From Wikipedia, the free encyclopedia
Сарнайн хувьсгал (гүрж. ვარდების რევოლუცია — «вардебис революция») -2003 оны 11-р сард Бүгд Найрамдах Гүрж Улсад болсон өнгөт хувьсгал юм. Гүржид 2003 оны 11-р сарын 2-нд болсон парламентын сонгуулийг будлиантуулсан гэдэг шалтагаар анх гарсан хувьсгал юм. Хувьсгалын үр дүнд Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзе огцорч, улс орны удирдлага Михаил Саакашвили тэргүүтэй сөрөг хүчинд шилжсэн юм.
Хувьсгалын гол бөгөөд хамгийн ерөнхий урьдчилсан нөхцөл бол Гүрж улс 1995 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа ард иргэд Засгийн эрхэнд гарсан Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзе-гийн Засгийн газарт сэтгэл дундуур байсан явдал байв. Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, төрийн албан хаагчдын авлига зэрэг нь нийт иргэдийн дургүйцлийг хүргэсэн байв. Үндэстний цөөнх тусгаар тогтнох эсвэл ОХУ-д нэгдэх хүсэл эрмэлзлээс болж нөхцөл байдал улам хүндэрсэн юм.
Ерөнхийлөгч Шеварднадзе Абхаз, Осетийн мөргөлдөөнийг хүчирхийллийн аргаар зохицуулах оролдлогоос татгалзаж, асуудлыг тайван замаар шийдвэрлэх оролдлого амжилтгүй болсон нь нийгэмд сөрөг уур амьсгалыг бий болгоод байсан. Улмаар Гүржийн улс төр, нийгэм эдийн засгийн хямрал 2003 оны арваннэгдүгээр сарын 2-нд болох парламентын сонгуулийн өмнө дээд цэгтээ хүрээд байсаныг сөрөг хүчин парламентын сонгуулийн дараа уг сонгууль будлиантай болсон гэдэг шалтгаан гаргаж ирсэн байна.
Гүржийн парламентын сонгууль 2003 оны арваннэгдүгээр сарын 2-нд болж, албан ёсны мэдээллээр Шеварднадзе болон түүний холбоотнууд ялалт байгуулсан ч зарласан үр дүнг олон улсын ажиглагчид болон сөрөг хүчин хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүний дараа Михаил Саакашвили олон нийтийн санал асуулгын мэдээлэлд үндэслэн өөрийн ялалтаа зарласан байна. Түүний мэдэгдлийг Олон улсын чөлөөт сонгуулийн нийгэмлэг, орон нутгийн хяналтын бүлэг дэмжсэн байна. Саакашвили дээрх танилцуулсан мэдээлэлд үндэслэн дахин шинэ сонгууль явуулахыг шаардаж, Гүржийн иргэдийг гудамжинд гарч, түүнийг дэмжихийг уриалсан юм.
Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд Гүржийн нийслэл Тбилиси хотод олон нийтийн жагсаал цуглаан эхэлсэн бөгөөд үүний дараа тус улсын бусад хот, суурингуудад мөн эсэргүүцлийн жагсаалууд өрнөж эхэлжээ.
Хууль ёсоор сонгогдсон эсэх нь эргэлзээтэй байсан Гүржийн шинэ парламент арваннэгдүгээр сарын 22-нд анхны чуулганаа хийжээ. Энэ өдөр Саакашвили тэргүүтэй сөрөг хүчнийхэн гартаа сарнай цэцэг барин (хувьсгалын нэр үүнээс гаралтай) парламентын байрыг эзлэн авахад үг хэлж байсан Шеварднадзе үгээ таслан бие хамгаалагчдын хамт хурлын танхимаас зугтан гарчээ. Дараа нь ерөнхийлөгч тус улсад онц байдал зарлаж, Тбилиси дэх өөрийн оршин суудаг газарт цэрэг, цагдаад тушаахад тэд хүртэл түүнийг дэмжиж хамгаалахаас татгалзсан байна.
Маргааш нь буюу 11-р сарын 23-ны орой Оросын Гадаад хэргийн сайд Игорь Ивановын зуучилж зохион байгуулсан уулзалтаар Шеварднадзе сөрөг хүчний удирдагч Саакашвили, Жвания нартай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Уулзалтын дараа Шеварднадзе албан ёсоор огцрохоо мэдэгдсэн юм. Энэ нь Тбилисийн гудамжинд байсан ард иргэдийн саналд нийцэж сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэж 100,000 гаруй жагсагчид салют буудуулж, рок концертоор ялалтаа тэмдэглэжээ.
Гүржийн парламентын дарга Нино Буржанадзе дахин сонгууль явуулах хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдов. Үүний зэрэгцээ тус улсын Дээд шүүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосон байна. Ингээд 2004 оны 1-р сарын 4-нд Гүрж улсад ерөнхийлөгчийн шинэ сонгууль болж Михаил Саакашвили ялалт байгуулж 1-р сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Удалгүй 2004 оны 3-р сарын 28-нд парламентын шинэ сонгууль болж, Саакашвилигийн дэмжсэн "Шинэ ардчилагчид" ялалт байгуулсан байна.
2005 онд Киргиз улсад "Алтанзул цэцгийн хувьсгал" гарсан нь Сарнайн хувьсгалаас олон талаар ижил төстэй болсон гэж судлаачид үздэг юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.