Мишэль Монтень
From Wikipedia, the free encyclopedia
Мишэль Эйкэм дө Монтень (* 1533 оны 2-р сарын 28; † 1592 оны 9-р сарын 13) бол уран зохиолын нэг төрөл болох эсээг үндэслэгч, Францын сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай, суут сэтгэгч, зохиолчдын нэг. Тэрээр жишээ баримтууд болон богино хэмжээний өгүүллэг, аникдотуудыг нэгтгэн өөрийн санааг тун оновчтой, нарийн илэрхийлэн бичсэнээрээ алдартай. Түүний энэхүү бичлэгийн хэлбэр нь эсээ (essais - туршицууд) бөгөөд Монтений эсээнүүд одоог хүртэл хамгийн гайхалтай хэвээр байна. Монтений эсээ, үзэл баримтлал, философи нь дэлхийн хэмжээний зохиогчид Рене Декарт, Блез Паскаль, Жан Жак Руссо, Уиллиам Хазлит, Ралф Валдо Эмэрсон, Фридрих Ницше, Стифан Цвейг, Эрик Хоффер, Исаак Асимов болон Уильям Шекспирийн сүүл үед хийсэн зохиол, бүтээлд шууд нөлөө үзүүлсэн байдаг.
Өөрийн цаг үедээ тэрээр төрийн албан тушаалтан гэхээс илүүтэйгээр зохиолч, яруу найрагч гэдгээрээ алдартай байжээ. Жишээ баримт болон өөрийн бодлуудыг хэт тусган эсээгээ бичиж байсныг хөгжил дэвшил гэхээсээ илүүтэйгээр бичлэгийн зохист харьцааг алдуулсан хэмээн үзэж, “Миний ном бол тэр чигээрээ би юм” хэмээх тунхаглалыг нь өөрийгөө хэт өөгшүүлсэн үзэлтэй хэмээн зэмлэж байсан ч түүнийг оюун санааны хувьд эрх чөлөөтэйгөөр, бүх зүйлд эргэлзэх тэрхүү үзлийн үндсийг гаргаж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлдэг. “Би чухам юу мэдэх билээ?” гэсэн асуулт нь түүний философийн үндсэн асуулт юм. Тэрээр өөрийн бүх мэдлэг, бодол, мэдрэмжүүдийг ухамсартайгаар шүүн тунгааж, “хорвоо дээрх хамгийн аугаа зүйл бол өөрийгөө мэдэж, захирах явдал” гэж үзэж байсан нь өнөөгийн уншигчдын дунд ч хуучраагүй мөнхийн сэдэв юм.
Түүний эсээнүүдийг унших явцад тэрээр өөрийгөө тодорхойлох явдал үе үе тохиолддог бөгөөд үүнээс жишээ болгон дурдвал “...Ганцаар амьдрах хэв маягт амархан идээшдэг хүмүүс байна. Төрөлхөөсөө залхуу, идэвхгүй, хүсэл зорго нь гал мэт дүрэлзэн асдаггүй хүмүүс (дашрамд хэлэхэд, би яг тиймэрхүү хүн л дээ) ...” гэсэн хэсгийг түүний Ганцаардлын тухай эсээнээс уншиж болно. Мөн “Би бол ямарваа адгуу хүсэлд тэгтлээ гүн автдаггүй. Намайг тэгтэл улайруулах амаргүй л дээ. Төрөлхөөсөө би ийм араншинтай, түүн дээр бас байнга бодож эргэцүүлж явахыг илүүд үздэгийнхээ ачаар, өдөр өнгөрөх тусам улам хатуужсаар л байна.” гэсэн хэсгийг “Уй гашуудлын тухайд” эсээний сүүлийн хэсгээс харж болно. Өнөөг хүртэл биднийг өөрийн гайхамшигт оюунлаг ертөнцөөр аялуулан буй энэхүү эрхэм хүн чухамдаа ямар амьдралыг туулж, хэрхэн амьдарч байсан талаар товчхон сонордуулъя.