From Wikipedia, the free encyclopedia
Бэлгүдэй (1164?-1255?) нь Есүхэй баатрын Сочигэл хатнаас төрсөн хоёрдахь хөвгүүн. Бэлгүтэй нь бие томтой их бяртай нэгэн байсан бөгөөд цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байсан.
Тэмүүжин, Хасар хоёр нийлж ах Бэгтэрийг нь харван алснаас хойш Тэмүүжинийг даган амьдрах болсон. Тэмүүжинийг барихаар Тайчууд цэргүүд ирэхэд эх дүү нараа авч шугуйд зугтан орж, мод хугалж шивээ барин, эсэргүүцэн харвалдаж байсан. Тэмүүжинийг оргон ирсний дараа Тэмүүжинтэй хамт Хэрлэн мөрний өөд Хонгирад руу Бөртэ үжинийг хамт гуйхаар явж, Сэнгүр горхин дахь гэртээ дагуулж ирсэн. Үүнээс хойш Тоорил хантай уулзаж харилцаа тогтооход Тэмүүжин, Хасарын хамт явсан бөгөөд Мэргид аймаг довтлоод Бөртэ үжин, Сочигэл эх, Хуагчин эмгэн гурвыг булаалгасны дараа Тоорил хан, Жамуха нарт хэл хүргэхэд Хасарын хамт явж байсан.
1189 онд Хамаг Монголын хан өргөмжлөгдөөд, Бэлгүтэй, Харалдай-Тохураун хоёрыг агтчин болгож, цэргийн агтыг хариуцуулсан. Нэгэн удаа Жүрхиний Сача бэхи тэргүүтэй ноёдтой нийлж хийсэн найрыг Тэмүүжиний талаас Бэлгүдэй, Жүрхиний талаас Бүри бөх нар засан зохицуулах үеэр Хатагин овгийн нэгэн хүн морины цулбуур хулгайлж байгаад баригдахад тэр хулгайчыг Бүри бөх өмөөрч, Бэлгүдэйтэй муудалцаж түүний мөрийг цавчиж орхисон ч, Бэлгүдэй үл тоон зогсож байхад, Чингис хаан Бэлгүдэйн мөрийг харж, Жүрхины талтай үймээн дэгдээж, айрагны бүлүүр зэргээр нанчилджээ.
1202 онд Татарын ханлигийг эзлэсний дараа Хуралдайд татарыг тэрэгний тэнхлэгт чацуулан хядах хэлцэлийг задруулснаас болж, бууж өгсөн Татарууд бослого гаргаж самуун дэгдээсний ялд унаж, Чингис хааны зарлигаар Их Хуралдайд орох эрхээ хасуулж, бүх хэрэг хэлэлцсний дараа орох болсон. Энэ үеэс хойш Шихихутагийг заргач болох хүртэл заргачын албыг хариуцаж байсан.
1204 онд Чингис хааныг Абжиа Хүдгэрт нутаглаж байхад Найманы талаас тэднийг дайлах тухай мэдээг Онгудын элч Юхунан нар ирж мэдэгдэн Их Хуралдайд хэрхэх тухай хэлэлцэхэд Бэлгүтэй хэлсэн нь:
"Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн үхэл
Эр хүнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сүр бадруулан
Ийм үг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад бэрхгүй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгүй.
Орхиод дутаах нь магадгүй бишүү.
Орд гэрээ ачиж чадахгүй
Хаяад залах нь лавтай бишүү.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биш
Одоо ийм үгийг сонссоор байж
Огт зүгээр өнгөрүүлж болохгүй
Олон даяар байлдаар мордъё"[1]
хэмээн хэлсэнд Чингис хаан сайшааж, цэргийн шинэтгэл хийн, Найманы эсрэг дайнд мордосон ч, энэ дайнд Бэлгүтэй ноёны хэрхэн оролцсон нь тодорхойгүй.
1206 оны их хуралдайгаар Бэлгүтэй ноёнд 1500 иргэнийг өгсөн ч, түүнд алтан ургийн бусад хан хөвүүд шиг мянгатын ноёныг зааж өгөөгүй юм. 1255 онд Хубилайг хятад дахь аян дайнаас ирэхэд Мөнх хаан ял асуухад Бэлгүтэй ноён Хубилайг өмөөрсөн бөгөөд түүнийг 110 насандаа тэр жилдээ нас барсан.[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.