From Wikipedia, the free encyclopedia
Дахай (манж хэл:ᡩᠠᡥᠠᡳ, хятад хэл: 达海, пиньинь галиг: Dahai) (1595-1632) бол Гагай заргач, Эрдэнэ багш нарын зохиосон дусал бинтгүй манж бичгийг шинэчлэн сайжруулж, дусал бинттэй манж бичгийг зохиосон эрдэмтэн. Тэрбээр манжийн шулуун хөх хошууны гиорча овгийн хүн. Монгол, хятад хэлний гүн мэдлэгтэй байсан.
Дахайн өвөг дээдэс нь Гиорча газрын хүмүүс байсан тул уг газрын нэрээр овгоо нэрлэжээ. Түүний өвөө Болуо нь Нурхач хаанд зүтгэж гавьяа байгуулсан тул манжийн шулуун шар хошуунд багтан оржээ. Эцэг Аймичан нь сул сайд байсан. Тэрбээр эцгээс ах дүү гурвуул бөгөөд айлын дунд хүү юм. Том ах Даньтань (丹谭) нь бүгдийн дарга, дүү Даньбу (丹布) нь цэргийн хэрэглэлийн хүрээлэнгийн сайд байсан бөгөөд Далинхэгийн тулалдаанд амь үрэгдсэн.
Дахай нь бага наснаас ухаан саруул, манж хятад хэл бичиг сурсан. 20 насандаа Нурхач хааны бичгийн түшмэл болж, Мин улс, Чосонь улс, Монгол зэрэг газар руу элчилж байсан. Нурхач хаанд тоогдож, хятад хэлээрх "Минхуй дянь", "Сушу", "Сан люэ" зэрэг ном зохиолуудыг манж хэл рүү орчуулах ажлыг хариуцаж байсан. Ийнхүү гэнэтийн нэр алдартай болж байхдаа хааны ордны шивэгчин Жана хэмээх охинтой амрагийн холбоотой хэрэгт орж, цаазын ял авсан хэдий ч, хятад хэлтэй цөөн түшмэдийн нэг байсан тул ялыг нь хөнгөлж, зөвхөн шоронд хорих болгожээ. Хунтайж хааны үед бичгийн түшмэдийг төрийн түшмэл, орчуулагч түшмэл гэж хоёр хэсэгт хуваахад Дахайг орчуулагч түшмэл болгожээ.
1632 оны гурван сард хааны зарлигаар Эрдэнэ багш, Гагай нарын зохиосон, монгол бичигт суурилсан манж бичгийг шинэчлэн сайжруулах ажлыг Дахайд хариуцуулжээ. Уг ажлыг авсны дараа эгшиг, гийгүүлэгчийг ялгахын тулд дусал, бинт нэмсэн нь хятад, монгол хэлний дуудлага, аялгыг бичиж тэмдэглэх, хятадаар бичсэн оноосон нэрийг манж хэл рүү орчуулах, манж хэл сурахад хялбар болгожээ. Дахай мөн оны 7 сард өвчнөөр нас барсан. 1636 онд түүнд Вэньчэн (文成) хэмээх цол нэхэн өргөмжлөв. 1669 онд Энх амгалан хааны зарлигаар Дахайн манж бичиг зохиосон гавьяаг онцгойлон дурдсан гэрэлт хөшөө босгов.
Дахай нь дөрвөн хөвгүүнтэй.
Түүний манжийн хэл бичгийн соёлд оруулсан гавьяаг үнэлэн түүний удмын эрчүүд нь ягаан бүс зүүх эрхтэй болсон нь манжийн хааны угсааныхны дараа хэрэглэх эрх ямба байсан бол эмэгтэйчүүд нь найман хошууны хатан, татвар эм сонгох шалгаруулалтаас чөлөөлөх зэргийн онцгой соёрхол хүртээсэн байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.