From Wikipedia, the free encyclopedia
Түүхийн эцэг хэмээн олноо алдаршсан Геродот (гре. Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς) нь МЭӨ 484 он орчимд Галикарнассуст буюу өнөөгийн Туркийн Бодрум хотын ойролцоо мэндэлжээ. Тэрээр Персийн эзэнт улсын ноёрхлын эсрэг хуйвалдаанд оролцсон тул МЭӨ 457 онд Галикарнассусыг арга буюу орхин гарчээ. Энэ явдал нь түүнийг Самос арлаар дайран, Бага Ази, Египет, Грекийг хөдлөн гулд аялж, Газар дундын тэнгис орчмын улс, үндэстнүүдийн талаарх үнэлж баршгүй эх сурвалжуудыг тэмдэглэн үлдээхэд нь түлхэц өгчээ. Тэрээр МЭӨ 447 онд Грекийн урлаг соёлын төв Афинд очсон бөгөөд Афины улс төрч Периклийн дараа орохуйц асар нэр хүндтэй болсон байлаа. Гэвч тэрээр Афинд удсангүй, МЭӨ 443 онд өмнөд Италид орших Грекийн колони Фурид очиж амьдарсан байна. Тэрээр үлдсэн амьдарлаа тэнд өнгөрүүлж, “Түүх” хэмээн нэрлэсэн алдарт бүтээлээ туурьвижээ.
Түүх ном нь 9 бүлэгтэй. Эхний бүлгүүдэд нь эртний дэлхийн Лиди, Скиф, Медес, Перс, Ассир, Египетийн ард түмнүүдийн зан заншил, домог, түүхийн талаар өгүүлсэн байдаг. Төгсгөлийн 3 бүлэг нь МЭӨ V зууны эхээр болсон өрнө, дорнын соёлын манлай төвүүд болж байсан Герег-Персийн дайны аймшигт харгис байдлын талаар өгүүлсэн байдаг.
Геродот мэдээллийнхээ нилээд хэсгийг өмнөх үеийн хүмүүсийн уламжлан үлдээсэн баримтуудыг ашиглсан бөгөөд үүн дээрээ өөрийн аяллын үеэр нүдээр үзсэн баримтуудаараа баяжуулан бичсэн байдаг. Хэдийгээр түүний зарим баримтууд нь алдаатай байдаг ч ерөнхийдөө хэн нэгнийг магтан дуулсан байдалтай бус, ангид бичигдсэн байдгаараа сайшаалтай юм.
Түүний “Түүх” ном нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны үргэлжилсэн үгийн зохиол хэмээн үздэг. Эртний болон орчин үеийн шүүмжлэгчдийн аль аль нь цэх шулуун, ухаалаг, ойлгомжтой, тааламжтай хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн бүтээлүүдийн охь манлай нь Геродотын “Түүх” зохиол хэмээн дээдлэн хүндэтгэдэг билээ. Геродот “Алив хүмүүнд мөнхөд байх зүйл үгүй, хорвоо ертөнцийг хувь заяа, боломж хоёрын удирддаг” хэмээн үздэг байв. Ёс суртахууны ямар чухал болохыг сургасан байдаг нь Грек, Ромын түүх бичигчдыг гол зарчим, үндэс нь болж өгсөн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.