From Wikipedia, the free encyclopedia
1992 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.[1] 1994 онд хуучин Дархан, Эрдэнэт, Чойр хотын нутаг дэвсгэрт Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд байгуулснаар Монгол Улс нийт 21 аймагтай болсон.[2] Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал (ИНХ) байдаг. Харин нэгжийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн нэгжийн Засаг дарга (ЗД) хэрэгжүүлнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж |
---|
Нэгдүгээр зэрэг |
Аймаг (21) |
Нийслэл (1) |
Хоёрдугаар зэрэг |
Сум (330) |
Дүүрэг (9) |
Гуравдугаар зэрэг |
Баг (1647) |
Хороо (204) |
2024 оны байдлаар Монгол Улс 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийслэл, 9 дүүрэг, 204 хороо гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна.[3]
1911 онд Монгол Улс тусгаар тогтноход Дөрвөд далай хан Богд хаанд дагаар оров. Хуучин Манжийн үеийн Сайн заяатын зүүн гарын чуулганыг Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг болгон өөрчлөв. Мөн онд Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганыг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг хэмээн өөрчилж, тус хошууг Үнэн зоригт ханы хошуу хэмээн нэрийдэх болов.
Хуучин 4 аймгийн нэрийг солив.
1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас тус улсын нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар ангилж орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгуудыг олшруулан, хошуудыг татан буулгаж сумуудыг цомхотгон өргөтгөх талаар шийдвэрлэсэн. Засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Монгол орны газар зүй, хөрс ургамал, байгалийн баялаг, нутаг бэлчээр, цаг уур, зам харилцаа, мал аж ахуй, газар тариалан, хүн амын нягтшил зэрэг эдийн засгийн бүсчлэлийг гол болгон авч үзсэн.
1930 оны 11-р сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хуралдаанаар хуучин аймаг хошууны захиргааг татан буулгаж, шинээр байгуулагдах 13 аймгийн дарга ба аймгийн прокуроруудыг томилсон байна. 1931 онд хуучин 5 аймгийн суурин дээр дараах 13 аймаг байгуулагджээ.
Аймгийн түр хороог 1931 оны эхээр байгуулжээ. Мөн оны 2, 3, 4 саруудад аймгуудын төлөөлөгчдийн анхдугаар хурлуудыг шинэ сонгуулийн хуулийн дагуу явуулж аймгийг удирдах дээд байгууллага “Аймгийн яам”-ыг байгуулжээ. Нутгийн захиргааны шинэ хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрийг 13 аймгийн 311 суманд хуваасан бөгөөд Архангай 35, Алтай 16, Дорнод 26, Дорноговь 26, Дөрвөд 16, Завхан 21, Өвөрхангай 31, Өмнөговь 24, Тариалан 17, Төв 36, Хөвсгөл 25, Хэнтий 28, Ховд 13 сумтай болжээ.
1933 онд Дөрвөд аймгийг Увс аймаг, 1934 онд Тариалангийн аймгийг Сэлэнгэ аймаг[4] хэмээн өөрчилсөн. 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нийлүүлж татан буулгасан ч 1940 онд Говь-Алтай нэртэйгээр 20 сумтай дахин байгуулсан юм. 1937 оны 12-р сарын 15-нд Булган аймгийг шинээр байгуулсан. Булган аймагт Сэлэнгэ аймгаас 8, Архангай аймгаас 1, Хөвсгөл аймгаас 4, Төв аймгаас 2 бүгд 15 сумыг таслан өгчээ.
1940 онд Ховд аймгийг хоёр хуваан Баян-Өлгий аймгийг байгуулсан. Тус аймгийн Толбонуур, Баяннуур, Хужирт, Цагаан гол, Цагаан нуур, Улаанхус, Дэлүүн сум нь казах, Алтанцөгц, Цэнгэл, Сагсай сум нь урианхай ард түмнээр байгуулагдсан.
1941 онд Баянхонгор, Дундговь, Сүхбаатар гэсэн гурван аймгийг шинээр байгуулсан. Баянхонгор аймагт Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг гол, Гурванбулаг, Баянбулаг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст, Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг 16 сумыг шилжүүлсэн. Дундговь аймгийг эхэн үедээ Шарангад аймаг хэмээн нэрлэж байсан. Тус аймгийг байгуулахад Өмнөговь аймгаас Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цогтчандмань, Хулд, Луус, Өлзийт, Гурвансайхан, Буянт-Овоо, Төв аймгаас Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дорноговь аймгаас Өндөршил, Баянжаргалан, Их-Эрээн сумыг шилжүүлжээ. Сүхбаатар аймгийг байгуулагдах эхний үед Жавхлант шарга хэмээн нэрлэж байсан. Тус аймагт Дорнод аймгаас Дарьганга, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Асгат, Зотолхан, Дарханхан, Халзан, Урт, Жавхлант шарга сумыг, Хэнтий аймгаас Түвшинширээ, Өлзийт, Уулбаянмөнх, Баянтэрэм зэрэг 14 сумыг шилжүүлэн өгчээ.
1956 онд Сэлэнгэ аймгийг татан буулгаж Ерөө, Дархан, Хушаат, Шаамар, Баянгол, Орхонтуул сум, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа хотыг Төв аймагт, Баруунбүрэн, Цагааннуур сумыг Булган аймагт шилжүүлсэн. 1960 онд Сэлэнгэ аймгийг дахин байгуулжээ.
1960 онд БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараагаар засаг захиргааны хуваарьт нэлээд өөрчлөлт оров. Хөдөө аж ахуйн нэгдлийн үйл ажиллагааг өргөтгөж, нэг суманд нэг нэгдэл байхаар зохион байгуулж олон сумыг татан буулгажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.