судлахаас гадна Александра Львовна Соколовская хэмээх нэртэй Марксист бүсгүйтэй гэрлэсэн. Харин 1900 онд Лев Троцкийн шүүх хэрэг явагдаж үүний үр дүнд түүнийг Сибирийн Эрхүү хот уруу эхнэртэйн хамт цөлсөн байна. Энэ хугацаанд тэрээр Зинаида Волкова (1901 – 1933) болон Нина (1902 – 1928) гэх хоёр охинтой болсон байна.
Сибирьт байх хугацаандаа Троцкий нь тус намын доторх мөргөлдөөний талаар сайтар мэдэж авсан ба 1898 болон 1899 онуудад болсон баривчилгаануудаас тэрээр бүгдийг ойлгосон байна. Учир нь тухайн үед намын гишүүд бие биенээ барьж өгөх болон намаасаа урвах үйлдлүүд маш их гарч байсан. Мөн тухайн үед түүний намын гишүүд 2 хуваагдсан байв. Зарим хэсэг нь: социал демократууд буюу "эдийн засагчид" (хэмээх хочтой үзэлтнүүд) гол төлөв, "Ажилчдын аж ахуйн амьдралыг дээшлүүлэх нь тус намын гол зорилго" хэмээн үзэж байсан ба "засгийн эрхийг өөрсдийн гарт авах шаардлагагүй" хэмээн үзэж байжээ.[5] Гэтэл нөгөө талаас: тус намын үлдсэн гишүүд нь, "Хаант засаглалыг нураан унагаах нь маш чухал хэрэг" хэмээн үзэж "засгийн эрхийг шинэ дэг журамтай хувьсгалт нам авах шаардлагатай" хэмээн үзсэн байна. Харин Троцкийн хувьд тэрээр тус намын "эдийн засагчдын" оронд "засгийн эрхийг өөрсдийн гарт авах" үзэлтнүүдтэй санаа нэгдэж, удалгүй Английн Лондон хотноо "Оч" орч. ''Искра'' (The Spark) сонинд ажиллаж эхэлжээ.
1902 онд Лев Троцкий нь Сибириэс анхны эхнэр болох Александра Львовна Соколовскаягийн хүсэлтээр хадлангийн өвс ачсан галт тэргэнд сууж оргосон байна. Троцкий нь гадаадад гарсны дараагаар Английн Лондон хотод очоод Георгий Плеханов, Владимир Ленин, Юлий Мартов болон Искра сонины бусад зохиолчидтой нэгдсэн байна. Энэ үеэс хойш тэрээр тус сонины газар ажиллаж байх хугацаандаа "Перо" хэмээх (Оросоор "өд" гэсэн утгатай) нууц нэрээр ажиллах болжээ.
Троцкийг Искра сонинд анх ирэхэд тус сонинд нийт 6 ахлах ажилтан байсан ба эдгээр нь хоорондоо хоёр фракцад хуваагдаж байжээ (Эхний фракц нь "хөгшчүүдийн" фракц, хоёрдугаар фракц нь "залуучуудын" фракц гэж хоёр хуваагдаж байсан байна). "Хөгшчүүдийн" фракцыг Георгий Плеханов удирдаж "залуучуудын" фракцыг Ленин, Мартов хоёр удирддаг байсан ба Плехановын фракцад багтах хүмүүс голдуу 40 - 50 настай байсан аж. Мөн эдгээр хүмүүс нь хамтдаа 20 гаруй жил Европт цагаачлан амьдарсан хүмүүс байв. Нөгөөтэйгүүр "залуучуудын" фракцад багтах хүмүүс дөнгөж 30 гаруй нас хүрч байсан ба хэдхэн жилийн өмнө Оросоос цагаачилж ирсэн хүмүүс байжээ. Иймд Ленин нь Плехановын эсрэг илүү санал авахын тулд Троцкийг (тухайн үед 23 настай байсан) өөрийн фракцад татан оруулахыг зорьж байсан юм. Үүний дагуу Ленин нь 1903 онд дараах зүйлийг бичжээ:[6]
Би хувьдаа 'Перог' редакторын зөвлөлд, бид бүхний адил гишүүнээр элсүүлэхийг та бүхнээс хүсэж байна. [...] Учир нь одоогийн байдлаар бидэнд 7 дахь гишүүн хэрэгтэй байгаа ба тэр бидний ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна, санал авах үйл явцыг хүний тоогийн ялгаагаар шийдвэрлэхэд маш эвтэйхэн болгож өгнө. Мөн тэрээр бидний хэвлэлийн дугаар болгонд өөрийн хувь нэмрээ хэдэн сарын турш оруулж байгаа бөгөөд Искра сонины төлөө бүхнээ зориулж чаддаг. Тэрээр хүмүүст илтгэл хүртэл тавьж, эдгээр нь маш амжилттай байгааг няцаах аргагүй. Хэдийгээр тэр бидний бичсэн өгүүллэгүүдийн гарчиг болон тэмдэглэлийн хэсэгт багтлаа гээд хэрэг болохгүй ч бид түүнийг гишүүнээр авах нь маш хэрэгтэй алхам. Тэр бол яахын аргагүй маш ховор бөгөөд чадварлаг нэгэн ба маш их хичээл зүтгэл гаргадаг учраас ирээдүйд маш хол явах болно."
Гэтэл хэдийгээр Плеханов нь Троцкийг редакторын зөвлөлд элсүүлэхээс татгалзсан боловч энэ үеэс хойш Троцкий тус зөвлөлийн бүх уулзалтанд зөвлөгч маягаар оролцож Плехановын уурыг хүргэсэн байна.
1902 оны сүүлээр Троцкий Ната́лья Ива́новна Седо́ва хэмээх бүсгүйтэй танилцсан. Тэрээр түүнтэй 1903 онд гэрлэсэн ба тэр хоёроос хоёр хүүхэд гарсан: Лев Седова (1906 – 1938) болон Сергей Седова (1908 - 1937). Харамсалтай нь Троцкийн болон Натальягийн хүүхдүүд хоёулаа эцэг эхээсээ өмнө нас барсан юм. Троцкий нь хоёр хүүгийнхээ овгийн нэрийн талаар тайлбар хийхдээ, 1917 оны хувьсгалын дараагаар:[7]
"Хүүхдүүдийнхээ нэрийг албадан солиулахгүйн тулд, мөн Оросын иргэншил авахын тулд эхнэрийнхээ овогийг өгсөн юм" хэмээн тайлбарласан байна.
Гэвч Троцкий хэзээ ч "Седова" гэсэн овогийг олон нийтэд болон хувийн хэрэглээндээ зориулж ашиглаагүй юм. Харин түүний эхнэр Наталья зарим үед "Седова-Троцкаяа" гэж гарын үсэг зурсан тохиолдлууд байдаг. Анхны эхнэрийн хувьд Троцкий нь түүнээс салснаас хойш түүнтэй найзын харилцаатай байсан боловч 1935 онд Сталины засгийн газрын хэлмэгдүүлэлтээр Александра алга болсон бөгөөд 3 жилийн дараа түүнийг хороожээ.
Энэ хооронд Оросод 1898 онд болсон Оросын Социал Демократ Лейборист Намын анхдугаар уулзалтын үр дүнд маш их дарамт шахалт болон хэлмэгдүүлэлт явагдаж байв. Тэгсэн хэдий ч удалгүй Искра сонины хамт олон тус намын 2-р уулзалтыг 1903 оны 8-р сард зохион байгуулах болов. Ингээд тус хуралдаанд Троцкий болон Искра сонины ахлах ажилтнууд оролцжээ. Үүний дагуу тэд тус намын "эдийн засагчдыг" нам дарж, цаашид тэдний намыг хамт байгуулцсан "Литва, Польш болон Оросын Еврей үндэстний Хөдөлмөрийн Ерөнхий Бундыг" ирээдүйд яах талаар хэлэлцсэн байна.[баримт хэрэгтэй]
Гэтэл удалгүй үүний дараагаар Искра сонины дэмжигчид хоорондоо хоёр хуваагдаж эхлэв.[8] Большевикчууд буюу Ленин болон түүний дэмжигчид намын удирдлагыг жижиг бөгөөд өндөр зохион байгуулалттай байхыг шаардаж, харин Меншевикчууд буюу Мартов болон түүний дэмжигчид намыг том бөгөөд илүү чөлөөтэй байхыг хүссэн байна. [8] Гэвч хамгийн хачирхалтай нь Искра сонины ахлах ажилчдын ихэнх нь Мартов болон Меншевикчуудыг дэмжиж байтал, Плеханов Ленин болон Большевикчуудыг дэмжиж байжээ. Харин энэ байдал нь 1903 - 1904 оны хооронд нилээд өөрчлөгдсөн юм. Учир нь Плеханов Большевикчуудаас салж, Троцкий 1904 оны 9 сард Меншевикчуудыг Оросын Либерал үзэлтнүүдтэй нэгдэхийг эсэргүүцэн тус эвлэлээс гарсан байна.
Ингээд Троцкий 1904 - 1917 оны хооронд өөрийгөө "төвийг баримталсан социал демократ" хэмээн үзэх болжээ. Тэрээр энэ хугацааг ихэвчлэн нам доторх мөргөлдөөнийг намжаах оролдлого хийж өнгөрөөсөн байна. Үүний дагуу тэрээр Ленин болон бусад намын өндөр албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа маргалджээ. Гэвч Троцкий сүүлд нь Ленинтэй маргасан нь маш буруу байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Мөн тэрээр энэ хугацаанд өөрийн байнгын хувьсгалын онолыг боловсруулж эхэлсэн ба 1904 - 1907 оны хооронд Александер Парвустай хамтран ажилласан байна.[баримт хэрэгтэй] Харин Ленин Троцкийг түүнээс урвасныхан төлөө Иуда Искариот хэмээн нэрлэж,[9] "өөдгүй новш"[10] болон "сонжуургүй амьтан" хэмээн уурлаж байжээ.[11]
1905 оны 1-р сарын 3-ны өдөр, Орос дахь нөхцөл байдал улам хүндэрч Санкт-Петербург хотын Киров Үйлдвэрийн ажилчид засгийн газрын эсрэг босоход хүрэв.[12] Тус бослого нь хоёрхон хоногийн дотор буюу 1905 оны 1-р сарын 7-ны өдрөөр нийт 140,000 гаруй хүмүүсийг хамруулсан байв.[13] Ингээд 1905 оны 1-р сарын 9-ны өдөр буюу Ням гаригт Георгий Гапон хэмээх санваартан хүн иргэдийг дагуулан Санкт-Петербург хотын Өвлийн Ордон уруу тайван жагсаал удирдан зохион байгуулсан юм. Тус жагсаалын гол зорилго нь засгийн газраас хоол хүнс болон туслалцаа авахад оршиж байв. Гэтэл энэхүү тайван жагсаалыг ордны хамгаалагчид зэвсэгт халдлага гаргаснаар бусниулж, үүний үр дүнд 1000 гаруй жагсагчид амь насаа алджээ. Энэ цагаас хойш 1905 оны 1-р сарын 9-ны өдрийг Цуст Ням гариг хэмээн нэрлэсэн юм.
Маш удалгүй энэ үйл явдлын дараагаар Троцкий Оросод нууцаар эргэж ирсэн байна (1905 оны 2-р сард, тэрээр Киевээр дамжин иржээ).[14] Тэрээр Санкт-Петербург хот уруу явахын өмнө Киев хотноо нууцаар өгүүлэл бичиж байжээ. Ингээд Троцкий Санкт-Петербург хотод ирснээр Леонид Красины доор Большевикчуудтай болон тус хотын орон нутгийн Меншевик Зөвлөлд ажиллаж байсан байна. Гэвч Санкт-Петербург дахь Меншевик Зөвлөлд засгийн газрын нууц тагнуул ажиллаж байсан ба үүний үр дүнд тэрээр Финланд улс уруу зугтахад хүрчээ. Чухам тэнд л тэрээр өөрийн Байнгын Хувьсгалын онолыг бичиж дуусгасан аж.[15]
Харин тун удалгүй Троцкий эх орондоо дахин эргэн иржээ, учир нь тухайн үед Орос даяар ажилчдын бослого гарч байсан ба энэ завшааныг ашиглан Троцкий ямар ч саад бэрхшээлгүйгээр Оросод буцаж иржээ.[16] Тухайлбал: 1905 оны 9-р сарын 19-нд Москва хотын Сытин Хэвлэлийн ажилчид ажиллах цагаа багасгахын төлөө болон цалингаа нэмэгдүүлэхийн төлөө бослого гаргаж,[17] 1905 оны 9-р сарын 24-нд Санкт-Петербург хотын 50 гаруй хэвлэлийн байгууллагууд бослого гаргаж,[18] 1905 оны 10-р сарын 2-нд Санкт-Петербург хотын үсэг өргөгч машины үйлдвэрийн ажилчид бослого гаргаж,[19] мөн 1905 оны 10-р сарын 7-нд Москва - Казаны төмөр замын ажилчид тус тус бослого гаргасан байна.[20] Троцкий, Санкт-Петербург хотноо ирсэн даруйдаа тус хотын Зөвлөлт Ажилчдын Депутат Консултай уулзаж,[21] тус хуралдаанаар өндөр албан тушаалтнуудтай уулзахаас гадна хотын нийт ажилчдын 50% буюу 200,000 гаруй хүмүүсийн өмнө илтгэл тавьж амжжээ. Үүний дараагаар Троцкий, Парвустай хамтран Оросын Газета сонины удирдлагыг өөрсдийн гарт авч тус хэвлэлийн нийт эргэлтийг 500,000 болтол нь нэмэгдүүлсэн байна.[22] Мөн тэрээр Парвус, Юлий Мартов болон бусад Меншевикчуудтай хамтран Начало (“Эхлэл” гэсэн утгатай) сониныг хамтран байгуулцсан байна. (Тус сонин нь тухайн цаг үед маш их амжилтанд хүрч байжээ)[23]
Мөн Троцкийг Киевээс Санкт-Петербург хотод ирсний дараагаар, түүнийг Зөвлөлтийн анхны Ажилчдын Зөвлөлийн дэд тэргүүнээр томилсон бөгөөд тухайн цаг үед тус зөвлөлийн тэргүүн нь Хрусталёв Носарь байжээ. Хэдийгээр эхэндээ Хрусталёвыг тус зөвлөлийн тэргүүнээр томилоход хүмүүс дургүйцэж байсан боловч тэрээр маш чадамгай удирдагч байсан юм. Үүний дагуу ч хүмүүс Хрусталёвыг Санкт-Петербургын Зөвлөлийн нүүр царай болгон хүлээн авдаг байв. Харин 1905 оны 11-р сарын 26-ны өдөр Хрусталёвыг Оросын засгийн газар баривчилсан ба үүний дагуу Троцкий тус зөвлөлийн тэргүүн болсон юм. Ингээд 1905 оны 12-р сарын 2-нд, Санкт-Петербургын Ажилчдын Зөвлөл тухайн үеийн Оросын Хаант засаглал болон түүний гадаад өрийн асуудлаар дараах тунхаглалыг албан ёсоор зарлажээ:
Улмаар дараагийнхан өдөр засгийн газрын цэргүүд Санкт-Петербургын Ажилчдын Зөвлөлийг тэр чигт нь бүслэн авч, тус зөвлөлийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан бөгөөд эдгээрийн нэг нь Троцкий байсан юм.[25] 1906 оны 10-р сарын 4-нд Троцкий өөрийнхөө шүүх хэргээр амьдралынхаа хамгийн алдартай илтгэлийг тавьсан ба чухам энэ үеэс хойш түүний нэр хүнд маш ихээр өсжээ.[26] Харин шүүх хэргийн үр дүнд Троцкийг Сибирь уруу дахин цөлсөн байна.
1907 оны 1-р сард Троцкийг Сибирийн Обдорск хот уруу цөлөн хүргэж өгч байх үед тэрээр оргон зугтсан байна. Тэрээр Берёзов[27] хотоос оргон шууд Английн нийслэл хот болох Лондон уруу зүглэсэн ба тэнд Оросын Социал Демократ Лейборист Намын 5-р бага хуралд оролцожээ. Тун удалгүй, тэр тус оны 10 сард Вена хотод нүүж очсон ба тэндээ Австрийн Социал Демократ Нам болон зарим үед Германы Социал Демократ Намуудын үйл ажиллагаануудад оролцдог байжээ. Ингээд тэр ийм хэв маягтай нийт 7 жил амьдарсан байна.
Венад байх хугацаандаа, Троцкий Адольф Иоффе хэмээх бас нэгэн Оросын хувьсгалчтай найз болсон ба чухам түүнээс психоанализын талаар сурч авчээ.[28] Удалгүй 1908 оны 10 сард тэр Иоффе, Матвей Скобелев болон Виктор Копп хэмээх хүмүүстэй хамтран Правда сониныг хэвлүүлж эхэлсэн ба үүнийг Орос руу нууцаар хил давуулан гаргадаг байжээ. [29] Сонины хувьд тус хэвлэлийг тогтмол хүмүүст хүргэж өгч чаддаггүй байсан ба сонин хэвлэлд орсон жилийнхээ эхний жилд ердөө 5-хан хэвлэлийн дугаарыг Оросод гаргасан байна.[29] Тэгсэн хэдий ч сониныг Оросын үйлдвэрийн ажилчид маш таатай хүлээж авсан ба уг сонин нь үзэл суртал болон агуулгын хувьд, тухайн үед хоёр хуваагдсан байсан Большевик болон Меншевикчуудын аль нэг талыг баримталдаггүй байжээ. Харин мөнгө төгрөг, санхүүжилтийн хувьд Правда сонин нь нилээд хүнд асуудалтай байсан ба үүний дагуу Троцкий бүхэл бүтэн 1909 оны жилийг тус сонинд санхүүжилт олохоор Оросын Төв Хороонд хандсан байна.[30] Энэ үед Оросын Төв Хорооны дийлэнх хувийг Большевикчууд эзэлж байсан ба үүний дагуу тэдний тэргүүн болох Ленин, Троцкийд зөвхөн тус бүлгэмийн нэг гишүүнийг редактороор томилсон тохиолдолд Правда сонины үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаа амласан байна.[31] Ингээд 1910 оны 1-р сард Большевикчууд болон Меншевикчууд Парист уулзалт зохион байгуулж, дахин нэгдэхийг оролдсон ба энэ үеэс эхлэн Правда сонин Оросын Социал Демократ Лейборист Намын санхүүжилттэй төв байгууллага болжээ (Харин энэ үед Ленин хоёр бүлгэмийн нэгдлийг эсэргүүцэж байв[32]). Иймдээ ч сонины удирдах бүрэлдэхүүнд, Троцкийн хүргэн ах Лев Каменевыг Большевикчуудын төлөөллөөр редактор болгосон боловч хоёр бүлгэмийн нэгдэл бүтэлгүйтэж мөн дотоод зөрчлийн улмаас Каменев ердөө долоохон сарын дараа редакторын албан тушаалаас буусан байна. Ингээд тус сонин 1912 оны 4-р сард татан буугдах хүртлээ, цаашид нийт хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулжээ.
Гэвч маш удалгүй 1912 оны 4-р сарын 22-нд, Большевикчууд Санкт-Петербург хотноо шинэ сонин хэвлүүлж эхэлсэн ба үүнийг мөн Правда гэж нэрлэсэн байна. Энэ үйлдэл нь Троцкийн хувьд түүнийг маш их уурлуулсан ба тэрээр 1913 онд Николай Чхейдзе хэмээх Меншевик бүлгэмийн тэргүүнд захидал илгээж, Ленин болон түүний Большевик бүлгэмийг тэр чигт нь муулж буруушаажээ. Хамгийн харамсалтай нь 1924 онд, хожим нь Ленин нас барсны дараагаар цагдаагийн архивд хадгалагдаж байсан ийнхүү захидлыг Троцкийн өрсөлдөгчид олсон ба үүнийг ашиглан ЗХУ-н Коммунист намын уулзалтуудаар Троцкийг Лениний дайсан хэмээн олон нийтэд танилцуулж чаджээ.
Ер нь бол, Венад байх хугацаандаа Троцкий Правда сонины редактор хийхээс гадна Орос болон Украйны бусад сонинуудад нийтлэл бичдэг байв. Тухайлбал тэрээр Украйны Киевын Бодол хэмээх сонинд хэд хэдэн удаа нийтлэл бичиж байсан бөгөөд үүнийхээ хүрээнд ч 1912 оны 9-р сарын үеэр Балканы хойгт болж буй дайны сурвалжлагчаар илгээгдсэн байна (Троцкий тэнд 2 жил байсан). Чухам тэнд байх хугацаандаа Троцкий, Христиан Раковскийтай танилцсан ба Раковский нь цаашид Троцкийн маш сайн найз бөгөөд Коммунист намын холбоотон байжээ. Харин 1914 оны 8-р сарын 3-ны өдөр Дэлхийн нэгдүгээр дайн гарсны улмаас Троцкий Вена хотоос нүүж Швейцарын Цюрихд очжээ.
Дэлхийн Нэгдүгээр Дайн эхэлснээр Оросын Социал Демократ Лейборист Намын бүтэц зохион байгуулалт нилээд өөрчлөгдөхөд хүрсэн. Учир нь дэлхийн хэмжээний дайн гарснаар тус намын гишүүд дайны талаар, ирээдүйн хувьсгалын талаар, пасифизм болон интернационализмын талаар үзэл суртлын хувьд хуваагдаж эхэлсэн юм. Тухайлбал Ленин, Троцкий болон Мартов нар Оросыг дайнд оруулахын эсрэг байр суурьтай байтал Плеханов болон түүний нөхөд ямар нэгэн байдлаар Оросыг дайнд оруулахыг хүсэж тус улсын засгийн газрыг дэмжиж байжээ.
Троцкий Швейцарт байх хугацаандаа тус улсын Социалист намтай хамтран ажиллаж байсан ба үүний дагуу тэрээр интернационалист үзэлтэй болжээ. Мөн тэрээр тухайн цаг үед Дэлхийн Нэгдүгээр Дайныг эсэргүүцсэн ном бичиж (The War and the International),[33] цаашид бусад Европын Социал Демократ намуудын адил Германы түрэмгийллийг буруушаасан байр суурьтай болжээ.
1914 оны 11-р сарын 19-нд Троцкий нь Киевын Бодол сонинд цэргийн сурвалжлагчаар ажиллах болсноор тэрээр Франц руу нүүжээ. Ингээд тэр 1915 оны 1-р сараас эхлэн Парист ажиллаж эхэлжээ. Троцкий өгүүлэл болон нийтлэл бичихдээ дараах уриаг хэрэглэж байсан байна, "Алдагдал нөхөн төлбөргүй энх амгалан, дарагдагч дарангуйлагчгүй энх тайван." Харин энэ хугацаанд Ленин Дэлхийн Нэгдүгээр Дайн дахь Оросын ялагдлыг дэмжиж, мөн Хоёрдугаар Интернационалаас бүрэн салахыг оролдож байв.
Удалгүй 1915 оны 9-р сард Троцкий бусад дайны эсрэг байр суурьтай социалистуудын адил Зиммервалдын Бага Хуралд оролцож, Хоёрдугаар Интернационалыг дэмжиж буй хүмүүс (жишээ нь: Мартов) болон шинэ интернационал буюу Гуравдугаар Интернационалыг байгуулах хүсэлтэй байгаа хүмүүсийн хооронд (жишээ нь: Ленин) жуулчлагчийн үүрэг гүйцэтгэнэ оролцсон байна. Ингээд тус хуралдаанд Троцкийн дэвшүүлсэн санаануудыг дэмжиж, хоёр талд нийцсэн тогтоолын шийдвэр гаргахад хүрсэн аж. Үүнийг эхэндээ Ленин дэмжээгүй ч, эцэст нь Троцкийн дэвшүүлсэн санааг дэмжиж хоёр талыг нэг мөсөн салгах үйл явцыг болиулжээ.[34]
Харин 1916 оны 3-р сарын 31 гэхэд Троцкийг Францаас хөөн Испани уруу явуулсан юм. Гэвч Испанийн эрх мэдэлтнүүд түүнийг хүлээн авахыг хүлээн зөвшөөрөөгүй ба 1916 оны 12-сарын 25-нд түүнийг Америк улс уруу явуулжээ. Үүний улмаас тэрээр Америкын Нэгдсэн улсын Нью-Йорк хотноо 1917 оны 1-р сарын 13-нд газардсан байна. Тэрээр Нью-Йоркт ирснээр тус хотын орон нутгийн Орос хэлний хэвлэлийн газарт ажиллах болжээ (Тухайлбал: Новый Мир). Мөн тэрээр Америк дахь Орос цагаачдад илтгэл тавьдаг байжээ.
Маш удалгүй түүнийг Нью-Йорк хотод амьдарч байхад, 1917 оны хоёрдугаар сарын хувьсгал гарч үүний үр дүнд Оросын Хаан болох 2-р Николасыг хаан ширээнээс огцруулсан байна. Энэ мэдээг сонссон даруйдаа тэр Нью-Йоркоос Орос уруу 1917 оны 3-р сарын 27-нд гарч оджээ. Гэвч түүний суусан усан онгоцыг Их Британы усан цэргийн хүчнийхэн замаас нь зогсоож, түүнийг 1 гаруй сар саатуулжээ (Канадын Амхерстын Хорих Лагер). Хэдийгээр тухайн цаг үеийн Оросын дипломат төлөөлөгч Павел Милюков Троцкийг суллах асуудал дээр эргэлзэж байсан ч, тэрээр Их Британы засгийн газарт хандан түүнийг Орос иргэн тул суллахыг хүссэн байна. Үүний дагуу Троцкийг, тухайн оны 4-р сарын 29-нд сулласан юм.
Ингээд 1917 оны 5-р сарын 4 гэхэд Троцкий эх орондоо буцаад иржээ. Тэрээр ирсэн даруйдаа Большевикчуудтай нэгдээгүй ба эхлээд Санкт-Петербургын орон нутгийн социал демократ байгууллага болох Межрайонцыд нэгдэн оржээ. Үүний дагуу тэрээр тус байгууллагын тэргүүлэгчдийн нэг болж, 6 сард Зөвлөлтийн Конгрессын анхдугаар хуралд оролцсон байна. Мөн уг хуралдаанаар Троцкий Межрайонцыг төлөөлөн Нэгдсэн Оросын Төв Хороонд гишүүн болгон сонгогджээ.[баримт хэрэгтэй]
Гэтэл 1917 оны 8-р сарын 7-нд Троцкийг Оросын засгийн газар баривчилсан байна. Учир нь тэрээр Петроградын бослогоор Большевикчуудыг дэмжин тэмцэл өрнүүлжээ. Гэвч маш удалгүй (40 хоногийн дараа) түүнийг Лавр Корниловын эхлүүлсэн үйл явдлаас хамаарч суллажээ.
Большевикчууд Петроградын Зөвлөлд дийлэнх суудлыг эзэлсний дараагаар Троцкийг тус зөвлөлийн тэргүүнээр сонгон томилсон байна. Энэ үйл явдлын дараагаар Троцкий Ленинтэй хамтран Григорий Зиновьев болон Лев Каменевын эсрэг байр суурь эзэлж, Большевикын хуралдаанаар Оросын Түр Зуурын Засгийн Газрыг хүчээр татан буулгах үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ.
Тус цэргийн үйл ажиллагааны талаар Иосиф Сталин доорх зүйлсийг бичсэн байна:
(Правда сонинд 1918 оны 11-р сарын 10-нд)[баримт хэрэгтэй]
Ингээд Троцкийн 11-р сарын 7 - 8-ны хооронд зохион байгуулсан цэргийн үйл ажиллагаа амжилттай явагдаж, удалгүй үүний хариуд Оросын засгийн газар хариу арга хэмжээ авахыг оролдсон байна (Генерал Петро Краснов болон бусад цэргийн хүчин). Гэвч энэ нь бүтэлгүйтсэн билээ. Цаашид Троцкий Ленинтэй хамтарснаар Большевикын удирдлагын хоёр дахь өндөр албан тушаалтан болж Лениний дараах захирагч болжээ. Тэрээр ингэснээр Лениний өмнөх баруун гар болох Зиновьевыг орлож, энэ нь цаашид Троцкий болон Зиновьев хоёрын хооронд ширүүн тэмцэл эхлүүлсэн юм (1926 он хүртэл). Гэвч хамгийн харамсалтай нь Троцкий болон Зиновьев хоёр чухам тэдгээрийн хоорондын дайсагнал болон өрсөлдөөн тэдгээрт хэр их хор хөнөөлтэй болохыг даанч мэдээгүй юм.[баримт хэрэгтэй]
Большевикчууд засгийн эрхэнд гарсны дараагаар Троцкий Зөвлөлт Холбоот улсын Гадаад Хэргийн Ардын Комиссар болсон бөгөөд тэрээр энэ үед Гурвалсан Холбооны нууц гэрээний талаар олон нийтэд хэвлэл гаргасан байна. Тус гэрээгээр Орос, Англи болон Франц зэрэг улсууд хуучины колони улс орнуудыг дахин хуваарилж, зарим улс орнуудын хил хязгаарыг дахин шинэчлэн тогтоох нарийн төлөвлөгөөтэй байжээ.
Беларусь улсын Брест хотноо 1917 оны 12-р сарын 22-ноос 1918 оны 2-р сарын 10 хүртэл үргэлжилсэн энх тайвны хэлэлцээрээр Троцкий бүх үйл явцыг тэргүүлж байв. Гэвч тухайн цаг үед Зөвлөлтийн засгийн газар энэ асуудлыг шийдэж чадалгүй хоёр хуваагдсан байсан ба зарим нэгэн коммунистууд буюу Николай Бухарин тэргүүтэй Зүүнтний Коммунистууд, Европд капиталист болон коммунист улсууд зэрэгцэн оршин тогтнох боломжгүй хэмээн үзэн тус тивд зөвхөн дайн хийх замаар хувьсгал хийснээр энх тайван оршин тогтнох боломжтой хэмээн үзэж байв.
Үүний дагуу тэд 1918 оны 1-р сарын 15-ны өдөр шинээр байгуулагдсан Зөвлөлт Оросын Улаан Армийн: Польш, Беларус болон Украйн дахь амжилтуудыг хэд хэдэн удаа дурдсан байна. Учир нь тэд чухам улс төрийн ухуулга сайн хийж, дайны стратеги зөв боловсруулснаар Германы цэргүүдийг эсэргүүцэж чадна хэмээн үзэж байжээ. Иймээс хэдийгээр тухайн цаг үед Зөвлөлт Орос Герман улстай яриа хэлэлцээр хийж байсан ч, тэд үүнийг ердөө капиталист Герман улсын эзэнт гүрний бодлогыг ард түмэнд илчлэж, Орос болон Европ дахь ажилчин ард түмний социалист хувьсгалыг хурдасгахыг бодон хийж байв. Өөрөөр хэлбэл тэд Герман улстай энх тайвны хэлэлцээр байгуулахыг огтхон ч хүсээгүй юм. Мөн энэ үзэл бодлыг тухайн цаг үеийн Зүүнтний Социалист Хувьсгалчид дэмжиж байжээ.
Гэвч хэдийгээр тухайн цаг үед Ленин, Европын бусад хэсгүүдэд коммунист хувьсгал яаралтай хийхийг чухалчилж байсан ч, тэр үеийн Герман улсын засгийн эрхийг эзэн хааны засгийн газар маш чанга атгаж байсан ба үүний дагуу Ленин Герман улстай дайн хийхээс зайлсхийжээ. Тэрээр тухайн цаг үед Зөвлөлт Оросын цэргийн хүчин хэт сул дорой байгааг сануулан, хэрвээ Герман улстай дайн хийвэл Зөвлөлт Оросын засгийн газар нуран унахыг онцолсон байна.
Ингээд Ленин Зүүнтний Коммунистуудад, Зөвлөлт Оросын цэргийн хүчин нэмэгдэх хүртэл дайныг түр хугацаанд хойшлуулахыг зөвлөж улмаар тийм шийдвэр гаргасан байна. Иймдээ ч Ленин Герман улстай яриа хэлэлцээр хийхдээ тэдгээрийг удаашруулах бодлого явуулахыг зөвлөж байсан боловч 1918 оны 1-р сараас хойш хэрвээ Герман улс Зөвлөлт Холбоот улсын эсрэг "тулган шаардах" бодлого баримтлаж эхэлбэл Зөвлөлт Холбоот улс энэ үед яахын аргагүй энх тайвны гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг дэмжиж эхэлсэн юм. Харин энэ асуудал дээр хэдийгээр эхэндээ Троцкий хоёр хуваагдсан байр суурьтай байсан боловч, Лениний адил тухайн цаг үеийн цэргийн хүчинг өмнөх засгийн газрын буюу хаантны цэргүүдээр дүүрсэнийг онцлон, нуран унахад маш ойрхон байгаа учраас яаж ч бодсон байлдах боломжгүй гэсэн эцсийн дүгнэлтэнд хүрсэн байна.
Тэрээр хэлэхдээ: "Тухайн цаг үед бид бүхэн яаж ч бодсон тулалдаж чадахгүйн тодорхой байсан бөгөөд Зөвлөлтийн Улаан Арми хэт жижигхэн бөгөөд бэлтгэлгүй байсан юм." хэмээн өгүүлжээ.
1918 оны 2-р сард болсон Герман улсын довтолгоо нь шинээр байгуулагдсан Улаан Армийн сул талуудыг илт харуулсан байна. Учир нь тухайн үеийн цэргийн хүч: хүний тоо маш бага, мэдлэгтэй офицеруудаар дутмаг болон зохион байгуулалтын хувьд ямар ч эмх замбараагүй байв. Иймдээ ч Улаан Оросын тэнгисийн цэргийн хүчнээс хамгийн шилдгүүдийн нэгд тооцогддог Балтикийн Флот, Нарвад Герман улсын армитай байлдахдаа ялагдал хүлээж зугтаахаас өөр аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед байгуулагдсан сайн дурын цэргийн хүчин буюу мэргэжлийн бус дайчид нь маш сул дорой байсан юм.[баримт хэрэгтэй]
Троцкийн хувьд тэрээр энэ асуудлыг Большевикчуудаас олж харах анхны тэргүүлэгчдийн нэг байсан ба хуучин цэргийн генералуудыг зөвлөх үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна. Үүний дагуу 3-р сарын 4-ны өдөр Ленин болон Большевикчуудын Төв Хорооноос Цэргийн Дээд Зөвлөлийг байгуулж, анхны тэргүүнээр нь Хаант Оросын Ерөнхий Командлагч байсан Михайл Бонч-Бруевичийг томилсон байна.
Гэвч энэ шийдвэрийг Большевикчуудын Төв Хорооноос бусад бүх Улаан Армийн удирдлага эсэргүүцсэн ба Ардын Комиссар Николай Подвойский болон Ерөнхий Командлагч Николай Крыленко нар эрс буруушааж улмаар эсэргүүцлээ илэрхийлэн ажлаа хаясан байна. Тэдний үзэж буйгаар Улаан Армийн цэргийн удирдлагыг зөвхөн хувьсгалын төлөө зүтгэхэд бэлэн хувьсгалчид хийх ёстой байсан ба үзэл суртлын хувьд үнэнч зүтгэлтнүүд байх хэрэгтэй гэж үзжээ. Энэ нь ч бусад Большевикчуудын дунд түгээмэл бодол байсан ба Оросын Иргэний Дайн дуусах хүртэл үргэлжилсэн түүхтэй.
1918 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, Троцкийн Гадаад Хэргийн Ардын Комиссарын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг албан ёсоор хүлээн авч, түүнийг Подвойскийгийн оронд Цэргийн болон Тэнгисийн Хүчний Ардын Комиссараар томилсон байна. Мөн тэр энэ үед Цэргийн Дээд Зөвлөлийн даргаар томилогджээ. Тун удалгүй, Улаан Армийн Ерөнхий Командлагчийн албан тушаалыг байхгүй болгосноор Троцкий Улаан Армийн тэргүүн болсон байна. Орлогч даргынхаа тусламжтайгаар Троцкий Ардын Комиссарын албыг хааж байхдаа Оросын Улаан Армийг эрс өөрчилж, жижиг бие даасан бүрэлдэхүүнүүдийг нэгтгэн нэг үндсэн цэргийн хүчин болгосон байна. Тэрээр залуучуудыг цэргийн албанд татаж, армийг сахилга бат дэг журамтай болгож, офицеруудыг зэрэг цолоос үл шалтгаалан ур чадвар болон манлайлах чадвараар нь сонгох боломжийг бий болгож өгчээ.
Удалгүй ЗХУ-ын цэрэг армийн бүтэц зохион байгуулалтад шинэчлэлт өөрчлөлт хийх нөхцөл байдал үүссэн тул Троцкийн удирдан зохион байгуулах болон байгууллагын бүтэц, орон тоог дахин зохион байгуулж, босгох ур чадварыг сорих тохиолдол бий болжээ. 1918 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд Оросын Европ дахь тал нутгаас Владивосток хот уруу явж байсан Чехословакийн Легионууд Зөвлөлтийн засгийн газрын эсрэг босож, үр дүнд нь Большевикчууд улс орныхоо ихэнх нутгийг алдсан ба коммунист хүчний эсрэг тэмцэх сөрөг хүчин (бидний мэдэхээр Цагаантны Арми) улам хүчирхэгжиж, маш бат бөх зохион байгуулалтад орсон. Гэтэл, энэ үед Троцкийн найдаж байсан Улаан Армийн цэргийн мэргэжилтнүүд нийтээрээ учраа мэдэхгүй сууж байсан тул Зөвлөлтийн цэргийн хүчний бүтэц зохион байгуулалт маш хүнд нөхцөл байдалтай тулгарч байв.
Үүний хариуд Троцкий болон Зөвлөлтийн засгийн газар ард түмнийг бүх нийтээр нь дайчилж, 1918 оны 5 сард ердөө 300,000 цэрэгтэй байсан армийг 10 сар гэхэд нийт 1 сая цэрэгтэй арми болгож чадсан юм. Түүнчлэн, тэд Зөвлөлтийн цэрэг армид улс төрийн комиссар гэдэг албан тушаалыг бий болгосон ба уг албан тушаал нь цэрэг армийн удирдагчдыг (ихэнх удирдагчид Хаант Оросын хуучин офицерууд байв) Улаан Армид нэгтгэж, тэдний үнэнч зүтгэлийг олж авах үүрэгтэй байжээ. Троцкийн хувьд тэрээр Улаан Армийг байгуулахдаа Октябрийн хувьсгалын үзэл санааг үндэс суурь болгон байгуулсан гэж хожим нь тайлбарласан байдаг. Үүнийг түүний сүүлд бичсэн автобиографаас харж болно:[35]
Аливаа цэрэг армийг ямар нэгэн дайны төлбөргүйгээр байгуулах боломжгүй. Олон түмэн цэрэг эрсийг цаазаар авах ялгүйгээр албадан дайнд явуулах боломж байдаггүй. Өөрсдийн техникийн ололт дэвшлийг гайхамшиг хэмээн бахархан үздэг эдгээр хорон санаат сүүлгүй сармагчингууд болох хүн гэдэг амьтад цэрэг арми байгуулж, нэг нэгэнтэйгээ дайн зарлаж байгаа тохиолдолд цэргийн командад үргэлж олон сайн эрсийг дайны фронтод орших үхэл болон дайны ард байрлах цаазын ял хоёрын хооронд түлхэж байх юм. Гэтэл, яг үнэндээ цэрэг арми бол айдас түгшүүр дээр байгуулагдсан байдаггүй. Эзэн хааны арми нурж унасан шалтгаан нь дайны төлбөр гэдэг зүйл байгаагүйгээс болоогүй. Керенский хэмээх этгээд цаазын ял гэдэг зүйлийг сэргээн цэрэг армиа аврах гэж оролдсон боловч, үндсэндээ улам сүйрэл уруу нь түлхсэн. Харин Большевикчууд Дэлхийн нэгдүгээр дайнаас үлдсэн үнснээс цоо шинэ арми байгуулж чадсан юм. Түүх судалдаг, мэддэг хүний хувьд бол эдгээр баримтууд нь ямар нэгэн тайлбар шаардахгүй. Ийнхүү шинэ армийн хамгийн бат бөх цемент нь Октябрийн хувьсгалаас төрөн гарсан үзэл санаанууд бөгөөд дайны фронт уруу чухам галт тэргээр эдгээр цементийг л зөөсөн юм.
Лев Троцкий нь засгийн эрхийн төлөө Сталины эсрэг тэмцсэн байна. Энэ үед Сталины эсрэг Улаан армийн хүчээр цэргийн эргэлт хийхийг цэргийн зарим дээд дарга нар Троцкийд санал болгосон боловч тэрээр нэг шөнө бодсоны эцэст татгалзжээ. Энэ нь түүнийг хамтран тэмцэгч нарт нь шийдвэртэй бус удирдагч гэсэн ойлголт өгсөн тул цаашид түүнийг дэмжих хүний тоо эрс цөөрсөн байна. Ингээд Засгийн эрхийн төлөө тэмцэлд тэрээр ялагдал хүлээжээ.
Зөвлөлтөөс хөөгдөн гарсны дараа Троцкий нь Сталины эсрэг идэвхтэй тэмцэж, Сталин болон Сталинизмын тухай олон тооны өгүүллэг, нийтлэсэн байна. Энэ байдлыг тэвчихийн аргагүй байдалд хүрсэн тул Сталин хариу арга хэмжээ авч Троцкийг устгах даалгаврыг Дотоод Хэргийн Ардын Комиссариатад өгсөн байна. Дотоод Хэргийн Ардын Комиссариатын холбогдох албаны ажилтнууд буюу Чекистууд Троцкийг устгах ажиллагааг 2 удаа зохион байгуулжээ. Энэхүү ажиллагааг шууд удирдахад оролцож байсан украин гаралтай Чекист-дэслэг генерал Павел Судоплатовын удиртгалд тодорхой өгүүлсэн байна. Эхний оролдлогыг Испанийн иргэний дайнд оролцогч, дэлхийд алдартай зураач Сикейросын удирдлага доор тусгай хорлон сүйтгэгч нарын бүлгийг байгуулан Троцкийн амьдарч байсан байр луу зэвсэгт дайралт хийжээ. Гэвч энэ оролдлого амжилтгүй болсон тул хоёр дахь оролдлогыг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ ажиллагаанд Испанийн Бүгд найрамдах улсын армийн дэслэгч байсан Рамон Меркадерыг ашигласан бөгөөд тэрээр Троцкийн гэр бүл, түүний хүрээлэгч нарын итгэлийг аажмаар ав түүний хүрээлэлд нэвтэрсэн байна. Тэгээд нэгэн өдөр Троцкийтой өрөөнд нь хоёул үлдэхдээ мөс хаглагчаар түүний толгойд үхлийн цохилт өгсөн байна. Троцкийн бие хамгаалагч нар түүнийг баривчлан Мексикийн цагдаад хүлээлгэн өгсөн ба Троцкий шархаа даалгүй нас баржээ. Троцкийг алсан Рамон Меркадерт Мексикийн шүүх урт хугацаанд хорих ял буюу 20 жил хорих ял оноосон ба энэ ялаа дуусгасны дараа суллагдан Троцкийг алсны төлөө ЗХУ 1940 онд ЗХУ-ын баатар цолоор шагнаж Москвад Л.Брежневийн гараас цолоо 1960 онд гардан авсан түүхтэй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.